Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00782

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00782

 

Ч.Н, М.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэртэй, Ч.Н, М.С нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.М Н.Ө нарт холбогдуулан гаргасан

Гэрээнээс татгалзаж 54 243 254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 63 тоот хашаа байшинг худалдан авахаар Н.Ө, Ё.М нартай тохирч, хашаа, байшинг хүлээн авсан. Уг хашаа байшин нь цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, цахилгаан халаалттай, 380 вт-ын цахилгаантай гэсэн учраас тохитой амьдрах үүднээс авсан. Анх 30 хувийг урьдчилан өгөөд 70 хувийг нь дараа нь авна гэж тохирсон боловч бүгдийг нь бэлнээр авна гэсэн учраас бид 43 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг М.С  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкнаас хувийн сууц худалдан авах зориулалтаар зээл авч төлсөн. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 12-нд шөнийн 01-02 цагийн үед тас хийсэн чимээ гарсан,босоод хартал байшингийн хана цуурч, туслах хананууд таазнаас 6 сантиметр орчим хөндийрсөн байсан. Даатгуулсан байсан ба даатгалд шуурхай дуудлага өгтөл ирж үзээд үнэлгээ хийлгэхийг шаардсан. Улмаар хөрсний шинжилгээ хийлгэсэн 600 000 төгрөг, ерөнхий барилгын зураг төсөл хийлгэсэн 600 000 төгрөг, хохирлын үнэлгээ, дуудлагатайгаа нийлээд 400 000 төгрөг зарцуулсан ба 2019 оны 1 сард даатгалын байгууллагаас 1 500 000 төгрөг өгсөн. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө байшингийн урдуур голтой юм шиг ус урсаж эхэлсэн ба одоо ч урссаар байна. 1 давхрын шалан доор буюу зоорийн хэсэгт 1 тонн усны сав байдаг ба өөрсдөө ус зөөж хийдэг байсан бөгөөд дулаан орсноос хойш ус зөөж хийхээ больсон. Учир нь хөрснөөс гарсан усаар дүүрсэн байдалтай байсаар байгаа. Мөн бохироо байнга соруулдаг байсан бөгөөд сүүлдээ соруулаад ч нэмэргүй болсон. Дээрээс нь байшингийн цонхны рам гажиж, шил нь цуурч хагаран бүх хаалганууд гажин хаагдахаа больсон. Шал хөндийрч 2 давхрын тааз нурж шатны зүүн хэсгийн хана нурж эхэлсэн бөгөөд таазнаас шавар нурсаар байгаа. Хот төлөвлөлтийн газар очиж лавлахад хашааны тал улсын онцгой объект байсныг мэдсэн. Газрын бичиг 2017 оны 10 сарын 13-ны өдөр, байшингийн бичиг 2014 оны 5 сарын 2-ны өдөр олгогдсоноос харахад зөрчилтэй нь харагдана. Хашаа баригдаагүй байхад байшингийн бичиг баримт гарсан нь зөрчилтэй. Цахилгаан зун 28 000 төгрөг, өвөл 130 000 төгрөг орчим гардаг гэж хэлж байсан ба 380 вт-ын тоолуурын лацыг нь хууль бусаар янзалсныг эрчим хүчнийхэн шалгаж 2018 оны 12 сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөгөөр торгоно гэхээр нь Ё.М, Н.Ө нараас худалдаж авсан гэрээгээ үзүүлж байж 304 770 төгрөгийн торгууль төлсөн. Сар бүрийн цахилгааны төлбөр 550 000-570 000 төгрөгийн хооронд гарсан нь хүндээр туссан. Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 13-нд байшингийн хойд талын тоосго нурж, байшингийн суултаас шалтгаалан цахилгааны утас дарагдан тасарч цахилгаангүй болж ил холболттой ашигласан. Суурьшсанаас хойш 2 машины гражийг нэмж барьсан. Дээрх байдлаас 2019 оны 12 сараас хойш тэнд амьдраагүй, байр түрээслэн давхар хохирч байна. Иймд гэрээг цуцалж, хохирол 54 243 254 төгрөгийг хариуцагч Ё.М, Н.Ө нараас гаргуулж өгнө үү. Цахилгааны зардал 1 580 110 төгрөг, оношлогоо 1 560 000 төгрөг, Голомт банкинд зээлэнд төлсөн 4 155 544 төгрөг, засварын зардал 1 932 600 төгрөг, гарааж барьсан зардал 1 863 600 төгрөг, нэмэлтээр гарсан засварын зардал 152 000 төгрөг, хашаа, байшингийн үнэ 43 000 000 төгрөг, нийт 54 243 254 төгрөг болж байна гэжээ.

 

Хариуцагч Ё.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нөхөр Н.Ө-ын хамт 63 тоотод байрлах хашаанд 2006 оны 7 дугаар сараас амьдран, барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн. Мэргэжлийн арматурчин, мужаан хөлслөн аль чанартай гэсэн материалаар тухайн барилгыг барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Үл хөдлөх хөрөнгийн Y-2202021921 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. 4 жилийн хугацаанд ус алдсан, гүний ус гарч ирсэн, гал тогооны өрөөний цэвэр ус хадгалах ёмкостны гадуур бетондсон хэсэгт ус тогтож дүүрч байсан удаагүй. 50 000 000 төгрөгөөр худалдан авна гэж тохиролцсон боловч тухайн хашаа байшингийн үнийг тохирсон хугацаанд өгөхгүй байсан тул төлбөр төлөх талаар хэд хэдэн удаа шаардсан. Эцэст Ч.Н ёмкость чинь усаар дүүрчихлээ, ирж үз гэж дуудсан бөгөөд тухайн нөхцөл байдлыг харахаар очиход ийм зүйл болсон учраас үнийг 10 000 000 төгрөгөөр буулга гэж шаардсан. Ч.Н-ийн тавьсан хүсэлтийг хүлээн авч 7 000 000 төгрөгөөр хангалттай засвараа хийнэ байх гэж бодолцон бууруулан 43 000 000 төгрөгөөр тохиролцсон. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасны дагуу шаардах эрхээ алдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл үүссэн юм уу гэсэн бодолтой байна. М.С нь газар эзэмших эрхийн болон хувийн сууцны биет байдлын талаарх гомдлын шаардлагыг бидэнд гаргаж байгаагүй атлаа шүүхийн журмаар гэрээг цуцалж, 54 243 254 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.С, хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, хариуцагч Н.Ө, Ё.М  нараас 47.960.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, М.С нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 6.282.936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Н.Ө, Ё.М  нараас 397.751 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16041 дугаартай захирамжаар хариуцагч Н.Ө, Ё.М нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх эрх зүйн маргаанд дүгнэлт өгөхдөө гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдолтой хөрөнгө гэж үзнэ гэж дүгнэсэн. Худалдан авагч нар доголдлын талаар худалдагчид мэдэгдэж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа эд хөрөнгийн доголдол гэх зүйлүүдийг олж мэдсэн. Худалдан авагч нар доголдлын талаар шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн байна. Н.Ө нь хямдруулж 43 000 000 төгрөгөөр худалдсан. Үнэ бууруулах болсон шалтгаан нь зооринд байрлах ёмкость усаар дүүрсэн гэсэн гомдлыг Ч.Н хэлж 10 000 000 төгрөг хас гэж хэлэхэд 7 000 000 төгрөгөөр хасаж 43 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Энэ үеэс хойш Ч.Н, М.С нараас дахин бид нартай холбогдож байсан удаа байхгүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй. Орон сууцыг зориулалтаар ашиглах боломжтой хөрөнгө, гэтэл шүүх ийм шийдвэр гаргаж миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Н, М.С нар нь хариуцагч Н.Ө, Ё.М нарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйл, хохирлын хамт нийт 54 243 254 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1-р хх-1-4, 42, 44, 121-123/ Нэхэмжлэгч хохиролд цахилгааны төлбөр 1 580 110 төгрөг, хөрсний оношилгооны төлбөр 1 560 000, банкны зээлийн хүүд төлсөн 4 155 544 төгрөг, засварын зардал 1 932 000 төгрөг, гарааш барьсан зардал 1 863 600 төгрөг, нэмэлт засварын зардал 152 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 43 000 000 төгрөг төлснөө буцаан шаардсан.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох газар, амины сууцад амьдрах явцад үл хөдлөх хөрөнгөд доголдол илэрч эхэлсэн, уг доголдол ... барилгыг барихдаа хөрсний онцлогийг харгалзалгүй технологийн алдаа гаргасан, барилгын гадна ханын доорх шугаман суурь, шалан доорх хөрсийг овойлтгүй хөрсөөр сольж арматурчилж өгөөгүй, гадна ханын хөөсөн хавтан дулаалга, 120 мм тоосгон өрлөгийг багана дам нуруутай нь бэхэлж тор тавиагүй, тагтны доорх ханыг өрөхдөө үндсэн ханатай нь шүдэлж ам даруулалгүй тулгаж өрсөн зэрэг нь барилгыг газар хөдлөлтийн чичирхийлэл болон хэв гажилтад тэсвэргүй болгосон, хөрсний овойлтын хүчний нөлөөгөөр барилга хэв гажилтад орсонтой холбоотой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /2-р хх 11-33/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ худалдагч биелүүлээгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцалж учирсан хохирол, зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүхээс гэрээгээр шилжүүлсэн төлбөр, хохирол зардлын талаар дүгнэж, нийт 47 960 318 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол зардлын агуулгад нийцсэн.

 

Хариуцагч гэрээнд чанарын талаар заагаагүй, сууц нь зориулалтаар ашиглах боломжтой хөрөнгө гэж маргасан. Ус урсаж байгаа, хана цуурсан, 1-р давхрын шаланд суулт, овойлт үүссэн, хаалга, цонхны амалгаанд ташуу хагарал үүссэн, барилгын хойд ханын хөөсөн хавтан дулаалга, тоосгон өрлөг хөндийрч нурсан, 2-р давхрын таазны өнгөлгөө хөндийрсөн, тагтны доорх хана үндсэн хананаасаа салж хөндийрсөн, цахилгааны утас тасарсан, 380 вт шит буудсан, 1 давхрын шалан доор байрлах цэвэр усны савны хажуу хэсэг усанд автсан, каркас цутгах үедээ 1 давхрын баруун талын дам нуруу дундуураа хотойж суулт өгсөн байсныг дээр нь нэмж бетон цутгаж тэгшилсэн зэрэг доголдол нь зориулалтаар ашиглах боломжтой, амь нас, эрүүл мэндэд аюулгүй гэж тухайн хөрөнгийг дүгнэх боломжгүй болгож байна. Тухайлбал, барилга газар хөдлөлтийн чичирхийлэл болон хэв гажилтад тэсвэргүй болсон тухай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Нэхэмжлэгчээс гарсан хохирол зардлууд нь тухайн барилгын доголдолтой шалтгаант холбоотойгоор үүссэн, барилгын доголдол нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД