Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 879

 

 “ДДЦСҮЭХ”-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дугаар шийдвэртэй, ДДЦСҮЭХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ДДЦС- ТӨХК--д холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 73 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДДЦС- ТӨХК--ийн захиргаа, ҮЭХ- хамтран 2016-2018 онд хэрэгжүүлэхээр “Хамтын гэрээ” байгуулж, уг  гэрээний 9.9-д зааснаар өвлийн ачаалал, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ инженер, техникийн ажилтан, ажилтнуудын 4 хүртэлх хэсгийг тус бүр 12 ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, эх орны үзэсгэлэнт газар, гадаад оронд аялуулж зардлыг захиргаа, ҮЭХ- хамтран гаргана гэж заасан байдаг. Дээрх заалтыг ҮЭХ- байгуулагдсан үеэс жил бүр захиргаатай хамтран хэрэгжүүлдэг, ямар нэгэн шалтгаанаар өнжсөн удаагүй. 2018 онд ҮЭХ-ноос хариуцагчид хандаж, гэрээг хэрэгжүүлэх шаардлага хүргүүлсэн ч татгалзсан хариу ирүүлсэн.

ҮЭХ- “Хамтын гэрээ”-ний заалтыг хэрэгжүүлэх үүднээс байгууллагын 35 жилийн ойг тохиолдуулан 68 хүнийг 2 ээлжээр гадаадад аялах ажлыг зохион байгуулж, нийт 146 200 000 төгрөгийн зардал гаргасан. Ийнхүү аялалаар явуулахад ямар нэгэн дүрэм, журам баримталдаггүй, харин хэсэг тус бүрийг үсгийн дарааллаар, ажилласан жилээр нь эрэмбэлж ээлжлээд явуулдаг юм. Хариуцагч дээрх аялалд ажилчдыг явуулахгүй гэж байгаад, дараа нь амралт олгосон нь аяллыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хууль болон гэрээний дагуу үүрэг хүлээсэн аль нэг тал хүлээсэн үүргээсээ татгалзсан ч үүргийн харилцаа дуусгавар болохгүй бөгөөд нөгөө тал үүргээ биелүүлсэн бол учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байдаг. Иймд хариуцагч “ДДЦС” ХХК- ТӨХК--иас 73 100 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манай компани Хамтын гэрээний 9.9-д зааснаар 2017 онд нийт 56 ажилтныг 70 000 000 төгрөг, 2018 онд нийт 116 ажилтныг 72 700 000 төгрөгийн зардал гаргаж гадаад, дотоодын аялалд явуулсан тул захиргаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд гэрээний 9.9-д заасныг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан удаа байхгүй. Гэрээнд аялуулж болно гэсэн болохоос аялуулах үүрэгтэй гэж заагаагүй, талууд тохиролцсоны үндсэн дээр ажилтнуудыг аялалд явуулдаг.

ҮЭ аяллаар явуулах талаар хүсэлт захиргаанд хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч албан ёсоор хэдэн хүн явуулах гэж байгаа шаардлага, хүсэлт ирээгүй. Энэ талаар хүсэлт болон баримт хэрэгт авагдаагүй. Хамтын гэрээний 9.9-д заасан гэж байгаа ч ҮЭХ- дангаар ажилчдыг аялалд явуулж болно, үүнийг үгүйсгэхгүй. Өмнө нь тус ҮЭХ-ны даргаар ажиллаж байсан З.Пүрэвжил гэрчээр асуугдахдаа “хоорондоо тохиролцож байгаад захиргаа боломжгүй бол ҮЭХ- дангаараа явуулж болно” гэдгийг мэдүүлсэн.

Мөн компанийн захиргаатай харилцан тохиролцолгүй, дур мэдэн олон тооны ажилтнуудыг аялалд явуулсны дараа зардлаа нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байна. Хариуцагч дээрх ажилчдын зардлыг хувааж төлөөд явуулна гэж тохирсон атлаа төлбөрийг төлөхгүй гэвэл өөр асуудал. Гэтэл анхнаасаа явуулах боломжгүй талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчээс ажилтнуудыг аялалд явуулах талаар хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэхгүй. ҮЭХ-ны дарга Д.Ган-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгүүлээгүй байсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

Аялалд явуулах талаар албан бичиг хариуцагч талд явуулахаас өмнө “нэрсийн дараалал” өгдөг гэдгийг Н.Мөнгөн миний бие Д.Ган-Эрдэнэд хэлсэн, 7 хоногийн дараа “аялалд явуулах ажилчдын нэрсээ явуулна уу” гэсэн албан бичиг ирсэнд “явуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Жилд хэдэн хүн аялалд явуулах талаар харилцан зөвшилцдөг. Тухайн үед байгууллагын 35 жилийн ой болох гээд 110 хүн концертын бэлтгэл гээд чөлөөлөгдсөн байсан. Талууд уулзахад нэхэмжлэгч “нэгэнт урьдчилгаа мөнгөө аяллын компанид шилжүүлсэн учир ийм их мөнгө алдмааргүй байна” гэсэн яриа албаны өрөөнд болсон.

Талууд харилцан тохиролцсоноор ҮЭХ-ны санал болгосноор нэр бүхий хүмүүсийг явуулдаг. Үсгийн дараалал, ажилласан жилээр эрэмбэлсэн жагсаалт гэж байдаггүй. Түүний тайлбарласан дарааллаар бол тус байгууллагад 15 жил ажилласан би явах ёстой юм байна. Тийм жагсаал огт байхгүй.  Шагнал, урамшууллын журмаар гадаад улс руу талууд хамтарч явуулдаг үүнийг нэхэмжлэгч тал мэднэ. Ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн, 1 дүгээр байранд орсон хүмүүсийг явуулсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага зөв, буруу аль нь болохыг ойлгохгүй байна. Захиргаа буюу хариуцагч байгууллага “Хамтын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул 73 100 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12, 476 дугаар зүйлийн 476.1, хамтын гэрээний 9.9-д заасныг баримтлан хариуцагч ДДЦС- ТӨХК--иас 73 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДДЦСҮЭХ-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 523 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг 2018 онд нэг ч ажилтныг хаашаа ч явуулаагүй, хамтын гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлага гаргажээ. Гэтэл хариуцагч 2018 оны туршид нийт 116 ажилтныг 72 700 000 төгрөгийн зардал гаргаж гадаад, дотоодын аялалд явуулсан. Энэ талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүх хамтран хүлээх үүргээ хариуцагч огт биелүүлээгүй гэх байдлаар дүгнэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт заасныг баримталсан нь буруу гэж үзэж байна. Энэ заалт хамтран хүлээх үүргээ огт биелүүлээгүй этгээдэд хамаарна.

Нэхэмжлэгч олон ажилтан аялалд явуулах тухай компанийн захиргаатай огт тохиролцоогүй байж урьдчилгаа мөнгийг сайн дураараа аяллын компанид шилжүүлсэн. Хариуцагчаас 2018 онд 35 жилийн ой давхцаж, ойн баярын концертод бэлдэхээр 95 ажилтан ажлаас чөлөөлөгдөж, 249 ажилтан ээлжийн амралтаа эдэлж байгаа болон графикт их, урсгал засварын ажлууд хийгдэж хүн хүч дутмаг байгаа тул олон тооны ажилтныг гэнэт чөлөөлөх боломжгүйг албан бичгээр удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн аялалд явуулах зардлыг хувааж төлөх тухай огт тохиролцоогүй, нэхэмжлэгчээс уг зардал үнийг хуваах талаар хүсэлт ирүүлж байгаагүй. Нэхэмжлэгч аяллыг цуцалж урьдчилан төлсөн мөнгийг тухайн компани буцаах боломжгүй, хохиролтой байна гэсэн тул компанийн захиргаа нийт 68 ажилтныг 11 хоногийн хугацаанд цалинтай чөлөө олгосон. Энэ нь ажилтнуудыг ажлаас л чөлөөлсөн болохоос аялалд явуулах зардал төлнө гэж хүлээн зөвшөөрсөн тохиролцоо биш юм.

“Хамтын гэрээний 9.9-д зааснаар өвлийн ачаалал давсан, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ инженер техникийн ажилтан, ажилтнуудын дөрөв хүртэлх хэсгийг тус бүр 12 ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эх орны үзэсгэлэнт газраар болон гадаад оронд аялуулж болно. Зарцуулагдах зардлыг захиргаа, ҮЭХ- хамтран гаргана гэсэн заалтад ажилтнуудыг аялуулж болно гэж зохицуулсан байна. Энэ нь аялуулах үүрэгтэй гэж заагаагүйг шүүх анхаарч ойлгосонгүй. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж шүүх үзсэн нь буруу.

Гэрч З.Пүрэвжил “....компанийн хувьд эдийн засгийн хямралтай жил ҮЭХ- дангаар зардлыг гаргаж, ажилтнуудыг аялалд явуулсан удаа бий, хэдэн тооны хүнийг, хаашаа явуулах, зардлаа яаж төлөх талаар тус тусад нь компанийн захиргаа буюу хариуцагчтай тохиролцож байж ажилтнуудаа чөлөөлүүлдэг...” талаар  мэдүүлсэн тайлбарыг шүүх анхаараагүй. Хэрэв гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байсан юм бол гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авч ажиллагаа хийх шаардлагагүй байжээ.

Хариуцагч 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1,8 тэрбумын алдагдалтай ажилласан баримтыг хэрэгт хавсаргасан нь “Хамтын гэрээ”-г биелүүлэх эс биелүүлэхэд нөлөөлөх үндэс юм. Гэрээний 1.2-т компанийн захиргаа нь санхүү, эдийн засгийн чадавхаас хамааран гэрээний заалтуудыг чанд биелүүлэх, ҮЭХ нь хамтын гэрээний заалт, тэдгээрийн биелэлтийг хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, явц, үр дүнг хамтран хэлэлцэх, 1.3-т ҮЭХ өөрийн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, хамтын гэрээтэй холбогдох асуудлыг захиргаатай аль болох гэрээ хэлэлцээр зөвлөлдөх замаар шийдвэрлэх, 1.4-т хамтын гэрээний заалтуудыг биелүүлэх эдийн засгийн үндэс нь ажил олгогчдын санхүүгийн чадавх тул компанийн орлого, ашгаа нэмэгдүүлэхэд эрчим хүчний яам, салбарын агентлагууд, “МЭХГУУ”-н ҮХ, Ажил олгогч эздийн холбоод хуулийн хүрээнд бодлого, шийдвэрээр дэмжинэ.

Хамтын гэрээний үүргийг биелүүлэхэд компанийн санхүүгийн байдал шууд хамааралтай байдаг нь дээрх заалтуудаас тодорхой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн боломж муу үед гэрээний үүргийг биелүүлэхгүй байж болохоор гэрээнд шууд зохицуулсан байна. Иймд хариуцагч “Хамтын гэрээ”-ний үүргээ огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч тал татгалзсаар байхад нэхэмжлэгч өөрийн сайн дураар, дур мэдэн зардлыг төлж явуулсан ажилтнуудын аяллын зардлыг нэхэмжлэх хуульд заасан үндэслэл буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авах үед шүүх хуралдааны тэмдэглэл бичгээр гараагүй, хэрэгт хавсаргагдаагүй байсан. Өмнө нь хоёроос гурван удаа шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэхэд шүүгчийн туслах нь шүүгч өвчтэй, хавтаст хэрэг шүүгчийн өрөөнд байгаа зэрэг шалтгаан хэлж тэмдэглэлтэй танилцах эрхээр хангаагүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “ДДЦС” ХХК- ҮЭХ- нь хариуцагч “ДДЦС” ХХК- ТӨХК--д холбогдуулан Хамтын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас аялалд зориулж гаргасан зардлын 50 хувь болох  73 100 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүнийхээ үндэслэлийг, талуудын хооронд байгуулсан Хамтын гэрээний 9.9-д зааснаар БНХАУ-ын Жан Жиа Жэ хотод 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл 31 ажилчин, мөн  оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 37 ажилчин, нийт 68 ажилчин 146 200 000 төгрөгийн үнээр “Женко тур бюро” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу явсан тул хариуцагч зардлын 50 хувь буюу 73 100 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж, нотлох баримтаар “Хамтын гэрээ”, “Женко тур бюро” ХХК-тай байгуулсан 2018/0813 дугаар, 2018/0903 дугаар “Аяллын гэрээ” тус бүр, аяллын төлбөрт нийт 146 200 000 төгрөгийг төлсөн “Төлбөрийн даалгавар” зэргийг ирүүлсэн байна. /хх1-2,5-21/

 

Хариуцагч дээрх шаардлагын татгалзаж байгаа үндэслэлээ, “Хамтын гэрээ”-ний үүргээ биелүүлж гадаад, дотоод аялалд ажилчдыг явуулж байсан, нэхэмжлэгч нь байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн аялал зохион байгуулсан тул зардлыг хувааж хариуцах үндэслэлгүй, 2018 онд байгууллагын санхүү хүндрэлтэй байсан, гэрээний 9.9-д заасан зохицуулалт нь үүрэг хүлээлгэсэн заалт биш бөгөөд нэр бүхий хүмүүсийг тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь зардлыг хувааж төлөхийг зөвшөөрсөн үйлдэл биш, нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргаагүйг шүүх анхаараагүй гэж тайлбарлан маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, талууд хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, нийт ажилтан ажилчдын нийгмийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд дэс дараатай шийдвэрлэх, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, тогтвортой байдлыг хангах зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Хамтын гэрээ” байгуулсан байна. /хх14-25/ Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гагцхүү гэрээний 9.9-д заасан нөхцлийн дагуу хэрэгжүүлсэн 2018 оны 8, 9 дүгээр сард зохион байгуулсан аяллын зардалд нэхэмжлэгчээс зарцуулсан нийт 146 200 000 төгрөгийг хувааж хариуцах эсэх талаар маргасан байна.

 

Хамтын гэрээний 9.9-д тухайн байгууллагын гадаад, дотоод аялалтай холбоотой зардлыг талууд хамтран хариуцахаар тохиролцсон байх тул дээрх аяллын 73 100 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ҮЭХ-ны нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан “Төлбөрийн даалгавар”-ын баримтаар гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс 146 200 000 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогдсон /хх12-13/ бөгөөд хариуцагч тал тухайн аялалд хамрагдсан ажилтан, ажилчдад “Чөлөө олгох тухай” тушаалд “Хамтын гэрээ”-ний 9.9-д заасныг үндэслэсэн байдлаас үзвэл БНХАУ-ын Жан Жиа Жэ хотын аяллын зардлыг хамтран гаргахыг зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан ДДЦС- ТӨХК--ийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоол /хх4/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх100/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

Шүүх дээрхийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 242.12 дах хэсэгт заасныг баримталсан нь талуудын маргаанд хамаарах зохицуулалт биш юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүй Иргэний хуулийн зүйл, заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь тусгайлсан зохицуулалт бүхий хуулийг тухайн харилцаанд хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй байна.    

 

Иймээс хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэх хүрээ, түүнийг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавих, хэрэгжүүлэх харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 13, 14, 15, 16, 17, 18 дах заалт уг маргаанд хамаарах байжээ. Ажил олгогч нь хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэгэнт тухайн аялалд хамрагдах ажилтан, ажилчдыг ажлаас чөлөөлсөн нь уг аяллыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул төлбөрийг хуваан хариуцах нь хууль болон гэрээнд заасантай нийцнэ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй талаар дурдсан байна. Хэргийн баримт, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад энэ талаар тодруулсан байдлаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхээр нь хангаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Харин хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12, 476 дугаар зүйлийн 476.1, хамтын гэрээний 9.9-д заасныг гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэг гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДДЦС” ХХК- Төрийн өмчит хувьцаат компаниас хамтын гэрээний үүрэгт нийт 73 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ДДЦСҮЭХ-нд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “ДЦС-4” ТӨХК- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                                                    ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                            Т.ТУЯА