Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01403

 

 

Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03516 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаар магадлалтай,

 

Ч-ийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 124,791,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ундраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, гуравдагч этгээдээр прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Чсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь 2019.07.31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 85,108,079 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. “Д” ХХК-д Чсийн улсын байцаагчийн 2018.04.05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019.09.07-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 85,108,079 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу алданги 39,683,321 төгрөг, нийт 124,791,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Стандарт, хэмжил зүйн газарт лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг сунгуулах өргөдлөө 2017.11.03-ны өдөр А/00292 тоот албан бичгээр өгсөн боловч үндэслэлгүйгээр гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэж 2019 оны 5 дугаар сараас лабораторийн маань үйл ажиллагааг зогсоож, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Үүнээс үүдээд бид Чэст нийгмийн даатгалын шимтгэл 85,108,079 төгрөг, алданги 39,683,321 төгрөг, нийт 124,791,400 төгрөгийн өр төлбөртэй болсон. Манай байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандаж гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авах хүсэлтийг 2019.11.14-ний өдөр гаргасан бөгөөд тухайн байгууллага манай байгууллагыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдалд өртөөгүй байна гэж үзсэн. Тус компанийн ерөнхий захирал Ц.Насанбатад холбогдуулан Алтан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 59,726,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлээд байгаа байдлыг харгалзан үзнэ үү. Иймд манай компанийн зүгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцсон 39,683,321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03516 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 124,791,400 төгрөг гаргуулан Чэст олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Чэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч “Д” ХХК-иас 781,907 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр  шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чсийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 406 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ЧД-ийн НДХ-ийг төлөөлж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа гэх хүн гарын үсэг зуран 2019.09.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Чсийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Шадив овогтой Алтанчимэгийг 2018.03.26-ны өдөр тус гэрчилгээнд нэмэлтээр өөрчилж бүртгэгдсэн ба үүнээс хойш улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж чадаагүй байна. Тайлбарлавал: Давж заалдах шатны шүүх магадлалдаа Чсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байгаа хэдий ч гэж тайлбарласан мөртлөө энэ үйл баримтанд талууд маргаагүй гэж магадлалдаа тайлбарласан нь буруу юм. /Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5-р нүүр/ Хариуцагчийн зүгээс алданги 39,683,321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Манай компанийн зүгээс тайлангаар гарсан үндсэн өр төлбөр болох 85,108,079 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч уг төлбөрийг төлөх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Учир нь манай компанийн усны тоолуурын лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа дуусч Стандарт, хэмжил зүйн газраас үндэслэлгүйгээр сунгахаас татгалзсан байдаг ба үүнийг бид мэдэлгүйгээр явж байгаад Мэргэжлийн хяналтын газраас итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэж 2019 оны 05 сард лабораторийн үйл ажиллагааг зогсоож бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Компанийн зүгээс гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авах хүсэлтийг Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандаж гаргасан боловч тодорхой бус шалтгаанаар гэрчилгээ гаргаагүй юм. Үүнийг миний бие шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч анхан шатны шүүхийн шийдвэр дээр “манай байгууллагыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдалд өртөөгүй байна гэж үзсэн” /анхан шатны шүүхийн шийдвэрийн 3-р талын 4 дэх догол мөр/ гэж хэлсэн гэж огт хэлээгүй худлаа тайлбарыг нэмж бичсэнд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх энэхүү байдлыг харгалзаж үзээгүйн сацуу дээрх үйл баримт нь өөрөө төрийн үйл ажиллагаанаас болж хувийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ноцтойгоор саад учруулсан тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Тиймээс алданги болох 39,683,321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүлийн 167.1.4-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 406 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Чэс нь “Д” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн 124,791,400 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...алданги болох 39,683,321 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д ...даатгуулагч болон ажил олгогч нь ...хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, 16 дугаар зүйлийн 1-д ... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын төрөл бүрээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж тус тус зааснаар хариуцагч “Д” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээжээ. 

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн 85,108,079 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлагыг 2018.04.05-ны өдөр, дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг 2019.09.07-ны өдөр тус тус хүргүүлж шимтгэлийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.   

 

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын өр болох 85,108,079 төгрөгт хугацаа хэтрүүлсний алданги 39,683,321 төгрөг тооцож шаардсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т “...дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас нийгмийн даатгалын өр болох 85,108,079 төгрөгийг, алдангийн 39,683,321 төгрөгийн хамт нийт 124,791,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.  

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгчийг төлөөлж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа гэх хүн гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан. ...улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Ш.Алтанчимэг бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

 

Чсийг төлөөлж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлд түүнийг ажилд томилсон Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019.05.30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хавсаргаж ирүүлснээс үзвэл Н.Ариунааг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасан, энэ шаардлага хангагдсан байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.26-ны өдөр төлсөн 357,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Б.МӨНХТУЯА