Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 428

 

 

     Э.Д  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03385 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Д  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д нь И К ХХК-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 600 000 төгрөг, 700 000 төгрөг, 700 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг зээлдүүлэн шилжүүлэн өгсөн. Талууд хүү тогтоогоогүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Э.Д нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр И К ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн 9003 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1886 дугаар бүхий шийдвэрээр хариуцагч И К ХХК-ийг эрэн сурвалжилсан. Шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хариуцагчийг эрэн сурвалжилж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25л-1-4/7855 дугаар албан бичгээр хаягийг нь тогтоосон тухайгаа мэдэгдсэн. Иймд хариуцагч И К ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2 000 000 төгрөгийг гаргуулж Э.Д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И К ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Н  миний бие 2010 онд өөрийн үүсгэн байгуулсан И К ХХК-ийг 2017 оны 10 дугаар сараас гадаад худалдаа, импорт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагааг нь сэргээн ажиллаж байгаа. И ХХКнь Худалдаа хөгжлийн банкны 495049580 тоот дансыг эзэмшдэг ба 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дансанд маань 26 758,25 төгрөг байсан ба 2 500 000 төгрөгийн орлого орж тэр өдөртөө 2 378 640 төгрөг данснаас гарч М.З өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг. Б.Н  би Э.Д гэх хүнийг огт танихгүй бөгөөд зээл авах хүсэлтийг аман болон бичгийн хэлбэрээр илэрхийлээгүй ба хамтран ажиллах болон өөр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. М.З нь 2017 оны 10 дугаар сараас миний бизнест хамтрах хүсэлтээ илэрхийлэн бид үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэрээр санхүү талын бүхий л асуудлуудыг хуулийн талаас нь, миний бие үйл ажиллагаа, хүний нөөц, гадаад харилцаа, борлуулалт, маркетинг, менежмент зэргээ хариуцахаар ажлаа хувиарласан байсан. М.З нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тус И К ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших болсон. Уг мөнгийг М.З өөрийн данс руу шилжүүлэн авсан тул 2 000 000 төгрөгийг И ХХКхариуцахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И К ХХК-иас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Д  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И К ХХК-иас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заажээ. Дээрхээс үзэхэд Э.Д болон И ХХК-ийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь И ХХК-ийн захирал Б.Н  миний бие Э.Д зээл авах хүсэлтээ илэрхийлж байгаагүй бөгөөд гэнэт л манай компанийн дансанд 2 500 000 төгрөгийн орлого орсон. Ямар учиртай мөнгийг М.З л мэдэж байгаа. Ийм нөхцөл байдалд Э.Д И ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Иргэний хуульд зээлийн харилцаа үүссэн гэдгийг зөвхөн мөнгө шилжиж орж ирснээр биш ямар зорилгоор мөнгө зээлж байгаа, хэдийд буцаан төлөх зэрэг зээлийн гэрээний гол шинжүүдийг тохирсон байхыг шаардана. Гэтэл манай компанийн дансаар мөнгө шилжүүлж авсныг И ХХК-ийн зээл байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч И К ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийт 2 000 000 төгрөгийг И К ХХК-д зээлдүүлэн дансанд нь шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ” гэж, хариуцагч И ХХКнь татгалзлаа “... Э.Д танихгүй, аман болон бичгээр хүсэлт илгээгээгүй, хамтран ажиллах болон ямар нэгэн өөр хэлбэрийн гэрээ байгуулаагүй, мөнгө санхүүгийн зээл хүссэн ямар нэг хэлбэрээр харилцаж байгаагүй, 2 000 000 төгрөг компанийн дансанд орсон энэ өдөр М.З өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргажээ. /хх-1, 19-20/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарласан баримт хэрэгт авагдсан байх боловч тэрээр хэргийн оролцогчийнхоо хувьд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан эсэх, тайлбарын агуулгад юу илэрхийлснийг шүүх тодруулаагүй нь буруу байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ мөнгийг бодитойгоор шилжүүлсэн тул зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн агуулгаар тайлбарласан байна. Зээлийн гэрээ нь нэг тал нь мөнгийг шилжүүлэх, нөгөө тал нь буцааж төлөхөөр харилцан үүрэг үүсгэдэг хэлцэл учраас уг хэлцлийг хийсэн тохиолдолд зөвхөн нэг талын хэлцлийн хүсэл зоригийн агуулга хангалтгүй юм. Өөрөөр хэлбэл, нэг тал нь мөнгө зээлэх эсхүл зээлдүүлэх тухай санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэг үүсгэхээр хоёр тал аль аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Ийнхүү харилцан хүсэл зорилгоо илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсоны дараа зээлийн хөрөнгийг бодитойгоор шилжүүлснээр хийгддэг онцлогтой хэлцэл юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Э.Д болон хариуцагч И К ХХК-ийн хооронд харилцан тохиролцож зээлийн гэрээний үүрэг үүсгэх тухай хэлцэл хийгдсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. Хариуцагч нь “нэхэмжлэгч зээлээс өөр үндэслэлээр мөнгийг шилжүүлсэн, уг мөнгийг шилжүүлсэн өдөр нь нэхэмжлэгчтэй танил хамааралтай М.З гэдэг хүн хүлээн авсан” гэсэн агуулгаар тайлбарласан тул М.З холбоотой талуудын тайлбарыг тодруулах байжээ.

 

Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд мэтгэлцсэн байдлаас үзвэл нэхэмжлэгч Э.Доржханд, хариуцагч И К ХХК-тай хамаарал бүхий этгээд байсан М.З нарын хоорондын харилцаа нь хариуцагч компанийн дансанд мөнгө шилжсэн энэ үйл баримттай хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай байсан байна.

 

Талууд хүсэлт гаргасан тохиолдолд гэрчээр асуух эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах зэргээр дээрх нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх нь хууль хэрэглээний ач холбогдолтой. Мөнгө шилжсэн үйл баримт бүрийг зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд учир нь мөнгө шилжсэнтэй холбоотой өөр олон төрлийн гэрээний болон гэрээний бус үүрэг үүсч болно. Иймээс талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тогтооход хамааралтай хэргийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай буруу болжээ.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, талуудын хоорондын маргааны зүйл тодорхой бус, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ