Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 02107

 

“Р Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02692 дугаар шийдвэртэй, “Р Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 19 332 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Иргэн Д.М- нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагад “Төрийн өмчийн хорооноос зарласан тендерт оролцоход мөнгө хэрэгтэй” хэмээн зээл олгох тухай өргөдөл гаргасныг нь зээлийн хорооны хурлаар зөвшөөрсөн. Д.М- өөрийн өмчлөлийн 2012 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн Ниссан санни маркийн 86-36 УНЧ улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүрэгт барьцаалан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 15 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

Хариуцагч Д.М- гэрээ байгуулсан өдрөө 15 000 000 төгрөгийг бэлэн бусаар өөрийн данс руу авсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хугацааг сунгах хүсэлтийг бичгээр гаргасан атлаа өөрөө ирж гарын үсэг зураагүй учраас сунгалтын гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч түүний хүсэлтийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан. “Р Б” ХХК нь Д.М-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 16 576 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн, уг шаардлагаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тооцон нэмэгдүүлж 2 756 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 19 332 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Д.М- үндсэн зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн хүүд 13 280 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 120 000 төгрөг төлсөн. Иймд Д.М-гээс үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 880 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452 000 төгрөг, нийт 19 332 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Д.М- нь тус байгууллагатай 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусч байгаа бөгөөд үүнээс хойш төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдах ёстой. Д.М- гэрээ байгуулсан, зээл авсантай маргахгүй. Харин төлөх үнийн дүнд маргаж байгаа. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 11 480 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч 3 520 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүд 1 760 000 төгрөг, нийт 5 280 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М-гээс 9 172 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 160 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-гээс 161 702 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно, мөн хуулийн 7 дугаар зүйлд банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэг төрөл нь зээлийн үйл ажиллагаа мөн болохыг нэрлэсэн байна. “Р Б” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан.

Зээлдэгч Д.М-тэй хүсэлтийнх нь дагуу 2017 оны 5 сарын 15-ны өдөр 18/17 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчийн “Хаан банк” ХХК-ийн 5027450613 тоот дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Хариуцагч зээлийн хүүд 13 280 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 120 000 төгрөг тус тус төлж, бусад үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хуваарьт өдрөөс зээлийн төлбөр төлөх өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчийн санхүүгийн программын дагуу бодож гаргасны дагуу, мөн зээлийн төлбөрөө бүрэн төлж дуусах хүртэл нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэг хүлээсэн.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Мөн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульд заасан тул анхан шатны шүүх хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Р Б” ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 3 880 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452 000 төгрөг, нийт 19 332 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал үндсэн зээлд 3 520 000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 760 000 төгрөг, нийт 5 280 000 төгрөгийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Д.М- нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлдүүлэгч “Р Б” ХХК-иас 15 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр тогтоогдсон байна. /хх5-12/ Зээлдэгч Д.М-гийн хүсэлтээр дээрх гэрээний хугацаа сунгагдаж, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон талаар зохигчид тайлбарлаж, зээл болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгө 15 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч эргэн төлөлтөд нийт 15 400 000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. Харин хариуцагчийн төлсөн төлбөр нь үндсэн зээлийн төлбөр эсхүл хүүгийн төлбөрт тооцогдох эсэх талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн байна. Зээлдэгчийн хувьд гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй атал уг үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Зээлдүүлэгч тал зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах буюу худалдан борлуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээг аваагүйн улмаас зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 10 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бөгөөд гэрээний 3 болон 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтэд доголдол гарсан тохиолдолд хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардах, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээг авах эрхтэй байжээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал дээр дурдсан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэрээнд заасан хугацаа дуусгавар болсноос хойш даруй 1 жил 1 сар 21 хоногийн дараа шүүхэд мэдүүлсэн нь тухайн харилцаанд оролцогч талууд хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүйг шүүх зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнд заасан буюу өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагч талын төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах” үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Т.ТУЯА