Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/02210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Э-т холбогдох,

 

Хариуцагч: Р.Эб-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.662.860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Д нь 2005 оны 7 дугаар сард БНСУ-д гэрээгээр ажиллахаар очсон юм. Тухайн үед К банкны данс нээлгээд хэд хэдэн удаа Монгол Улс руу мөнгө шилжүүлж байсан. Тухайн үед мөнгө шилжүүлж байхад 40 орчим насны эрэгтэй хүн, бас нэг настайвтар эгч байсан. Тэр хүмүүс мөнгө аваад шилжүүлж байсан бөгөөд интернэт банкаар мөнгө шилжсэн эсэхийг шалгахад шилжсэн байдаг байсан. 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дахин 1000 ам.доллар Монгол Улс руу шилжүүлж, баримт авсан боловч дансанд ороогүй байсан тул нөгөө салбар дээр очиход хаалга нь цоожтой, ширээ сандал байхгүй болчихсон байсан. Үүнээс хойш уулзаж чадаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан хүн Р.Эб гэдгийг олж мэдсэн. Надаас өөр олон хүнээс мөнгө шилжүүлнэ гэж аваад шилжүүлээгүй байсан. Би монголд ирээд энэ асуудлаар цагдаа дээр шалгагдаж байгааг мэдэж хохирогчоор тогтоогдон шалгуулсан. Улсын мөрдөн байцаах газрыг Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Р.Эб, Р.Э, Б.Г нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн тус прокурорын тогтоолын Тогтоох хэсгийн 3-т уг эрүүгийн хэргийн хохирогч болох 27 хүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан болно. Иймд миний 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улс руу шилжүүлсэн 1000 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ханшаар тооцож 2.662.860 төгрөг болж байгаа гаргуулж өгнө үү гэв.

 

        Хариуцагч Р.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Р.Эб шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Эб, Р.Э нар нь БНСУ-ын Х компанид ажилладаг байсан. 1. К банк нь БНСУ-ын Х компанитай 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэрээнд эрсдэлээ банк хариуцаж ажиллах тул К банкны ажилчдыг БНСУ-д байрлуулан ажилуулж байсан. Х компани нь тухайн улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд сурталчилгаа хийж хадгаламж, мөнгөн гуйвууллагын мөнгийг тухайн өдөр бүр БНСУ-д байрлах банкны ажилтанд хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг дуусдаг байсан. 2. Монгол банкнаас банкнуудын дүрмийн санг 8 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрээр 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр К банк нь Интер банктай нэгдэж байгаа тул үйл ажиллагаагаа түр зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байдаг. 3. К банк, Х компаниуд нь дээрхи гэрээний дагуу 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 30 өдөр хүртэлх хугацааны санхүүгийн баримтын хүрээнд К банкны дотоод хяналтын хэлтсийн захирал Ж.Эрдэнэбилэг, Х компанийг төлөөлж Р.Эб, Р.Э нар хамтран 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг. 4. Х компани нь БНСУ-д албан ёсны хуулийн этгээд байсан. 5. Нэхэмжлэгч Ч.Д-гийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1000 ам.доллар Монгол Улс руу шилжүүлэх гэж Р.Эб-ын эгч гэх хүнд өгсөн гэх мэдүүлэг эрүүгийн хавтаст хэргийн 7-хх 28-30 хуудас. 6. Тухайн үед Р.Э гэдэг хүн 2006 оны 5 дугаар сарын 19-ны өдөр БНСУ-д байгаагүй. Р.Э- нь 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болон 2006 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл БНСУ-д байсан. Иргэн Ч.Д нь 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхээр өгсөн гэх мөнгийг тухайн К банкнаас нэхэмжлэх боломжтой байсан. Х компанийн ажилтан Р.Эб-аас иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлгүй, цаг хугацааны хувьд 2006 оноос 2019 он хүртлэх 13 жилийн дараа нотолгоогүй, баримтгүй нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, Р.Э, Р.Эб нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.662.860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Д-гийн “...би БНСУ-д ажиллаж байхдаа К банкинд данс нээлгэж, уг банкны БНСУ дахь салбарт нь ажиллаж байсан Р.Э, Р.Эб нарт 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1000 ам.долларыг хүлээлгэн өгч, Монгол Улс дахь дансруу шилжүүлүүлэхээр өгсөн боловч шилжүүлээгүй. Иймээс 1000 ам.долларыг хүлээн авсан Р.Э-, Р.Эб- нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 1000 ам.доллар буюу 2.662.860 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Р.Э, Р.Эб нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...бид Ч.Д-гээс 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1000 ам.долларыг хүлээн аваагүй, мөнгө хүлээн авсан гэх баримтад гарын үсэг зураагүй бөгөөд тухайн үед Р.Э- БНСУ-д байгаагүй. Мөн К банк нь Х компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Солонгос улсад ажиллаж, амьдарч буй иргэдээс мөнгөн хадгаламж, гуйвуулга болон хадгаламжийн орлогын гүйлгээ хийх үйлчилгээг 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон байсан” гэж талууд мэтгэлцжээ.

 

Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр Прокурорын тогтоол, 83 дугаар талд авагдсан Тооцоо нийлсэн акт, 56-57 дугаар талд авагдсан 00199 дугаар Орлогын баримт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3823 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “...К банк нь БНСУ-ын Х компанитай хамтран ажиллах гэрээний дагуу солонгос улсад ажиллаж, амьдарч буй иргэдээс мөнгөн хадгаламж, гуйвуулга болон хадгаламжийн орлогын гүйлгээг “Х” компаниар дамжуулан шилжүүлэх үйлчилгээг үзүүлдэг байсан. Ч.Д нь үйлчлүүлэхээр тухайн компанид ажиллаж байсан Р.Эб-, Р.Э- нарт 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1000 ам.долларыг өгсөн боловч гүйлгээ хийгдээгүй, 1000 ам.долларыг буцаан аваагүй” гэх үйл баримт нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.Эб, Р.Э нарыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Р.Э, Р.Эб нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.662.860 төгрөг гаргуулах тухай Ч.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, Р.Э, Р.Эб нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.662.860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 57.556 төгрөг, 921 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД