Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00775

 

 

 

 “Ц  ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00673 дугаар шийдвэртэй “Ц  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Н-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 135 808 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулж хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Ц  ББСБ” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр О.Н-той 15/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол 0.5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулснаас хойш О.Н нэг ч удаагийн төлөлт хийгээгүй. “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхтэй. “Ц  ББСБ” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 46 506 667 төгрөг нэмэгдүүлсэн хүү 9 301 333 нийт 135 808 000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч О.Н зээлийн гэрээний үүрэг хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр талуудын байгуулсан 15/003 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туулын гудамж, 98 дугаар байрны 12 тоот байрыг үүргийн гүйцэтгэл хангах барьцаа болгож барьцаалсан. Барьцааны гэрээ байгуулах үед уг үл хөдлөх хөрөнгө О.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаагаар үл хөдлөх хөрөнгө О.Н-ийн нэр дээр бүртгэлтэй, үүрэг бүртгэл байхгүй гэсэн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 498960 дугаартай лавлагаагаар нотлогдоно. Үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн төлбөр төлөөгүйгээс Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 170 дугаар зүйлийн 170.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц  ББСБ” ХХК-иас 80 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн объектыг би захиалан бариулж, миний эзэмшилд байх хугацаанд дээрх зээлийн гэрээг байгуулан барьцааны хөрөнгө болгосон. Харин одоогийн байдлаар уг орон сууц нь Г.Э гэдэг хүний нэр дээр захиалгатай, 55 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд уг асуудлаар хэрэг үүсгэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан үндсэн зээлийн төлбөр болох 80 000 000 төгрөг түүний хүү алданги зэргийг нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Г.Э нь одоо тухайн орон сууцанд амьдарч байгаа. Мөн энэ асуудлаар тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд маргаантай байгаа, “Ц  ББСБ” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаад шүүгчийн захирамж гарснаар хэргийн оролцогчоос хасагдаж, тусдаа нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай асуудал дээр Г.Э гэдэг хүний эрх ашиг хэрхэн зөрчигдөхөөс хамаарах байх гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2184 дугаартай шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгчээр Г.Э хариуцагчаар О.Н , гуравдагч этгээдээр “Ц  ББСБ” ХХК нар оролцсон. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.Э иргэн О.Н-той орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Талууд орон сууц захиалгын гэрээг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, төлбөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Төлбөр төлөгдөж, талууд байгуулсан гэрээг дүгнэж, өмчлөх эрхийг шилжүүлэх байсан ч гэрээний хугацаа дуусахаас 2-3 сарын өмнө үл хөдлөхийг “Ц  ББСБ” ХХК-д барьцаалсан гэсэн. Захиалгын гэрээгээр төлбөр төлсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээ өгөхгүй байснаас Г.Э хууль бус эзэмшлээс үл хөдлөх гаргуулахаар шүүхэд хандаж, шүүхээс үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Г.Э болохыг тогтоосон. Дээрх маргааныг эцэслэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан. “Ц  ББСБ” ХХК нь О.Н , Г.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байх тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж өгөөч гэсэн шаардлага гаргасан ч “Ц  ББСБ” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Г.Э-гийн 3 дахь шаардлага О.Н , “Ц  ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний барьцаалсан хэсгийг хүчингүй болгуулах юм. 3 шатны шүүх үл хөдлөх хөрөнгө барьцаалахад О.Н-ийн нэр дээр байсан учраас барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж шийдсэн. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар барьцаалуулагч барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан, хууль бус эзэмшлээс хууль ёсны өмчлөгч шүүхийн журмаар өмчлөх эрх гаргуулж, шүүхийн шийдвэр хүчин болсон бол тухайн эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй.

Өмнө хэргийг шийдвэрлэхэд дээрх хуулийн заалт байхгүй байсан. Хууль ёсны өмчлөгч шүүхийн шийдвэрээр хууль бус өмчлөлөөс үл хөдлөх чөлөөлүүлсэн хуулийн заалт байгаагүй. Хууль бус өмчлөгч үл хөдлөхийг ББСБ-ын барьцаанд тавьж, энэ нь хууль ёсны барьцаа болж, хууль ёсны өмчлөгчийн эрх ашиг хөндөгдсөн учраас хууль тогтоогч дээрх заалтыг нэмэлтээр оруулсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Г.Э болох нь тогтоогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл Г.Э-гийг оролцуулахгүйгээр барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангах шүүхийн шийдвэр гаргасан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар хүчин төгөлдөр 2 шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэл аль шийдвэр гүйцэтгэхийг мэдэхээ больсон. Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шийдвэрийг дахин хянуулснаар энэ хэрэгт Г.Э гуравдагч этгээдээр оролцох боломжтой болсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Г.Э хууль ёсны дагуу олж авсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах тус тус эрхтэй. Г.Э-гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуулиар хязгаарлагдахгүй. Г.Э “Ц  ББСБ” ХХК-тай зээлийн харьцаанд ороогүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн барьцаа, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх өөрчлөгдвөл барьцаалагч талд мэдэгдэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заасан нөхцөл үүссэн учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болоогүй гэх үндэслэл хамаарахгүй. Мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.6 дахь хэсэгт хуульд заасан бусад үндэслэл байвал барьцааны эрх дуусгавар болгохоор заасан. Хууль ёсны өмчлөгчийн эрх хангасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхэд зээлдэгч болон зээлдүүлэгч нар үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Н оос 135 808 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Э-гийн өмчлөлийн Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н оос улсын тэмдэгтийн хураамжид 836 990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрийнхээ удиртгал хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 135 808 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Г. Эрдэнэчимэгийн өмчлөлийн Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот 92.98 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. ” гэж нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...барьцааны гэрээ байгуулснаас хойш шүүхийн шийдвэр гарч, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э-т өмчлөх эрх үүссэн гэж дүгнэн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр Г.Э-гийг тогтоосон байх ба Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь өмчлөгчийн эсрэг шаардлага гаргаагүй байх тул шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.  Учир нь “Ц  ББСБ” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр О.Н-той 15/003 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206039648 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 0000406404 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот 92.98 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Улмаар, энэхүү баталгаат ипотекийн гэрээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 болон мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр үйлдэх, гэрээг эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэсэн хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн урьд Г.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж “гэрээг хүчии төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

 Нэхэмжлэгч нь хариуцагчтай Баталгаат ипотекийн гэрээг байгуулах үед О.Н нь барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ нь түүний нэр дээр гарсан байсан ба уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь өнөөдрийн байдлаар түүний нэр дээр хэвээрээ байгаа. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ нь өмчлөх эрхийг баталгаажуулж, нотолсон баримт бичигт тооцогддог.

Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Э нь О.Н оос хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй өмчлөх эрхээ хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь өнөөдрийг хүртэл О.Н хэвээр байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон. Нэгэнтээ нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ нь хүчин төгөлдөр, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн хууль ёсны өмчлөлд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах бүрэн эрхтэй байхад анхан шатны шүүхээс барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

Дээрхээс гадна өмчлөх эрх болон барьцааны эрхийн дарааллыг авч үзвэл О.Н нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ба манай компанитай байгуулсан Баталгаат ипотекийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн бол Г.Э нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2184 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 2136 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 201 дугаар тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлснөөр өмчлөх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн боловч эрх бүхий байгуулагад албан ёсоор бүртгүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл,  Г.Э нь “Ц  ББСБ” ХХК болон О.Н оос сүүлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрээр олж авсан юм. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь Г.Э-гийн өмчлөх эрх үүсэхээс өмнө үүссэн байх тул “Ц  ББСБ” ХХК нь Г.Э-ээс түрүүлж өөрийн шаардлагыг хангуулахаар шаардах бүрэн эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг ба Иргэний хуулийн тайлбараас үзвэл баталгаат ипотекийг бүртгүүлсэн өмчлөгчөөс буюу үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх тухай тайлбарласан байна. Гэтэл “Ц  ББСБ” ХХК-ийг О.Н-той Баталгаат ипотекийн гэрээг байгуулах үед барьцааны зүйл буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь О.Н байсан, мөн уг баталгаат ипотекийн гэрээгээр болон зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд нь О.Н байсаар атал хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Г.Э-ээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд түүнд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Г.Э-ээс Баталгаат ипотекийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах байсан бол “Ц  ББСБ” ХХК нь Г.Э-тэй Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байх, эсхүл Г.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг О.Н-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл Г.Э нь гэрээгээр болон хуулиар “Ц ББСБ” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй тул түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах нь үндэслэлгүй.

 Анхан шатны шүүхээс манай компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.                  

 

                                 

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Ц  ББСБ” ХХК нь хариуцагч О.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 135 808 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зээлийн гэрээний үүргийн төлбөрийг зөвшөөрчээ.

“Ц  ББСБ” ХХК нь О.Н-той 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 15/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  15/003 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туулын гудамжинд байрлах, Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, 98 дугаар байрны 12 тоот орон сууцыг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5-9 дүгээр тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний 6.2.4-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг  зээлдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

Харин анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүйгээр дүгнэж алдаа гаргажээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.

“Ц  ББСБ” ХХК болон О.Н-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болохыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2184 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2136 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. /хх-ийн 42-55 дугаар тал/

Дээрх барьцааны гэрээ байгуулах үед О.Н нь маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байр, 12 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. /хх-ийн 11 дүгээр тал/ Орон сууцны өмчлөгч учраас өөрийн өмчийг зээлийн барьцаанд барьцаалуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

“Ц  ББСБ” ХХК эд хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв гэж тооцох эрхтэй, зээл олгохдоо зээлдэгч О.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг барьцаалсан нь хууль зөрчөөгүй бөгөөд барьцааны эрхийг шударгаар олж авсан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймээс “ ... маргааны зүйл болж буй барьцааны хөрөнгийн өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э-гийг тогтоосон, нэхэмжлэгч нь өмчлөгчийн эсрэг шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Гуравдагч этгээдийн хувьд тухайн орон сууцны өмчлөгчөөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2184 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн.

Гэвч гуравдагч этгээд нь хэдийгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчтай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан ч төлбөр бүрэн төлөгдөөгүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй, цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Ц  ББСБ” ХХК болон хариуцагч О.Н-ийн хоорондын барьцааны гэрээ байгуулагдсаны дараа  2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өмчлөгчөөр тогтоогдсон, маргааны зүйл болж буй орон сууц нь барьцааны үүрэг ногдуулсан, барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө болсон байсныг анхаараагүй, шүүх зөвхөн гуравдагч этгээдийн өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэрт үндэслэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. 

Хэдийгээр гуравдагч этгээд зээлийн гэрээ, барьцааны гэрээний тал биш, эдгээр гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй боловч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар орон сууц нь барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилждэг журамтай. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхыг дээрх хуулийн заалтаар зохицуулсныг шүүх анхаарах байжээ.

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болж буй “Ц  ББСБ” ХХК, О.Н нарын хооронд  байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, барьцааны зүйлд 93 дугаар байр, 12 тоот орон сууц тусгагдсан, барьцааны гэрээ байгуулагдаж байх үед буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц нь О.Н-ийн өмчлөлд улсын бүртгэлтэй байсан, өмчлөх эрхийн бүртгэлийн талаар аливаа этгээд эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй зэрэг нь нотлогдсон тул уг гэрээтэй холбоотой шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалуулагч О.Н нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэх баримтгүй, тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болсон нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Харин гуравдагч этгээд нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардах, эсхүл тухайн эд хөрөнгөнд ногдох хэмжээний үүргийг гүйцэтгэж, өөрт учирсан хохирлоо арилгуулахаар О.Н-оос шаардахад энэхүү магадлал саад болохгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй хэдий ч зохигчид энэ шаардлагад хариу тайлбар, нотлох баримт гарган мэтгэлцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00673 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “гаргуулж” гэсний дараа “...хариуцагч О.Н үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот 92.98 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж, 2 дахь заалтын  “836 990” гэснийг “907 190” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ