Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/01695

 

 

 

 

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/01695

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХХХХХХХ тоотод байрлах, Д ХХК-ийн /РД: ХХХХХ / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХХХХХХХХХХХ тоотод оршин суух, С.А.А /паспортын дугаар ХХХХХ/ холбогдох

9.973.659 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал Н.Баатаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь ОХУ-ын иргэн С.А.Ахөдөлмөрийн гэрээ байгуулж 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс зөвлөх инженерээр ажиллуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

С.А.Аыг ажлаас чөлөөлөх үед тооцоо бодоход Гадаадын иргэн, харьяатын газарт төлөх төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр, хувийн хэрэгцээнд зориулж компаниас зээлсэн 7.201.123 төгрөг, компаниас аваад буцааж хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийн үнэ 2.772.536 төгрөг, нийт 9.973.659 төгрөгийн өр төлбөр үүссэн байсан.

Дээрхи зээлийн төлбөрөө хариуцагч нь 2018 онд багтаан төлөхөө илэрхийлж баталгаа бичиж өгсөн ба хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тул 2.772.536 төгрөгийг нэхэмжлэхгүй.

Манай компани С.А.Аийн эхнэрийг урьсан ба урьсан албан бичгийг 2017 оны 5 дугаар сард бичиж өгсөн бөгөөд түүний эхнэр 2017 оны 10 дугаар сард Монгол улсад орж ирсэн байдаг. Ийнхүү орж ирсэн талаараа Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлээгүй учраас манай компанийг тус газар 2.500.000 төгрөгөөр торгосон.

Тэрээр эхнэрээ ирсэн талаар компанид ч мэдэгдээгүй. Компани С.А.Аийн тус улсад суугаа асуудлыг хариуцахаас бус түүний эхнэрийн оршин суух асуудлыг хариуцахгүй учир торгуулийг компани бус С.А.А өөрөө хариуцан төлөх ёстой.

Иймд хариуцагч С.А.Ааас зээлийн гэрээний үүрэгт 7.201.123 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.А.А шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.А.А нь 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс Д ХХК-д зөвлөх инженерээр нэг сарын цалин 1.850.000 төгрөгөөр, хий цэнэглэх станд болон авто машин хийгээр цэнэглэх станцуудын сүлжээ зураг төслийг боловсруулах болон барилга бүтээн босголтонд оролцон зөвлөх инженерийн ажил үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан уригдан ажилласан.

Ажлын виз болон олон удаагийн Монголд нэвтрэх мультивиз гарган өгч сар болгон Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хот руу өөрийн гэр бүл дээр очиж ирдэг байсан. Монгол, Орос 2 улсын хооронд визгүй зорчих эрхтэй болсноор 2014 оны сүүлээр компанийн удирдлагын тавьсан саналын дагуу гэр бүлийн хамт Монгол улсад түр амьдран ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ, 10.1.1-т гадаадын иргэнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх гэж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаад иргэнийг Монгол Улсад ирүүлсэн байгууллага нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрлэх албанд бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлэх үүргийг компани дангаараа хүлээсэн.

Тус үүргийг зөрчсөн, хариуцлага хүлээх этгээд нь Д ХХК тул Гадаадын иргэн, харьяатын газарт торгуульд төлсөн 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сургалтын төлбөр олгох хүсэлт гаргахад 2.300.000 төгрөгийг зээл хэлбэрээр өгч гарын үсэг зуруулсан боловч тухайн үед орчуулагч байгаагүй, хүү болон алдангийн талаар огт тайлбарлаагүй бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр яаралтай хэрэгтэй байсан тул шууд гарын үсэг зурсан.

Хүү болон болон алдангийн тухайд монгол хэл бичиг ойлгохгүй байдлыг ашиглан зээлийн гэрээний зүйл, заалтыг тайлбарлаагүй, орчуулагчгүйгээр зээлийн гэрээ болон хүү, алданги тогтоосон гэрээнд гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тооцох бүрэн үндэслэлтэй.

Мөн 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Д ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.6 дахь заалтад амьдрах байрны түрээсийн 50 хувийг компани хариуцна гэж заасны дагуу үлдэгдэл 50 хувь болох 700.000 төгрөгийг сар бүр цалингаас суутган авдаг байсан.

Компаниас санал болгосны дагуу 2016 ны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгээр байрны нийт төлбөрийн 93.6 хувь болох 60.000 ам доллар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4.100 ам доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 151.111.680 төгрөгийг 100 хувь байрны өмчлөгчид төлж компанийн байрыг захирал н.Сарангэрэлээс худалдан авсан байтал 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл 7 сарын хугацаанд нийт 4.900.000 төгрөгийг цалингаас хууль бусаар суутган авсан.

Хүүхдийн сургалтын төлбөрт зээлсэн 2.300.000 төгрөгийг тус суутгалаар бүрэн төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр гэх 7.201.123 төгрөгийг ямар тооцоогоор гаргасан талаар ойлгохгүй байна.

Хувийн хэрэгцээнд компаниас аваад хүлээлгэж өгөөгүй байгаа эд хөрөнгийн үнэ болох 2.772.536 төгрөгийн тухайд гэвэл эд зүйлийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Д ХХК-ийн нярав А.Мөнх-Оюунд хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөг болон 2.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг хасвал үлдэх хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч болно.

Компани үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны 2 хувийн татвар 3.000.000 төгрөгийг С.А.Ааас гаргуулахаар болж түүнд зээлүүлсэн байдаг. Мөн компанид Гадаадын иргэн, харьяатын газрын тавьсан торгууль 2.500.000 төгрөгийг төлүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй.

С.А.А нь тус компанид ажиллах хугацаандаа компаниас 3 удаа, нийт 7.946.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрт 8.062.320 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар тогтоогдоно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.А.А холбогдуулан 9.973.659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2017.02.06-ны өдрийн зээлийн гэрээгээр 2.664.000 төгрөг,

2017.06.23-ны өдрийн зээлийн гэрээгээр 3.000.000 төгрөг,

2017.09.27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2.300.000 төгрөг,

2017.10.03-ны өдөр торгуульд төлсөн 2.500.000 төгрөг,

Нийт 10.464.000 төгрөгөөс-3.262.876 төгрөг /төлсөн/= 7.201.123 төгрөг,

Компаниас хэрэглэхээр авсан эд хөрөнгийн үнэ 2.772.536 төгрөг/

 

Нэхэмжлэгч Д ХХК Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тул 2.772.536 төгрөгийг нэхэмжлэхгүй. Зээлийн үлдэгдэл төлбөр 7.201.123 төгрөгийг нэхэмжилнэ,

Хариуцагч С.А.А 3 удаа нийт 7.946.000 төгрөгийн зээл авсан бөгөөд үүнийгээ төлсөн. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсаны татвар 3.000.000 төгрөг, компанид тавьсан торгууль 2.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч С.А.А нь нэхэмжлэгч Д ХХК-д 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд зөвлөх инженерээр ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 7-11, 31-35, 120-122 дугаар тал/

 

С.А.А нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Д ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2.664.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сар бүр 200.000 төгрөгөөр, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 264.000 төгрөг төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр,

Мөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мөн зээлийн гэрээ байгуулан 2.300.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэн, сарын 1.8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохирсон нь дээрхи гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба хариуцагч тал 3 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 7.946.000 төгрөгийн зээл авсан талаараа хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно.

/ХХ-ийн 36-44, 70-79 дүгээр тал/

 

Хариуцагч С.А.А нь компанийн эд хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэгч Д ХХК-д хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч нь 2.772.536 төгрөгийг нэхэмжлэлийнхээ шаардлагаас хасч тооцсон болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 12-13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.А.Аээс 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 2.664.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 3.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн 2.300.000 төгрөгийг болон хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн компанийг торгосон торгуульд төлсөн гэх 2.500.000 төгрөг, нийт 10.464.000 төгрөг төлөхөөс 3.262.876 төгрөг төлсөн тул үлдэх 7.201.123 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагчийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 550.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 512.876 төгрөг, нийт 3.262.876 төгрөгийг төлсөн талаар хүлээн зөвшөөрч тайлбараа гаргалаа.

/ХХ-ийн 117 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч С.А.А нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны татвар 3.000.000 төгрөгийг төлүүлж байгаа нь үндэслэлгүй, мөн зээлийг төлөөд дуусгасан гэж байх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.

Тэрээр зээлийг төлж дуусгасан нь түүний Голомт банк дахь дансны хуулгаар нотлогдоно гэж байх боловч тухайн дансны хуулга нь түүний нэхэмжлэгч байгууллагаас цалин авч байсныг нотолсон баримт болохоос бус зээлийн төлбөрийг төлснийг нотолсон баримт биш юм.

/ХХ-ийн 96-109 дүгээр тал/

 

Зээлдэгч буюу хариуцагч С.А.А нь компанитай байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Д ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.А.Абайгуулсан 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн, мөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр хүү болон алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч нэхэмжлээгүй бөгөөд хариуцагчийн өмнө төлсөн 3.262.876 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч С.А.А нь зээлийн төлбөрт 7.201.123 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар нь түүнээс уг мөнгийг гаргуулах үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийг Гадаадын иргэн, харьяатын газар хуульд заасан үүргээ биелүүлээгүй хэмээн 2.500.000 төгрөгөөр торгосныг хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн нэхэмжилснийг зээлийн төлбөр гэж үзэн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

/ХХ-ийн 76-78 дугаар тал/

 

Хариуцагч С.А.Аийн гүйцэтгэх ёстой үүрэг:

2.664.000+3.000.000+2.300.000=7.964.000 төгрөг

7.964.000-3.262.876=4.701.124 төгрөг.

4.701.124-2.500.000=2.201.124 төгрөг байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.А.Ааас 2.201.124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.999.999 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.А.Ааас 2.201.124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.999.999 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А.Ааас 50.168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч С.А.Аийн Голомт банк дахь 2905103769 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5938 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН