Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/02048

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/02048 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХХХ тоотод оршин суух, Б.Э /РД: ХХХХХ/,

Хариуцагч: ХХХХХХ  оффисын барилга, Х.Ц ХХК /РД: ХХХХХ/,

Хариуцагч: ХХХХХ, Г банк /РД: ХХХХХ/ нарт холбогдох

Г банктай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ХХХХХХ-А тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Х.Ц ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Х дүүрэг, Х1 дүгээр хороо, Х, Х, Х дүгээр байрны 250 м.кв талбай бүхий Х тоот орон сууцны өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоолгох,

Дээрх 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Э-ын нэр дээр бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат,

Хариуцагч Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Хариуцагч Х.Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э нь Х.Ц ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амрагчдын сууцны барилгын ажил захиалгаар бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 35 айлын амрагчдын сууцны 1 дүгээр хэсгийн 11 дүгээр байрны 5 тоотын 250 м.кв талбайтай байрыг захиалж төлбөрөө бүрэн барагдуулсан.

Х.Ц ХХК Б.Эын захиалсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 35 айлын амрагчдын сууцны 1 дүгээр хэсгийн 11 дүгээр байрны 5 тоотын 250 м.кв талбайтай амрагчдын байрыг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өөрийн өмчлөлдөө бүртгүүлэн Y-ХХХХХХХ тоот гэрчилгээг гаргуулан авсан байна.

Ингээд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ХХХХХ тоот зээлийн гэрээнд Х.Ц ХХК нь батлан даагчаар оролцож уг байрыг Б.Б Г банкнаас зээлсэн 500.000 ам долларын 250.000 ам долларын зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ.

Иймд Г банктай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ХХХХХХХ-А тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, Х.Ц ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцон, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот орон сууцны өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоон, дээрх 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Эын нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам Дүнжингарав гудамж, 5 тоотод байршилтай, Х.Ц ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Г банк болон Б.Бнарын хооронд байгуулагдсан ЗГ9515100009 тоот зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г банк ХХК, Х.Ц ХХК нарын хооронд байгуулагдсан ХХХХ тоот ипотекийн гэрээний үүрэгт барьцаалан нийт 500.000 ам долларын зээл авсан.

Г банк нь ипотекийн гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд тусгагдсан мэдээллийг Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулйн 183 дугаар зүйлд заасны дагуу үнэн зөв гэж үзэн зээлийн гэрээ байгуулдаг.

Өөрөөр хэлбэл Г банктай зээлийн гэрээ байгуулахад маргаан бүхий эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй.

Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдол барьцаалагч нь барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ, 154 дүгээр зүйлийн 154.7-д Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна гэж зааснаар Г банк маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч нь мөн юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болсон ч Г банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх нь хүчинтэй бөгөөд тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг нь шилжинэ.

Иймд нэхэмжлэгчийн Г банк болон Х.Ц ХХК нарын хооронд байгуулагдсан ипотекийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.Энхмандал нь тус компанитай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амрагчдын сууцны барилгын ажил захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 35 айлын амрагчдын сууцны 1 дүгээр хэсгийн 11 дүгээр байрны 5 тоотын 250 м.кв талбайтай байрыг захиалан төлбөрөө бүрэн барагдуулсан. Төлбөрийг бартераар барагдуулж дууссан бөгөөд уг байрны өмчлөгчөөр Б.Эыг тогтооход татгалзах зүйлгүй.

Б.Э нь Р.Мөнхжаргалд шевролет маркийн авто машин, мерседес бенз g-500 маркийн авто машиныг шилжүүлсэн. Р.Мөнхжаргал нь манай компанипд барилгын даамалын ажил хийдэг байсан. Лексус 450 маркийн авто машиныг Б.Э нь Х.Гүнбаатарт шилжүүлсэн ба тэрээр манай компанийн гүйцэтгэгч байсан.

Тухайн үед Х.Ц ХХК өр төлбөртэй байсан учраас авто машинуудыг шууд өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй байсан ба компанийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлж байсан гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г банк болон Х.Ц ХХК-д холбогдуулан Г банктай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ХХХХХХХ-А тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, Х.Ц ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот орон сууцны өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоолгох, дээрх 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Эын нэр дээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.Ц ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч Х.Ц ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 6 дугаар байр, 5 тоотын 250 метр квадрат талбайтай сууцыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтанд өгөхөөр,

захиалагч буюу нэхэмжлэгч Б.Э нь гэрээний 2.3-т зааснаар амрагчдын сууцны 1 метр квадрат талбайд үнийн хөнгөлөлт эдлэн сууцны 1 метр квадратын үнийг 1.200.000 төгрөгөөр, байрны үнэд нийт 300.000.000 төгрөг төлөхөөр тохирч,

гүйцэтгэгч Х.Ц ХХК урьдчилгаа төлбөрт 2008 онд үйлдвэрлэсэн, ХХХХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, шевролет маркийн авто машиныг 102.000.000 төгрөгт тооцон хүлээн авч,

үлдэгдэл төлбөрт 2002 онд үйлдвэрлэсэн, ХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн мерседес бенз G500 маркийн авто машиныг 68.000.000 төгрөгт,

2005 онд үйлдвэрлэсэн, ХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн мерседес бенз ML350 маркийн авто машиныг 51.000.000 төгрөгт,

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 8 тоотын 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 79.000.000 төгрөгт тооцон шилжүүлэн авахаар харилцан тохирсон нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

Гэрээнд 6 дугаар байр гэсэн боловч нэхэмжлэгч Б.Э нь 11 дүгээр байрны 5 тоот хаягт байршилтай сууцыг захиалан бариулсан талаар талууд маргахгүй байгаа болно.

Дээрх гэрээнд оролцогч талууд хүсэл зоригийн илэрхийлэл болгон гүйцэтгэгчийг төлөөлөн Х.Ц ХХК-ийн дэд захирал, төслийн хөрөнгө оруулагч бөгөөд ерөнхий удирдагч Б.Баттулга, захиалагч Б.Э нар гарын үсгээ зуран, байгууллагын тамгыг даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 28-31 дүгээр тал/

 

Дээрхи гэрээний талууд буюу Х.Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дэлгэрсайхан, нягтлан бодогч Б.Мөнхцэцэг, иргэн Б.Э нар тооцоо нийлэхэд Б.Э төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн байх ба уг тооцоо нийлсэн актад:

-гэрээ байгуулсан өдөр Б.Э 102.000.000 төгрөг буюу 2008 онд үйлдвэрлэсэн, ХХХХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, шевролет маркийн авто машиныг 102.000.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн,

-68.000.000 төгрөг буюу 2002 онд үйлдвэрлэсэн, ХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн мерседес бенз G500 маркийн авто машиныг, 51.000.000 төгрөг буюу 2005 онд үйлдвэрлэсэн, ХХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн мерседес бенз ML350 маркийн авто машиныг 2014 онд тус тус хүлээлгэн өгч,

-Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 8 тоотын 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг Б.Эд буцаан хүлээлгэн өгч, үүний оронд 37-48 улсын дугаартай, УНҮ улсын дугаартай, лексус 450 маркийн авто машиныг төлбөртөө тооцон суутган авсан гэжээ.

 

Хариуцагч Х.Ц ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 8 тоотын 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн байх ба уг орон сууцыг Б.Эд 2016 оны 2 дугаар сарын 4-ний буцаан хүлээлгэн өгснөөр Б.Э мөн өдөр нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 32 дугаар тал, 2 дугаар хавтасны 1-32 дугаар тал/

 

ХХХХ УБК улсын дугаартай, мерседес бенз G-500 маркийн авто машиныг өмчлөгч Б.Э нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Р.Мөнхжаргалын өмчлөлд мөн өдөр нь, 2008 онд үйлдвэрлэсэн, ХХХХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, 84-89 УНЧ улсын дугаартай, шевролет маркийн машиныг өмчлөгч Б.Э нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Р.Мөнхжаргалын өмчлөлд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, ХХХХ УБЭ улсын дугаартай, лексус маркийн 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн авто машин 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б.Эын өмчлөлд бүртгэгдсэн ба уг авто машин 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Х.Гүнбаатарын өмчлөлд, ХХХХ УНҮ улсын дугаартай лексус 450 маркийн авто машиныг Б.Э нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ы өдөр Х.Гүнбаатарын өмчлөлд тус тус шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 107-111, 116-146 дугаар тал/

 

Д.Болд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Би тухайн үед Х.Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан. Б.Этай захиалгын гэрээ байгуулсан. Төлбөр төлөгдсөн. ... Байрандаа орох хугацаа болсон боловч барьцаанд байгаа болохоор боломжгүй байгаа... гэжээ.

/ХХ-ийн 72-96 дугаар тал/

 

Иргэн Б.Эаас 102.000.000 төгрөгт тооцон хүлээн авсан 2008 онд үйлдвэрлэсэн, ХХХХХХХХ тоот арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, ХХХ УНЧ улсын дугаартай, шевролет маркийн авто машиныг хариуцагч Х.Ц ХХК-ийн инженер Р.Мөнхжаргал 2014 онд иргэн Ж.Баярсайханд угсралтын ажлын төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн нь авто машиныг хүлээлгэн өгсөн баримт, хариуцагч Х.Ц ХХК-ийн төлөөлөгчийн болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 241 дүгээр тал/

 

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 250 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Ц ХХК 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр бүртгэгдэн өмчлөх эрхийн ХХХХ дугаар бүхий гэрчилгээг авсан байна.

/ХХ-ийн 51-52, 67, 107 дугаар тал/

 

Иргэн Б.Бнь Г банктай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ААААА тоот зээлийн гэрээ байгуулан, 500.000 ам долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, В ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь зээлийг төлбөрийг төлөх зориулалтаар зээлсэн нь талуудын тайлбар болон зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Дээрхи зээлийн гэрээний үүрэгт Х.Ц ХХК батлан даагчаар оролцон тус компанийн өмчлөлд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 9 дүгээр байрны 1 тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206029959 дугаарт бүртгэлтэй, 90 хувийн гүйцэтгэлтэй сууцыг 250.000 ам доллараар үнэлэн,

Мөн хаяг дахь 9 дүгээр байрны 5 тоот хаяг дахь 250 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг мөн 250.000 ам доллараар тус тус үнэлэн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр барьцаат батлан даалтын гэрээг Г банктай байгуулан барьцааны гэрээг мөн өдөр нь нотариатчаар гэрчлүүлэн 2015 оны 6 дугаар сарын 10-ны улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

/ХХ-ийн 55-58, 70-72, 103-106, 110-115, 2 дугаар хавтасны 148-151 дүгээр тал/

 

Х.Ц ХХК нь дахин Г банктай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХХХХХХХ-А тоот барьцаат батлан даалтын гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 250 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй сууцыг 250.000 ам доллараар үнэлэн барьцаалсан ба гэрээг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нотариатчаар гэрчлүүлэн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэх дээр дурьдсан гэрээнүүдэд хянав, хуулийн хэлтэс, 2015.05.22 гэсэн тэмдэглэгээ харилцан адилгүй буюу зарим гэрээнд нь дарагдаагүйг дурьдлаа.

/ХХ-ийн 59-61, 73-75, 108-109, 132-133, 2 дугаар хавтасны 152-153 дугаар тал/

 

Г банктай Х.Ц ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх барьцааны гэрээг нотариатч 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үнэн зөвийг нь гэрчлэн нотариатын тамга, тэмдгээ дарсан байна.

/ХХ-ийн 59-61, 73-75, 108-109, 132-133, 2 дугаар хавтасны 152-153 дугаар тал /

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан ба 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд агуулга болон бэлэн хийгдсэн бусад нөхцөл байдлаас шалтгаалаад зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг хуулиар хориглосон гэж үзнэ.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх заалт нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариат эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагад хамаарахаас гадна зохих этгээдийн зөвшөөрөл олгогдоогүй тохиолдол хамаарна.

Дээр дурьдсан баримтуудаас үзэхэд Б.Э нь Х.Ц ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрээгээр хүлээлгэн өгөхөөр тохирсон авто машинуудыг хариуцагч Х.Ц ХХК-ийн итгэмжилсэн этгээдүүд болох Р.Мөнхжаргал болон Х.Гүнбаатар нарт хүлээлгэн өгснөөр 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Р.Мөнхжаргал болон Х.Гүнбаатар нар нь хариуцагч Х.Ц ХХК-ийн хөрөнгийг хүлээн авах эрх бүхий этгээдүүд болох нь хариуцагч Х.Ц ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан авто машиныг ажлын төлбөртөө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Б.Э нь гэрээний үүргийг биелүүлж дуусгавар болгосон байхад хариуцагч Х.Ц ХХК нь түүний захиалан бариулсан хөрөнгийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өөрийн өмчлөлдөө бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, улмаар Г банктай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцаат батлан даалтын гэрээ байгуулан барьцаалсан нь, Г банктай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцаат батлан даалтын гэрээг байгуулсан гэх боловч уг гэрээг байгуулахаасаа өмнө буюу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ... эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу Б.Э нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Г банк болон Б.Бнарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ХХХХХХХ-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Х.Ц ХХК-ийн өмчлөлд 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээтэй, 250 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй тооцож, дээрх хөрөнгийн өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Эыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

МНТК ХХК болон Х.Ц ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр МНТК ХХК-д хөрөнгө оруулах гэрээ байгуулан хөрөнгө оруулагч Х.Ц ХХК нь энэхүү гэрээнд заасан хэмжээнд хөрөнгө оруулахаар, компани нь хөрөнгө оруулагчид энгийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохирчээ.

Х.Ц ХХК, МНТК ХХК, Г банк болон иргэн Б.Бнар нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий гэрээ байгуулан дараахь нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

-Х.Ц ХХК, МНТК ХХК нар нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, МНТК ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг Х.Ц ХХК-д эзэмшүүлэхээр,

-Х.Ц ХХК үл хөдлөх хөрөнгийг МНТК ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх зөвшөөрлийг бичгээр гарган Б.Баттулгад өгөхөөр,

-Х.Ц ХХК үл хөдлөх хөрөнгийг Г банкны зээлд барьцаалах, цаашид зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх зөвшөөрлийг МНТК ХХК болон Г банкинд бичгээр гарган өгөхөөр,

-Б.Бнь В ХХК-ийн Худалдаа хөгжлий банкнаас авсан 1.5 сая ам долларын зээл төлөгдмөгц үл хөдлөх хөрөнгө нь барьцаанаас суллагдахыг нотолсон баталгааг бусад талуудад хүргүүлэхээр,

-Г банк нь МНТК ХХК-д 1 сая ам доллар, Б.Баттулгад 500.000 ам долларын зээлийг олгохоор тус тус харилцан тохирч гэрээг байгуулсан байгааг дурьдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 125-131 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж тус тус заасан ба 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус учир энэ талаар дүгнэх шаардлагагүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч Г банк нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлыг Х.Ц ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат нь Х.Ц ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Болдтой ярьсан бичлэгийг нотлох баримтаар ирүүлсэн уг бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Г банк болон Б.Бнарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ХХХХХХХ-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,

Х.Ц ХХК-ийн өмчлөлд 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээтэй, 250 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй тооцож,

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоож,

Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Эыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Эаас 3.287.750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Х.Ц ХХК-иас 3.568.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч Г банк нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлыг Х.Ц ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН