Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00225

 

 

Т.Бодьсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01776 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1535 дугаар магадлалтай,

Т.Бодьсайханы нэхэмжлэлтэй,

Ч.Оюун-Эрдэнэд холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 2.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай нөхөр Т.Бодьсайхан хариуцагч Ч.Оюун-Эрдэнийн эзэмшлийн 63-18УБК улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, митсубиши RVR маркийн авто машиныг 2.000.000 төгрөгөөр авахаар боллоо гэсэн. Би нөхрийн хамт 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө Өгөөмөр зах дээр Ч.Оюун-Эрдэнэд 1.000.000 төгрөг аваачиж өгсөн. Ч.Оюун-Эрдэнэ уг мөнгөнөөс 450.000 төгрөгөөр соната донс маркийн авто машины мотор худалдан авч уг машинд тааруулж тавьж өгсөн. 3-4 хоногийн дараа машинаа аваад нөхөр маань унаад явж байтал кроп нь эвгүй дуугараад байсан тул өглөө нь буцаагаад аваачиж өгсөн. Нөхөр маань 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн леганз маркийн авто машинаар Төв аймгийн Эрдэнэсант руу яваад 6 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд машиныг засаагүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нөхөр дахиад хөдөө явах болсон тул би 7 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкнаас 950.000 төгрөг авч, өөрт байсан 50.000 төгрөгөө нэмж маргааш нь Ч.Оюун-Эрдэнийн гэрт нь аваачиж өгөхөд нөхөр нь байсан. 2018 оны 7 дугаар сарын 05-ны орой ажлаасаа ирэхэд машины кропыг зассан гээд гэрт авчраад өгсөн байсан ба нөхөр машин засагдсан гэсэн. Нөхөр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр замын унаагаар Төв аймгийн Эрдэнэсант сум явсан ба 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нөхрийн бие муу гэсэн учир би худалдан авсан машинаа дүүгээрээ унуулаад явсан ч Төв аймгийн Лүн сумын наана очоод машин эвдэрсэн. 2018 оны 8 дугаар сарын 12, 13-ны үед хариуцагчийн хашаанд машинаа чирж аваачсан ба Ч.Оюун-Эрдэнийн нөхөр Ж.Чинбаатар өөрсдөө эвдсэн, кроп авах 450.000 төгрөг өг гэж над руу дайрсан. Би 8 дугаар сарын 25, 26-ны орчим 450.000 төгрөг өгсөн. Машиныг унаад явахад машин араандаа орохоо больсон байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буцаагаад аваачиж өгсөн. Машиныг засуулж авах боломж байхгүй. Машины үнэд өгсөн 2.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ч.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Би Т.Бодьсайхан ахад орж ирсэн машин биш, хөгшин онтой машин гэхэд зүгээрээ чи ахыгаа машинтай болгоод өгчих гэсэн. Ингээд 2018 оны 5 дугаар сарын үед би өөрийн 63-18УБК улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, митсубиши RVR маркийн авто машиныг худалдах талаар тохирсон ба Т.Бодьсайхан ах эхнэр Д.Нарангэрэл болон хүүхэдтэйгээ ирээд машиныг аваад явсан. Маргааш нь машины доод хэсгээр юм дуугараад байна гэхээр нь би дунд гол байх, солиод өгье гэхэд ах нь уул өөд явах шаардлага байх биш, тэрийг нь аваад хаячиж болно гэсэн. Машиныг унаж яваад хэд хоногийн дараа кроп нь болохгүй байна гээд манай хашаанд орхиод явсан. Нөхөр бид хоёр ижилхэн өөр машины кроп сольж тавиад сар гаруй унахад, Дундговь аймаг руу 1 хоног явахад уг машинд ямар ч асуудал гараагүй. 2018 оны 6 дугаар сард байх Т.Бодьсайхан ах яриад машиныг н.Мөнхнасанд өгөөд явуулчих гэсэн. Би Жуковын музейн хажуугаас өгч явуулсан. Дараа нь машин яаж байна гээд асуухад зүгээр байна гэсэн. 2018 оны 9 дүгээр сард машиныг буцаагаад авчирч өгсөн. Эд нар авснаасаа хойш хэзээ яаж эвдсэнийг мэдэхгүй байна. Би анх 900.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг 2 удаа, 200.000 төгрөг 2 удаа, авсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сард 250.000 төгрөг авсан. Нөхрийн нэр дээр хоёр машин байсан учир уг машиныг би өөрийн нэр дээрээ авсан. Уг машиныг би Б.Баатархүү гэж хүнээс 2018 оны 1 дүгээр сард 2.500.000 төгрөгөөр худалдан авсан ба би хүн хуураагүй, зүгээр машин өгсөн. Мөнгийг буцааж өгөх боломж байхгүй, янзлаад өгч болно. Өөрсдөө хүсэж машиныг маань худалдаж авсан, хуучин машин гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Мотор, кроп нь болохгүй байна гэхээр нь шинээр авч тавьж өгсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01776 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс 2 000 000 төгрөг гаргуулан Т.Бодьсайхан, Д.Нарангэрэл нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бодьсайхан, Д.Нарангэрэл нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1535 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс 2 000 000 төгрөг гаргуулан Т.Бодьсайханд олгож, Митсубиши RVR маркийн, 63-18 УБК улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгчээс гаргуулж Ч.Оюун-Эрдэнэд олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Ч.Оюун-Эрдэнэ нь анхнаасаа л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж ирсэн, тэр ч үүднээс Т.Бодьсайхан хуучин машин гэдгийг мэдэж байсан ба тодорхой эрэсдэл гарч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд тохиролцооны үндсэн дээр худалдаж авсан байдаг. Ч.Оюун-Эрдэнэ уг машинд таарч тохирох мотор кропыг нь шинээр худалдан авч тавьж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасаар ирсэн. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй байхад хуулийг буруугаар хэрэглэж байгаад гомдолтой байна. Ч.Оюун-Эрдэнэ нь Авто машин худалдах-худалдан авах гэрээг зөвхөн Т.Бодьсайхантай хийсэн байхад түүний эхнэр Д.Нарангэрэл итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцсон байдаг. Миний бодлоор гэрээ хийсэн жинхэнэ эзэн болох Т.Бодьсайханыг шүүх хуралдаанд оролцуулж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байж гэж үзэж байна. Ч.Оюун-Эрдэнэ нь Т.Бодьсайханд шинэ машин зараагүй хуучин машин зарсан ба энэхүү машиныг Т.Бодьсайхан нь унаж үзээд шалгасны дараа тохиролцож авсан энэ үед урьд шил хагархай байсныг мэдэж хүлээн зөвшөөрөөд авсан байдаг. Т.Бодьсайхан нь уг худалдаж авсан машинаа сар гаруй хугацаанд унаж хөдөө явсан байдаг. Ингэж бүтэн сар гаруй эдэлж хэрэглэсний эцэст эвдэрхий машин байсан гэж ярьж нэхэмжлэл гаргаж байгаа нь хачирхалтай юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ч.Оюун-Эрдэнэ нь 450.000 төгрөгөөр Соната маркын авто машины мотор худалдан авч уг машинд тааруулж тавьж өгсөн гэдгийг хэлж байгаа нь түүний тайлбараар нотлогдож байна. Тухайн үед 2 удаа машины эд ангийг сольж өгсөн учраас миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэстэй байх тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Бодьсайхан Ч.Оюун-Эрдэнэд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, автомашин нь авсан өдрөөс эхлэн ашиглагдах боломжгүй, доголдолтой нь илэрсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч хуучин машин, мотор, кропыг шинээр худалдан авч өгсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх, Ч.Оюун-Эрдэнээс 2.000.000 төгрөг гаргуулж Т.Бодьсайханд олгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх, гэрээнээс татгалзсан үр дагаврыг нэг мөр шийдвэрлээгүй гэж үзэн, гэрээгээр шилжүүлсэн автомашиныг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар Т.Бодьсайхан, Ч.Оюун-Эрдэнээс 63-18 УБК улсын дугаартай, Митсубиши маркийн, 1994 онд үйлдвэрлэгдсэн суудлын авто машиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон нь тогтоогдсон байх тул шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зохигчийн тайлбараас үзвэл, Ч.Оюун-Эрдэнэ автомашин болон түүний улсын бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, Т.Бодьсайхан эд хөрөнгийн үнийг төлсөн байна.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх автомашин нь биет байдлын доголдолтой нь тогтоогдсон гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд гэрээний зүйл болох автомашин нь биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Гэрээний зүйл болсон автомашин нь 1994 онд үйлдвэрлэгдсэн, хуучин боловч ердийн зориулалтын дагуу ашиглахад саад болсон нөхцөл буюу кроп эвдрэлтэй нь тогтоогдсон байна. Тухайлбал, автомашиныг авч явах үед кроп дуугарч байсан, энэ талаар мэдэгдэхэд 2 удаа засч өгөхөөр авсан хэдий ч доголдол арилаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

3. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, ...доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Автомашины доголдол өмнө нь байсныг зохигч үгүйсгээгүй, тухайн доголдлыг арилгах арга хэмжээ авсан боловч арилахгүй, буюу үр дүнд хүрээгүй учир худалдан авагч гэрээнээс татгалзах нь хууль зөрчихгүй байна.

Иймд шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид шилжүүлсэн автомашиныг хариуцагчид буцаан гаргуулаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх залруулж өөрчилсөн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат 2021.02.25-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ нас барсан тул эрх залгамжлагч тогтоох эсэхийг ар гэрийнхнээс нь асууж шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт гаргасны дагуу дурдсан үйл баримтыг тодруулах, эрх залгамжлагч тогтоох эсэхийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэвч холбогдох баримт, хүсэлт ирээгүй тул эрх залгамжлан авах ажиллагаа хийгдээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1535 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦОЛМОН

                                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                                                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                             Х.СОНИНБАЯР

                                                                                                                                                    Б.УНДРАХ