Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03275

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/03275 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Э-н Пийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххх тоот, Н.С ХХК-д /РД: ххххххххххх/ холбогдох

16.743.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Пийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.П нь Н.С ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 12 давхрын 1208 тоотын 38.49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан 1 метр квадрат талбайг 1.450.000 төгрөгөөр тооцон, нийт 55.810.500 төгрөг төлөхөөр тохирсон.

Урьдчилгаа 30 хувь 16.743.150 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банкны хххххххх тоот дансанд төлсөн бөгөөд Н.С ХХК 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өгөх байсан.

Н.С ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй бөгөөд барилга баригдахгүй болох нь тодорхой болсон. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 16.743.150 төгрөгийг тус компаниас гаргуулж Э.Пид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалан барилгын ажил түр зогссон. Амар амгалан 3 орон сууцны хотхон цагдаагийн академийн ар талд баригдах байсан ба суурийг нь 700.000.000 төгрөгийн зардлаар цутгасан.

Газрын маргаанаас болоод баригдах боломжгүй болсон. Захиалагчид мөнгийг нь өгөх боломжгүй, тухайн иргэн уг төслийн 2-2, 2-3 байруудад шилжиж болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.П нь хариуцагч Н.С ХХК-д холбогдуулан 16.743.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.П нь хариуцагч Н.С ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 126 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч Э.П нь тус компанийн барьж буй Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 12 давхрын 1208 тоотын 38.49 м.кв талбай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар,

хариуцагч буюу гүйцэтгэгч Н.С ХХК гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөхөөр,

1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгт тооцон, 38.49 м.кв талбайн үнэд нийт 55.810.500 төгрөг төлөхөөр, захиалагч нь урьдчилгаа төлбөр 16.743.150 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр компанийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххх тоот дансанд төлөхөөр, үлдэх төлбөрийг компанийн орон сууцны жилийн 5 хувийн хүүтэй зээлэнд хамрагдан төлөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5-14 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч Э.П гэрээгээр тохиролцсоны дагуу байрны урьдчилгаа төлбөр 16.743.150 төгрөгийг Н.С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххх тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн нь талуудын тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 4 дүгээр тал, мөн хуудасны ар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч Н.С ХХК гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж заасан бөгөөд хариуцагч Н.С ХХК гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүй болсон талаараа тайлбарлаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 16.743.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Пид олгох нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 16.743.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Пид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Пийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С ХХК-иас 241.665 төгрөг гаргуулан Э.Пид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН