Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 847

 

“Г.Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00496 дугаар шийдвэртэй, “Г.Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж.К” ХХК--д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт    1 122 564.83 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б” ХХК- нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Ж.К” ХХК--тай байгуулсан ЗГ/5905100504 дугаар зээлийн гэрээний дагуу 700 000 ам.долларыг сарын 1.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Талууд хожим харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж өөрчлөлт оруулсан гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгчийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1213002919, гэрчилгээний 000236685 дугаартай, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7 дугаар багт байршилтай, 5 160.27 м.кв талбайтай 71 хувийн гүйцэтгэлтэй барилга, гэрчилгээний 000306241, нэгж талбарын 19674174397368 дугаартай, мөн хаягт байршилтай, 1 040 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 700 000 ам.доллар, хүү 369 693.15 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 52 871.67 ам.доллар, нийт үүрэг нь 1 122 564.83 ам.долларын үлдэгдэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзалт хийх зэрэг арга хэмжээг авсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй, зээл төлөхөөс зайлсхийсээр байгаа тул гэрээний үүрэгт нийт 1 122 564.83 ам.доллар гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд анх хамтран ажиллахаар тохиролцсон. “Г.Б” ХХК- нь “Ж.К” ХХК--ийн барьж байгаа барилгад хөрөнгө оруулах, дараа нь олсон ашгийг хуваана, санхүүжилтийг зээл хэлбэрээр олгохоор тохирсон. Үндсэн зээл 700 000 ам.долларын хувьд маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Гэрээний хэрэгжих хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох атал зээлдэгчийг хохироож байна гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж.К” ХХК--иас 888 870.18 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч “Г.Б” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233 694.65 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд, улсын бүртгэлийн Ү-1213002919 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р багт байршилтай 5 160.27 м.кв талбай бүхий 71 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байрлах 1 040 м.кв талбай бүхий эзэмших эрхийн 000306241 дугаарын гэрчилгээтэй газар зэрэг барьцаалсан эд хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 14 567 024 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас нийт 11 637 554 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г.Б” ХХК--д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэл зааж гэрээний хугацаа дууссан үеэс хойш шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацааг 3 сар гэж үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн дүгнэлт хийж шийдвэрлэсэн.  Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн харилцаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг боломжит хугацаанд хэрэгжүүлэх ёстой гэсэн байдлаар дүгнэсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй, зээлийн гэрээний хугацаа дуусмагц “Г.Б” ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэх, зээлийн гэрээний үүргийг шаардах боломжтой байсан гэх дүгнэлтийн тухайд тайлбарлавал, “Г.Б” ХХК- нь аливаа зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд эрхээ хэрэгжүүлэх буюу анхан шатны шүүхийн шийдвэрт заасанчлан шууд үүргийг шаардах нь зээлдэгчийн санхүүгийн боломж, үйл ажиллагааны чиглэл зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанаас хамаарч зээлийн хугацааг сунгах, санхүүгийн нөхцөл байдалд тохируулсан төрөл бүрийн арга хэлбэрийг зээлдэгчтэй тохиролцон тухай бүр харилцан ашигтайгаар хамтран шийдвэрлэдэг.

Дээрх жишгээр маргааны гол зүйл болох уг зээлийн хувьд банк зээлдэгчтэй харилцан тохиролцож зээлийн гэрээг тодорхой хугацаагаар сунгаж, тухайн зээлийн хөрөнгөөр бий болох төслийг амжилттай болгох талаар хамтран шийдвэрлэсэн үйл баримт, өнөөдрийг хүртэл зээлдэгч талтай удаа дараа уулзалт хийж, уг зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсоор ирсэн байдаг. Зээлдэгчийн зүгээс “шинэ хөрөнгө оруулагчтай тохиролцож байна, барилгын төслийг танилцуулж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж барилгыг бүрэн дуусгаж, зээлийг төлнө” гэсэн байдлаар банкинд удаа дараа санал хүргүүлж, уулзалтын үеэр ярилцаж, тохиролцож байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаад байгаа хугацаанд зээлдэгч болон банк нь зээлийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр эвлэрэх, гарц боломжийг харилцан солилцож, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхээр удаа дараа хэлэлцээрийн төвшинд ажиллаж байсан гэдэг тайлбарыг огт харгалзан үзсэнгүй. Мөн шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэхээр тохиролцож хуралдаан хойшилж байсан. Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед мөн л талуудын эвлэрэн хэлэлцэх асуудал яригдсаар байсан, хариуцагчийн зүгээс хөрөнгө оруулагчийн асуудлыг шийдвэрлэж байгаа гэсэн тайлбар хийсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Г.Б” ХХК- нь хариуцагч “Ж.К” ХХК--д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 122 564.83 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал зээлийн үндсэн төлбөр 700 000 ам.долларыг төлөхөд татгалзахгүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/5905100504 дугаартай зээлийн гэрээ байгуулж, “Г.Б” ХХК- нь “Ж.К” ХХК--д нийт 700 000 ам.долларыг, сарын 1.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Улсын бүртгэлийн Ү-1213002919 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт суманд байрлах 5 160.27 м.кв талбайтай 71 хувийн гүйцэтгэлтэй барилга, гэрчилгээний 000306241 дугаартай, 1 040 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалж ЗБ/5905100504 дугаартай “Ипотекийн гэрээ”-г тус тус байгуулсан байна. Талууд харилцан тохиролцож дээрх зээлийн гэрээний хугацааг өөрчлөх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  ЗГ/5905100504А дугаартай гэрээ байгуулж, үүгээр зээл төлөх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан ба дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх10-20/

Гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох  гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр гэрээ гэж  дүгнэсэн нь зөв болжээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан байна. Хэдийгээр зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тохиолдолд зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй талаар тухайн гэрээгээр зохицуулсан байх боловч энэ нь гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх зохицуулалт нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй холбоотой бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг цуцлах ойлголт байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тохиолдолд нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэдгээр хариуцагчийг хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Энэ нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэсэнтэй нийцнэ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг буюу хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд үндэслээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн үнийн дүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлохоор зохицуулсан болон шүүхийн шийдвэр биелэгдэх байдлыг харгалзан гадаад валютыг төгрөгт хөрвүүлсэн дүнг шийдвэртээ заах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ. Ийм учраас шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хууль хэрэглээний хувьд хэвээр үлдээж, үнийн дүнг буюу 1 122 564 238 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе болох 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэг ам.доллар 2 567.17 төгрөгийн ханштай байснаар тооцож зээлийн гэрээний үүрэгт нийт 2 881 814 754.63 төгрөгийг хариуцагч “Ж.К” ХХК--иас гаргуулж нэхэмжлэгч “Г.Б” ХХК--д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хариуцагч “Ж.К”      ХХК-иас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах нь холбогдох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж.К” ХХК--иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  нийт 1 122 564.83 ам.доллар буюу 2 881 814 754.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г.Б” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч “Ж.К” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 11 567 354 төгрөг болон 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г.Б” ХХК--д олгосугай” гэснийг, “хариуцагч “Ж.К” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 14 637 224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г.Б” ХХК- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 232 401.76 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                       

                                                     ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                            Т.ТУЯА