Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/03385

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2019/03385 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоотод оршин суух, Э-н Дын /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххх тоот, И ХХК-д /РД: ххххххххххххххх/ холбогдох

2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх,

Хариуцагч И ХХК-ийн захирал Б.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Д нь И ХХК-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 600.000 төгрөг, 700.000 төгрөг, 700.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг зээлдүүлэн шилжүүлэн өгсөн. Талууд хүү тогтоогоогүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр И ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн өдрийн 9003 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тиймээс эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1886 дугаар бүхий шийдвэрээр хариуцагч И ХХК-ийг эрэн сурвалжилсан. Шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хариуцагчийг эрэн сурвалжилж Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25л-1-4/7855 дугаар албан бичгээр хаягийг нь тогтоосон тухайгаа мэдэгдсэн.

Иймд хариуцагч И ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2.000.000 төгрөгийг гаргуулж Э.Дад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч И ХХК-ийн захирал Б.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Нарантуяа миний бие 2010 онд өөрийн үүсгэн байгуулсан И ХХК-ийг 2017 оны 10 дугаар сараас гадаад худалдаа, импорт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагааг нь сэргээн ажиллаж байгаа.

И ХХК нь Худалдаа хөгжлийн банкны хххххххх тоот дансыг эзэмшдэг ба 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дансанд маань 26.758,25 төгрөг байсан ба 2.500.000 төгрөгийн орлого орж тэр өдөртөө 2.378.640 төгрөг данснаас гарч М.Золжаргал өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг.

Б.Нарантуяа би Э.Д гэх хүнийг огт танихгүй бөгөөд зээл авах хүсэлтийг аман болон бичгийн хэлбэрээр илэрхийлээгүй ба хамтран ажиллах болон өөр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй.

М.Золжаргал нь 2017 оны 10 дугаар сараас миний бизнест хамтрах хүсэлтээ илэрхийлэн бид үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэрээр санхүү талын бүхий л асуудлуудыг хуулийн талаас нь, миний бие үйл ажиллагаа, хүний нөөц, гадаад харилцаа, борлуулалт, маркетинг, менежмент зэргээ хариуцахаар ажлаа хувиарласан байсан.

М.Золжаргал нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тус И ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших болсон. Уг мөнгийг М.Золжаргал өөрийн данс руу шилжүүлэн авсан тул 2.000.000 төгрөгийг И ХХК хариуцахгүй.

Иймд Э.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч И ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нийт 2.000.000 төгрөгийг И ХХК-д зээлэн дансанд нь шилжүүлсэн. Уг мөнгөө нэхэмжилнэ гэж,

Хариуцагч И ХХК 2.000.000 төгрөг компанийн дансанд орсон. М.Золжаргал өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Э.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч И ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххх тоот дансанд 600.000 төгрөг, 700.000 төгрөг, 700.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлэгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 5-7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, то, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Дээрхээс үзэхэд Э.Д болон И ХХК-ийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба аливаа үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх бөгөөд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч И ХХК 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан тул уг мөнгийг зээл олгосон этгээдэд буцаан төлөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл зээлдэгч буюу хариуцагч И ХХК зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Э.Д зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Тухайн 2.000.000 төгрөгийг мөн өдөр нь тус компанийн хувьцаа эзэмшигч М.Золжаргалын дансанд шилжүүлсэн нь уг мөнгийг И ХХК төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дад олгох нь зүйтэй.

 

И ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл М.Золжаргалаас нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад хариуцагч И ХХК нь уг мөнгийг авсан гэх М.Золжаргалыг хариуцагчаар оролцуулах үндэслэлтэй хэмээн тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т зааснаар зөвхөн нэхэмжлэгч л хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахыг шийдвэрлэдэг тул хариуцагч талын хүсэлтийг үндэслэн өөр этгээдийг хариуцагчаар оролцуулах боломжгүйг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН