Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 496

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Женесис капитал” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 700,000 ам.доллар, зээлийн хүү 369,693.15 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 52,871.67 ам.доллар, нийт 1,122,564.83 ам.долларыг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээл 700,000 ам.долларыг хүлээн зөвшөөрч маргахгүй гэж тайлбарладаг боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд 2014 оны 10 сарын 31-ний өдөр ЗГ/5905100504 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч нь зээлдүүлэгч “Голомт банк” ХХК-иас 700,000 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдэн авахаар, ЗБ/5905100504 тоот “Ипотекийн гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай 5,160.27 м.кв талбай бүхий 71%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун урд талд байршилтай 1040 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан зээлийн болон ипотекийн гэрээгээр нотлогдож байна.

Улмаар талууд 2015 оны 12 сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, ЗГ/5905100504 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацааг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл сунгасан байна.

Зээлийн гэрээний 2.1.1-д “Зээлийн жилийн хүү: 1.5%гэж бичсэн байх боловч “Зээл эргэн төлөлтийн хуваарь”, “Хүү тооцооллын хүснэгт” зэргээс үзэхэд зээлийн нэг сарын хүү нь 1.5% буюу жилийн 18%-ийн хүүтэй болох нь тогтоогдож байх тул зээлийн гэрээний 2.1.1-д техникийн алдаа гаргасан байна гэж үзэв.

Дээр дурдсан гэрээнүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Талуудын хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй буюу энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зээлдүүлэгч нь шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгч “Женесис капитал” ХХК-иас шаардах, улмаар зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлийн үнээс гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч тал үндсэн зээл 700,000 ам.долларыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба өөрийн татгалзлын үндэслэлийг “Зээлийн гэрээ”-ний хугацаатай холбон тайлбарладаг бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Банк хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж тайлбарладаг.

Хэдийгээр Банк нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй хэдий ч шаардах эрх хэзээ үүссэн, шаардах эрхээ хэзээ хэрэгжүүлсэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

“Зээлийн гэрээ”-ний 3.4.1, 3.4.3-т Банк нь зээлийн гэрээний хугацаа болмогц зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг суутган авах, хугацаа хэтэрсэн өдрөөс барьцаа хөрөнгөөс зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй байхаар, 4.2, 4.2.4-т зээлдэгч зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан “Хүү тооцооллын хүснэгт”-ээс үзэхэд зээлдэгч нь 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

нь хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл зээлийн гэрээний сунгасан хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 12 сарын 02-ны өдрөөс хойш 1 жил 11 сарын хугацаанд буюу 2018 оны 11 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байхаас гадна ийнхүү хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч “Женесис капитал” ХХК-д хэтэрсэн бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэх нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэв.

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацааг 3 сар гэж үзэн 2017 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэлх зээлийн хүүгийн үлдэгдэл 157,391.82 ам.доллар, түүний 20% хүртэлх нэмэгдүүлсэн хүү буюу 31,478.36 ам.доллар, хариуцагч талын маргахгүй байгаа үндсэн зээл 700,000 ам.доллар, нийт 888,870.18 ам.долларыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 233,694.65 ам.долларыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.    

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Женесис капитал” ХХК-иас 888,870.18 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, үлдэх 233,694.65 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1213002919 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай 5,160.27 м.кв талбай бүхий 71%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн гэрчилгээний 000306241 дугаартай, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай, 1040 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

3.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,567,024 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “Женесис капитал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,567,354 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д буцаан олгосугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.