Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

 

 

Э.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03275 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.П-ийн хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гаргасан 16 743 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.П- нь “Н” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 12 давхрын 1208 тоотын 38.49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан 1 метр квадрат талбайг 1 450 000 төгрөгөөр тооцон, нийт 55 810 500 төгрөг төлөхөөр тохирсон. Урьдчилгаа 30 хувь 16 743 150 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд төлсөн бөгөөд “Н” ХХК 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өгөх байсан. “Н” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй бөгөөд барилга баригдахгүй болох нь тодорхой болсон. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 16 743 150 төгрөгийг тус компаниас гаргуулж Э.П-ид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалан барилгын ажил түр зогссон. Амар амгалан 3 орон сууцны хотхон цагдаагийн академийн ар талд баригдах байсан ба суурийг нь 700 000 000 төгрөгийн зардлаар цутгасан. Газрын маргаанаас болоод баригдах боломжгүй болсон. Захиалагчид мөнгийг нь өгөх боломжгүй, тухайн иргэн уг төслийн 2-2, 2-3 байруудад шилжиж болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 16 743 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.П-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас 241 665 төгрөг гаргуулан Э.П-ид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх хариуцагч “Н” ХХК болон нэхэмжлэгч Э.П- нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 16 743 150 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурдаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. 16 743 150 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх талуудыг гэрээг цуцалсан эсэхийг тогтоохгүйгээр шийдвэрээ гаргасан. “...үүрэг гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж дүгнэсэн мөртлөө баригдаж байгаа барилгыг үр дүнгүй байна гэж үзэн гэрээг цуцлаагүй байхад урьдчилгаа төлбөрийг буцаан олгохыг даалгаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Э.П- нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаанд төлсөн 16 743 150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 126 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 12 дугаар давхрын 1208 тоотын 38.49 м.кв талбай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах, 1 м.кв талбайн үнийг 1 450 000 төгрөгт тооцон, 38.49 м.кв талбайн үнэд нийт 55 810 000 төгрөг, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 30 хувийг төлөхөөр, хариуцагч нь гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөхөөр тус тус тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь 16 743 150 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах журам, үр дагаварт хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хууль хэрэглээний хувьд буруу.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй буюу ирээдүйд бий болох тодорхой хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, хариуцагч нь уг орон сууцны үнэд м.кв-ийн 1 450 000 төгрөгөөр тооцон төлбөрийг авах хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийсэн, энэ хуулиар үндсэн үүргээ тодорхойлсон байна.

 

            Талууд гэрээний нэрийг ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн, орон сууцыг захиалан барих зэрэг үг хэллэгийг хэрэглэсэн боловч талуудын хүлээсэн гол үүрэг, гэрээний зүйл зэргээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Хариуцагч “Н” ХХК нь гэрээнд заасан хугацаа болох 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болохыг зохигчид хэн аль нь тайлбарласан.

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө шилжүүлж өгөх үүргийг биелүүлээгүй, уг үүргийг жам ёсоор биелүүлэх боломжгүй болсон болох нь ажил гүйцэтгэгч буюу барилгын ажил зогссон гэх тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжсэн зүйл буюу мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

            Харин ажил гүйцэтгэх гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах тохиолдолд хамаарах нөхцөл, үр дагавар зэргийг зохицуулсан Иргэний хуулийн 355 дугаар зүйл заалт энэхүү маргаанд шууд хамааралтай бус, түүнчлэн нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлагын үндэслэлд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь заалт хамаарахгүй байх тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03275 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 3431, 343.2“ гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ