Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00288

 

Б.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1795 дугаар магадлалтай,

 Б.Э нэхэмжлэлтэй,

............... ХХК, ........... ХХК-д тус тус холбогдох

 Голомт банк ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗБ9515100009-А тоот барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот хаягт байрлалтай сууцны өмчлөгчөөр Хасууцамхаг ХХК бүртгэгдсэн эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, уг орон сууцны өмчлөгч Б.Энхмандал мөн болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Оргил, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Энхмандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хасууцамхаг ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амрагчдын сууцны барилгын ажил захиалгаар бариулах гэрээ байгуулан, төлбөрөө бүрэн барагдуулсан. Захиалсан байрыг Хасууцамхаг ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлдөө бүртгүүлэн, Y-2206038625 тоот гэрчилгээг гаргуулан авсан. Ингээд Б.Баттулгын Голомт банк ХХК-иас зээлсэн 500,000 ам.долларын 250,000 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт Хасууцамхаг ХХК нь батлан даагчаар оролцож уг байрыг барьцаалжээ. Иймд Голомт банк ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗБ9515100009-А тоот барьцаат батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож, Хасууцамхаг ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцон, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот орон сууцны өмчлөгч Б.Энхмандал мөн болохыг тогтоон, дээрх 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Энхмандалын нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Голомт банк ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Голомт банк ХХК болон Б.Баттулга нарын хооронд байгуулагдсан ЗГ9515100009 тоот зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Голомт банк ХХК, Хасууцамхаг ХХК нарын хооронд байгуулагдсан ЗБ9515100009 тоот ипотекийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам Дүнжингарав гудамж, 5 тоотод байршилтай, Хасууцамхаг ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан нийт 500.000 ам.долларын зээл авсан. Голомт банк ХХК нь ипотекийн гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд тусгагдсан мэдээллийг Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу үнэн зөв гэж үзэн зээлийн гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулахад маргааны зүйл болж буй эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт зааснаар Голомт банк ХХК маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч нь мөн юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болж буй эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болсон ч Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх нь хүчинтэй бөгөөд тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг нь шилжинэ. Иймд нэхэмжлэгчийн Голомт банк болон Хасууцамхаг ХХК нарын хооронд байгуулагдсан ипотекийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Хасууцамхаг ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төлбөрийг бартераар барагдуулж дууссан бөгөөд уг байрны өмчлөгчөөр Б.Энхмандалыг тогтооход татгалзах зүйлгүй. Б.Энхмандал нь Р.Мөнхжаргалд Шевролет маркийн авто машин, Мерседес бенз g-500 маркийн авто машиныг шилжүүлсэн. Р.Мөнхжаргал нь манай компанид барилгын даамлын ажил хийдэг байсан. Лексус 450 маркийн авто машиныг Б.Энхмандал нь Х.Гүнбаатарт шилжүүлсэн ба тэрээр манай компанийн гүйцэтгэгч байсан. Тухайн үед Хасууцамхаг ХХК өр төлбөртэй байсан учраас авто машинуудыг шууд өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй байсан ба компанийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлж байсан гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн болсон процесс нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр МНТК ХХК, Голомт банк ХХК, Хасууцамхаг ХХК, Б.Баттулга нарын хоорондын ерөнхий гэрээнээс үүссэн. Уг гэрээнд МНТК ХХК нь Голомт банк ХХК-иас 1,000,000 ам.долларыг, Б.Баттулга нь Голомт банк ХХК-аас 500,000 ам.долларыг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хасууцамхаг ХХК нь МНТК ХХК, Б.Баттулга нарыг өмнөөс батлан дааж, үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.2-т заасан байдаг. Үүнийг дагуу Ерөнхий гэрээний 3.1.4-т Голомт банк ХХК, Б.Баттулга нар нь зээлийн гэрээ 0,5 сая доллар, түүнийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богины ам дахь барилгуудыг барьцаалах тухай Голомт банк ХХК болон Хасууцамхаг ХХК батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. 2015 онд тухайн гэрээг байгуулж, зээлийн болон барьцааны гэрээ хийгдэж байхад тухайн үл хөдлөх хөрөнгөнд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх үйлдэл гаргаагүй. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар банк өөрөө шалгаж улсын бүртгэлээс лавлагааг авсан байх гэж бодож байна. Тухайн зээлийн болон барьцааны гэрээ нь ерөнхий гэрээнээс салбарлаж хэн хэний хүсэлт зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ. Цаад санаа нь барьцааны гэрээний үл хөдлөх хөрөнгийг суллуулах гэсэн арга хэрэглэж байна гэж бодож байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх санал байхгүй гэсэн дээр тайлбарыг гаргаж байна гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Голомт банк ХХК болон Б.Баттулга нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗБ9515100009-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Хасууцамхаг ХХК-ийн өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээтэй, 250 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй тооцож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206038625 дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Энхмандал мөн болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Энхмандалыг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхмандалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Энхмандалаас 3,287,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Хасууцамхаг ХХК-иас 3,568,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхмандалд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Голомт банк ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлыг ХасууЦамхаг ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1795 дугаар  магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/02048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Энхмандал мөн болохыг тогтоож, Хасууцамхаг ХХК-ийн өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээтэй, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Энхмандалыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу Голомт банк ХХК болон Б.Баттулга нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗБ9515100009-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Голомт банк ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1, 2, 3, 4 гэсэн заалттай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Голомт банк ХХК болон Б.Баттулга нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗБ9515100009-А дугаар бүхий барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт ...барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ... гэж заасны дагуу эд хөрөнгийн өмчлөгч солигдсон ч үл хөдлөх эд хөрөнгийн үүссэн барьцаа хүчинтэй гэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Голомт банк ХХК-тай Б.Баттулга нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хоорондоо байгуулсан барьцаат батлан даалтын гэрээний талаар нэхэмжлэгч Б.Энхмандал нь огт мэдээгүй энэ талаар анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56.1.1, мөн хуулийн 56.1.8-д зааснаар хуулийг тайлбарлан хэрэглэж, Голомт банк ХХК болон Хасууцамхаг ХХК нарын хооронд байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх бөгөөд Иргэний хуулийн 57.2-т зааснаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон үеэс хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалтыг зөрчиж, Голомт банк ХХК-тай Б.Баттулга нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат батлан даалтын гэрээний барьцааг материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж барьцааг үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Б.Энхмандал, хариуцагч Голомт банк ХХК болон Хасууцамхаг ХХК-д холбогдуулан Голомт банк ХХК болон Хасууцамхаг ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байрны 250 м.кв талбай бүхий 5 тоот сууцны өмчлөгчөөр Хасууцамхаг ХХК бүртгэгдсэн эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, уг сууцны өмчлөгч Б.Энхмандал мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...Хасууцамхаг ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн, тус компани өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ авч, бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь хууль зөрчсөн, өмчлөгч миний зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэсэн байна.

 Хариуцагч Хасууцамхаг ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан.

 Хариуцагч Голомт банк ХХК өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн барьцаат батлан даалтын гэрээ байгуулсан, барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Баттулга бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, Голомт банк ХХК-ийн тайлбарыг дэмжсэн байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 1. Б.Энхмандал, Хасууцамхаг ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 Хэргийн баримтаас үзвэл, Б.Энхмандал, болон Хасууцамхаг ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр Хасууцамхаг ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, 6 дугаар байр, 5 тоотын 250 м.кв талбайтай сууцыг барьж 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад өгөх, Б.Энхмандал 1 м.кв-ын үнийг 1,200,000 төгрөгөөр тооцон нийт 300,000,000 төгрөг төлж авахаар харилцан тохирчээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 Б.Энхмандалын өмчлөлд сууц шилжүүлэх үүргийг Хасууцамхаг ХХК, уг эд хөрөнгийг хүлээн авч, үнэ төлөх үүргийг Б.Энхмандал тус тус хүлээсэн нь тогтоогдож байх тул тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ.

 Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг зохигч хэн аль нь харилцан шаардах эрхтэй байна.

 Гэрээгээр нэхэмжлэгч Б.Энхмандал эхэлж үнэ төлөх үүрэг хүлээж, хариуцагчийн заасан этгээдэд эд хөрөнгөөр төлбөрийг төлж, үүргээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд биелүүлсэн боловч хариуцагч Хасууцамхаг ХХК нь эд хөрөнгийг болон өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 Хасууцамхаг ХХК нь сууцыг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр компанийн өмчлөлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байгааг зохигч маргаагүй.

 Иймд шинээр баригдсан сууцны хувьд хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр Б.Энхмандалд өмчлөх эрх нөхцөл бүрдэх бөгөөд Хасууцамхаг ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэл хийхийг даалгах нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

 Харин сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах агуулгатай байгааг шүүх анхаараагүй, шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг мөн хуулийн өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой бус байгаа алдааг залруулж энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

 2. Хасууцамхаг ХХК болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангахдаа анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр тайлбарлажээ.

 Хасууцамхаг ХХК нь Голомт банк ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барьцаат батлан даалтын гэрээ байгуулан, уг гэрээгээр Голомт банк ХХК болон Б.Баттулга нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины Ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 250 м.кв талбайтай, сууцыг барьцаалсан байна.

 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан.

 Нэхэмжлэгч Б.Энхмандал төлбөрөө 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлж сууцыг өмчлөх эрхтэй болсон хэдий ч энэхүү эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тухайн сууц Хасууцамхаг ХХК-ийн өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнд маргаан гаргаагүй байжээ.

 Ийм тохиолдолд Голомт банк ХХК-ийн хувьд Хасууцамхаг ХХК-г өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж ойлгон барьцааны эрхийг олж авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, өмчлөх эрхээ бүртгүүлээгүй байсан этгээдээс буюу Б.Энхмандалаас барьцааны эрхийг олж авах зөвшөөрөл аваагүй гэх боломжгүй байна.

 Дээрхээс үзэхэд барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчөөгүй байна.

 Харин Б.Энхмандал нь маргааны зүйл болсон сууцны өмчлөгч болсон хэдий ч Голомт банк ХХК-ийн хувьд барьцааны эрх хүчин төгөлдөр байхыг дурдах нь зүйтэй байна.

 Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1795 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 11 дүгээр байр, 5 тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай сууцны өмчлөгч нь Б.Энхмандал болохыг тогтоож, уг сууцыг Хасууцамхаг ХХК-ийн өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206038625 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000356553 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр Б.Энхмандалыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Голомт банк ХХК болон Хасууцамхаг ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗБ9515100009-А тоот барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч Б.Энхмандалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхмандалын хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.СОНИНБАЯР

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                       Д.ЦОЛМОН