Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 848

 

“Г-О” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00448 дугаар шийдвэртэй, ”Г-О” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НХОГ ОНӨААТҮГ---т холбогдох, гэрээний үүрэгт 124 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Л.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд НХОГ Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт”Г-О”ХХК- шалгарснаар гэрээ байгуулах эрхтэй болсон. Ингээд 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ИШСЗТНЗАА2-03/11 дугаартай “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гэрээг нэг талаас захиалагч НХОГ-, нөгөө талаас гүйцэтгэгч”Г-О”ХХК--ийн хооронд байгуулсан. Уг гэрээгээр дээрх барилга хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир шинээр барилга барих, барилгын зураг төсөл боловсруулах байсан. Гэрээ байгуулсны дараа манай компани тухайн орчны геодезийн дэвсгэр зураг хийлгэж, инженер геологийн буурь хөрсний дүгнэлт гаргуулж, экспертизээр хянуулан батлуулж, барилгын эскизийг боловсруулж, тус газрын зураг төслийн мэргэжилтэн Ц.Бадмаарагт 2012 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн. Ц.Бадмаараг нь барилга буулгах зөвшөөрөл гараагүй байна гэсэн.

Сүүлдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх шаардлагатай болж байна, түр хүлээж байгаарай гэсээр он гарсан. Үүнээс хойш 2-3 удаа албан бичиг хүргүүлсэн. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн протокол хийгдэж, гэрээ сунгагдсан. Мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаал гарч, уг тушаалаар зураг төсвийн ажлын жишиг үнэ /БД81-16-12/-д өөрчлөлт орсонтой холбоотойгоор НХОГ- нь зураг төсвийг боловсруулах гэрээг сунгахдаа нэмэгдэл 124 000 000 төгрөгийн хөрөнгийг уг протоколоор шийдэж, хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон юм. Өмнө нь мөрдөгдөж байсан зураг төслийн үнэ өөрчлөгдсөн учраас шинэчилсэн үнэлгээгээр зураг төслийн үнийг шинэчлэх талаар хүсэлтээ 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус тус өгсөн.

НХОГ- хүсэлтийг зөвшөөрч, гүйцэтгэх ажлын хөлс 136 000 000 төгрөг байсныг 260 000 000 төгрөг болгохыг протоколоор шийдсэн. Протоколд гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгах, мөн зураг төслийн ажлын жишиг үнэ шинэчлэгдэн мөрдөгдөж байгаатай холбоотой зураг төслийн ажлыг 260 000 000 төгрөгөөр шинэчлэн боловсруулах саналыг судлан үзээд, зөрүү 124 000 000 төгрөгийг 2013 оны төсвийн тодотголд оруулахаар шийдвэрлэв гэж тэмдэглэгдсэн. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ИШСЗТНЗАА2-03/11 тоот Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа сунгалт-1 гэрээг шинэчилж байгуулснаар уг ажлыг 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр улсын магадлал хийлгэн хүлээлгэн өгсөн.

Манай компани өнөөдрийн байдлаар дээрх зураг төсвийн ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 136 000 000 төгрөг хүлээн авч, үлдэх 124 000 000 төгрөгийг авч чадаагүй байна. НХОГ-т удаа дараа хүсэлт гаргаж байсан ба 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/392 тоот албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3/2661 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3785 тоот албан бичгүүдээр барилга угсралтын ажил эхлэхэд эхний санхүүжилтээс шийдвэрлэнэ, тухайн барилга угсралтын ажлын хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн үед танай гүйцэтгэсэн ажлын нэмэлт хөрөнгө олгогдох боломжтой гэх зэрэг хариу өгсөөр ирсэн. Иймд НХОГ 124 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус байгууллага  Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар. Дээрх гэрээтэй холбоотой ажлыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 899 дугаар захирамжаар зохион байгуулж, 2 дах заалтаар барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын ерөнхий инженер Л.Алтангэрэлд даалгасан. Ингээд Нийслэлийн Захирагчийн албаны ажлаас зохион байгуулсан ажилд нэхэмжлэгч”Г-О”ХХК- шалгарч, гэрээ байгуулахаар манай байгууллагад шилжиж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн 3 дах заалтаар хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг НХОГ-т даалгасан. Талууд 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг байгуулж, Нийслэлийн засаг даргыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, гүйцэтгэгчээр”Г-О”ХХК-, санхүүжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс оролцож, 3 талт гэрээг байгуулсан юм.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар уг хугацаа дууссан ба нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, 3 талт гэрээ учир НХОГ- хариуцагч биш. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 899 дугаар захирамжид тодорхой заасан. Нийслэлийн захирагчийн албанаас зохион байгуулсан уг ажилд НХОГ- захиалагчийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэхээр оролцсон. Үүрэг ёсоор хяналтаа тавьж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, холбогдох баримтыг бүрдүүлэн санхүүжүүлэгч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Иймд 124 000 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч НХОГ- /ОНӨААТҮГ-/-аас 124 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”Г-О”ХХК--д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НХОГ /ОНӨААТҮГ-/ 777 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч”Г-О”ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг 136 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр НХОГ-, санхүүжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгчээр”Г-О”ХХК--тай гэрээ байгуулсан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 899 дугаар захирамжид хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг НХОГ-т тус тус даалгасан. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд НХОГ- захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж оролцох эрх, үүргийн хүрээнд хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах үүргээ хэрэгжүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, НХОГ  дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг заасны дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй.

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 899 дугаар захирамжид санхүүжүүлэгч хэн болохыг тодорхой заасан, санхүүжүүлэх үүрэг хүлээсэн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс гэрээний нэг тал болон оролцсон байдаг. Санхүүжүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага нь байсаар байхад НХОГ- санхүүжүүлэх ёстой гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглодог. Гүйцэтгэгч нь зөвхөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаалаар зураг төсвийн үнэд өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөрүү 124 000 000 төгрөг гэснийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хэлсэн. Дээрх үнийн дүнтэйгээр холбогдуулан ажил хийж, бодит ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан зүйл байхгүй. Хэрэв дээрх үнийн дүнтэй холбоотой улсын төсөвт хөрөнгө суугдвал татгалзахгүй гэснийг нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгсөн, санхүүжүүлэх ёстой мэтээр үзэж дүгнэж байгаа нь зохимжгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дах хэсэгт захиалагч этгээд гэж хэн байхыг тодорхой заасан байдаг боловч шүүх анхааран үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх маргаан бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч”Г-О”ХХК- нь хариуцагч НХОГ- /ОНӨААТҮГ-/-т холбогдуулан Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн зураг төсвийн ажлын нэмэлт үнэ болох 124 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ИШСЗТНЗАА2-03/11 дугаартай “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа сунгалт-1” гэрээний дагуу хийх барилгын ажлын зураг төсөл боловсруулах жишиг үнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаалаар өөрчилсөнтэй холбогдуулж гэрээний үнэ 136 000 000 төгрөгийг 124 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн 260 000 000 төгрөг болгож гэрээ дүгнэсэн протокол үйлдэн өөрчилсөн, НХОГ- нь 136 000 000 төгрөгийг төлсөн тул нэмэлт үнэ болох 124 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. /хх1-3/

 

Хариуцагч тал дээрх шаардлагыг татгалзаж буй тайлбар болон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ, НХОГ- хариуцагч биш, талуудын хооронд гурван талт гэрээ байгуулагдсан, тус газрын хувьд зөвхөн захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж оролцох чиг үүрэгтэй байсан болохоос бараа, ажил, үйлчилгээг нь санхүүжүүлэх эрх олгогдоогүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж гэрээний үнийг өөрчилсөн гэх агуулгаар тайлбарласан байна. /хх66-67,105-106/

 

Хэрэгт авагдсан 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ИШСЗТНЗАА2-03/11 дугаартай “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа сунгалт-1” гэрээ тус бүрийг нэг талаас НХОГ- захиалагчаар, нөгөө талаас”Г-О”ХХК- гүйцэтгэгчээр оролцож, гүйцэтгэх ажил үйлчилгээний цар хүрээ, талуудын эрх, үүрэг болон бусад нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан байна. /хх11-24/

 

Харин дээрх гэрээ тус бүрийн “зөвшөөрсөн” гэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гарын үсэг зурсан байгааг гэрээний оролцогч тал буюу тухайн гэрээг хариуцагчийн тайлбарласнаар гурван талт гэрээ гэж үзэхгүй.

 

 Түүнчлэн, талууд гэрээний ерөнхий нөхцлийн 6.4.В-д зааснаар захиалагч нь төлбөрийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногт багтаан төлбөр хийх талаар тохирсон байдлаас үзэхэд төлбөрийн гүйцэтгэлийг хариуцагч төлөх үүрэг хүлээсэн. Захиалагч НХОГ- нь”Г-О”ХХК--ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээж авсан нь хэрэгт авагдсан “Барилгын зураг төсөл хүлээлцсэн акт”-аар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хууль болон гэрээнд зааснаар хариуцагч НХОГ- нь гэрээний захиалагчийн хувьд гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. /хх29/

 

Ажлын хөлсний хэмжээ 124 000 000 төгрөгөөр нэмэгдсэн талаар хэрэгт авагдсан “гэрээ дүгнэсэн протокол”, талууд хоорондоо харилцсан албан бичгүүд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. Гагцхүү дээрх төлбөрийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчид шилжүүлэх нь захиалагч тал болох НХОГ үүрэг бөгөөд энэ нь хариуцагчаас төлбөрийн гүйцэтгэл шаардах нэхэмжлэгчийн эрхэд нөлөөлөхгүй юм. Дээрхээс дүгнэвэл хариуцагчийг буруу тодорхойлсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх25,32-46/

 

Анхан шатны шүүх талууд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа сунгалт-1” гэрээ болон “гэрээ дүгнэсэн протокол” үйлдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг буюу гэрээний үнэ өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тусгайлан зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Тодруулбал, захиалагч тал гэрээний дагуу хийгдсэн ажлыг актаар хүлээн авсан тохиолдолд уг гэрээ хожим нь хүчин төгөлдөр бус болсон ч ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасныг үндэслэн  шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймд хариуцагчаас “шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т ...энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно гэж заасныг, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дах хэсэгт захиалагч этгээд гэж хэн байхыг тодорхой заасан байгааг анхаараагүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд төлбөр төлөх талаар шаардлага гаргаж байсан түүнд хариу ирүүлж байсан албан бичиг зэрэгт холбоотой баримт хэрэгт авагдсан /хх44-46/ байгааг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дах хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрхээс дүгнэвэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 777 950 төгрөг төлөх байтал 842 950 төгрөг төлсөн байх тул илүү төлөгдсөн 65 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НХОГ- /ОНӨААТҮГ-/-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                                                       

                                                   ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                      Т.ТУЯА