Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01549

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01695 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А.А-д  холбогдох,

9 973 659 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ОХУ-ын иргэн С.А.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зөвлөх инженерээр ажиллуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. С.А.А-ыг ажлаас чөлөөлөх үед тооцоо бодоход Гадаадын иргэн, харьяатын газарт төлөх төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр, хувийн хэрэгцээнд зориулж компаниас 7 201 123 төгрөг, компаниас аваад буцааж хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийн үнэ 2 772 536 төгрөг, нийт 9 973 659 төгрөгийн өр төлбөр үүссэн байсан. Дээрх зээлийн төлбөрөө хариуцагч нь 2018 онд багтаан төлөхөө илэрхийлж баталгаа бичиж өгсөн ба хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тул 2 772 536 төгрөгийг нэхэмжлэхгүй. Манай компани С.А.А-ийн эхнэрийг урьсан ба урьсан албан бичгийг 2017 оны 5 дугаар сард бичиж өгсөн бөгөөд түүний эхнэр 2017 оны 10 дугаар сард Монгол Улсад орж ирсэн байдаг. Ийнхүү орж ирсэн талаараа Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлээгүй учраас манай компанийг тус газар 2 500 000 төгрөгөөр торгосон. Тэрээр эхнэрээ ирсэн талаар компанид ч мэдэгдээгүй. Компани С.А.А-ийн тус улсад суугаа асуудлыг хариуцахаас бус түүний эхнэрийн оршин суух асуудлыг хариуцахгүй учир торгуулийг компани бус С.А.А өөрөө хариуцан төлөх ёстой. Иймд хариуцагч С.А.А-аас зээлийн гэрээний үүрэг, торгуульд төлсөн мөнгө нийт 7 201 123 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А.А нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс “Д” ХХК-д зөвлөх инженерээр нэг сарын цалин 1 850 000 төгрөгөөр, хий цэнэглэх станц болон автомашин хийгээр цэнэглэх станцуудын сүлжээ зураг төслийг боловсруулах болон барилга бүтээн босголтод оролцон зөвлөх инженерийн ажил үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан уригдан ажилласан. Ажлын виз болон олон удаагийн монголд нэвтрэх мульти виз гарган өгч сар болгон Оросын холбооны Улсын Улаан-Үүд хотруу өөрийн гэр бүл дээр очиж ирдэг байсан. Монгол, орос 2 улсын хооронд визгүй зорчих эрхтэй болсноор 2014 оны сүүлээр компанийн удирдлагын тавьсан саналын дагуу гэр бүлийн хамт Монгол Улсад түр амьдран ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ, 10.1.1-т гадаадын иргэнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх гэж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаад иргэнийг Монгол Улсад ирүүлсэн байгууллага нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлэх үүргийг компани дангаараа хүлээсэн. Тус үүргийг зөрчсөн, хариуцлага хүлээх этгээд нь “Д” ХХК тул Гадаадын иргэн, харьяатын газарт торгуульд төлсөн 2 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сургалтын төлбөр олгох хүсэлт гаргахад 2 300 000 төгрөгийг зээл хэлбэрээр өгч гарын үсэг зуруулсан боловч тухайн үед орчуулагч байгаагүй, хүү болон алдангийн талаар огт тайлбарлаагүй бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр яаралтай хэрэгтэй байсан тул шууд гарын үсэг зурсан. Хүү болон болон алдангийн тухайд монгол хэл бичиг ойлгохгүй байдлыг ашиглан зээлийн гэрээний зүйл, заалтыг тайлбарлаагүй, орчуулагчгүйгээр зээлийн гэрээ болон хүү, алданги тогтоосон гэрээнд гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тооцох бүрэн үндэслэлтэй. Мөн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Д” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.6 дахь заалтад амьдрах байрны түрээсийн 50 хувийг компани хариуцна гэж заасны дагуу үлдэгдэл 50 хувь болох 700 000 төгрөгийг сар бүр цалингаас суутган авдаг байсан. Компаниас санал болгосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгээр байрны нийт төлбөрийн 93.6 хувь болох 60 000 ам.доллар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4 100 ам.доллар буюу тухайн өдрийн монголбанкны ханшаар 151 111 680 төгрөгийг 100 хувь байрны өмчлөгчид төлж компанийн байрыг захирал н.Сарангэрэлээс худалдан авсан байтал 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл 7 сарын хугацаанд нийт 4 900 000 төгрөгийг цалингаас хууль бусаар суутган авсан. Хүүхдийн сургалтын төлбөрт зээлсэн 2 300 000 төгрөгийг тус суутгалаар бүрэн төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр гэх 7 201 123 төгрөгийг ямар тооцоогоор гаргасан талаар ойлгохгүй байна. Хувийн хэрэгцээнд компаниас аваад хүлээлгэж өгөөгүй байгаа эд хөрөнгийн үнэ болох 2 772 536 төгрөгийн тухайд гэвэл эд зүйлийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Д” ХХК-ийн нярав А.Мөнх-Оюунд хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөг болон 2 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг хасвал үлдэх хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч болно. Компани үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар 3 000 000 төгрөгийг С.А.А-аас гаргуулахаар болж түүнд зээлүүлсэн байдаг. Мөн компанид Гадаадын иргэн, харьяатын газрын тавьсан торгууль 2 500 000 төгрөгийг төлүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй. С.А.А нь тус компанид ажиллах хугацаандаа компаниас 3 удаа, нийт 7 946 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрт 8 062 320 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар тогтоогдоно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.А.А-аас 2 201 124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 999 999 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А.А-аас 50 168 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн өөрийн гараар монгол, орос хэл дээр бичсэн, гарын үсэг зурсан 3 удаагийн зээлийн гэрээ, өргөдөл, 4 удаагийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 4 удаагийн кассын зарлагын баримтаар хариуцагчид олгосон мөнгийг нэхэмжилсэн. Шүүх тооцоолохдоо хариуцагчийн 4 удаагийн авсан мөнгийг хооронд нь нэмэх байтал 3 удаагийн авсан бэлэн мөнгийг нэмж, түүнээсээ дахин хариуцагчийн төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй мөнгө болох 2 500 000 төгрөгийг давхар хасч буруу тооцоолол гаргасан. Хариуцагч С.А.А нь зээлийн төлбөрт 7 201 123 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар нь түүнээс уг мөнгийг гаргуулах үндэслэл болохгүй гэж үндэслэх хэсэгт дурдсан. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Д" ХХК-тай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж 7 201 123 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй тухайгаа баталгаажуулж акт үйлдсэн. Мөн 7 201 123 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй байгаа тул 2018 онд багтааж төлж барагдуулахаа баталж Орос хэл дээр баталгаа бичиж өгсөн нь хариуцагч 7 201 123 төгрөгийн өр төлбөртэйг батлах хөдлөшгүй нотлох баримт. Шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг тайлбар төдий үнэлсэн байгаа нь хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, үнэлээгүй, хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тул 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01695 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн бичмэл нотлох баримтуудыг үндэслэн 7 201 123 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч С.А.А-д холбогдуулан 9 973 659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь зээлийн гэрээгээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 664 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 300 000 төгрөгийг тус тус хариуцагч С.А.А-д  зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 36-41 дүгээр тал/

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн тооцооллыг буруу хийж хариуцагчаас 2 201 124 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар 3 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 701 124 төгрөг, торгууль 2 500 000 төгрөг, компанийн эд хөрөнгийн үнэ 2 772 536 төгрөг, нийт 9 973 659 төгрөг нэхэмжилснээс 2 772 536 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 7 201 124 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас хариуцагчтай холбоотойгоор нэхэмжлэгч “Д” ХХК-д 2 500 000 төгрөгийн торгууль ногдуулсан, нэхэмжлэгч “Д” ХХК нь торгууль 2 500 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх хариуцагчийн буруугаас торгууль төлсөн гэдэг нь нотлогдоогүй гэж үзэж дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин 3 зээлийн гэрээгээр хариуцагч С.А.А нь нийт 7 964 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 3 262 876 төгрөгийг хасч үлдэх 4 701 124 төгрөгийг хариуцагч С.А.А-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 2.201.124 ...” гэснийг “ 4 701 124” гэж, “... 4.999.999 ...” гэснийг “2 500 000” гэж,

2 дахь заалтын “... 50.168 ...” гэснийг “90 167” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                         

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                   Г.ДАВААДОРЖ