Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/02719

 

 

                            

 

 

2022 оны 07 сарын 27 өдөр                       Дугаар 102/ШШ2022/02719                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...-р хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байр, регистр ..., Г...банк, 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .-...р хороо, Нарны зам гудамж ... байр, .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...., нийтийн байрны .... тоотод оршин суух, регистр ..., О... овогтой Д.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30 156 758.30 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б., хариуцагч Д.Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Д.Ц.д холбогдуулан 30 156 758.30 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

“Г.банк” ХХК, Д.Ц.тай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ3305113885 тоот Зээлийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. ЗГ3305113885 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 63 365 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал барьцаалж авсан. Тус зээл нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 27 000 000 төгрөгийн зээл авснаас 18 471 324.79 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү нь 10 409 910.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 079 320.35 төгрөг, даатгалын төлбөр нь 196 198 төгрөг, нийт 30 156 758.30 төгрөг нь 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1001 хоногийн хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна. Иймд зээлийн гэрээний үүргээс татгалзаж, Д.Ц..аас дээрх 30 156 758.30 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ3305113885 тоот Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Д.Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Г. банк” ХХК-аас 27 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 10 780 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хүүгүй, даатгалын мөнгөнөөс төлсөн. Одоо үндсэн зээлээс 18 478 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс хойш цар тахал, ковид гарч авсан гоо сайхны бараагаа зарж борлуулах боломжгүй болсон. Гоо сайхны бараа 6 сарын хугацаатай байдаг учир цар тахлаас шалтгаалж хөл хорио тавьснаас болж 20 000 000 төгрөгийн бараа хугацаа дуусаж муудсан. Би 5 өрөө 160 000 000 төгрөгийн байраа 80 000 000 төгрөгийн барьцаанд хураалгасан. Үүнээс болж миний бизнес дампуурсан. Худалдаа хөгжлийн банкнаас 10 000 000 төгрөг, Хаан банкнаас 10 000 000 төгрөг, П...ХХК, ББСБ-аас 12 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан, зээлийг төлж чадаагүй. Би одоо ажил хөдөлмөр эрхлээгүй, өсвөр насны хүүхэдтэйгээ хамт нийтийн байранд амьдардаг. Г... банкнаас нэхэмжилж буй 10 409 914  төгрөгийн зээлийн хүүг бууруулж, нэмэгдүүлсэн зээлийн хүү 1 079 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн зээлийг их хэмжээгээр төлөх боломжгүй, миний нөхцөл байдал хүнд байгаа гэв.

3.Нэхэмжлэгч: Г... банкны 2018 оны 10-р сарын 18-ны өдрийн ЗГ3305113885 тоот “Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга  /хх 8-14/,

Хариуцагч: Нет капитал ББСБ-ын мэдэгдэл /хх 50/,  ХААН банкны кредит картын гэрээ /хх 51-53/, Примуөсхолдинг ХХК-ний зээлийн гэрээ /хх 54-57/ зэрэг баримтуудыг гаргажээ.

                                            ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Голомт банк нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ3305113885 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэх, барьцааны гэрээгээр 63 365 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалахаар тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10-р сарын 15-ны өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээл 27 000 000 төгрөг, зээлийн хүү 6 043 444 төгрөг нийт 33 043 444 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 8 528 675 төгрөг, зээлийн хүүнд 3 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 575 төгрөг төлсөн байна.

Талууд гэрээний 3.1.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувиас хэтрээгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон, зээлийн үлдэгдэл 18 471 324 төгрөг, зээлийн хүү 10 409 914 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 079 320 төгрөг нийт 29 960 559.44 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.

Даатгалын тухай хуулийн 3-р зүйлийн 3.4-т “Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна” гэж заасан байх ба банкны зээлийг заавал даатгуулах албан журмын даатгал гэж үзэхгүй.

Талууд гэрээний 2.13 дахь хэсэгт “Банк даатгуулах шаардлагатай гэж үзсэн нөхцөлд зээлдэгч нь барьцааны зүйл болон бусад хөрөнгө, бизнесийн үйл ажиллагааг эрсдэлээс болон нөхцөлийн дагуу нэр хүнд бүхий бие даасан даатгалын компаниар даатгуулна” тохирсон байх ба нэхэмжлэгч нь даатгалын компанитай хийсэн гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Г. банк болон Д.Ц. нарын хэн нь даатгуулагч болох нь баримтаар тогтоогдоогүй байхад даатгалын хураамж гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 308 733 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 308 733 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 307 775 төгрөг гаргуулж Голомт банкинд олгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                     ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх  хэсэгт заасныг баримтлан Д..ын Ц..аас 29 960 559.44 /хорин есөн сая зургаан есөн зуун жаран мянга таван зуун тавин ес төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж Г. банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 196 198 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хуулийн 159-р зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц...ын 63 365 000 төгрөгийн бараа материалыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 733   төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц...аас 307 752 /гурван зуун долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.. банкинд олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                   

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА