Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 143/ШШ2022/00188

 

2022 оны 05 сарын 02 өдөр Дугаар 143/ШШ2022/00188 Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө*******, ******* баг, И*******, Х******* овогт Г*******ын Д******* *******

 

Хариуцагч: Ө

 

Өны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Өны ахлах ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 572 339 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гэрч Ш.Г, Э.Б, А.Ш, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д******* би Хүрээлэн буй орчин хамгаалал мэргэжилтэй. Нөхөр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Өнд ажиллах болсон. Өны дарга Д.У 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалаар Төрийн үйлчилгээний албаны ахлах ажилтнаар ажиллаж байсан миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна. Үүнээс үзэхэд намайг хууль бусаар ажлаас халсан байна. Би байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Албаны дарга Д.У нь өөрийн зүгээс хувийн таарамжгүй харилцаандаа үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Үндэслэлгүй 2021 оны ******* дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаас гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон боловч эдгээрт заасан алдаа зөрчлийг би гаргаж байгаагүй.

Иймд Өны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож Өны ахлах ажилтны албан тушаалд Г.Д******* намайг эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 572 339 төгрөгийн Төрийн үйлчилгээний албанаас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгана уу. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд 158.2 Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагат хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ. Уг зүйлийн 2.2 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.

Иймд маргаан бүхий тушаал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх тул шууд шүүхэд хандан нэхэмжлэл боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 12 дугаар сарын 31-ны өдөр ажил дээрээ байж байгаад гэнэт халагдах тушаал авсан. Нэгдүгээрт, би энэ халагдах тушаал гарах гэж байгааг мэдээгүй. Хоёрдугаарт, надад өөрт маань гардуулж өгөөгүй. Архив, бичиг хэргийн ажилтан өрөөнд орж ирээд бичиг өгсөн. Юу вэ гэхэд чамайг халах тушаалыг дарга гаргачихлаа гэсэн. Өмнө нь намайг маш олон удаа ер нь бол бүтэн жилийн турш ажлаа чөлөөл, ганц намайг биш тэр дотор ажилладаг бүх албан хаагчийг ажлаа чөлөөлж өг гэдэг байсан. Ямар нэгэн ууртай уцаартай орж ирэх өдрүүддээ бүх албан хаагчдыг шүүнэ, доромжилно, гүтгэнэ, элдвээр ажлыг нь шүүгээд явдаг байсан. Гэхдээ амаараа чи ажлаасаа халагд гээд удаа дараа надад хэлж байсан. Яг ямар шалтгааны улмаас ажлаасаа халагдах ёстой вэ, надад ажил дээрээ гаргасан алдаа дутагдал байхгүй. Яг ямар учраас би ажлаасаа халагдах ёстой вэ гэхээр тодорхой зүйл хэлэхгүй. Ер нь бүх ажилчидтай чи таалагдахгүй байна. Би чамайг ажилд авсан учраас чи ажлаа чөлөөлөөд өгчих гэх зэрэг зүйл хэлдэг байсан. Би өөрийгөө 12 дугаар сард ажлаасаа халагдчихна гэж бодоогүй. Гэхдээ өмнө нь маш олон удаа ажлаасаа халагд гээд хэлээд байсан учраас яг яагаад халагд гээд байдаг юм бол доо. Ер нь хүн иймэрхүү дарамт шахалтыг албан хаагчдаа үзүүлж болдог юм уу гэдэг талаасаа би асуух гээд өмгөөлөгч рүү орсон байсан. Тэгээд 12 дугаар сарын 31-ний өдөр гэнэт миний тушаал над дээр ирсэн. Өмнө нь би ямар нэгэн сануулга ч юм уу, цалингаасаа 20 хувиар хасуулах алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Байгууллагын жилийн эцсийн төлөвлөгөө дээр ч гэсэн миний ажлаа яаж хийсэн гэдгийг үнэлээд дүгнээд өгөх байх. Би өнөөдөр би ямар учраас ажлаас халагдсан байгаа вэ гэдгээ ойлгохгүй л зогсож байна. Тэгээд би ажилдаа эгүүлэн тогтоолгомоор байна. Өнөөдөр ингээд ажилд ороход ямар хэцүү байгаа бил ээ. Гэнэт ажлаас халагдсандаа гомдолтой байна. Одоо ажилдаа буцаж тогтоолгох хүсэлтэй байгаа учир энэ хүсэлтийг гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б32 дугаартай тушаал байгаа. Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын заалтуудыг ашигласан боловч заалтууд нь өөрөө тодорхой биш. Сануулах болон яг ямар шийтгэл оногдуулсан, яг ямар зөрчилд оногдуулаад байгаа нь тодорхойгүй, тушаал нь ерөөсөө ойлгогдохгүй байгаа. Ажлын үзүүлэлт, ажлын мэргэжлийн ур чадвар хүрэлцэхгүй байна гэж үзсэн юм уу, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзсэн юм уу, нэг бол тайлбар дээр хэлсэн шиг ажлын цаг тасалсан, хайхрамжгүй хандсан асуудал байгаа юм уу, байгаа бол тэр нь яг хэдийд, ямар хугацаанд гаргасан зөрчил гэдэг нь тодорхойгүй тушаал байсан учраас эхний ээлжид нэхэмжлэлээ гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ажлын цаг тасалсан гэдэг үндэслэл барих гээд байгаа юм болов уу гэж байгаа боловч хариу тайлбар дээрээ яг хэдний өдөр тасалсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Ямар ч байсан цагийн бүртгэл дээр байсан хоногуудаа тооцож үзээд 12 дугаар сард өвчний учир эмчийн акт өгөөд 2, 3 хоног ажилдаа ирж чадахгүй байсан баримтаа эмнэлгээсээ, зохих байгууллагуудаасаа аваад өгчихсөн байгаа. Өөр ямар нэгэн ажил тасалсан, үндэслэлгүйгээр ажил цалгардуулсан зүйл байхгүй. Тийм учраас эргэн ажилд нь тогтоолгох үндэслэлтэй болов уу гэж үзэж байна гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу энэ тушаал нь өөрөө 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан тушаал байгаа. Тэгэхээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн. Энэ хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоол байгаа. Энэ дээр нэлээн дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нэгдүгээрт, ямар зөрчил гарах юм бэ?. Хоёрдугаарт, ямар тохиолдолд хэрэглэж болох вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийг бүх байгууллага дээр буулгах боломжгүй. Тийм учраас хөдөлмөрийн харилцаандаа ямар ноцтой зөрчлийг зөрчилд тооцох юм бэ? гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ заавал тусгаж өгсөн байна гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээнд хэрвээ ажлын цаг таслах юм бол гэсэн байгаа. Тушаалын үндэслэл дээр байж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2 дахь хэсэгт мөн хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэгт заасны дагуу тус тус үндэслэлээ болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Ажлаас чөлөөлөх шийдвэр эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Төрийн үйлчилгээний алба нь ажлаас хоцрох, ажил таслах, нийт эзгүй байсан ажлын цаг нь өөрөө 1 сард 3 хоног буюу түүнээс дээш хэмжээнд гарч байгаа тохиолдолд энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил шүү. Тийм учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж байгууллагын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам хоёрт заасан байгаа. Тийм учраас энэ холбогдох заалтуудыг үндэслэсэн. Тиймээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа тушаал эрх зүйн үндэслэлгүй, нэгдүгээрт ойлгомжгүй, хоёрдугаарт ажил таслаагүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлаад ирэхээр илүү ойлгомжтой болно. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд төрийн албан хаагч нар жилд үр дүнгийн гэрээ гэж байгуулдаг. Нэхэмжлэгч намайг ажлаа ямар дүгнүүлснийг мэднэ гэж хэлж байна. Тэгээд Г.Д******* нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар үр дүнгийн гэрээгээ 60 хувьтай дүгнүүлсэн байдаг. Энэ бол хангалтгүй гэсэн үнэлгээ. Мөн ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг ярьж байна. Үүнийг бид нар мэдэхгүй. Тэгээд ч энэ нь яг энд яригдах асуудал биш байх гэж бодож байна. Яагаад гэвэл, энэ нь ажлын байрыг орхигдуулсан ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа юм гэдэг асуудал яригдаж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Өны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Өны ахлах ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 572 339 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэг талаас Ө-г төлөөлж Д.У, нөгөө талаас Г.Д******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, улмаар нэхэмжлэгч нь тус албаны ахлах ажилтнаар ажиллаж эхэлжээ.

 

Улмаар Өны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/32 дугаартай тушаалаар Г.Д*******г Өны ахлах ажилтнаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг Г.Д*******д мөн өдөр гардуулан өгсөн байна.

 

Ажил олгогчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/32 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.2, хөдөлмөрийн гэрээний ******* зүйлийн 6.2.3 дахь заалтыг үндэслэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Г.Д******* дээрх тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний гардаж авчээ. Шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Хариуцагч тал ... Ажлаас чөлөөлөх шийдвэр эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Төрийн үйлчилгээний алба нь ажлаас хоцрох, ажил таслах, нийт эзгүй байсан ажлын цаг нь өөрөө 1 сард 3 хоног буюу түүнээс дээш хэмжээнд гарч байгаа тохиолдолд энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил шүү. Тийм учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж байгууллагын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам хоёрт заасан байгаа ... гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна.

 

Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд дээрх шаардлагад нийцээгүй ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ,

 

Төрийн үйлчилгээний албаны байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т Ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх, ажлын цаг хоцрох, үр дүнгүй өнгөрүүлэх, үйлчилгээний ээлжийг дур мэдэн солих,

 

Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно.

 

Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал

 

Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй бол гэж тус тус заасан байна.

 

Ажил олгогчийн дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Г.Д*******г хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ... заасан үндэслэлийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т заасан үндэслэлд хамааруулан буруутгаж байгаа боловч ажил олгогч нь ажилтныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг нотлохоор хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн цагийн бүртгэл /хх-22, 84-91/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээ гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй ба хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үрээгээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн гэрч А.Шы мэдүүлэг, цалин олгох хүснэгт /хх-59/-ээр Г.Д******* нь 2021 оны 12 дугаар сарын цалингаа бүтэн авсан болох нь тогтоогдож байх тул түүнийг ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн татгалзал няцаагдаж байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд Ш.Г, Э.Б, А.Ш нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нар нь нэхэмжлэгчийг эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн хуудас авсан, өвчтэй байх хугацаандаа цалингаа бүтэн авч байсан, байгууллагын цагийн бүртгэлийг хэрхэн тэмдэглэдэг тухай нотолсон мэдүүлэг өгчээ.

 

Иймд Ө нь нэхэмжлэгч Г.Д*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байх тул Өны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Д*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 572 339 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй байх боловч Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт /дундаж цалин хөлс тодорхойлох журам/-д ажлаас буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Иймд Өнд Г.Д*******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан Өны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/32 дугаартай тушаал /хх-4/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай тушаал /хх-11/, итгэмжлэл /хх-18/, хөдөлмөрийн гэрээ /хх-19-21/, байгууллагын дотоод журам /хх-48-58/, цалин олгох хүснэгт /хх-59/, эмнэлэгийн баримт /хх-66-68/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Харин Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай тушаал /хх-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-12/, бүртгэл /хх-22-26/, Өны даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тушаал /хх-27/, байгууллагын дотоод журам /хх-28-38/, ажилтны ажлын цагийн мэдээ /хх-60, 84-91/ зэрэг нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмж нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Х******* овогт Г*******ын Д*******г Өны ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.   Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 572.339 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 4******* зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Өнд даалгасугай.

 

4.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.021 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Г.Д*******д буцаан олгосугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР