Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00653 дугаар шийдвэртэй, Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Э-, Р.Э- нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 2 662 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинжаргал, хариуцагч Р.Э-, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 7 дугаар сард БНСУ-д гэрээгээр ажиллахаар очсон. Тухайн үед “Капитрон банк” ХХК-ийн данс нээлгээд хэд хэдэн удаа Монгол руу мөнгө шилжүүлсэн, тухайн үед 40 орчим насны эрэгтэй, ахимаг насны эмэгтэй байсан ба мөнгийг аваад шилжүүлдэг байсан. Интернет банкаар мөнгө шилжсэн эсэхийг шалгахад шилжсэн байдаг. 2006 оны 6 дугаар сард дахин 1 000 ам.доллар Монгол руу шилжүүлж баримт авсан боловч дансанд ороогүй. Мөнгө шилжүүлсэн газарт очиход хаалга нь цоожтой, ширээ, сандал байхгүй болсон байсан. Үүнээс хойш уулзаж чадаагүй бөгөөд тэр үед ажиллаж байсан хүн нь Р.Э- гэдгийг олж мэдсэн. Тэрээр өөр олон хүмүүсээс мөнгө шилжүүлэн гэж аваад шилжүүлээгүй байсан.

Монголд ирээд дээрх асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгааг мэдэж хохирогчоор тогтоогдсон. Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Р.Э-, Р.Э-, Б.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-т эрүүгийн хэргийн хохирогч болох 27 хүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан болно.

Ингээд “Капитрон банк” ХХК-д гомдол гаргахад 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 863 дугаартай албан ёсны тайлбар бүхий бичиг ирүүлж, “Хадгаламж Кореа” компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу явуулж байсан мөнгөн хадгаламж болон гуйвуулгын үйл ажиллагааг 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоож, гүйлгээ хийгдэхгүй байгаа талаар дурдаж, БНСУ-д ажиллаж байгаа иргэдээс мөнгөн гуйвуулга хийж болохгүй талаар мэдэгдсэн байдаг. Асуудлыг судлахад 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Хадгаламж Кореа” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Капитрон банк” ХХК хамтран ажиллах гэрээг цуцалсан байсан.

Хариуцагч нарт залилуулсан иргэдийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч БНСУ-д ажиллаж байсан бөгөөд 2015 онд хохирогчоор байцаалт өгсөн. Нийслэлийн прокуророос дээрх эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо “Хадгаламж Кореа” компанийн менежер буюу “Капитрон банк” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан Р.Э- 28 000 000 төгрөг, хариуцагч Р.Э- 10 000 000 төгрөг, “Капитрон банк” ХХК-ийн ажилтан 1 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэн “Хадгаламж Кореа” компани нь дээрх хохирогчдын хохирлыг бүрэн хариуцна гэдгийг нотлох баримтаар зааж өгсөн. Эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хохирлыг иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэйг уг тогтоолд заасан бөгөөд үүнд нэхэмжлэгч Ч.Д-гийн нэр байдаг.

Иймд “Хадгаламж Кореа” компанийн менежер буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан Р.Э-, хамтран ажиллаж байсан гэх Р.Э- нарыг хамтран хариуцагчаар татаж, 1 000 ам.долларын баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. “Монсо”, “Сэвингс Кореа” гэх хадгаламжийн дэвтрийн 2 төрлийн баримтыг хариуцагч нараас хураасныг хэрэгт авагдсан “Прокурорын тогтоол”-д тодорхой заасан байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ханшаар 1 000 ам долларыг 2 662.82 төгрөгөөр тооцож, 2 662 800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 556 төгрөг, нийт 2 720 416 төгрөгийг дээрх хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э-. Р.Э- нар нь БНСУ-ын “Хадгаламж кореа” компанид тухайн үед ажилладаг байсан. “Капитрон банк” ХХК нь БНСУ-ын “Хадгаламж кореа” компанитай 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулсан ба эрсдэлээ банк хариуцаж ажиллах тул банкны ажилчдыг БНСУ-д байрлуулан ажиллуулсан. “Хадгаламж кореа” компани нь тухайн улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд сурталчилгаа хийж хадгаламж, мөнгөн гуйвуулгын мөнгийг тухайн өдөр нь банкны ажилтанд хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болдог байсан. Монгол банкнаас банкнуудын дүрмийн санг 8 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрээр 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Капитрон банк” ХХК нь “Интер банк”-тай нэгдэж байгаа тул үйл ажиллагаагаа түр зогсоох мэдэгдэл хүргүүлсэн.

“Капитрон банк” ХХК, “Хадгаламж кореа” компаниуд дээрх гэрээний дагуу 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны санхүүгийн баримтын хүрээнд “Капитрон банк” ХХК-ийн дотоод хяналтын хэлтсийн захирал Ж.Эрдэнэбилэг нь “Хадгаламж кореа” компанийг төлөөлж Р.Э-, Р.Э- нартай хамтран 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг.

Р.Э-ын хувьд “Хадгаламж кореа” компанийг төлөөлж менежерээр ажиллаж байсан нь үнэн, ажил үүргийн хуваарь ёсоор гэрээний 3.2-т зааснаар банкны гүйлгээ, санхүүтэй холбогдохгүй зөвхөн зар сурталчилгаа буюу байгууллагын ажил үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй ба бэлэн мөнгөтэй харьцдаггүй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан мөнгө шилжүүлсэн гэх баримтад гарын үсэг нь байхгүй. Хариуцагч Р.Э- 2005 оны 5 дугаар сарын 08 хүртэл БНСУ-д хагалгаанд орох гэж очоод буцсан талаар хилийн лавлагааг нотлох баримтаар өгсөн тул мөн өдөр Монголд ирж, 2006 оны 12 дугаар сарын 04-нд БНСУ-руу гарсан тухай баримт хэрэгт авагдсан тул энэ хэрэгт огт хамааралгүй этгээд гэж үзэж байна. Түүнчлэн Р.Э-ыг ч хариуцагчаар татах үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2006 оны 6 дугаар сард 1 000 ам.долларыг Монгол руу шилжүүлсэн гэх баримтыг хэрэгт хавсаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд гол, ач холбогдол бүхий баримт зөвхөн энэ бөгөөд өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл уг баримтаар нэхэмжлэгч нь мөнгөө “Монсо” гэх компанид өгсөн нь тогтоогдож байна. Мөнгө хүлээн авсан хүний нэр нь И Ү Ёл гэж байгаа нь тодорхой байх тул Р.Э- мөнгийн аваагүй, хариуцахгүй.

Нийслэлийн прокурорын тогтоолын 5 дугаар талд Ч.Д-гийн мэдүүлэгт “...Р.Э-ын эгч гэх эмэгтэй хүнд өгсөн...” гэх боловч хожим агуулгаар нь өөрчилж Р.Э-ад өгсөн гэдэг. Нэхэмжлэгч нь хариуцагч нар мөнгө аваагүй гэдгийг мэдэж байсан. “Капитрон банк” ХХК-ийн зүгээс Ч.Д-д”... “Монсо” гэдэг компанитай ямар нэг холбоогүй, хамтран ажиллах гэрээгүй...” гэх агуулгатай баримтыг эхэлж нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлд буюу шүүх хуралдаан болохоос өмнө хэргийн материалд гаргаж өгснөөр нэхэмжлэгч тал үүнийг мэдэж байсан байна. “Монсо” компанийн тамга, тэмдэг, гарын үсэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар хариуцагч нараас мөнгө нэхэмжилж байх тул “Капитрон банк” ХХК-ийн албан бичиг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэдэг ганц нэр томьёо бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны тогтоол, 2008 оны зөвлөмж байдаг. Тиймээс Прокурорын тогтоол нь албан ёсны эцэслэн тогтоогдсон нотлох баримт биш юм. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдэг нь Прокурорын тогтоолоор эцэслэн тогтоосон зүйл биш.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримт гаргаж, нотолгооны хэрэгслээр нотолсон тохиолдолд тухайн төрөлжсөн шүүхийн хувьд үнэлэлт дүгнэлт гаргаж, шинээр шийдвэрлэх асуудал юм. Нэхэмжлэгчийн хувьд урьдчилан тогтоогдсон юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй. “Монсо” гэх хуулийн этгээдэд мөнгө өгсөн талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгсөн атлаа Р.Э- нараас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв “Монсо” гэх хуулийн этгээд нь одоо байдаг бол нэхэмжлэх эрх нь нээлттэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Р.Э-, Р.Э- нараас 2 662 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор орлогын баримт гэх баримтыг Солонгос хэлнээс орчуулсан орчуулгын хамт шүүхэд гаргасан боловч уг эх хувь гэх баримт нь харагдахгүй, мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг нь тодорхойгүй, байгууллагын нэр хэсэгт “Монсо" гэсэн бичиглэл хийгдсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх баримтаар хариуцагч нар нэхэмжлэгч Ч.Д-гээс 1 000 ам.долларыг хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, уг баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Нийслэлийн прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Р.Э-, Р.Э- нар нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн, Ч.Д- нь хохирогчоор тогтоогдсон, уг тогтоолын 5-д эд мөрийн баримтаар “Монсо” нэртэй хадгаламжийн дэвтэр хураагдсан гэж тайлбарладаг. Гэвч Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримтыг дахин нотлох шаардлагагүй баримт гэж үзэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт гэж үнэлэх хууль зүйн боломжгүй байна..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаар тогтоолд хариуцагч нар нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн, нэхэмжлэгч Ч.Д- нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд тогтоох хэсгийн 3-т уг эрүүгийн хэргийн хохирогч болох 27 хүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байдаг.

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны зөвлөмжид “...хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Энэ утгаараа эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй ба харин учирсан хохирлын хэмжээний асуудлыг л хэлэлцэнэ гэснээр нэхэмжлэгч Ч.Д-д учирсан хохирлыг бүрэн хэлэлцэхгүй, нотлох баримтыг үнэлэх хууль зүйн боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, 2006 оны 6 дугаар сард Монгол Улс руу шилжүүлсэн 1 000 ам.доллар буюу 2 662 860 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 556 төгрөг, нийт 2 720 416 төгрөгийг хариуцагч Р.Э-, Р.Э- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч Р.Э-, Р.Э- нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 2 662 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч тухайн мөнгийг хариуцагч нар аваагүй, хариуцагчаар татагдвал зохих этгээдийг зөв тодорхойлоогүй гэх үндэслэлээр маргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БНСУ-д ажиллаж олсон мөнгөн хөрөнгөө Монгол Улс руу мөнгөн гуйвуулга, хадгаламжийн орлогын үйлчилгээ үзүүлдэг “Хадгаламж кореа” компаниар дамжуулан шилжүүлдэг байсан. Тухайн компанийн ажилтан Р.Э-, Р.Э- нарт 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол руу шилжүүлүүлэхээр өгсөн 1 000 ам.доллар шилжээгүй байсан учир, мөнгийг  буцаан гаргуулана гэж тайлбарлан, уг мөнгийг шилжүүлсэн гэх Солонгос хэл дээрх баримтыг албан ёсны орчуулагчаар орчуулсан байдлаар хэрэгт хавсаргасан байна. /хх1,56-57/

 

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ, мөнгө өгсөн баримтад дурдсан “Монсо” гэх компанийг мэдэхгүй, мөнгө хүлээн авсан хүний нэр нь И Ү Ёл гэж байх тул хариуцагч Р.Э-ыг нэхэмжлэгчээс мөнгө авсан гэж үзэхгүй, Р.Э- тухайн үед буюу 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БНСУ-д байгаагүй тул хариуцагч биш гэж тайлбарлан маргажээ.

 

Талууд нэхэмжлэлд дурдсан 1 000 ам.долларыг хүлээлгэн өгсөн, хүлээж авсан эсэхэд маргаж, энэ талаар нотлох баримтаар хэрэгт авагдсан буюу уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Орлогын баримт”-ын “талууд гарын үсэг зурсан” гэх хэсгийн бичиглэл харагдаж уншигдахгүй байна./хх56-57/ Гэтэл шүүх дээрх үндэслэлийг зааж, уг баримтад мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг тодорхойгүй, “Монсо” гэсэн бичиглэл хийгдсэн зэргээс үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгчээс 1 000 ам. доллар хүлээн авсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн баримтад тулгуурласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх баримтын бичвэр уншигдахгүй байгаа хэсэгт шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шинжээчийг томилох боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын татгалзлын үндэслэл болж буй 1 000 ам.доллар шилжүүлсэн гэх баримтад тэмдэглэгдсэн мөнгө өгсөн, авсан хүний гарын үсэг зурагдсан эсэх, зурагдсан бол хэргийн оролцогч нарынх мөн эсэх зэрэгт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, уг баримтад дурдагдаж буй “Монсо” компани нь хариуцагч нартай ямар хамааралтай болох үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

Хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх асуудлаар хүсэлт гаргах эрхтэйг тодорхой тайлбарлан, энэ талаар хүсэлт гаргах эсэхийг  тодруулах ажиллагааг хийснээр хэргийг бодит байдалд нийцүүлэн үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь шүүхийн үүрэг юм. Энэхүү ажиллагааг шүүх хийж хэрэгжүүлсэн болон хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангасан гэх байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх үйл баримтыг бүрэн тодруулснаар шүүх тухайн маргаанд хамаарах эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох юм. Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж,     шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

 

     ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

                                       Т.ТУЯА