Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/03588

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр Дугаар 101/ШШ2019/03588 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххх тоотод оршин суух, Ч-н Н /РД: ххххх/, М-н Солонго /РД: УХ91042549/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 26-4-46 тоотод оршин суух, Ёндонжамцын М /РД: хххххххххххх/, Н.Ө РД: ххххххххххх/ нарт холбогдох

Гэрээ цуцлах, 54.243.254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н,

Нэхэмжлэгч М.Солонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд,

Хариуцагч Ё.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Н миний бие хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд том охин М.Солонгийн хамт сүүлийн 8 жил авто машины дугуй засаж 7 ам бүлээ тэжээж амьдарч байна. Энэ хугацаанд охин М.Солонгийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах хашаа, байшинг Хаан банкны зээлээр 5 жилийн хугацаатай авсан ба 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр газар чөлөөлөлтөнд орсон.

Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Н.Өын хашааг авах гээд үзэж байхдаа том хүүтэй нь утсаар ярин газрын хөрсийг нь асуухад зүгээр гэж байсан. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 63 тоот хашаа байшинг худалдан авахаар Н.Ө, Ё.М нартай тохирч 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хашаа, байшингаа хүлээн авсан.

Уг Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 63 тоотод байрлах хашаа байшин нь цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, цахилгаан халаалттай, 380 вт-ын цахилгаантай гэсэн учраас бид тохитой амьдрах үүднээс худалдан авсан. Анх 30 хувийг урьдчилан өгөөд 70 хувийг нь дараа нь авна гэж тохирсон боловч бүгдийг нь бэлнээр авна гэсэн учраас бид 43.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 63 тоотод байрлах, 100 м.кв талбайтай байшинг 28.000.000 төгрөгөөр, 588 м.кв талбайтай хашааг 15.000.000 төгрөгөөр, нийт 43.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан.

30.000.000 төгрөгийг нь охин М.Солонго 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкнаас хувийн сууц худалдан авах зориулалтаар зээл авч төлсөн.

2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр биднийг гэртээ унтаж байх үед шөнийн 01-02 цагийн үед тас хийсэн чимээ гарсан ба босоод хартал байшингийн маань хана цуурч, туслах хананууд таазнаас 6 сантиметр орчим хөндийрсөн байсан. Хувийн сууц худалдан авах зориулалтаар банкнаас зээл авахдаа даатгуулсан байсан ба даатгалд шуурхай дуудлага өгтөл ирж үзээд үнэлгээ хийлгэхийг шаардсан.

Улмаар хөрсний шинжилгээ хийлгэсэн 600.000 төгрөг, ерөнхий барилгын зураг төсөл хийлгэсэн 600.000 төгрөг, хохирлын үнэлгээ, дуудлагатайгаа нийлээд 400.000 төгрөг зарцуулсан ба 2019 оны 1 сард даатгалын байгууллагаас 1.500.000 төгрөг өгсөн.

2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө байшингийн урдуур голтой юм шиг ус урсаж эхэлсэн ба одоо ч урссаар байгаа. 1 давхрын шалан доор буюу зоорийн хэсэгт 1 тонн усны сав байдаг ба бид өөрсдөө ус зөөж хийдэг байсан бөгөөд дулаан орсноос хойш ус зөөж хийхээ больсон. Учир нь хөрснөөс гарсан усаар дүүрсэн байдалтай байсаар байгаа.

Мөн бохироо байнга соруулдаг байсан бөгөөд сүүлдээ соруулаад ч нэмэргүй болсон. Дээрээс нь байшингийн маань цонхны рам гажиж, шил нь цуурч хагаран бүх хаалганууд гажин хаагдахаа больсон. Шал хөндийрч 2 давхрын тааз нурж шатны зүүн хэсгийн хана нурж эхэлсэн бөгөөд таазнаас шавар нурсаар байгаа.

Хуульчаас зөвлөгөө авч хуулийн дагуу шүүхэд хандахаар шийдсэн ба хот төлөвлөлтийн газар очиж лавлахад хашааны маань тал улсын онцгой обьект байсныг мэдсэн. Газрын бичиг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, байшингийн бичиг 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр олгогдсоноос харахад зөрчилтэй нь харагдана. Өөрөөр хэлбэл хашаа баригдаагүй байхад байшингийн бичиг баримт гарсан нь зөрчилтэй байгааг илтгэнэ.

Цахилгаан зун 28.000 төгрөг, өвөл 130.000 төгрөг орчим гардаг гэж хэлж байсан ба 380 вт-ын тоолуурын лацыг нь хууль бусаар янзалсныг эрчим хүчнийхэн шалгаж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгөөр торгоно гэхээр нь Ё.М, Н.Ө нараас худалдаж авсан гэрээгээ үзүүлж байж 304.770 төгрөгийн торгууль төлсөн.

Үүнээс хойш сар бүрийн цахилгааны төлбөр 550.000-570.000 төгрөгийн хооронд гарсан нь бидэнд хүндээр туссан.

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг орчимд байшингийн хойд талын тоосго нурж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагаас хойш байшингийн суултаас шалтгаалан цахилгааны утас дарагдан тасарч орой 20 цаг хүртэл цахилгаангүй болж улмаар цахилгаанаа ил холболттой ашиглаж эхэлсэн.

Байшингийн энэ гажгийг амьдрах хугацаандаа олж харан суулт өгч хана цуурсан учраас засвар хийн өөр өөр ханын цаас наасан байж болзошгүй гэж хардахад хүргэсэн ба нүүж ирснээс хойш 7 хоногийн хугацаанд засвар хийж байх явцад 1 давхрын голын цонхны суурь хонхорхой буюу цууралттай байсныг хариуцагч талд зургийг нь үзүүлэхэд хөөж гаргана гэж дарамталж байсан нь, мөнгөө бүгдийг нь бэлнээр авна гэж яарч байсан нь эдгээр булхайгаа нуусан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа.

Хөрш айлын хүмүүс ус гарсан ч манайх руу ордоггүй, ус зайлуулах газраар гардаг, ус хадгалах 1 тонн сав байгаа газрыг грашийн зориулалттай ашиглах гэж байсан учраас гүн ухаж усны сувгийг хөндсөн гэсэн. Ус зайлуулах сувгийг төмрөөр тагласан байсныг ус урсахад хажуу айл руу ус орж байна гэснээр мэдсэн.

Манайх энэ байшинд удаан амьдарна гэж бодсон учраас хашааны хаалга, ханын цаасууд, цахилгааны монтажыг сольсон. Үүнээс өмнө нүүж ирэхэд нэг ч гэрлийн потрон, гэрэл асаах боломжтой залгуур байгаагүй. Мөн суурьшсанаасаа хойш газар бүр мөсөн хөлдөхөөс өмнө гээд 2 машины гражийг нэмж барьсан.

Байшингийн доороос ус гарахад гадна бохир улам дүүрч дотор бохир бөглөрч битүүрээд дотроо бие засах, усанд орох тэр бүү хэл гар нүүрээ угаахад хэцүү болсон. Дээр дурьдсан хүнд нөхцөл байдлуудын улмаас манай гэр бүл худалдан авсан байшиндаа 2019 оны 12 дугаар сараас хойш амьдраагүй бөгөөд байр түрээслэн амьдарч давхар давхар хохирч байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан үл худалдах эд хөрөнгө буюу газар болон байшин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол 54.243.254 төгрөгийг хариуцагч Ё.М, Н.Ө нараас гаргуулж өгнө үү.

Цахилгааны зардал 1.580.110 төгрөг, оношлогоо 1.560.000 төгрөг, Голомт банкинд зээлэнд төлсөн 4.155.544,7 төгрөг, засварын зардал 1.932.600 төгрөг, граш барьсан зардал 1.863.600 төгрөг, нэмэлтээр гарсан засварын зардал 152.000 төгрөг, хашаа, байшингийн үнэ 43.000.000 төгрөг, нийт 54.243.254 төгрөг болж байгаа болно гэв.

 

Нэхэмжлэгч М.Солонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Солонго эх Ч.Нгийн хамт авто машины дугуй засаж ам бүлээ тэжээдэг ба тэд Ё.М, Н.Ө нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 63 тоот хашаа байшинг 43.000.000 төгрөгөөр худалдан авсан.

Худалдан авсан хашаа байшин нь нэхэмжлэгч Ч.Нгийн ярьсанчлан амьдрах наад захын шаардлага хангахгүй тул тэд гэрээгээ цуцлах хохирлоо нэхэмжлэн шүүхэд хандсан.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан газар болон байшин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол 54.243.254 төгрөгийг хариуцагч Ё.М, Н.Ө нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ё.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн нөхөр Н.Өын хамт маргааны зүйл болж буй Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 63 тоотод байрлах хашаанд 2006 оны 7 дугаар сараас эхлэн амьдран суусан бөгөөд өөрийн эзэмшлийн хашаанд байшин барихаар барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн.

Тус хашаанд байрлах байшингийн зураг, эскиз, барилгын материалын тооцоог манай нөхрийн найз, барилгын инженер гаргаж өгсөн бөгөөд бидний хувьд мэргэжлийн арматурчин, мужаан хөлслөн аль чанартай гэсэн материалаар тухайн барилгыг барьж 2014 онд ашиглалтанд оруулсан. Ийнхүү ашиглалтанд оруулсны дараа 2015 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн 000000000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Барилгын 1 давхрыг арматур зангидаж цутгуулсан бөгөөд тухайн байшин барьж дууссанаас хойш зарах хүртэл хугацаанд буюу 2014-2018 он хүртэл 4 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг ус алдсан, гүний ус гарч ирсэн, гал тогооны өрөөний цэвэр ус хадгалах ёмкостны гадуур бетондсон хэсэгт ус тогтож дүүрч байсан удаагүй болно.

Манай нөхөр Н.Өын бие тааруу, бусдын асаргаанд байдаг, төрсөн хүүхдүүд амьдралын шаардлагаар тусдаа гарч, хамт амьдрахгүй болсон, 2 давхар байшинд амьдрах шаардлагагүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн учраас хашаа байшингаа зарахаар шийдэж олон нийтийн цахим сүлжээнд зар тавьсан.

Зар өгсний дараа Ч.Н гэх нэхэмжлэл гаргасан этгээд уулзсан ба өөрийнх нь хашаа байшин дахин төлөвлөлтөнд орсон тул одоо амьдрах газаргүй байгаа, хурдан нүүж ормоор байна, мөнгийг нь 3-7 хоногийн дотор гаргаад өгнө гэсэнд бидний хувьд итгэж хашаа байшинг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр суллан өгч маргааш нь буюу 8 дугаар сарын 30-ны өдөр хашаа, байшингаа хүлээлгэн өгсөн.

Тухайн хашаа байшинг Ч.Н 50.000.000 төгрөгөөр худалдан авна гэж тохиролцсон боловч тухайн хашаа байшингийн үнийг тохирсон хугацаанд өгөхгүй байсан тул төлбөр төлөх талаар хэд хэдэн удаа шаардсан.

Ийнхүү хэд хэдэн удаа шаардсаны эцэст Ч.Н ёмкость чинь усаар дүүрчихлээ, ирж үз гэж дуудсан бөгөөд тухайн нөхцөл байдлыг харахаар очиход ийм зүйл болсон учраас үнийг 10.000.000 төгрөгөөр буулга гэж шаардсан. Бид тус газарт байшин барьж амьдарсан 4 жил, хашаанд амьдарсан 12 жилийн хугацаанд ус гарч ирсэн, ёмкость дүүрсэн асуудал огт гарч байгаагүй тул миний хувьд маш их гайхсан бөгөөд Ч.Нгийн тавьсан хүсэлтийг хүлээн авч 7.000.000 төгрөгөөр хангалттай засвараа хийнэ байх гэж бодолцон бууруулан 43.000.000 төгрөгөөр худалдая гэхэд маш их баярлалаа гээд үлдсэн.

Ийнхүү очиж уулзсанаас хойш 1 сарын хугацаанд Ч.Н төлөхөөр тохиролцсон төлбөрөө төлөөгүй бөгөөд бидний хувьд хүүгийндээ байнга амьдраад байх хэцүү байсан тул аргаа барж хүйтний улирал боллоо, төлбөр мөнгөө авмаар байна, хэрэв төлж чадахгүй бол наймаагаа буцаая, манайх өөрийнхөө байшинд өвөлжье гэтэл намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж загнан, дахиад өөр хүн авахгүй болтол чинь цахим сүлжээгээр зарлаад өгнө шүү гэж дарамталсан. Мөн төлбөрийн талаар асуухаар очиход мөнгөө өгөөгүй атлаа манай байшингийн бүх ханын цаасыг хуулсан байсан бөгөөд тийм үйлдэл гаргасан нь манай байшингийн үнийг дахин буулгах зорилготой, шалтаг хайж байсан гэж үзэж байгаа.

Хашаа, байшинг хүлээн авч нүүн орсноос хойш 1 сар гаруйн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр худалдан авагч нь мөнгөө бүрдүүлэн өгч газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хашаа байшингийн өмчлөлийг шилжүүлэн авсан.

Гэвч хашаа байшинд нүүн орж өөрсдийн өмчлөлд шилжүүлснээс хойш 9 сар гаруй амьдарсны дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасанд миний хувьд их гайхаж байна. Учир нь нэхэмжлэгч нь миний утас, ажлын газрыг мэдэх бөгөөд тухайн маргаантай асуудлаар надтай ирж уулзах бүрэн боломжтой байсан.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлд үр шим эрсдэл худалдан авагчид шилжих тухай зааж зохицуулсан бөгөөд тус зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан бөгөөд Ч.Н тухайн хашаа байшинд нүүн орсноор эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагч талд шилжсэн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаад буй усанд автсантай холбоотой нөхцөл байдлыг бид хариуцах ёсгүй.

Дахин дурьдахад бидний амьдарч байсан хугацаанд ус гарсан гэх асуудал гарч байгаагүй. Энэ байгалийн дахин давтагдашгүй хүчин зүйлс гэж үзэж байгаа тул бид хариуцлага хүлээх ёсгүй.

Мөн нөгөө талаараа худалдан авагч буюу Ч.Н нь хашаа байшингийн үнийг бууруулахаар намайг дуудаж уулзах үед гал тогоонд байрлах бетондсон ёмкость чинь усаар дүүрчихлээ гэж үзүүлсэн бөгөөд тэр үед тухайн газарт усны ундарга байх боломжтой мэдсэн буюу мэдэх боломжтой байсан ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасны дагуу шаардах эрхээ алдсан байна.

Иймд тус шүүхэд Ч.Нгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ё.М шүүхэд гаргасан тодруулсан тайлбартаа болон хариуцагч Ё.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Ө, Ё.М нар нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр М.Солонготой тодорхой хүсэл, зориг илэрхийлж Н.Ө нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт, 33 дугаар гудамж, 63 тоот хаягт байршилтай, ххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, 588 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн 100 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000000 дугаарт бүртгэлтэй 2 давхар хувийн сууцыг худалдахаар тохирсон.

Уг эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Солонгийн эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Газрыг 15.000.000 төгрөгөөр, байшинг 28.000.000 төгрөгөөр тохиролцож худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар өмчлөх эрх худалдан авах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулж нотариатчаар гэрчлүүлэн М.Солонгийн өмчлөлд шилжүүлсэн. Тухайн гэрээнүүд цаг хугацааны хувьд оройтож хийгдсэн явдал нь худалдан авагчийн субьектив тал нөлөөлсөн байдаг.

Ч.Нгийн мэдүүлээд байгаа эд хөрөнгийн доголдлын талаар Н.Ө мэдэхгүй. Уг газрыг анх 2006 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамжаар эзэмших болж тухайн газартаа хашаа барьж амьдарч эхэлсэн. Улмаар тухайн газраа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхтэй болж гэрчилгээгээ авсан.

Амьдарч байгаа орчноо өөрчлөн сайжруулах үүднээс хашаан дотроо амины сууц барих ажлыг 2012 онд эхлүүлж 2013 оны намар барилгын ажлыг дуусгасан. Уг сууц нь 2 давхар бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 000000000000 дугаарт бүртгэлтэй гэрчилгээг авсан.

Уг хувийн сууцандаа 2013 оны намраас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл амьдарсан. Хувийн сууц барих барилгын ажлыг мэргэжлийн хүний гаргасан барилгын зураг, төсвийн дагуу холбогдох барилгын норм, норматив дүрмийн дагуу барьсан. Хашаанд амьдрах хугацаанд хөрсний ус гарах, газрын хөрсөнд ан цав толгод үүсч байгаагүй.

Тухайн орон сууцыг ашиглалтанд оруулснаас хойш нэг ч удаа засвар үйлчилгээ хийж байгаагүй ба засвар үйлчилгээ хийх санхүүгийн боломж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдагдаж буй тэрхүү зүйл нь байгалийн давагдашгүй хүчин зүйл үүссэн юм уу гэсэн бодолтой байна.

М.Солонго нь газар эзэмших эрхийн болон хувийн сууцны биет байдлын талаарх гомдлын шаардлагыг бидэнд гаргаж байгаагүй атлаа шүүхийн журмаар гэрээг цуцалж, 54.243.254 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ч.Нтай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд Ч.Н, М.Солонго нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н, М.Солонго нар нь хариуцагч Н.Ө, Ё.М нарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг болон мөн өдөр байгуулсан газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээг цуцлах, 54.243.254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Цахилгааны төлбөр 1.580.110 төгрөг, хөрсний оношилгоо 1.560.000 төгрөг, банкны зээлэнд төлсөн 4.155.544,7 төгрөг, засварын зардал 1.932.000 төгрөг, граш барьсан зардал 1.863.600 төгрөг, нэмэлт засварын зардал 152.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 43.000.000 төгрөг/

 

ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 588 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Н.Ө Чингэлтэй дүүргийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон ба тэрээр уг газрын өмчлөгчөөр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн нь,

Мөн хаягт байршилтай 100 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 000000000000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ё.М, Н.Ө нар 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 41, 43, 45, 124-210 дугаар тал/

 

Худалдагч буюу хариуцагч Ё.М, Н.Ө нар нь М.Солонготой 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр газар өмчлөх эрх худалдах, худалдан авах болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 588 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газрыг 15.000.000 төгрөгөөр, мөн хаягт байршилтай, 100 м.кв талбайтай хувийн сууцыг 28.000.000 төгрөгөөр тус тус худалдсан нь талуудын тайлбар болон гэрээгээр тогтоогдож байна.

Гэрээний үнэ 43.000.000 төгрөгийг худалдан авагч М.Солонго уг өдрөө төлсөн нь мөн талуудын тайлбараар тогтоогдсон ба дээрхи 2 гэрээний 2.2-т төлбөрийг бүрэн төлж дууссан талаар заажээ.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 40-47 дугаар тал/

 

Талууд татвар төлөхтэй холбоотой гэрээний үнийг 15.000.000 төгрөгөөр, мөн М.Солонго нь үл хөдлөх хөрөнгийн үнийг банкнаас зээл авч төлөхтэй холбоотой 55.000.000 төгрөг хэмээн тогтоож байсан талаараа хэн аль нь тайлбарласан ба газар болон хувийн сууцны үнийг 43.000.000 төгрөг болох талаар талууд маргаагүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 44, 46 дугаар тал/

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 33 дугаар гудамж, 63 тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 588 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газар болон мөн хаягт байршилтай 100 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 000000000000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч буюу хариуцагч Ё.М, Н.Ө нар нь худалдан авагч талд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ч.Н, М.Солонго нар хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг нуун худалдсан гэж,

хариуцагч Н.Ө, Ё.М нар нь Эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлыг мэдэх боломжтой байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, хөрсний уснаас улбаалж ямар нэгэн хүчин зүйлийн нөлөө үүссэн. Ч.Нтай эрх зүйн харилцаа үүсээгүй. Хөрөнгийн биет байдлын доголдлын талаар шаардлага гаргаж байгаагүй гэж тус тус маргаж байна.

 

Хариуцагч Ё.М нь Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 3-63 тоот хаягт байршилтай, 100 м.кв талбайтай хувийн сууцанд цууралт, эвдрэл үүссэн эсэх, үүссэн бол ямар шалтгаан, хүчин зүйлийн үндэслэлээр бий болсон талаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасаны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 11935 дугаар захирамжаар шинжээчээр Монголын хохирол үнэлэгчдийн холбоо-г томилсон байна.

Шинжээчээр томилогдсон Монголын хохирол үнэлэгчдийн холбоо 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот дүгнэлтдээ:

-Үзлэг хийх явцад: Барилгын суурин доороос хөрсний ус гарсан, гадна ханын доорхи шугаман суурь улирлын хөлдөлтийн нөлөөгөөр жигд биш суултанд орж гадга болон дотор хананд хагарал үүссэн, зарим хэсэгтээ эвдрэл өгсөн, хаалга, цонх хэв гажилтийн улмаас шил нь цуурсан, хаалга гажих хаагдахгүй болсон,

-1 давхрын шаланд суулт, овойлт үүссэн, хаалга, цонхны амалгаанд ташуу хагарал үүссэн, барилгын хойд ханын хөөсөн хавтан дулаалга, тоосгон өрлөг хөндийрч нурсан,

-2 давхрын таазны өнгөлгөө хөндийрсөн, тагтны доорх хана үндсэн хананаасаа салж хөндийрсөн, цахилгааны утас тасарсан, 380 вт шит буудсан, 1 давхрын шалан доор байрлах цэвэр усны савны хажуу хэсэг усанд автсан байлаа.

-Каркас цутгах үедээ 1 давхрын баруун талын дам нуруу дундуураа хотойж суулт өгсөн байсныг дээр нь нэмж бетон цутгаж тэгшилсэн байна гэжээ.

-Шинжээчийн дүгнэлтэд:

-Уг барилгыг барихдаа хөрсний онцлогыг харгалзалгүй технологийн алдаа гаргаснаас барилга улирлын хөлдөлт, гэсэлтийн нөлөөгөөр хэв гажилтанд орж ан цав, хагарал эвдрэл үүссэн байна.

-Барилгын гадна ханын доорх шугаман суурь, шалан доорх хөрсийг овойлтгүй хөрсөөр сольж арматурчилж өгөөгүй, гадна ханын хөөсөн хавтан дулаалга, 120 мм тоосгон өрлөгийг багана дам нуруутай нь бэхэлж тор тавиагүй, тагтны доорх ханыг өрөхдөө үндсэн ханатай нь шүдэлж ам даруулалгүй тулгаж өрсөн зэрэг нь барилгыг газар хөдлөлтийн чичирхийлэл болон хэв гажилтанд тэсвэргүй болгосон байна.

Дээрх барилгад дүгнэлт гаргасан зураг төслийн Актас ХХК, инженер, геологийн Энх Өрнөлт ХХК, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн улсын хяналтын байцаагч, хошууч Д.Бат-Эрдэнэ нарын дүгнэлтэд дурьдсан хөрсний овойлтын хүчний нөлөөгөөр барилга хэв гажилтанд орсон гэдэгтэй санал нэг байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 11-33 дугаар тал/

 

Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33-63 тоотын оршин суугч Ч.Н байшингийн доороос ус гарч амьдрах бололцоогүй болсныг шалгаж өгнө үү гэх гомдлыг онцгой байдлын байгууллагад гаргасаны дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч шалгалт хийсэн ба 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 008/05 тоот дүгнэлтдээ Шаварлаг ул хөрс хөлдөж гэсэх үедээ овойлт үүсгэж байшингийн чанарт нөлөөлсөн байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 63-88, 242-250, 2 дугаар хавтасны 1-4 дүгээр тал/

 

Барилгын инженер хайгуулын Энх Өрнөлт ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хоро, Яргайтын 33-63 тоотод хашаанд барьсан 2 давхар барилгын хэв гажилтанд орсон шалтгааныг тогтоох зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд хйисэн судалгааны дүгнэлтэд:

... Судлагдсан талбай өнгөн хөрсөөр 0.2 м зузаан хучигдсан, нэг төрлийн хайрга агуулсан шавранцар ул хөрс жигд тархалттай, хөрсний усгүй боловч талбайд илэрсэн шаварлаг ул хөрс нь улирлын хөлдөлтийн бүсэд хүчтэй овойлт үүсгэдэг зэргээс үзэхэд инженер-геологийн төвөгшлийн ангиллаар төвөгтэй нөхцөлтэй болно.

Талбайд тархсан шаварлаг ул хөрс нь улирлын хөлдөлтийн бүсэд хүчтэй овойлт үүсгэдэг бөгөөд улирлаар хөлдөж гэсдэг, хөлдөхдөө овойлт үүсгэж, гэсэхдээ суулт үүсгэдэг нь барилгын хэв гажилтанд орох нэг шалтгаан болсон. Цаашид тухайн барилгыг ашиглахдаа суурийн хүчитгэл хийх шаардлагатай. Барилга байгууламт төлөвлөхдөө хөлдүү хөрс болон нимгэн мөсөн үе гэсэн ихээхэн хэмжээний суулт үүсгэж хэв гажилтанд оруулдгийг анхаарч улирлын цэвдэг хөрсний температурын горимыг алдагдуулахгүй байх нь зүйтэй гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 89-105 дугаар тал/

 

Хариуцагч Н.Ө, Ё.М нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зарыг олон нийтийн цахим сүлжээгээр түгээн Ч.Н уг хөрөнгийг худалдан авахаар хариуцагч Ё.Мтай ярилцан тохиролцоонд хүрсэн нь, мөн тэрээр хөрөнгийн доголдолтой холбоотой асуудлыг худалдагч талд мэдэгдэж байсан нь хариуцагч Ё.Мын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон тул Ч.Нг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүйгээс гадна хөрөнгийн доголдын талаар худалдагч талд мэдэгдэж байсан гэж үзнэ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 121-123 дугаар тал/

 

Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33-63 тоотод байршилтай 588 м.кв талбайтай газар болон 100 м.кв талбайтай хувийн сууц нь чанарын талаар дутагдалтайн улмаас худалдан авагчийн хэрэгцээг хангаж чадахгүй биет байдлын доголдолтой хөрөнгө болох нь Монголын хохирол үнэлэгчдийн холбоо 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдолтой хөрөнгө гэх ба худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, өөр төрлийн эд хөрөнгөөр солих, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.1.-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нар нь цахилгааны төлбөр 1.580.110 төгрөг, хөрсний оношилгоо 1.560.000 төгрөг, банкны зээлэнд төлсөн 4.155.544,7 төгрөг, засварын зардал 1.932.000 төгрөг, граш барьсан зардал 1.863.600 төгрөг, нэмэлт засварын зардал 152.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 43.000.000 төгрөг, нийт 54.243.254 төгрөгийг нэхэмжлэнэ хэмээн тайлбарлаж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар засварын зардал 1.932.000 төгрөг, граш барьсан зардал 1.863.600 төгрөг, нэмэлт засварын зардал 152.000 төгрөгийн зардал гарсан хэмээн зарлагын баримт ирүүлсэн боловч уг барилгын материалуудыг хэн худалдан авсан болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Ч.Н, М.Солонго нараас уг зардлуудыг гарсан гэж үзэх боломжгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11-15, 17-25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ч.Н уг хувийн сууцанд ороход зориулж хөшиг болон гэрлийн бүрхүүл авсан хэмээн 395.000 төгрөг нэхэмжилсэн ба уг эд зүйлсэд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй, нэхэмжлэгч тал үүнийгээ ашиглаж байх тул уг эд зүйлсийн үнийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 16 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар нь цахилгааны төлбөр 1.580.110 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн хөрөнгө тэдний эзэмшил ашиглалтанд байх үеийн ашиглалтын төлбөрийг хариуцагч нараас гаргуулах боломжгүйгээс гадна мөн тэдгээр нь хөрсний оношилгооны зардалд 1.560.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

 

УБЦТС-ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримтаар Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 33 тоотын өрхийг тоолуурын В, С фазын клем сулласан үндэслэлээр 304.774 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэж хариуцагч тал хариуцах учиртай.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 34, 48-49, 241 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч М.Солонго нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор Голомт банктай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлэн авсан талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

М.Солонго нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 593.670,33 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 593.663,18 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 593.657,29 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 593.651,30 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 593.641,06 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 593.634,79 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 593.627,04 төгрөг, нийт 4.155.544 төгрөг төлснийг мөн нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 39 дүгээр тал/

 

М.Солонго нь худалдан авсан Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 33-63 тоотын хувийн сууцанд засвар хийх зардлыг тодорхойлуулахаар барилгын зураг төсөл, хөрөнгийн үнэлгээний Актас ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулан ажлын хөлсөнд нь 500.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч талаас гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 63-88, 239 дүгээр тал/

 

Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33-63 тоотод байршилтай 588 м.кв талбайтай газар болон 100 м.кв талбайтай хувийн сууц нь чанарын талаар дутагдалтайн улмаас худалдан авагчийн хэрэгцээг хангаж чадахгүй биет байдлын доголдолтой хөрөнгө болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэлтэй бөгөөд худалдагч Н.Ө, Ё.М нар нь худалдан авагч Ч.Н, М.Солонго нарт учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч нарын гүйцэтгэх үүрэг:

-43.000.000 төгрөг /үл хөдлөх эд хөрөнгийн үнэ/

-304.774 төгрөг, /торгуульд төлсөн/

-4.155.544 төгрөг, /банкны зээлэнд төлсөн төлбөр/

-500.000 төгрөг, /хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн ажлын хөлс/

Нийт 47.960.318 төгрөг болно.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Солонго, хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр тус тус байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Н.Ө, Ё.М нараас 47.960.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, М.Солонго нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 6.282.936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 7510 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгч Ч.Нгийн хүсэлт болон баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 106-107 дугаар тал/

Монголын хохирол үнэлэгчдийн холбоо Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 33-63 тоот хаягт байршилтай, 100 м.кв талбайтай хувийн сууцанд цууралт, эвдрэл үүссэн эсэх, үүссэн бол ямар шалтгаан, хүчин зүйлийн үндэслэлээр бий болсон талаар дүгнэлт гаргахдаа хийсэн үзлэгийн си ди бичлэгийг хэрэгт хавсаргасан болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Солонго, хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, хариуцагч Н.Ө, Ё.М нараас 47.960.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, М.Солонго нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 6.282.936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Н.Ө, Ё.М нараас 397.751 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16041 дугаартай захирамжаар хариуцагч Н.Ө, Ё.М нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН