Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00299

 

 

“...-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00448 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...-Орд” ХХК

          Хариуцагч: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /НХОГ ОНӨААТҮГ/-т холбогдох

          124,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулууны гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай компани нь НХОГазартай байгуулсан 2012-04-04-ний өдөр ИШСЗТ НЗАА-03/11, 2013-05-31-ний өдрийн гэрээний хугацаа сунгалт ИШСЗТ НЗАА-03/11 тоот гэрээний дагуу Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн шинэ барилгын зураг төсвийг боловсруулж, 201-08-29-нд НХОГазарт хүлээлгэн өгсөн болно. Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182 дугаар тушаалаар Зураг төсвийн ажлын жишиг үнэ БД 81-16-12 батлагдаж гарсантай холбогдон зураг төсвийн үнэд өөрчлөлт орсон тул НХОГазар нь Зураг төсвийг боловсруулах гэрээг сунгахдаа нэмэгдэл 124 сая төгрөгийн хөрөнгийг протоколоор шийдэж, 2013 оны төсвийн тодотголд оруулахаар шийдвэрлэсэн. Мөн манайд ирүүлсэн НХОГазрын даргын 2016-03-02-ны өдрийн 3/392 тоот, 2018-09-07-ны өдрийн 3/2661 тоот, 2018-11-21-ний өдрийн 3-3785 тоот албан бичгүүдээр тодорхой бус хариу өгдөг. Гэвч одоо болтол Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн шинэ барилга барих эсэх нь тодорхойгүй байгаагаас бид ажлын хөлсөө авч чадахгүй хохирсоор байна. Иймд ажлын хөлс болох 124,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.. НХОГазар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нэхэмжлэлд дурдсан барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг 136 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр 2012-04-04-с 2012-08-21-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр НХОГазар, санхүүжүүлэгчээр НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч ...-Орд ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан ажлыг 2012-08-21-ний өдөр дуусгаж ашиглалтад оруулах байсныг 2013-12-01-ний өдөр дуусган хүлээлгэж өгөхөөр 2013-05-31-ний өдөр гэрээг сунгасан. Нэхэмжлэгчид эхний 30%-н санхүүжилт 40,8 сая төгрөгийг 2013-07-26-ны өдөр олгосон. Дундын санхүүжилт болох 68 сая төгрөгийг 2014-05-27-ны өдөр олгосон. Эцсийн санхүүжилт болох 20% буюу 27,200,000 төгрөгийг олгосон. Дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон.. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16-р зүйл, НХОГазрын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад олгогдоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 182/ШШ2019/00448 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 124 сая төгрөг гаргуулж, ...-Орд ХХК-д олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 777,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 777,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 777,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, НХОГазрын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх олгогдоогүй. 2011-12-05-ны өдрийн 899-р захирамжаар санхүүжүүлэх байгууллага нь Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс байхад НХОГазар санхүүжүүлэх ёстой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн ТБОНӨХБАҮХАТХ-н 41.1.2-т хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглодог. Гүйцэтгэгч ...-Орд ХХК зөвхөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182 дугаар тушаалаар зураг төсвийн үнэд өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөрүү мөнгө 124 сая төгрөг гэдгээ шүүх хурал дээр ч нэхэмжлэгч хэлсэн. Дээрх үнийн дүнтэйгээр холбогдуулан ажил хийж хүлээн өгсөн бодит ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан зүйл байхгүй. Хэрвээ дээрх үнийн дүнтэй холбоотойгоор улсын төсөвт хөрөнгө суугдвал татгалзахгүй зүйлгүй гэснийг нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгсөн мэт үзэж санхүүжүүлэх ёстой гэж дүгнэж байгаа нь зохимжгүй юм. ТБОНӨХБАҮХАТХ-н 45.2-т захиалагч этгээдийг тодорхой заасан байдаг боловч шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдсэн. Шүүх дээрх маргааныг шийдэхдээ ИХШХШТХ-н 10.1, 40.1, 40.2-г ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “...-Орд” ХХК 2018-12-25-ны өдөр “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 124,000,000 төгрөг шаардахдаа “......-Орд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх1/ “..2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээний дагуу барилгын зураг төсөв боловсруулж 2014-08-29-ний өдөр хүлээлгэн өгсөн...Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182-р тушаалаар Зураг төсөвийн жишиг үнэ БД81-16-12 батлагдаж зураг төсөвийн үнэд өөрчлөлт тул үүний дагуу төсөвийн нэмэгдэл 124 сая төгрөгийн асуудлыг протоколоор шийдвэрлэж 2016 онд 3/392, 2018 онд 3/2661,3/3785 дугаар албан бичгээр хариу өгч байсан...иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн үндэслэл заасан байна. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...бид захиалагчийн хяналтыг гүйцэтгэхээр, харин Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс санхүүжүүлэгчээр... ...-Орд ХХК гүйцэтгэгчээр оролцохоор гэрээ байгуулсан...гэрээнд заасан мөнгийг өгсөн... манай байгууллагад санхүүжилт хийх эрх олгогдоогүй...” гэж маргажээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан ба ийнхүү шийдвэр гаргахдаа “... нэхэмжлэгч 136 сая төгрөгөөр ажил гүйцэтгэхээр тендерт шалгарч талууд 2012-04-04-ний өдөр “Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулж, уг гэрээний хугацааг 2013-05-31-ний өдөр 2013-12- 01-ний өдөр хүртэл сунгасан байна... Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182-р тушаалаар зураг төсвийн ажлын жишиг үнэ батлагдсан ба тендерийн бичиг баримтад тусгагдсан 136сая төгрөг дээр 124 сая төгрөг нэмж нийт 260 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон..... хариуцагч нэмэлт санхүүжилтийг 2013 оны төсвийн тодотголоор шийдвэрлэхээр болсон нь тогтоогдсон.... гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авсан байна... ” гэсэн үндэслэл заасан байна. 

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ “....нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг гурван талт гэрээ гэж үзэхгүй... ерөнхий нөхцөлийн 6.4.В-р захиалагч нь төлбөрийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногт багтаан төлбөр хийх талаар тохирсон байдлаас үзэхэд төлбөрийн гүйцэтгэлийг хариуцагч төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ...ажлын үр дүнг 2014-08-29-ний өдөр хүлээж авсан нь  тогтоогдсон... ажлын хөлсний хэмжээ 124 сая төгрөгөөр нэмэгдсэн нь гэрээ дүгнэсэн протокол, талууд хоорондоо харилцсан албан бичгүүд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон...” гэжээ.

        Хариуцагч гомдолдоо “...манай байгууллагад санхүүжилт хийх эрх олгогдоогүй... гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглож байгааг шүүх анхаараагүй... нэхэмжлэгч нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182-р тушаалыг үндэслэж л нэхэмжлэл гаргасан... 124 сая төгрөгийн ажлын үр дүнг авсан зүйлгүй...” гэжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

      “...-Орд” ХХК нь хариуцагчаас 124 сая төгрөг шаардахдаа 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээ, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182-р тушаал, хариуцагчийн 2016 оны 3/392, 2018 оны 3/2661,3/3785 дугаар албан бичгийг үндэслэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлтэй холбоотой ямар нэг тайлбар гаргаагүй ба шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжжээ. /хх 82, 87, 90/

     Өөрөөр хэлвэл, “...-Орд” ХХК нь 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээний дагуу авах ажлын хөлс 136 сая төгрөг нь Зам тээвэр , барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 182-р тушаалын дагуу 124 сая төгрөгөөр нэмэгдэх ёстой гэж үзэж, нэхэмжлэл гаргасан, энэ талаар зохигч мэтгэлцжээ.

      Иймд нэхэмжлэлийн энэ шаардлага, үндэслэл,нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцнэ.

       Нэхэмжлэгч нь 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад “... ажлын хэмжээ нэмэгдсэн...” гэж маргаагүй ба ийм үндэслэл заагаагүй байна. 

       2. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлийн талаар

       2.1/. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2012-04-04, 2013-05-31-ний өдөр гэрээ байгуулж “...-Орд” ХХК нь Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх, захиалагч болох НХОГ нь 136 сая төгрөг төлөх талаар тохиролцсон нь тогтоогджээ.    

       Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Иймд хоёр шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

       2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

       Талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн  гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагчид 2014-08-29-ний өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч 136 сая төгрөгийг бүрэн төлсөн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

        2.2/. 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээний дагуу төлсөн 136 сая төгрөгөөс гадна   124 сая төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх өөр өөр үндэслэл заажээ.  

        Анхан болон давж заалдах шатны шүүх 124 сая төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангахдаа хоёр өөр дүгнэлт хийсэн байх ба аль аль нь үндэслэлгүй болсон байна.   

       Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “..нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн тул хариуцагч хөлс төлөх үүрэгтэй..” гэсэн бол давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас 124 сая төгрөгийн ажлыг нэмж хийсэн..”  гэжээ.   

       а/. “...-Орд” ХХК нь 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад “...ажлын хэмжээ нэмэгдсэн...” гэж маргаагүй, “...нэмж ажил хийсэн..” гэсэн үндэслэлээр 124 сая төгрөг нэхэмжлээгүй, хэрэгт энэ тухай баримт байхгүй  шийдвэрийг хэвээр үлдээхдээ хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүйгээс гадна баримтгүй байна. 

        б/. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

        Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг талууд тохиролцон тодорхойлно.    

       Хэрэгт авагдсан баримт,талуудын тайлбараас үзвэл, “...-орд” ХХК нь тендерт оролцож, Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг 136,000,000 төгрөгөөр гүйцэтгэх санал гаргасан, үүнийг нь хариуцагч тал зөвшөөрч 2012-04-04, 2013-05-31-ний өдөр гэрээ байгуулсан байна. 

       Ажил гүйцэтгэгч, захиалагч нар ажлын хөлсийг 136 сая төгрөгөөр тохирсон нь тогтоогдсон, захиалагч уг мөнгийг төлсөн тул хариуцагч 2012-04-04, 2013-05-31-ний өдрийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсгийн “...гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг талууд тохиролцон тогтооно..” гэсэнд нийцнэ.    

        Нэхэмжлэгч нь 124 сая төгрөг шаардахдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 182-р тушаалыг үндэслэл болгосон нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна. 

       Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012-06-13-ны өдрийн 182-р тушаалаар “Зураг төслийн ажлын жишиг үнэ БД81-16-12”-г баталжээ. Талууд гүйцэтгэх  ажлын хөлсийг 2012-04-04-ний өдрийн гэрээнд тохиролцсон, уг хэмжээ 2013-05-31-ний өдрийн гэрээгээр өөрчлөгдөөгүй тул “Зураг төслийн ажлын жишиг үнэ БД81-16-12” -г нэхэмжлэлийг хангах нөхцөл болгох нь Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн “...хөлс тохиролцоогүй бол....жишиг үнэлгээний жагсаалтыг үндэслэн...хөлс төлөх..” тухай заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна.

      Түүнчлэн, гэрээ дүгнэсэн протокол, НХОГ-н 2016-03-02-ны өдрийн 3/392, 2018-09-07-ны өдрийн 3/2661, 2018-11-21-ний өдрийн 3/3785 дугаар албан бичиг нь нэхэмжлэлийг хангах баримт болохгүй байна. Нэхэмжлэгч нь эдгээр баримтаар “..хариуцагч 124 сая төгрөг төлөхийг зөвшөөрсөн..” гэх боловч зарим албан бичигт тийм агуулга байхгүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд өөрчлөлт ороогүй байна.

        2.3/. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэжээ.

       Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно.

       Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалт “...-Орд” ХХК-н нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. 

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр,магадлалыг хүчингүй болгож НХОГ-с 124 сая төгрөг гаргуулах тухай “...-Орд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00448 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-с 124,000,000 төгрөг гаргуулах тухай “...-Орд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхэд “...-Орд” ХХК нэхэмжлэл гаргахдаа төлсөн 777,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 777,950 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ