Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/01776

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2019/01776 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХХХ тоотод оршин суух, Т.Б /РД: ХХХХХХ/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Дамдинсүрэнгийн Нарангэрэлийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХХХХ тоотод оршин суух, Ч.О /РД: ХХХХХ/ холбогдох

2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл,

Хариуцагч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нөхөр Т.Б маань 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа ирэхэд 1.000.000 төгрөг олоод өгчих, би машин аваад хүүхдээ сургуульд нь зөөж байя гэхээр нь өвчтэй хүний сэтгэлийг бодоод мөнгө олж өгсөн. Нөхөр маань хариуцагч Ч.О эзэмшлийн ХХХХ УБК улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, митсубиши RVR маркийн авто машиныг 2.000.000 төгрөгөөр авахаар боллоо гэсэн.

Би нөхрийн хамт 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө Өгөөмөр зах дээр Ч.Од 1.000.000 төгрөг аваачиж өгсөн. Ч.О уг мөнгөнөөс 450.000 төгрөгөөр соната донс маркийн авто машины мотор худалдан авч уг машинд тааруулж тавьж өгсөн. 3-4 хоногийн дараа машинаа аваад нөхөр маань унаад явж байтал кроп нь эвгүй дуугараад байсан тул өглөө нь буцаагаад аваачиж өгсөн.

Нөхөр маань туяа эмчилгээ хийлгэсэн байсан ба агаарт гарах хэрэгтэй гэсэн тул 2018 оны 6 дугаар сарын 1-ний өөрийн эзэмшлийн леганз маркийн авто машинаар Төв аймгийн Эрдэнэсант руу яваад 6 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд машиныг засаагүй байсан.

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нөхөр маань дахиад хөдөө явах болсон тул би 7 дугаар сарын 4-ний өдөр Хаан банкнаас 950.000 төгрөг авч өөрт байсан 50.000 төгрөгөө нэмэн маргааш нь Ч.О гэрт нь аваачиж өгөхөд нөхөр нь байсан.

2018 оны 7 дугаар сарын 5-ны орой ажлаасаа ирэхэд машины кропыг зассан гээд гэрт авчраад өгсөн байсан ба нөхөр маань машин засагдсан гэсэн. Нөхөр маань 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр замын унаагаар Төв аймгийн Эрдэнэсант сум явсан ба 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нөхрийн бие муу гэсэн учир би худалдан авсан машинаа дүүгээрээ унуулаад явсан ч Төв аймгийн Лүн сумын наана очоод машин эвдэрсэн.

2018 оны 8 дугаар сарын 12, 13-ны үед хариуцагчийн хашаанд машинаа чирж аваачсан ба Ч.О нөхөр Ж.Чинбаатар өөрсдөө эвдсэн, кроп авах 450.000 төгрөг өг гэж над руу дайран зодох шахсан. Би 8 дугаар сарын 25, 26-ны орчим 450.000 төгрөг өгсөн. Машиныг унаад явахад машин араандаа орохоо больсон байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр буцаагаад аваачиж өгсөн. Машиныг засуулж авах боломж байхгүй. Машины үнэд өгсөн 2.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй гэв.

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн нөхөр Т.Б ахыг надтай хамт ажилладаг н.Мөнхнасан эгч таньдаг учир түүгээр дамжуулж танилцсан. Би Т.Б ахад орж ирсэн машин биш, хөгшин онтой машин гэхэд зүгээрээ чи ахыгаа машинтай болгоод өгчих гэсэн.

Ингээд 2018 оны 5 дугаар сарын үед би өөрийн ХХХХУБК улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, митсубиши RVR маркийн авто машиныг худалдах талаар тохирсон ба Т.Б ах эхнэр Д.Нарангэрэл болон хүүхэдтэйгээ ирээд машиныг аваад явсан.

Маргааш нь машины доод хэсгээр юм дуугараад байна гэхээр нь би дунд гүп байх, солиод өгье гэхэд ах нь уул өөд явах шаардлага байх биш, тэрийг нь аваад хаячиж болно гэсэн. Машиныг унаж яваад хэд хоногийн дараа кроп нь болохгүй байна гээд манай хашаанд орхиод явсан. Нөхөр бид хоёр ижилхэн өөр машины кроп сольж тавиад сар гаруй унахад, Дундговь аймаг руу 1 хоног явахад уг машинд ямар ч асуудал гараагүй.

2018 оны 6 дугаар сард байх Т.Б ах яриад машиныг н.Мөнхнасанд өгөөд явуулчих гэсэн. Би Жуковын музейн хажуугаас өгч явуулсан. Дараа нь машин яаж байна гээд асуухад зүгээр байна гэсэн. 2018 оны 9 дүгээр сард машиныг буцаагаад авчирч өгсөн. Эд авснаасаа хойш хэзээ яаж эвдсэнийг мэдэхгүй байна.

Би анх 900.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг 2 удаа, 200.000 төгрөг 2 удаа, авсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сард 250.000 төгрөг авсан. Нөхрийн нэр дээр хоёр машин байсан учир уг машиныг би өөрийн нэр дээрээ авсан.

Уг машиныг би Б.Баатархүү гэж хүнээс 2018 оны 1 дүгээр сард 2.500.000 төгрөгөөр худалдан авсан ба би хүн хуураагүй, зүгээр машин өгсөн. Мөнгийг буцааж өгөх боломж байхгүй, янзлаад өгч болно.

Өөрсдөө хүсэж машиныг маань худалдаж авсан, хуучин машин гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Мотор, кроп нь болохгүй байна гэхээр нь шинээр авч тавьж өгсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл нь хариуцагч Ч.Од холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал Ч.О биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан тул машины үнэд төлсөн 2.000.000 төгрөгөө буцаан авна гэж,

Хариуцагч Ч.О Т.Б нь хуучин авто машин гэдгийг мэдэж байсан. Мотор болон кропыг нь шинээр худалдан авч өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Хариуцагч Ч.О нь нэхэмжлэгч буюу худалдан авагч Т.Бодьсайан, Д.Нарангэрэл нарт ХХХХ УБК улсын дугаартай, митсубиши маркийн, 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад орж ирсэн, хар хөх өнгийн суудлын авто машиныг 2.000.000 төгрөгөөр худалдсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба хэн аль нь энэ талаар маргахгүй байна.

Авто машины үнэ 2.000.000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчид төлсөн талаар мөн хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 5-6, 19 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал үгүйсгээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

Д.Нарангэрэл нь нөхөр Т.Б маань хариуцагч Ч.Оэс түүний ХХХХ УБК улсын дугаартай авто машиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авсан. 2.000.000 төгрөг миний данснаас гарсан. 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр машиныг авахад урд шил нь хагархай байсан ба унаад явах үед машины кроп дуугараад байсан тул өглөө нь аваачиж өгсөн гэж тайлбарласныг хариуцагч Ч.О үгүйсгээгүй бөгөөд тэрээр худалдагч талд машиныг нь хүлээлгэн өгөхдөө соната маркийн авто машины мотор худалдан авч тавьсан талаараа тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Оэс 2.000.000 төгрөг гаргуулан Т.Б, Д.Нарангэрэл нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Оэс 2.000.000 төгрөг гаргуулан Т.Б, Д.Нарангэрэл нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оэс 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Д.Нарангэрэл нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН