Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2019/03516

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2019/03516 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ххххххххххххх ийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот, Д ХХК-д /РД: 2834359/ холбогдох

124.791.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд,

Төрийг төлөөлж Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Б.Нинж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, В.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хэлтэй харилцагч Д ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 85.108.079 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Дээрхи шимтгэлийг төлүүлэхээр Д ХХК-д Чийн улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 85.108.079 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцсон ба алданги 39.683.321 төгрөг, нийт 124.791.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ХХК-ийн захирал Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Чийн нэхэмжлэлтэй Д ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Манай компани 2004 онд байгуулагдсан ба цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторхи цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, халуун, хүйтэн усны тоолуур засварлах, усны тоолуурын мэдээлэл дамжуулах, зөөврийн сууцны үйлдвэрлэл, сантехникийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээний программ хангамж, барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

Д ХХК нь ажилчидынхаа хуулиар тогтоосон хууль ёсны эрхийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж барагдуулах үүргээ биелүүлсээр ирсэн.

Бидний бизнесийн гол үйл ажиллагаа нь халуун, хүйтэн усны тоолуур засварлах, худалдан борлуулах, усны тоолуурын мэдээлэл дамжуулах усны тоолуурын лабораторын үйл ажиллагаа юм.

Манай компани ОХУ-ын АПЗ үйлдвэрийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсныг бид сунгуулах өргөдлөө 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр А/00292 тоот албан бичгээр Стандарт, хэмжил зүйн газарт өгсөн байдаг.

Гэтэл Стандарт, хэмжил зүйн газар нь бидний гаргасан лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан, үүнийг нь бид мэдэлгүй явж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэж 2019 оны 5 дугаар сарас лабораторийн маань үйл ажиллагааг зогсоож, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон.

Үүнээс үүдээд манай компани Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл 85.108.079 төгрөг, алданги 39.683.321 төгрөг, нийт 124.791.400 төгрөгийн өр төлбөртэй болсон.

Мөн бид гэрээтэй хамтран ажилладаг ОХУ-ын Арзамас хотын АПЗ үйлдвэрээс халуун, хүйтэн усны тоолуур импортлон оруулж ирэхэд төлбөр тооцоогоо ОХУ-ын рублиэр хийдэг ба манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хямрал, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж ханшийн зөрүүний алдагдалд орсоор ирсэн.

Манай компани үйл ажиллагаагаа явуулахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг бөгөөд компаниараа болон захирал, хувьцаа эзэмшигч нь хувь иргэнээр банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авах тохиолдол олон гардаг.

Гэтэл дээр дурьдсан лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа сунгаагүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, гадаад валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалж зарим зээлүүд болон компанийн ажилчдын даатгалыг төлж чадахгүй байдалд хүрсэн.

Манай байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандаж гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авах хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан бөгөөд тухайн байгууллага манай байгууллагыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдалд өртөөгүй байна гэж үзсэн.

Тус компанийн ерөнхий захирал Ц.Над холбогдуулан Алтан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 59.726.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлээд байгаа. Иймд дээр дурьдсан хүндрэлтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэ дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 85.108.079 төгрөг, алданги 39.683.321 төгрөг, нийт 124.791.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Надмидын Ариунааг эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс тус хэлтсийн даргын ажилд эгүүлэн авсан байх ба тэрээр тус хэлтсийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь уг тушаал болон мөн хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4-6 дугаар тал/

 

Д ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нар нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 7 сарын тайлан болон тус компанид ажиллаж буй даатгуулагчдын мөн сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гарган нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэхэд нийгмийн даатгалын байцаагч С.Баярцэцэг шалган хүлээн авсан бөгөөд уг тайланд шимтгэлийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 85.108.079,58 төгрөг гэж тусгажээ.

/ХХ-ийн 11-15 дугаар тал/

 

Чийн улсын байцаагч нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан шаардлагыг Д ХХК-д хүргүүлсэн ба уг албан шаардлагад 2018 оны 4 дүгээр сарын 4-ний байдлаархи 46.974.135,79 төгрөгийн шимтгэлийн өрийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор багтаан төлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарджээ.

/ХХ-ийн 16 дугаар тал/

 

Мөн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг Капитрон банкинд хүргүүлэн тус компанийн тухайн банк дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарласан байна.

/ХХ-ийн 17 дугаар тал/

 

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус хэлтсийн дарга Н.Ариунаа, байцаагч Ч.Мөнх-Ундраа, ажил олгогч Д ХХК-ийн захирал Ц.Н нар нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар уулзалт хийн нийт өрийн 30 хувийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлөхөөр, төлөөгүй тохиолдолд алдангийг хасахгүй нэхэмжлэхээр шийдвэрлэгджээ.

/ХХ-ийн 18 дугаар тал/

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр даатгуулагч болон ажил олгогч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх бөгөөд  мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тэдний тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын төрөл бүрээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлдэг.

 

Хариуцагч Д ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр төлбөл зохих шимтгэл, дутуу төлөгдсөн шимтгэлийн тооцооллыг даатгалын байгууллага дахин гарган ирүүлсэн ба хариуцагч Д ХХК дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 85.108.079 төгрөгийг төлөөгүй ба харин урьд дутуу төлөгдсөн 20.500.000 төгрөгийг төлсөн нь уг тооцооллоор тогтоогдож байх ба хариуцагч тал уг шимтгэлийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд гагцхүү төрийн бусад байгууллагын үйл ажиллагаанаас болон нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлаас үүдээд төлж чадаагүй хэмээн тайлбарлаж байна.

/ХХ-ийн 7-10, 51, 52 дугаар тал/

 

Ажил олгогч нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 17.1.4-т нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан болон дээр дурьдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч буюу хариуцагч Д ХХК нь уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Д ХХК Их Сүндэр Констракшн ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч талын хуульд заасан эрхийг хангах үүднээс нийт 3 удаа хуралдааныг хойшлуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д ХХК нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ажлаа үргэлжлүүлээгүй, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

 

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 85.108.079 төгрөг, алданги 39.683.321 төгрөг, нийт 124.791.400 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэх буюу нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 124.791.400 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Д ХХК-иас 781.907 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН