Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/02692

 

 

 

 

2019 оны 10 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2019/02692 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХ тоот, Р ББСБ ХХК-ийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХХ тоотод оршин суух, Д.М /РД: ХХХХХХ/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19.332.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, Н.Орхон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.М нь Төрийн өмчийн хорооноос зарласан тендерт оролцоход мөнгө хэрэгтэй байна хэмээн манай байгууллагад хандан 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Түүний хүсэлтийг зээлийн хорооны хурлаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд зээл олгохыг зөвшөөрсөн ба Д.М-гийн өөрийнх нь өмчлөлийн 2012 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн ниссан санни маркийн ХХХХ УНЧ улсын дугаартай авто машиныг зээлийн гэрээний үүрэгт барьцаалан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг зээлсэн.

Зээлдэгч Д.М гэрээ байгуулсан өдрөө 15.000.000 төгрөгийг бэлэн бусаар өөрийнхөө данс руу авсан ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд тэрээр 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гэрээний хугацааг сунгах хүсэлтийг бичгээр гаргасан. Гэсэн хэдий боловч Д.М нь өөрөө ирж гэрээний сунгалт дээр гарын үсэг зураагүй учраас сунгалтын гэрээ бичгээр байгуулагдаагүй ба бөгөөд түүний хүсэлтийн дагуу гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Р ББСБ ХХК нь Д.М-д холбогдуулан 16,576,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн ба зээлийн тооцоололыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцон гаргасан байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тооцон 2,756,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 19.332.000 төгрөгийг Д.М-гээс нэхэмжилсэн.

Д.М нь зээл авснаас хойш үндсэн зээлэнд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зээлийн хүүнд 13.280.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.120.000 төгрөг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн хүүг хагас дутуу төлсөн.

Иймд Д.Мгээс үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3,880,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452,000 төгрөг, нийт 19,332,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, Н.Орхон шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М нь тус байгууллагатай 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусч байгаа бөгөөд үүнээс хойш төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдах ёстой. Д.М нь гэрээ байгуулсан болон зээл авсантай холбоотой маргахгүй байгаа. Гагцхүү төлөх үнийн дүн дээр маргаж байгаа. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 11.480.000 төгрөгийг үндсэн өрөөс хасч үндсэн зээлд 3.520.000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 1.760.000 төгрөг, нийт 5.280.000 төгрөгийг төлнө гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Д.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.576.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 992.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584.000 төгрөг/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15.000.0000 төгрөг, зээлийн хүү 3.880.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452.000 төгрөг, нийт 19.332.000 төгрөгийг хариуцагч Д.Мгээс нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа 2.756.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч Д.М нь Р ББСБ ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 15.000.000 төгрөгийг сарын 4.0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба уг гэрээний хугацаа дуусмагц хариуцагч Д.Мгийн хүсэлтийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан гэжээ.

Д.М мөн өдөр нь тус байгууллагатай Фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, ХХХХ УНЧ улсын дугаартай, ниссан санни маркийн авто машиныг барьцаалснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдан Р ББСБ ХХК фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.

Гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулан, тамга тэмдэг дарсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Д.Мд зээлийн гэрээ ёсоор 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, мөн гэрээний хугацааг түүний хүсэлтээр сунгасан талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

/ХХ-ийн 5-17, 42-46 дугаар тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Р ББСБ ХХК болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д үндсэн зээлийн хүүнд 13.280.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.120.000 төгрөг, нийт 15.400.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн зээлийн тооцоололд тусгагдсан болно.

/ХХ-ийн 45-46 дугаар тал/

 

Зээлдүүлэгч Р ББСБ ХХК нь зээлдэгч Д.Мг зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу төлөөгүй хэмээн тайлбарласан ба зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэх боловч энэ талаарх бичгийн баримтаа ирүүлээгүй болно.

/ХХ-ийн 45 дугаар тал/

 

Зээлдэгч Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Р ББСБ ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон талаар хэн аль нь тайлбарласан бөгөөд хариуцагч Д.М нь гэрээ байгуулснаас хойш хугацаанд зээлийг хуваарийн дагуу төлж байгаагүй, хуваарийг зөрчиж байсан талаар зохигчид мөн маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 45-46 дугаар тал/

 

Хариуцагч Д.М нь гэрээ байгуулснаас хойш хугацаанд зээлийг хуваарийн дагуу төлөлгүй зөрчил үүсгэж байхад зээлдүүлэгч Р ББСБ ХХК зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан хөдлөх хөрөнгийн хувьд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дугаар зүйлд заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулна,

3.2.6-д ..... Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ББСБ барьцаа хөрөнгийг дахин үнэлж худалдах эрхтэй,

3.2.12-д Зээлдэгчээс энэхүү гэрээний үүргийн биелэлтэд .....тогтмол хяналт тавих эрхтэй,

4 дүгээр зүйлийн 4.2-т Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй,

4.3-т ББСБ дараах тохиолдолд зээлийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварт заасан арга хэмжээ авах бөгөөд зээлийн нийт төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах эртэй,

4.3.5-д Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон,

4.3.9-д Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж тус тус заасан зээлийг буцаан төлөхийг шаардах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч нэхэмжлэгч тал гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

 

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч хууль болон гэрээний 3, 4 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авахаар зохицуулсан байхад уг арга хэмжээг авалгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 1 жил, 1 сар, 21 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон үндсэн зээлийн хүү 10.160.000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

Дээрхээс үзэхэд хариуцагч Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ ёсоор 9.172.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Мажигүсүрэнгээс 9.172.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.160.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Р ББСБ ХХК нь зээлдэгч Д.Мтэй 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр фидуцийн гэрээ байгуулан мөн өдрийн зээлийн гэрээний үүрэгт түүний өмчлөлийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, ХХХХ УНЧ улсын дугаартай, ниссан санни маркийн авто машиныг барьцаалсан гэх ба зээлдүүлэгч барьцаатай холбоотой шаардлага гаргаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Мажигүсүрэнгээс 9.172.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.160.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299.876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мгээс 161.702 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН