Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2020/00737

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00602/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Р.Батбаяр, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороонд оршин суух Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт оршин суух, Х.Е-д холбогдох гэм хорын хохирол 35,800,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч М.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 12 сарын 09-ний орой Х.Е аавын гэрт ирж маргаан үүсгэж шат руу түлхэн унагааж миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Энэ үед унахдаа миний бие Х.Е-оос зуурч унасан бөгөөд тэрээр миний дээрээс унасан байдаг. Уг хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн 1739002730060 дугаартай хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг мөрдөн шалгах хугацаа маш их удаж байсан учраас өмгөөлөгч Г-тай 1,000,000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр авсан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг эрүүгийн хариуцлагад татаж гэм буруутай болгох арга хэмжээг Х.Е хийж байсан бөгөөд мөрдөгчийн зүгээс хэргийг хурдан шуурхай шалгахгүй маш их цаг хугацаа алдаж байсан. Мөрдөгч нь Е бид хоёрыг хоорондоо эвлэр гэж удаа дараа шаардаж байсан. Хэрэг шүүх рүү шилжихгүй удаад байгаа учир шалтгааныг тодруулахаар 2018 оны 07 сард Прокурорын газар очиход эрүүгийн 1739002730060 дугаартай хэргийг 2018 оны 5 сарын 11/03 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байсан.Ингээд манай өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч хүлээн аваагүй мөн улсын прокурорт гомдол гаргаж уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн. Ингээд хэргийг 2018 оны 11 сарын 19-ний өдөр хяналтын прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр шилжүүлсэн.

Яллагдагч Х.Е-ын өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж уг хурал 2018 оны 12 сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Буцаасан үндэслэлдээ надад холбогдуулан яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна гэсэн бөгөөд энэ нь уг хэргийг шийдвэрлэхгүй намайг буруутан болгож байна гэж ойлгосон. Ингээд Улаанбаатар хотод ирж өмгөөлөгч Б-той 2.800.000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр авсан. 2018 оны 12 сарын 24-ний өдөр улсын яллагч болон өмгөөлөгч нар Хэнтий аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж уг хурал 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр болж анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Ингээд нөгөө талаас удаа дараа гомдол гаргаж анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хурал 2019 оны 08 сарын 13-ны өдөр болж Х.Е-ыг гэм буруутайд тооцож 10.000 нэгжээр торгосон.

Миний бие хэрэг гарахаас өмнө том тэргээр нүүрс тээвэрлэж амьдрал ахуйгаа тэжээдэг байсан бөгөөд нэг сарын орлого нь 2.500.000-3.500.000 төгрөг байсан. Х.Е-ын үйлдлээс авсан гэмтлээсээ болоод дээрх ажлыг хийх боломжгүй болсон. Мөн энэ хэргийн улмаас өмгөөлөгч авч санхүүгийн байдлын хувьд хохирсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн хөлс 3,800,000 төгрөг, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу уг хэргийн улмаас хувийн машинтай очсон бензиний мөнгө 958,580 төгрөг, эмчилгээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн 250,000 төгрөг, уг хэргийн улмаас сар бүрийн орох байсан орлого 3.000.000 төгрөг, жилд 5-6 удаа ажиллах ёстой байсан бөгөөд хоёр жилээр тооцож 10 сарын орлого 30,000,000 төгрөг, нийт 35,800,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохиролд 1,500,000 төгрөгийг төлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь хэзээ, ямар үндэслэлээр шатахуун, эм авсан нь тодорхойгүй. Өмгөөлөгч авах эсэх нь өөрийх нь эрхийн асуудал юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжилж үзэхэд 2017 оны 12 сарын 12-ноос 20-ны хооронд Гранд-мэд эмнэлэгт хэвтсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 1,535,000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны зардал гэх 11,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг нь анхан шатны шүүхээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэх эрхийг нь хэвээр үлдээсэн. Гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа, яагаад вэ гэвэл гэм буруугийн асуудлыг эрүүгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Б.Х нь хөдөлмөрийн чадвар алдагдсан байдал байхгүй. Ийм учраас эм тарианы мөнгө гэх шаардлага нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтууд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлоод оролцож байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас үзэхэд 958,580 төгрөгийн шатахуун нь нотлогдохгүй байна. Хэзээ, хэдний өдөр хэрэглэгдсэн шатахуун гэдэг нь тодорхойгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахдаа хугацаагаар нь харж өгнө үү. Хэрэгт авагдсан э-баримтуудыг үзэхэд гэм хортой холбогдсон бүтээгдэхүүн аваагүй байна. Мөн дээрээс нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 50,000 төгрөгний түлшний баримт байна. Энэ бол өмнө шүүхээр шийдүүлсэн хэргийн баримт байгаад байгаа. Энэ хэргийн баримтуудыг харахаар ерөөсөө мөрдөн байцаалт, шүүхээр шийдэгдэж байх хугацааны баримт байгаа, үүнийгээ ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. Шүүх шинжилгээний газрын дүгнэлтээр Б.Х нь хүнд гэмтэлтэй гэж гарсан. Энэ гэмтэл нь эдгэрэлтийн байдлаас, эмчлүүлэгчийн байдлаас хамаарна гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтаа эмч нарын дүгнэлтээр тогтоолгоогүй. Яг өнөөдрийн байдлаар гэм хорын улмаас тэрээр эмчлүүлж яваа үгүй нь тодорхойгүй байна. 2020 оны 1 дүгээр сарын 22-ноос 28-ны хооронд эмнэлэгт хэвтсэн нь гэм хорын улмаас эмчлүүлсэн гэх эмчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Олох байсан орлого сард 3,000,000 төгрөг гарч байна гэсэн. Хавтаст хэрэгт авагдсанаар бол тээвэрлэлтийн гэрээ 10 дугаар сарын 31-ний өдөр байна. Хэрэгт авагдсан хоёр гэрчийн мэдүүлгээр хохирогч болох Б.Х нь өөрөө машин барихгүй, хүнээр тээвэр хийлгүүлдэг гэсэн байсан. Эндээс харахад энэ хүн гэм хор учирснаар тээвэрлэлт хийхээ больсон биш анхнаасаа тээвэрлэлт хийдэггүй хүн байсан байна. Нөгөө талаас хэрвээ энэ хүн өөрөө тогтмол орлоготой байсан юм бол нийгмийн даатгал, жолоочийн гэрээ гээд ямар нэг хөдөлмөрийн харилцаа үүссэн юм болов уу гэхээр байдаггүй. Тэгэхээр тогтмол орлоготой байсан үгүй нь эргэлзээтэй байна. Компанитай тухайн үед гэрээ хийж чадвал ажлаа хийгээд явдаг байсан юм байна гэсэн үйл баримт хавтаст хэргээс харагдаад байна. Би сард хэдийг олдог, хувь хүний орлогын албан татвар төлдөг байсан гээд байгаа боловч хавтаст хэргийн 93, 103 хуудсан дахь нотлох баримтууд нь аудитаар ороогүй учраас бид үүнд үнэмших боломжгүй. Татварын албанаас авсан лавлагаан дээр хувь хүний орлогын албан татварыг ирүүлээгүй гэдэг 2020 оныг хүртэлх лавлагаанд байхгүй байна. Иймд нотлох баримтуудтай холбогдуулаад ярихад нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа шаардлага нь үндэслэлгүй юм гэв.

Иргэдийн төлөөлөгч М.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Х.Е нь нэхэмжилсэн мөнгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Х.Е-д холбогдуулан гэм хорын хохиролд 35,800,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Х.Е нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт Б.Хтэй маргалдан улмаар Б.Хийг шат руу түлхэж унаган түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 12-16/, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 6-11/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 3-5/-уудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг хариуцагч Х.Еоос шаардах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн ийнхүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгч нь тус хуулийн 229, 230 дугаар зүйлд зааснаар эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй болно.

Ингэхдээ дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл буюу гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Нэхэмжлэгч Б.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Хужирт рашаан сувилалд /хх-ийн 55, 61, 114-125/ сувилгаа хийлгүүлэхээр явсан нь нотлогдож байх бөгөөд энэ нь түүний эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал гэж үзэх боломжтой. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Гялс анагаах ухааны төвд 2 удаа эмчилгээ үйлчилгээ авсан /хх-ийн 42, 43/ нийт 45,600 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 80,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 48/, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 75,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 52/, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн авто зам ашигласны төлбөр 3,000 төгрөг /хх-ийн 56, 57, 59/, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн авто зам ашигласны төлбөр 2,000 төгрөгний баримтууд нь /хх-ийн 58, 60/ нэхэмжлэгч Б.Хийн сувилалд явсан цаг хугацаатай тохирсон тул баримтыг үндэслэн хариуцагч Х.Еоос нийт 456,200 төгрөгний сувилалын болон шатахууны зардал гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... рашаан сувилалд явсан нь энэ хэрэгтэй ямар шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй, өөрийнх нь эрхийн асуудал гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Х.Еын гэм буруутай үйлдлийн улмаас түүний биед хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, эмчлүүлэх эмнэлэгээ өөрөө сонгох нь тухайн иргэний эрх тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч Б.Х нь 2016, 2017 онд Хэнтий-Ус ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Б.Хийн нэр дээрх ХААН банкны дансны хуулга /хх-ийн 19-23/, гэрч Б.Санчирбаяр, Г.Оюунболд нарын /хх-ийн 177-180/ мэдүүлэгээр нотлогдож байх бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх дээр хариуцагч тал маргаагүй, нэхэмжлэгч Б.Хийн нэр дээр нүүрс тээвэрлэгддэг байсныг үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Б.Хийг тогтмол орлого олж байсан гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Х нь иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр орлого олдог байсныг түүний олох ёстой байсан орлого гэж үзнэ.

Иймд гэрч Г.Оюунболдын шүүхэд өгсөн /хх-ийн 178/ мэдүүлэгт ...2016 онд 9, 10, 11, 12 саруудад 22,398,327 төгрөгийн тээврийн хөлс бодуулсан. 2017 онд 1, 2, 3, 4, 11, 12 дугаар саруудад нийт 13,684,081 төгрөгийн тээврийн хөлс авч байсан... гэж мэдүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн хугацаа болох 2017 онд нэхэмжлэгч Б.Хийн тээвэр хийсэн хөлсийн хэмжээгээр түүний олох ёстой байсан орлогыг тооцож гарах нь үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд 2017 онд нийт 6 удаа тээвэр хийгдэн 13,684,081 төгрөгийн орлого олсон байх тул 13,684,081 : 6 = 2,280,000 төгрөг. Энэ нь 2017 оны 1 сарын дундаж цалин. 2,280,000 төгрөг х 12 сар = 27,360,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хийн 2018, 2019 онд олох байсан орлого гэж үзэх боломжтой.

Харин нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 25,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 24/, 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 16,500 төгрөгний дизль түлшний э-баримт /хх-ийн 25/, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 75,300 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 26/, 2019 оны 2 дүугаар сарын 02-ны өдрийн 35,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 29/, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 21,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 33/, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 35/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 72,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 36/, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 39/, 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 13,000 төгрөгний к-амин 031 э-баримт /хх-ийн 32/, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15,000 төгрөгний регула э-баримт /хх-ийн 37/, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 71,000 төгрөгний diesel fuel э-баримт /хх-ийн 34/, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5,580 төгрөгний диротон шахмал, gishuun jama э-баримт /хх-ийн 38/, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5900 төгрөгний линекс бэби, зөөлөн усны э-баримт /хх-ийн 40/, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн авто зам ашигласны 2 ширхэг тус бүр 1000 төгрөгний тасалбар /хх-ийн 30, 31/, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 55,000 төгрөгний Хан бүргэд хаан ХХК-ний баримтууд /хх-ийн 27/-аар нэхэмжлэгч Б.Х нь хохирол нэхэмжилж байх ба эдгээр баримтууд нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх хугацааны баримтууд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй, нэхэмжлэлийг иргэний шүүхэд дахин шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг, түүнчлэн хэрэгт авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 48,360 төгрөгний нистатин, шим шим 6, вит С 1000, амоксиклан, АЦЦ, аскорутин-ий э-баримт /хх-ийн 33/, 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 49/, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 20,000 төгрөний шатахууны э-баримт /хх-ийн 50/, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 65,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 51/, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 50,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 53/, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 34,000 төгрөгний шатахууны э-баримт /хх-ийн 126/, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 5,779 төгрөгний үйлчилгээ авсан э-баримт /хх-ийн 127/, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 72,500 төгрөгний шатахууны /хх-ийн 54/ э-баримтанд агуулагдаж буй мэдээллүүд нь нэхэмжлэгч Б.Хийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбогдон гарсан зардал болох нь эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тухайлбал дээрх шатахууны баримтууд нь тухайн цаг хугацаанд хаанаас хаашаа явахад хэрэглэгдсэн шатахуун болох нь бусад баримтуудаар нотлогдоогүй, эм тариа худалдан авсан гэх баримтууд хэрэгт авагдсан ч эдгээр баримтад бичигдсэн эмийг эмчийн заавар, жорын дагуу авсан болохоо амбулаторийн карт болон бусад баримтаар нотлоогүй, иргэн Эрүүл мэндийн тухай хууулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар эмнэлэгийн яаралтай тусламжаас бусад эмнэлэгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй. Эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс /хх-ийн 17, 18, 44, 45/ гэж 3,800,000 төгрөг нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авах нь түүний хуулиар олгогдсон өөрийнх нь эрх бөгөөд энэ нь зайлшгүй гарах, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Х.Е гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирлын хэмжээ нотлогдсон байх шаардлагатай тул баримтаар нотлогдож буй шатахуун, сувилалын зардал 456,200 төгрөг, олох ёстой орлого 27,360,000 төгрөг, нийт 27,816,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Хид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,984,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хид эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүйгээр оруулан нэхэмжилж байна гэж хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 87/, 1,000,000 төгрөгийн баримт /хх-ийн 111, 112/-ыг хавсаргасан байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэгчийн эрхийг түүний өмгөөлөгч эдлэх эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүйгээр нэхэмжлэгч Б.Хид эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлд оруулан нэхэмжилж байна гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан татварын тайлангийн материалууд /хх-ийн 144-148/, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1739002730060 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 149-151/, Хэнтий амйгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 152-155/, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Нүүрс тээвэрлэлтийн гэрээний хуулбар /хх-ийн 185-186/, ачаа тээвэрлэлтийн материалын хуулбар /хх-ийн 192/-ууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудаст авагдсан материалуудын бичвэрүүд нь арилсан байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.Еоос 27,816,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 297,031 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Х.Еоос 27,816,200 /хорин долоон сая найман зуун арван зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,984,380 /долоон сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Еоос 297,031 /хоёр зуун ерөн долоон мянга гучин нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МАРИНА

ШҮҮГЧ Р.БАТБАЯР

ШҮҮГЧ Х.ТАСХЫН