Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 880

 

Ш.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00787 дугаар шийдвэртэй, Ш.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МААЭШХ-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сараас хойш хугацааны цалин олговорыг  алдангийн хамт гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай,

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан байгууллагын тэмдэг /тамга/ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бейсэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл,  тайлбартаа: Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 00075 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагын харьяа Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуй эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар томилогдсон. 2017 оны 9, 11 дүгээр сарын цалин авсан, мөн оны 10, 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсэн атал цалин олгоогүй, энэ талаар хэд, хэдэн удаа асуухад “мэдэж байна, нягтланд хэлсэн, удахгүй орно” гэх мэтээр тайлбарладаг байсан. 2017 оны 12 сар, 2018 оны 1-4 дүгээр сарын цалин нийт 3 701 705 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар алданги 666 300 төгрөг, нийт 4 368 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад тайлбартаа намайг ажлаас халсан гэж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Ажлаас түр түдгэлзүүлэх, түр үүрэг гүйцэтгэгч томилох тухай” тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар “Гэрээт ажилтан ажиллуулах тухай” тушаалуудыг нотлох баримтаар ирүүлсэн байсныг миний бие танилцаж, өөрийгөө ажлаас халагдсан гэдгийг шүхэд ирээд мэдсэн. Урьд нь ажлаас халсан тушаал гаргаагүй байж уг тушаалуудыг шүүхэд хуурамчаар гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халах талаар 1 сарын өмнө мэдэгдэж тушаалыг гардуулах байтал уг үүргээ биелүүлээгүй тул Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болон алдангийг гаргуулж, 2017 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэнэ. Миний бие МААЭШХ-гийн 327 тоот өрөөнд ажлаа хийж байхад А.Баатарыг эрдэм шинжилгээний ажилтан гэж байгууллагын захирал хэлж байсан гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц-ыг захирлын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд томилсон. Тус хүрээлэнгийн харьяа газрын захирлын ажлын тайланг 2017 оны 6 дугаар сард захирлын зөвлөлөөр хэлэлцэхэд Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгч Ш.Ц-ын хийж гүйцэтгэсэн ажил тодорхойгүй шалтгаанаар хангалтгүй үнэлгээ авсан. Иймд цаашид салбар хүрээлэн, станцуудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор захирлын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар захирлын зөвлөл шийдвэрлэж, ажлын хэсгийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр томилсон. Энэ тухай салбар хүрээлэнгийн захирлуудад урьдчилан мэдэгдэж, ажлын байрны шалгаруулалт явуулах журмын дагуу тус хүрээлэнгийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь түр түдгэлзүүлж үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сонгон шалгаруулалтын зарыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд нийтлүүлж, зарын дагуу шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг авахад Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажлын байранд 4 хүний материал ирсэн боловч нэхэмжлэгч материалаа ирүүлээгүй.

Сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийн материалтай ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн танилцаж үнэлгээ өгч дүнг хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт, захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажил олгогчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар тушаалаар А.Баатарыг Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн үүрэгт ажилд томилж, Ш.Ц-ыг мөн өдөр ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаалаар түүнийг 1 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллуулж хөлс олгосон ба уг хугацаа дууссанаар  Ш.Ц- тус байгууллагад ажиллаагүй, хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах харилцаа дуусгавар болсон учраас цалин, хөлс олгохыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоосон. Нэхэмжлэгч нь ажилчидтай таарч тохирдоггүй, тайланг цаг тухайд нь өгдөггүй, ажлын байран дээр байдаггүй зэрэг дутагдалтай. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр МААЭШХ-гийн захирлын 52 дугаар тушаал гарсан өдөр Б.Бейсэн миний бие өөрийн биеэр тушаалыг гардуулсан ба сонгон шалгаруулалт зарлагдсан “та материалаа өг” гэдгийг хэлсэн.

Ш.Ц-ыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалыг хүний нөөцийн ажилтан гардуулан өгөх үүрэгтэй ч тушаалаа хүлээж авахгүй загнаад ажилдаа ирдэггүй байсан, үүнээс хойш цалин бодогдоогүй. Ш.Ц-ын оронд А.Баатар сонгон шалгаруулалтад тэнцсэн тул уг ажилд томилсон. Ажил хүлээлцэх тухай тушаал гараад Ш.Ц- ажил хүлээлцэхгүй гэсэн тул бид бусад ажлын хэсгүүдтэй яваад ажил хүлээлцсэн. н.Батсүх төслийн удирдагчтай хүртээмж өндөртэй технологи ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл дээр 1 сарын гэрээт ажилтны цалин 526 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бодож олгосон. Нэхэмжлэгч ажил дээрээ байдаггүй, байгууллагын тэмдэг өгдөггүй. 2017 оны 10 сард огт цалин хөлс бодогдож олгоогүй. Энэ талаар нийгмийн даатгалын байгууллагаас ирсэн лавлагаа, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, баримтуудаар тогтоогддог. 10 дугаар сарын цалин нэхэмжлээгүй. 12 дугаар сараас эхлээд цалингийн асуудал олгогдоогүй гэдэг. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн тушаалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, үүрэг гүйцэтгэгч болсноо мэдэж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалтай холбоотой шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 6 дугаар сард гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Ц- нь  байгууллагын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалтай танилцаж хүлээн авсан боловч ажлаа хүлээлгэн өгөөгүй, Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний станц”-ын тэмдгийг өнөөдрийг хүртэл ашигласаар байна. Үүнийг нотлох баримт нь ХААИС-аас ирүүлсэн албан тоотууд бөгөөд тус станцын эрхлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж байсан атлаа захирал гэж тодорхойлон гарын үсэг зурж салбарын тэмдэг дарсан байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш салбарын тэмдгийг сайн дураар хүлээлгэн өгөхгүй, шүүхэд хандан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын тэмдэг /тамга/ гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь намайг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний  өдрийн 71 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн гэж тус шүүхэд уг тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ч энэ тушаалтай нь нэхэмжлэл гаргасны дараа танилцсан, хариуцагч уг тушаалыг хууль бусаар үйлдэж өгсөн байна. Ажлаас халагдсантай холбоотой нэхэмжлэл гаргасан учир шүүхээр шийдвэрлүүлнэ. Ажлаас чөлөөлснөөс хойш тамга, тэмдгийг хүлээлгэн өгөөгүй, ашиглаж байна гэсэн нь үндэслэлгүй. Надад ажлаас халсан болохыг мэдэгдээгүй, тушаалыг гардуулаагүй байж сөрөг шаардлага гаргаж байгаа нь хууль бус. Хариуцагч нь Үндсэн хуулиар заасан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.3, 47 дугаар зүйлийн 47.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан МААЭШХ-д холбогдох, Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг алдангийн хамт гаргуулах, хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 сарын цалин болон алдангид 4 368 005 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай Ш.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 84 838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа 2017 оны 10 дугаар сард цалин хөлс олгоогүй, 11 дүгээр сард ажилласан хугацааны цалинг олгосон боловч 12 дугаар сарын цалин хөлс олгоогүй, энэ талаар захирлаас асуухад “мэдэж байна, нягтланд хэлсэн удахгүй олгоно” гэж удаа дараа хэлсээр хугацаа алдуулж, намайг хуурсныг мэдэхгүй ажлаа хийгээд явж байсан. Гэтэл 2018 оны 1, 2, 3 дугаар саруудад цалин олгохгүй, эрхийг зөрчсөөр байсан тул 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1-4 дүгээр саруудын олгогдоогүй цалин хөлс нийт 3 701 705 төгрөгийг, алданги 666 300 төгрөгийн хамт, нийт 4 368 005 төгрөг нэхэмжилж, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хуулийн шаардлага хангаж дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь “ажлаас халсан” талаар тайлбартаа дурдаж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаалыг шүүхэд ирүүлсэн.

Миний бие тухайн үед ажлаас халсан гэх тушаалуудтай танилцаж, халагдсан гэдгээ мэдсэн учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өмнө нь уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1954 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Үүнээс хойш шүүх хэргийг шийдвэрлэхгүй байсныг удаа дараа хүсэлт гаргаснаар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэсэн боловч хариуцагч талд үйлчилсэн, хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний бие нь ажлаас үндэслэлгүй халагдсан учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс, хуульд заасан хугацаанд олгоогүйн алданги нийт 13 182 423 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцуулан суутгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нь тамга тэмдэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, харилцан маргасан байтал шүүх шийдвэрийг уншиж танилцуулахдаа миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж тамга, тэмдгийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэж танилцуулсан. Гэтэл шийдвэрийг бичгээр гардан авч танилцахад үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байсан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шударга үнэлж, үндсэн нэхэмжлэлийг хангаагүйг миний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын олгогдоогүй цалинг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сард гаргасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр мэдсэн байх эцсийн хугацаа гэж үзэх тул үүнээс хойш хуульд заасан хугацааг тоолоход 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусчээ” гэжээ. Шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж нотлох баримтаар авагдсан атал эдгээрийг үнэлэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь илт хариуцагч талд үйлчилж хууль зөрчиж буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн шүүх, хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар Ш.Ц-ыг ажлаас түр түдгэлзүүлэн, энэ өдрөөс үүрэг гүйцэтгэгчээр томилсныг нэхэмжлэгч мэдээгүй гэж тайлбарласнаа нотлохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн уг тушаалыг өөрийн биеэр гардуулж өгсөн талаарх тайлбарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан, хариуцагч талд үйлчилсэн гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага ажлаас түр түдгэлзүүлсэн талаар тушаал гаргаагүй, уг тушаалыг надад танилцуулаагүй байтлаа ажлаас халсан гэх 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаартай тушаалуудыг эрх хэмжээ, албан тушаалаа урвуулан ашиглан хуурамчаар үйлдэж, нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхэд зориулан гаргасан. Гэтэл шүүх эдгээр хуурамч тушаалуудыг дүгнэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Дээрх 3 тушаалыг хариуцагч нь бичгээр гаргасан юм бол надад танилцуулаад, гардуулж өгөх үүрэгтэй. Гэтэл огт гаргаагүй тушаал болон гардуулж өгснөө баримтаар нотлоогүй хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хууль бус дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Шүүх 52, 71, 93 тоот тушаалуудыг мэдээгүй, гардуулж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч өөрийн авч байгаа цалин багассан, эрхэлж байсан ажил албан тушаалыг өөр хүн хийж байгааг, 2017 оны 10 сар, 12 сарын цалин олгогдоогүйг мэдээгүй байх боломжгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, миний эрх ашгийг хохироож, хуулийг буруу тайлбарласан. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад намайг өмгөөлөгч аваагүй, доошоо харлаа гэх мэтээр доромжлон шүүмжилж, илтэд хүндэтгэлгүй хандаж, шүүгчийн ёс зүйгүй авир гаргасан нь шүүх хуралдааны бичлэгт байгааг давж заалдах шатны шүүх судлахыг хүсч байна.

Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болоогүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 тоот тушаалыг хэрэгт хавсаргасан атал хуульд заасны дагуу дүгнэлт хийхгүй хуурамч тушаалыг үндэслэл болгож, хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор болон алдангийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч МААЭШХ-д холбогдуулан Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, алдангийн хамт 13 182 423 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 82,134,160/

 

Нэхэмжлэгч тайлбарлахдаа, хариуцагч байгууллага 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар дуустал хугацааны цалинг олгоогүйн улмаас нийт 4 368 005 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд мэдүүлсэн, үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд ажил олгогч нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг мэдэж, дээрх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч Ш.Ц-ыг “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай МААЭШХ-гийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалд заасан үндэслэл нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ. /хх28, 64/

 

Хэрэгт авагдсан дээрх тушаалаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажилтан Ш.Ц-ыг тухайн ажлын байранд зарласан “сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэх үндэслэл зааж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байхад хариуцагч тал “сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй юм.

 

Тодруулбал Ш.Ц-ыг ажлаас чөлөөлсөн энэхүү тушаал, түүний үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул түүнийг Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг 2017 оны 12 дугаар сарын цалин гаргуулах талаар 2018 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэх эцсийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, харин гомдол гаргах хугацаа 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй атал хариуцагч хуулиар тогтоосон дээрх үүргээ хэрэгжүүлж, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ажилтанд гардуулсан болон мэдэгдсэн талаар хэрэгт  авагдсан баримтгүй байна. Түүнчлэн хариуцагч “...Ш.Ц-ыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалыг хүний нөөцийн ажилтан гардуулан өгөх үүрэгтэй ч тэрээр тушаалаа хүлээж авахгүй, ажилдаа ирдэггүй байсан, үүнээс хойш цалин бодогдоогүй...” гэж тайлбарласан нь хуульд заасан дээрх үүргээ ажил олгогч биелүүлээгүй болохыг нотолсон байна.

 

Анхан шатны шүүх “Ш.Ц- нь 52, 71, 93 дугаар тушаалуудыг мэдээгүй, гардуулан өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хугацаанд хандан, гомдол гаргасан болохоо нотлоогүй” гэж тухайн үйл баримтын талаарх талуудын нотлох үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлсон байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид албан тушаалаас нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн, ажлаас чөлөөлсөн, гэрээт ажилтнаар ажиллуулах болсон тухай дээрх тушаалуудыг гардуулах хуулиар тогтоосон үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэх байжээ.

 

Гэвч давж заалдах шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтын талаарх анхан шатны шүүхийн дээрх алдаатай дүгнэлтийг залруулах боломжтой бөгөөд хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ш.Ц- “ажлаас чөлөөлсөн тухай” тушаалын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 03, 23-ны өдрүүдэд шүүхэд гаргасан тайлбартай мөн оны 6 дугаар сарын 07-ны өдөр танилцсанаар 7 дугаар сарын 03-ны өдөр уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Дээрх нөхцөл байдлын талаарх цаг хугацааг тооцон үзвэл нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн талаарх гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх22, 23, 25, 26, 38, 40, 88/

 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ц-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан буюу 2017 оны 12 дугаар сараас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг түүний хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт үндэслэн 2017 оны 6,7,8 дугаар сарын цалингаас нэг сарын дундаж цалинг тооцож 768 807 төгрөгийг нийт 16 сар 13 хоногоор бодож 12 765 782 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан бүх хугацааны шимтгэл төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

 

Шүүх, нэгэнт нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн олгохоор шийдвэрлэх тул хариуцагчаас цалинг хугацаанд нь олгоогүйн улмаас алдангид 666 300 төгрөгийг гаргуулан гэсэн шаардлагатай холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрхээс гадна анхан шатны шүүх, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэгт дурдсан атлаа шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй орхигдуулсан нь буруу боловч уг шаардлагын тухайд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн, сөрөг нэхэмжлэлийг хангасан талаар шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа тайлбарласан гэдэгт зохигчид маргаагүй. Иймд шүүхийн орхигдуулсан сөрөг нэхэмжлэл буюу хариуцагч байгууллагын тэмдэг /тамга/-ыг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг хэргийн баримт, талуудын тайлбарт үндэслэн тус шүүх шийдвэрлэх боломжтой юм.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийг Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуй эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус байгууллагын тэмдэг /тамга/-ыг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний “9927-4300 дугаарын гар утсанд 9908-7494 дугаараас ирүүлсэн мессеж”-д үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч нарт эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримтгүй зэрэг зөрчилтэй, хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байна. /хх141/ Мөн хэргийн 148, 149 дүгээр талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2018/14623 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн “шүүгчийн захирамжид” гэх хэсэг, Шүүгчийн захирамжийн “захирамжлах нь” хэсэг тус бүрт бичигдсэн огноо өөр өөр, зөрүүтэй байх боловч хэрэгт авагдсан бусад баримтаар маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжтой байх тул дээрх зөрчлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00787 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-ыг МААЭШХ-гийн харьяа, салбар Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуй эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт нийт 12 765 782 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 416 641 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Ш.Ц-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хугацаагаар тооцон төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг хариуцагч МААЭШХ- нь Ш.Ц-аас Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Зөгийн аж ахуй эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ын тэмдэг /тамга/ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 838 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 219 203 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 5 гэж өөрчилсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 832 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                                                     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                            Т.ТУЯА