Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00465

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2018/00446 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 226/МА2018/00017 дугаар магадлалтай,

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

П.С-, Ж.У-нарт холбогдох, 

4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие П.С-д Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байдаг Монгол зоог нэртэй цайны газрыг, эзэмшил газрын хамт 2015 онд 35.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож цайны газраа нэр дээр нь шилжүүлэн өгсөн. Тухайн үедээ П.С- болон түүний охин Г.Одончимэг нар нь цайны газрын төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр болсон. Зээлийн урьдчилгаанд банкинд мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна. Урьдчилгааны 4.000.000 төгрөгийг зээлчих, дараа нь зээл бүтэхээр үндсэн төлбөр 35.000.000 төгрөг дээр нэмээд зээлсэн 4.000.000 төгрөгийг буцааж өгье гэсэн. Тэгээд би 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр П.С-тай зээлийн гэрээ байгуулан түүний хүргэн Ж.Ууганбаярын 5749607643 дугаарын дансанд дүү Г.Болормаагийн 5421051803 данснаас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрөөсөө 1.500.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрөөсөө мөн 2.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Иймд хариуцагч нараас дээрх 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага гараад Т.Г-эс манай ээж П.С- мөнгө зээлээч гэж гуйсан. Тэгээд Чингис хотод 2015 оны 11 сарын 19-ний өдөр ээж, аав уулзаад 2016 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай, 2 сая төгрөг зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Энэхүү зээлийн гэрээний 3.2-д ...зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн хугацаа тоологдоно гэж заасан. Мөн гэрээний 2.2-т ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг зээлсэн мөнгийг бэлнээр олгоно гэж заасан байдаг. Гэтэл Т.Г- нь зээлсэн мөнгөө П.С-гийн данс руу шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2015 оны 11 сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан атлаа одоо яагаад 4.000.000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ж.У-гэдэг хүний данс руу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж дурдсан байна. Эндээс харахад Т.Г- нь П.С-д нэг ч төгрөг өгөөгүй нь харагдаж байна. Анх 2013 оны 8 сард Т.Г- манай аав, ээж хоёрыг Цэнхэрмандал суманд аваачсан. Тэгээд анх 30 сая төгрөгөөр зарна гэж ярьсан цайны газраа 35.000.000 төгрөг болгож бидэнд зарсан. Т.Г- нь зээлийн гэрээгээр тохиролцсон 2.000.000 төгрөгийг П.С-д өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2018/00446 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Т.Г-ийн нэхэмжлэлтэй, П.С-д холбогдох зээл буюу 4.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 226/МА2018/00017 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2018/00446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт хэрхэн яаж нөлөөлсөн талаар тодорхой дүгнээгүй байна. Миний бие нэхэмжлэгч Т.Г-ийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2017 оны 02 дугаар сараас эхлэн оролцож гэрээний үндсэн дээр төлөөлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэг тал болж өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд түүнтэй харилцан зөвлөлдөж уг хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг үндэслэн хамтран хариуцагчаар татахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний хүсэлтийг үндэслэсэн тул энэ талаар нэхэмжлэгчээс тусгайлан бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй. Хэргийн нөхцөл байдлаар маргаанд хамтран үүрэг гүйцэтгэгч байна гэдгийг харгалзсан. Харин шүүх санаачилгаараа хамтран хариуцагчаар татах шаардлага гарвал нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах ёстой. Харилцан зөвлөлдөж өмгөөлөгчөөр дамжуулж хүсэлт гаргасан тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбарласныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Төлөөлөх эрхгүй атлаа нэхэмжлэгчийн өмнөөс дур мэдэн хүсэлт гаргасан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасныг хэрэглэж болох байсан. Гэтэл зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Т.Г- нь миний гаргасан хүсэлт, түүнийг хангасан шүүгчийн захирамж, хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зөвшөөрөл олгохоос татгалзсан ямар ч гомдол санал гаргаагүй болно. Шүүх хариуцагч П.С-д 2017 оны 01 сарын 25-нд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байдаг. /ХХ-11,12/ Түүний охин Г.Одончимэг мөн өдөр итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцсан. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцсан, өмгөөлөгчтэй оролцож байгаа атлаа хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлээгүй зэрэгт шүүхийг буруутгах үндэслэлгүй. Тухайлбал, 2018 оны 6 сарын 26-нд болсон анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Ж.Ууганбаяр, П.С- нар нь өмгөөлөгч Э.Түвшинбаярыг оролцуулна, өөрсдөө оролцох боломжгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...өчигдөр итгэмжлэл авах гэхэд Цэнхэрмандал сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч байгаагүй. Хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцоно...” гэсэн. Шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн материалтай танилцах талаар хариуцагч нараас ямар ч хүсэлт гаргаагүй зэргээс үзэхэд хариуцагч П.С- нь шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдаанд ирээд хэргийн материалтай танилцаад оролцох боломж байсан. Энэ байдлыг анхаарч үзэлгүй зөвхөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагч П.С- гарын үсэг зураагүй байдлыг үндэслэл болгон дүгнэжээ. Ж.У-т нэхэмжлэлийн хувийг 2018 оны 6 сарын 20-ны өдөр гардуулсан атлаа 6 сарын 26-нд шүүх хуралдааныг товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасныг зөрчиж, хариуцагчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэсэн тухайд хожим Ж.У-ыг хамтран хариуцагчаар татаж, шүүхээс удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудсан ч хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Г.О нь байгаа хаягийг нь нууж, саад учруулж байсан. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2018 оны 5 сард Ж.У-ын хаягийг тогтоосноор шүүх удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүрэлцэн ирэхээс зайлсхийж, 6 сарын 20-нд нэхэмжлэлийн хувь гардан авсан байдаг. Иймд нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 12-нд шүүхэд гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа тул хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт өгснөөр 6 сарын 26-нд шүүх хуралдаан товлогдсон юм. Шүүх хуралдаанаас өмнө Ж.У-нь хариу тайлбараа гаргах боломж байсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасан 14 хоногийн хугацааг иргэний хэрэг үүсгэсний дараах ажиллагаанд тоолж хэрэглэх боломжтой. Харин ийнхүү хариуцагчийн буруугаас хугацаа удааширсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа давчуу тохиолдолд шүүхээс тайлбар ирүүлэх хугацааг богиносгож, шүүх хуралдаан товлосон нь хариуцагчийн эрхийн ноцтой зөрчсөн үйлдэл биш. Иймд хариуцагч П.С- болон түүний өмгөөлөгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар хүсэлт гаргаагүй. Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зөвхөн өмгөөлөгчөө оролцуулах тухай хүсэлт ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэж болохоор заасан. Хариуцагч нар хуулиар олгогдсон эрх нь хэрхэн зөрчигдсөн талаар давж заалдах гомдол гаргаагүй, зөвхөн өмгөөлөгч гомдол гаргасан. Нэхэмжлэгч өөрийнх нь зөвшөөрөлгүй хамтран хариуцагчаар татсан гэж гомдол гаргаагүй байхад хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргаж байгаа зэргийг тал бүрээс нь анхааран үзэж бодитой дүгнэлт хийгээгүй. Хариуцагч П.С- нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлээгүй, Ж.У-шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй зэрэг нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлж, эрх нь ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг төв замын дэргэд байрлалтай “Монгол зоог” цайны газрыг цайны газрын бүх хэрэглэгдэхүүнтэй эзэмшил газрынх нь хамт өөрийн багын найз П.С-, Гантөмөр нарт 2013 оны 8 сараас эхлэн сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Тэр цайны газрыг түрээслэсэн мөнгө төгрөгөө өгөхгүй байсан учир 2 жил болоод арга буюу шүүхэд хандсан бөгөөд Хэнтий аймгийн шүүх дээр түрээсийн мөнгөө нэхэмжилж шүүхдэж байхад тэд ерөөсөө цайны газрыг чинь түрээслэхээ болиод худалдаж авъя 35.000.000 төгрөгөөр тохиролцоё гэсэн ба охин Г.О-ийгээ энэ асуудлаар чамтай эвлэрэлийн гэрээ хийлгэнэ гээд Хэнтийн шүүх дээр 2015 оны 8 сарын 04-ний өдөр эвлэрэлийн гэрээ байгуулж би “Монгол зоог” цайны газраа 35.000.000 төгрөгөөр тэдэнд худалдаж П.С- түүний охин Г.О нар нь уг мөнгийг 2015 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Ингээд 2015 оны 11 сард П.С-, Гантөмөр нараас мөнгөө шаардахад Цэнхэрмандал сумын ХААН банкнаас зээл авч чиний мөнгийг өгнө. Зээл авахад урьдчилгаа 15.000.000 төгрөгөө байршуулах ёстой. Бидэнд 4.000.000 дутагдаж байна. Чи энэ 4.000.000 төгрөгийг өөрөө өгчихөө зээлээ бүтэхээр 35.000.000 төгрөг дээрээ нэмээд өгнө гэж гуйсан учир би тэднээс мөнгөө хурдан салгаж авахын тулд итгэж энэ шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй болж Хэнтийд 2015 оны 11 сарын 19-ний хоёр талаасаа ирж уулзсан ба П.С- Гантөмөр хоёртой зээлийн гэрээ хийгээд газар дээр нь мөнгийг нь бэлнээр, эсвэл өөрсдийнх нь дандсанд шилжүүлээд өгье гэхэд тэр хоёр бид өөрсдийн нэр дээр авч болохгүй, манай хүргэн Ж.Ууганбаярын 5749607643 дугаартай ХААН банкны дансанд шилжүүл гэсний дагуу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд бүтэн жил мөнгөө өгөхгүй байсан учраас би 2016 оны 12 сарын 06-ний өдөр Хэнтий аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш 3 жил дамнан шүүхээр явж байна. Хэнтийн шүүхийнхэн танил тал, шүүгч туслахын холбоогоороо түрий барьж энэ хэрэг дээр иргэн намайг олон жил чирэгдүүлж басамжлан дээрэлхэж байгаад гомдолтой байна. Хариуцагч П.С- нь шүүхэд огт ирдэггүй бөгөөд хамтран хариуцагчаас татагдсан хүргэн Ж.У-нь ч гэсэн хууль шүүхийн хариуцлагаас 2 жилийн турш зугтааж ирсэн. Бид Хэнтий аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж, шүүгч Э.Ариунаа нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу өөрөө явж байж Ж.У-ыг олж нэхэмжлэлийг нь гардуулж хурлын товыг мэдэгдсэн байсан. Харин Э.Т гэх хариуцагчийн өмгөөлөгч нь намайг Хэнтийд зовж зүдрээд очих тоолонд хэзээний Хэнтийн шүүх дээр ирчихсэн урьд нь Хэнтийн шүүхэд олон жил ажилласан, би эндэхийг мэднэ гэсэн янзтай шүүгч нарын өрөөгөөр болон шүүхийн дотор чөлөөтэй орж гарч байгаа харагддаг. Энэ байдал нь бүр давраад шүүгч Л.Цэрэндулам болон түүний туслах Отгонбаяр нартай үгсэн хуйвалдаж хэргийн материалаас нотлох баримтыг сольсон байсан. Үүнийг манай өмгөөлөгч Д.Оюунцэцэг бид хоёр илчилсэн. Э.Ариунаа гэдэг шүүгч нь 2018 оны 6 сард хурал хийсэн боловч шийдвэрээ гаргалгүй 4 сарын хугацаа өнгөрүүлж 10 сард шүүхийн шийдвэрийг миний бие гар дээрээ авсан. Хэдийгээр Э.Ариунаа гэдэг шүүгч хэргийг удаан шийдвэрлүүлсэн боловч шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Магадлалд, “анхан шатны шүүх өмгөөлөгч Д.О-ийн нэхэмжлэгч Т.Г-ийн зөвшөөрөлгүйгээр хамтран хариуцагчаар Ж.У-ыг татах хүсэлт гаргасныг хангасан, хариуцагч П.С-д хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, Ж.Ууганбаярт нэхэмжлэлийн хувийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан атлаа шүүх хуралдааныг 6 сарын 26-нд товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг зөрчсөн” гэж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Д.О нар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Нэхэмжлэгч Т.Г- анх П.С-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. /хх-1-р тал/

а.Шүүх хариуцагч П.С-д 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, /хх-11-р тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг мөн өдрөө танилцуулсан байна. /хх-12-р тал/ Хариуцагч П.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлүүлэхээр Г.Одончимэгт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэл олгосон /хх-18-р тал/ бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, шүүх түүнд эрх, үүргийг тайлбарлан, хэргийн баримтыг танилцуулсан тухай баримтууд хэргийн 13, 23-26, 66-р талд авагджээ.

б.Энэ хэрэг өмнө хэлэлцэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээжээ.

Хэргийг дахин шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Т.Г-ийн өмгөөлөгч Д.О нь Ж.У-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүгч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШЗ2017/02016 тоот захирамжаар хүсэлтийг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хэнийг хариуцагчаар татах, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдэлдэг бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамтран хариуцагч татах хүсэлтийг шүүх хангасан нь дээрхи зохицуулалтад тусгагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын агуулгатай нийцээгүй боловч өмгөөлөгчийн хүсэлтийг нэхэмжлэгч Т.Г- дэмжсэн нь тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Хамтран хариуцагч татах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гарсан, хариуцагч Ж.У-ын оршин суух газрын хаяг тодорхой бус байснаас түүнийг шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж холбогдох ажиллагааг явуулсны дүнд хаягийг тогтоосноос гадна тэрээр шүүхийн дуудлагаар ирээгүйгээс албадан ирүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Өмгөөлөгч Д.О-ийн хамтран хариуцагч татах хүсэлт, уг хүсэлтийн дагуу хийгдсэн дээрх ажиллагааны талаар нэхэмжлэгч Т.Г- мэдсэн, эсэргүүцээгүй байх тул өмгөөлөгчийн хариуцагч татах хүсэлтийг дэмжсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

в. Хариуцагч Ж.У-т шүүх эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны мэдэгдлийг өгсөн, хариуцагч П.С-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийг удаа дараа танилцуулсан, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгджээ. Хариуцагч П.С-, Ж.У-нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгч Э.Т-ыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаж шүүхэд ирүүлсэн нь хэргийн 203-р талд авагдсан байх тул анхан шатны шүүх зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хуульд нийцжээ. Тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзсан хэдий ч хэргийн баримтаар хариуцагч П.С- нэхэмжлэгч Т.Г-эс 500.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн заасан түүний нөхөр н.Гантөмөрийн банкин дахь данс руу дүү н.Болормаагийн дансаас 500.000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч мөнгөө төлөөгүй нь тогтоогджээ. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д заасантай нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Ж.У-ын дансанд 2015 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 1.500.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч тухайн мөнгөний талаар “өмнө нь түрээсийн төлбөрт илүү авсан мөнгөө нэхэмжлэгч буцаан өгсөн” гэж тайлбарлах боловч энэ үндэслэл тогтоогдоогүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь дээрх мөнгөний зориулалтыг П.С-д зээлж, түүний зааснаар Ж.У-ын дансанд мөнгийг шилжүүлсэн гэсэн боловч Т.Г-, П.С- нарын хооронд 3.5 сая төгрөгийн талаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна. Иймээс Ж.У-ын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж,  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 226/МА2018/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 156/ШШ2018/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ