Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00284

 

“Д” ТӨХК-ийн дэргэдэх

Үы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалтай,

“Д” ТӨХК-ийн дэргэдэх Үы нэхэмжлэлтэй,

“Д” ТӨХК-ийн захиргаанд холбогдох,

Хамтын гэрээний үүрэгт 73 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ү.Төмөрхуягын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016-2018 онд “Д” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэрэгжүүлэхээр Хамтын гэрээ байгуулсан билээ. Хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9-д Өвлийн ачаалал, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ инженер, техникийн ажилтан, ажилтнуудын 4 хүртэлх хэсгийг тус бүр 12 ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, эх орны үзэсгэлэнт газраар болон гадаад оронд аялуулж болно. Зарцуулагдах зардлыг захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран гаргана гэж заасан байдаг. Энэ нь жил бүр үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдсан цагаасаа хойш захиргаатайгаа хамтран хийж ирсэн үйл ажиллагаа ба ямар нэгэн шалтгааны улмаас өнжиж байсан удаа байхгүй.

Гэрээний дагуу 2018 онд Үоос захиргаанд хамтын гэрээний 9.9-д заасныг хэрэгжүүлэх талаар шаардлага хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Д” ТӨХК- ийн 35 жилийн ойг тохиолдуулан 68 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 ээлжээр гадаад аялалыг зохион байгуулж, нийт 146 200 000 төгрөгийн зардал гаргасан болно. Аялалаар явуулахдаа ямар нэгэн дүрэм, журмыг барьдаггүй. Хэсэг тус бүр үсгийн дарааллаар, ажилласан жилээрээ эрэмбэлж нэрээ бичүүлсэн байдаг. Тэгээд ээлжлээд явдаг, энэ хүрээнд явсан байдаг. Захиргаа явуулахгүй гэж байгаад дараа нь хүлээн зөвшөөрч хүмүүсээ явуулсан. Хууль болон гэрээний заалтын дагуу үүрэг хүлээсэн аль нэг тал хүлээсэн үүргээсээ татгалзсан ч үүргийн харилцаа дуусгавар болохгүй бөгөөд нөгөө тал үүргээ биелүүлсэн бол учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Иймд хариуцагч “Д” ТӨХК-иас 73 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ү.Төмөрхуяг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, Н.Мөнгөн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай компани 2017 онд 116 хүнийг 72 000 000 төгрөгийн зардал гаргаж гадаад, дотоодын аялалд явуулсан, баримтыг хэрэгт өгсөн. Хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9 дэх заалтыг биелүүлээгүй явдал байхгүй. Биелүүлэхээс татгалзсан явдал ч байхгүй. Хамтын гэрээнд ...аялуулж болно гэж заасан болохоос аялуулна гэж заагаагүй. Ажил олгогч нар ажилчны төлөөлөгч нар хоорондоо тохиролцож байж явуулдаг. Үйлдвэрчний эвлэлээс ажилчдыг аялалаар явуулъя гэсэн хүсэлт захиргаанд хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч албан ёсоор хүн явуулах гэж байгаа шаардлага хүсэлт ирээгүй.

Хэргийн материалд явуулъя гэсэн хүсэлт болон баримт ерөөсөө авагдаагүй. Хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт заасан гэж байгаа ч үйлдвэрчний эвлэл дангаараа ажилчдыг аялалд явуулж болно, үүнийг үгүйсгэхгүй. Өмнө нь тус Үы даргаар ажиллаж байсан З.Пүрэвжил гэрчээр ...хоорондоо тохиролцож байгаад захиргаа боломжгүй бол хороо өөрөө дангаараа явуулж болно гэдгийг мэдүүлсэн. Өөрөө дур мэдээд явуулсан бол өөрөө тэр хариуцлагаа хүлээх ёстой. Хэрвээ манайх тэгье явуулъя гэж тохирчихоод дараа нь мөнгөө өгөхгүй байгаа бол өөр асуудал. Гэтэл анхнаасаа манайх явуулах боломжгүй байсан, эднийхээс явуулъя гэсэн хүсэлт ирүүлээгүй байж өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Ийм учраас Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл байхгүй. Тус Үы дарга Д.Ган-Эрдэнэ нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа улсын бүртгэлийн гэрчилгээнд даргаар тэмдэглэгдсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Тухайн үед Н.Мөнгөн миний бие байсан. Албан бичиг явуулахаас өмнө Д.Ган-Эрдэнэ бид 2 уулзаад нэрсээ өгдөг шүү гэдгийг хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа аялалд явуулах ажилчдын нэрсээ явуулна уу гэсэн бичиг ирсэн, бид явуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2018 онд хэдэн хүн аялалд явуулах уу гэдгээ ярьдаг. 35 жилийн ой болох гээд 110 хүн концертын бэлтгэлд гарчихсан байсан. Гэнэт 7 хоногийн дараа нэрс явуул гэсэн. Дарга, төлөөлөгч нартаа уулзахад нэгэнт мөнгөө хийчихсэн бид нар урьдчилгаагаа шилжүүлчихсэн учраас бид нар ийм их мөнгө алдмааргүй байна гэсэн яриа албаны өрөөнд болсон. Харилцан тохирсоны үндсэн дээр үйлдвэрчний эвлэлийн хороо санал болгосноор тэр хүмүүсийг явуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ярьж байна, эсвэл буруу ойлгосон байна. Үсгийн дарааллаар, ажилласан жилээр эрэмбэлсэн жагсаалт байдаггүй. Эхлээд та явна дараа та явна гэсэн зүйл байхгүй. Би өнөөдөр 15 дахь жилдээ тус станцад ажиллаж байна. Энэ эрэмбээр бол би явсан байх ёстой. Ийм жагсаал огт байхгүй, яагаад үйлдвэрчний эвлэлийн хороо 35 жилийн ой гээд явуулдаг юм бэ гэвэл манай станцынхан бүгд мэдэж байгаа. Шагнал урамшууллын журмаар гадаад руу хамтарч явуулдаг үүнийг мэдэж байгаа байх. Ажлаараа тэргүүлсэн, 1 дүгээр байранд орсон хүмүүсийг явуулсан. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа зүйл зөв ч юм уу буруу ч юм уу ойлгохгүй байна. Захиргаа бол хамтын гэрээг биелүүлж байгаа, 73 000 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12, 476 дугаар зүйлийн 476.1, хамтын гэрээний 9.9-д заасныг баримтлан хариуцагч Д төрийн өмчит хувьцаат компаниас 73 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дын Үд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 523 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Төрийн өмчит хувьцаат компаниас хамтын гэрээний үүрэгт нийт 73 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дын Үд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ДЦС-4 ТӨХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн Ү.Төмөрхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, үндэслэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд байгуулагдсан, 2016, 2018 онд мөрдөх хамтын гэрээний 9.9-д “Өвлийн ачаалал давсан, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ ИТА, ажилтнуудын 4 хүртэлх хэсгийг тус бүр 12 ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, эх орны үзэсгэлэнт газраар болон гадаад оронд аялуулж болно. Зарцуулагдах зардлыг захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран гаргана" гэж заасан. Аялал зохион байгуулахад мөнгө, санхүү их хэмжээгээр зарцуулагддаг тул талууд хамтын гэрээнд аялалд явуулах хүний тоог урьдчилан төлөвлөж тохиролцдог. Эндээс үзэхэд талууд аялал зохион байгуулах цаг хугацааг 1-рт, өвлийн ачаалал давсны дараа, 2-рт, зуны их засварын ажлын дараа гэж, мөн хүний тоог 1 жилд 12 хүний бүрэлдэхүүнтэй 4 хүртэлх хэсэг буюу 48 ажилтан гэж тохирсон байна. Хамтын гэрээний дагуу талууд 2017 онд 56 ажилтныг, 2018 онд 116 ажилтныг аялуулсан. Хариуцагчаас 2018 оны аяллуудад 72.7 сая төгрөг зарцуулсан бол нэхэмжлэгч талаас мөн аялалд зардал гаргасан нотлох баримтууд хэрэгт байна.

2018 оны 5-р сард Япон улс руу 11 ажилтныг, 2018 оны 6-р сард Сингапур, Малайз руу 12 ажилтныг, 2018 оны 7-р сарын 19-нөөс 28-нд Хятад /Жан Жиа Жэ/ руу 12 хүнийг, мөн 7-р сард Халх гол руу 12 хүнийг, 2018 оны 6-р сард Улаан-Үд, Байгаль нуур руу 30 болон 40 хүнийг, нийтдээ 116 ажилтныг аялуулсан тул хамтын гэрээний 9.9-д заасан үүргээ талууд давуулан биелүүлсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлэхгүйгээр, хариуцагчийг хамтын гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч графикт их, урсгал засварын ажлын үеэр 35 жилийн ойг тохиолдуулан засварын ажилтнуудыг аялалд явуулах санал гаргасныг хариуцагч хамтын гэрээний үүргээ биелүүлсэн, мөн санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй, засварын ажилд хүн, хүч дутагдалтай байгаа шалтгаанаар зөвшөөрөхгүй гэдгээ 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл нэхэмжлэгч татгалзсан хариу аваад 30 ажилтныг аялалд явуулах шийдвэрийг дангаараа гаргаж, маргааш нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аялал жуулчлалын компанид 15 сая төгрөгийн урьдчилгаа төлж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулжээ. Улмаар нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 11-20-ны өдрүүдийн аялалд явах 30 хүний зардлыг урьдчилан төлсөн байгаа тул ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн албан бичгийг хариуцагчид 2018 оны 08 дугаар сарын 08-нд өгсөн.

Нэхэмжлэгч тал аяллын зардлаа урьдчилж төлсөн, явахгүй бол төлсөн мөнгөө буцааж авч чадахгүй, хохирох гээд байна гэхээр нь хариуцагч 30 ажилтныг ажлаас чөлөөлөхийг зөвшөөрснөөс биш мөнгийг нь хувааж төлөхөөр тохиролцоогүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ажилтнуудад аялалд явах чөлөө өгсөн нь уг аяллыг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн үйлдэл гэж дүгнэсэн нь хамтын гэрээний 9.9 дэх заалтын гол нөхцөлүүдийг ойлгоогүй, буруу тайлбарласан явдал болсон.

Нэхэмжлэгч нь 30 болон 37 ажилтны аяллыг зохион байгуулахдаа чөлөө олгохыг хүссэн албан бичиг өгч байснаас биш тэдгээр 67 ажилтны аяллын зардлын 50 хувийг төлөхийг шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 тоот албан бичиг нь хамтын гэрээний 2 жилийн хугацаа дууссантай холбоотойгоор гэрээний биелэлтийг дүгнэх хуралдаан зарласан агуулгатай байхад нэхэмжлэгч талаас уг албан бичгийг аяллын төлбөр шаардаж өгсөн мэтээр буруу тайлбарласан байна.

Хамтын гэрээний хүрээнд болон өөр бусад байдлаар хариуцагч нь 35 жилийн ойг тохиолдуулан ажилтнуудыг аялалд явуулах, зардлыг нь 50, 50 хувиар гаргах гэрээ, тохиролцоо нэхэмжлэгчтэй байгуулаагүй.

Нэхэмжлэгч нь хамтын гэрээний 9.9-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзсэн бол хамтын гэрээний 15.6-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалтын дагуу хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх шаардлага гаргах ёстой байсан ч шаардлага гаргаагүй болно.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Д” ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо “Д” ТӨХК-д холбогдуулан Хамтын гэрээний үүрэгт 73 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч “Д” ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Хамтын гэрээний 9.9-д заасны дагуу 2018 онд зохион байгуулсан 68 хүний гадаад аялалын зардал 146 200 000 төгрөгийн 50 хувь болох 73 100 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ажил олгогч нь тухайн аялалыг зөвшөөрсөн нь ажилчдад чөлөө олгосноор нотлогдоно. Байгууллагын захиргаа ажилчдад чөлөө олгоогүй бол аялалд явуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...2018 онд Хамтын гэрээний 9.9-д заасны дагуу захиргаа дотоод, гадаадын аялалд явсан 116 хүний зардалд нийт 72 700 000 төгрөгийг зарцуулж, гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэлд дурдсан 68 хүний аялалыг захиргаатай зөвшилцөөгүй тул зардлыг зөвшөөрөхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороо дангаараа аялал зохион байгуулж болно, үүнийг үгүйсгэхгүй. Өөрөө дур мэдээд явуулсан бол хариуцлагаа өөрөө хүлээх нь зүйтэй. Нэгэнт урьдчилгаа мөнгийг өгсөн байсан тул хохироогоод яахав гээд ажилчдад чөлөө олгосон. Хамтын гэрээний заалт нь заавал биелүүлэх заалт биш, аялалд явуулах боломжгүй гэж хариу өгсөөр байтал Үйлдвэрчний эвлэлийн хороо дангаараа асуудлыг шийдвэрлээд дараа нь шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваагийн аялалаар явах ажилчдад чөлөө олгосон Б/294, Б/317 тушаалуудыг үндэслэн “...ажил олгогч нэр бүхий 67 ажилчдад цалинтай чөлөө олгож, аялалд хамрагдах боломж олгосон үйлдэл нь үйлдвэрчний эвлэлтэй харилцан тохиролцож, аялалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн  хариуцагчийн тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтад хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хамтын гэрээний 9.9.-д “Өвлийн ачаалал, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ инженер, техникийн ажилтан, ажилтнуудын дөрөв хүртэлх хэсгийг тус бүр 12 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эх орны үзэсгэлэнт газраар болон гадаад оронд аялуулж болно. Зарцуулагдах зардлыг захираа, ҮЭ-ийн хороо хамтран гаргана” гэжээ.

Тухайн гэрээний 1.2.-т Компанийн захиргаа нь санхүү эдийн засгийн чадавхиас хамааран энэхүү гэрээний заалтуудыг чанд биелүүлэх, үйлдвэрчний эвлэлийн хороо нь хамтын гэрээний заалт, тэдгээрийн биелэлтийг хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, явц, үр дүнг хамтран хэлэлцэх, 1.3.-т Үйлдвэрчний эвлэлийн хороо нь өөрийн эрхээ Монгол улсын хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хамтын гэрээтэй холбогдох асуудлыг захиргаатай хэлэлцэн зөвлөлдөх замаар шийдвэрлэж байхаар харилцан тохиролцжээ.

“Д” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваагаас  Ү-ны дарга Д.Ган-Эрдэнэд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/3217 тоотоор “...Энэ оны 8-р сард “Д” ТӨХК-ийн 35 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд өндөр зардал гарах бөгөөд эх үүсвэр хүрэлцэхгүй тул хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авах боломжгүйг мэдэгдэж байна” гэсэн хариу өгсний дараа “Д” ТӨХК-ийн дэргэдэх Үйлдэрчний эвлэлийн хороо 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аялал жуулчлалын “Женко Тур Бюро” ХК-ийн дансанд 15 000 000 төгрөг шилжүүлж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр компанийн 31 ажилтныг 2018 оны 08 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд аялалаар явуулахаар №2018/0813 дугаартай Аялалын гэрээ байгуулсан байна.

Улмаар 2018 оны 08 дугаар сарын 07-ны өрийн 02/3376 тоот албан бичгээр “...компанийн 35 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой 95 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, 249 ажилтан ээлжийн амралт эдэлж байгаа, графикт их болон урсгал засварын ажлууд хийгдэж хүн хүч дутмаг байгаа тул Ү-ноос зохион байгуулж байгаа гадаад аялалд оролцох нэр бүхий ажилтныг ажлаас чөлөөлөх боломжгүйг мэдэгдэж байна. Цаашид хамтын гэрээний дагуу зохион байгуулагдсан арга хэмжээ, хамрагдах хүмүүсийн нэрсийн захиргаатай зөвшилцөх шаардлагатайг анхааруулъя” гэж мэдэгдсэн боловч Ү-с ажилчдыг аялалд явуулахаар аялал жуулчлалын ”Женко Тур Бюро” ХК-тай гэрээ байгуулж, аялалын хугацаа болсон тул Б2018 оны 08 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/294, Б/317 тушаалуудаар нэр бүхий 67 хүнийг аялалд хамрагдах хугацаанд ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргажээ.

Аялалд хамрагдсан ажилчдыг ажлаас чөлөөлсөн нь захиргаа Ү-ны зохион байгуулсан аялалыг харилцан тохиролцож зөвшилцсөн гэж үзэх үндэслэл болохгүй, харин “...ажилчдын цалингаас авсан татвараар аялалын төлбөр төлөгдсөн...” гэх үндэслэлээр аялалд хамрагдсан ажилчдад чөлөө олгосон гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.  

Дээрх баримтуудаар Үоос БНХАУ-д зохион байгуулагдах аялалыг компанийн захиргаа анхнаас нь зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгч нь зөвшилцсөн болохоо баримтаар нотлоогүй тул “Д” ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо Хамтын гэрээний 1.3.-т заасан “хамтын гэрээтэй холбогдох асуудлыг захиргаатай зөвлөлдөх замаар шийдвэрлэж байх” үүргээ биелүүлээгүй тул захиргаа аялалын зардлыг хамтран хариуцах үүрэг хүлээхгүй  гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар ажил олгогч хамтын гэрээ хэлэлцээрт заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэлийн шаардлага хамтын гэрээгээр хүлээх хариуцагчийн үүрэгт хамаарахгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр “Д” ТӨХК-ийн захиргаанаас аялалын зардалд 73 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00674 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хамтын гэрээний үүрэгт 73 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ү.Төмөрхуягын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД