Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01121

 

 

 

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01121

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: : Ж.Н-аад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 593 527 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Ж.Н, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь Ц.Б-тай найз нөхдийн харилцаатай, улмаар Ц.Б-аар дамжуулан 2017 онд Ж.Н гэдэг хүнтэй танилцсан байдаг. Ж.Н нь 2018 оны 12-р сард мөнгө шаардлагатай байна, зээлээч гэсний дагуу Г.Д нь банкнаас цалингийн зээл авч, ХААН банкны 5002288289 тоот данснаасаа Ж.Нгийн 5079046539 тоот дансанд 14 288 400 төгрөг шилжүүлж зээлүүлсэн. Тухайн үедээ Ж.Н нь мөнгийг маш түргэн хугацаанд буцааж өгнө гэж хэлсэн. Өнөөдрийн нөхцөлд хүн хүндээ 14 288 400 төгрөг өгнө гэдэг маш том итгэл. Гэтэл Ж.Н нь мөнгийг тохирсон хугацаандаа өгөөгүй. Г.Д нь банкнаас зээл авч өгсөн тул банкны хүүнд 1 350 327 төгрөгийг төлсөн. 2019 онд дахин зээл авч, өмнөх зээлээ хаасан байдаг. Хариуцагч нь 2018 оны 01-р сарын 13-ны өдөр 778 000 төгрөг, 2018 оны 02-р сарын 01-ний өдөр 511 800 төгрөг нийт 1.289.680 төгрөг төлсөн гэдгийг хариу тайлбарт бичсэнээр мэдсэн. Иймд Ж.Нгаас 2018 оны 01-р сарын 08-ны өдөр зээлсэн 14 288 400 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 1 350 327 төгрөг нийтдээ 15 593 527 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Дтай биечлэн уулзаж байгаагүй, Ц.Булганаар дамжуулан Г.Дтай танилцаж, бид нар Five winds asset management гэх Испани улсын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөөсөө ногдол ашиг авч ажилладаг байсан үед Ц.Булган надаас мэдээлэл авч орсон. Ц.Б Г.Дд энэ талаарх мэдээлэл өгч, Г.Д хөрөнгө оруулсан. Г.Д бид хоёрын хооронд тохирсон хугацаа, зээл, ямар нэгэн гэрээ байхгүй. Мөн Г.Д руу шилжүүлсэн мөнгө зээлийн төлбөрийн мөнгө биш. Г.Д 14 288 400 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгөөрөө Five winds asset management гэх Испани, Швейцарийн хамтарсан хөрөнгө оруулалтын компанид оруулах хөрөнгө болох 4860 еврог надаас худалдаж авсан. Тухайн компанийн үйл ажиллагааных нь зарчмын дагуу Г.Дын еврог тухайн компанид нээсэн Г.Дын дансанд би өөрийн компанийн данснаас шилжүүлсэн. Г.Дд 2 удаа мөнгө шилжүүлсэн, энэ мөнгийг ямар утгатай шилжүүлснийг харсан байх. Г.Д хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэл мөнгөө компаниас авч явсныг би мэдэхгүй. Five winds asset managementкомпанийн мэдээлэл сурталчилгааг дагнан хариуцдаг брокер компани гэж байгаа. Уг брокер компани дээр өөрөөс нь мэдээлэл авсан бүх хүмүүсийн жагсаалт, тухайн компанид оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалттайгаа байдаг. Тэгэхээр компани бид нарт 2018 оны 4-р сараас хойш мөнгө өгөөгүй. Би ч бас ногдол ашгаа авах гээд хүлээж байгаа. Ногдол ашгаа өгөхгүйгээр олон компанийн нэгдэл болж байгаа, шинэчилсэн лиценз явагдаж байгаа гээд дэлхийн 80 гаруй орны 640 000 гаруй хэрэглэгчдээ хүлээлгэж байгаа. Тухайн компанийн сайт нь ажиллаж байгаа, дансны хөдөлгөөн нь хаагдаж, биднийг тэвчинэ үү, хүлээж байна уу гэсэн мэргэжлийн зөвлөхийн захидлууд илгээж, өнөөдрийг хүртэл хүлээлгэж байна. Five winds asset management компанийн үйл ажиллагаа нь доголдоод байгаа. Г.Дын даку-2 гээд данс дээр нь 14 000 гаруй доллар харагдаж байгаа. Дахин хөрөнгө оруулалт хийгээд байгаа хүмүүсийн мөнгө л харагддаг. Хэрвээ Г.Д дахин хөрөнгө оруулалт хийгээгүй бол надад хөрөнгө нь харагдахгүй. Тэгэхээр мөнгө нь харагдаж байгаа учир компанийн удирдлагуудаас ирж байгаа зөвлөгөөг Г.Д сайн дагаж байгаа гэж ойлгосон. Надад мөнгө зээлэх хэрэгцээ байхгүй, зээлийн гэрээ, мөнгө зээлүүлэхээр тохирсон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь Ж.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 593 527 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Г.Д нь 2018 оны 1-р сарын 8-ны өдөр Ж.Нгийн ХААН банкны 5079046539 тоот дансанд 14 288 400 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар хариуцагч /хх 6/ маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь мөнгөний хэрэг гарлаа гээд зээлсэн талаар маргаж, үндсэн зээл, Хас банкинд төлсөн зээлийн хүү 1 305 127 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...түүнтэй уулзаж байгаагүй, Г.Д нь Ц.Б-аар дамжуулж Five winds asset management гэх Испани улсын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулж, 3-5 удаа ашиг авсан байдаг, 14 288 400 төгрөгөөр надаас 4860 евро худалдаж авсан, энэ еврог түүний дансанд шилжүүлсэн, харин би мөнгө зээлээгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь хүү тохирсон бол зээлийг ашигласан хугацааны хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байдаг.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэхээр тохирсон, хариуцагчийн хувьд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, харин гэрч Ц.Б-ы ...2017 онд Н эгчээс гадаадын компанид хөрөнгө оруулаад ашиг авч болдог талаар сонссон. Төв номын санд сургалтанд сууж боломжийн гэдгийг ойлгосон. Эхлээд ээж, аавыгаа оруулсан, дараа нь Д-д хэлээд сургалтанд хамт суусан, Д цалингийн зээл аваад багаар орсон, дараа нь үндсэн хөрөнгө оруулалт хийсэн, бид нар хагас сайн өдөр болгон ашгаа авч байсан, Д 4860 евродоо 5 хувийн ашиг буюу 500 000-2 000 000 хүртэл төгрөгийн ашгийг 3-5 удаа авсан, 2018 оны 3-р сараас компани ашгаа өгөөгүй байгаа гэсэн мэдүүлгээр мөнгө зээлүүлээгүй нь тогтоогдсон, хариуцагчийн мөнгө зээлээгүй гэх татгалзал үндэслэлтэй байна.

Г.Д нь 2018 оны 1-р сарын 4-ний өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар, 2019 оны 1-р сарын 30-ны өдөр 15 сая төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар /хх 27-35/ зээлсэн, зээлийн гэрээний дагуу зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй /хх 6-26/ байна. Зээлдэгч гэрээний дагуу зээлийн хүүнд 1 305 127 төгрөг төлснийг хариуцагч Ж.Н түүнд төлөх үүрэггүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд ...хариуцагч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэснийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талаар тайлбарласан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй нийцээгүй, энэ талаар мэтгэлцээгүй болно.

Хэргийн 45-48 дахь талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Н-аас 15 593 527 /арван таван сая таван зуун ерэн гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн Г.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА