Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01743

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01743

 

ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/02719 дугаар шийдвэртэй,

ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,156,758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагч Д.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ГБ ХХК нь Д.Ц-тай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ3305113885 тоот зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн.

1.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 63,365,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал барьцаалж авсан.

1.3.Тус зээл нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 18,471,324 төгрөг, зээлийн хүү 10,409,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1,079,320 төгрөг, даатгалын төлбөр 196,198 төгрөг, нийт 30,156,758.30 төгрөгийн үлдэгдэлтэй, 1001 хоногийн хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна.

1.4.Иймд зээлийн гэрээний үүргээс татгалзаж, Д.Ц-аас дээрх 30,156,758 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би ГБ ХХК-аас 27,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 10,780,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хүүгүй, даатгалын мөнгөнөөс төлсөн. Одоо үндсэн зээлээс 18,478,000 төгрөгийн үлдэгдэлтэй.

2.2. Үүнээс хойш цар тахал, ковид гарч авсан гоо сайхны бараагаа зарж борлуулах боломжгүй болсон. Гоо сайхны бараа 6 сарын хугацаатай байдаг бөгөөд хөл хорио тогтоосноос 20,000,000 төгрөгийн барааны хугацаа дуусаж муудсан.

2.3. Би 5 өрөө 160,000,000 төгрөгийн байраа 80,000,000 төгрөгийн барьцаанд хураалгасан. Үүнээс болж миний бизнес дампуурсан.

Худалдаа хөгжлийн банкнаас 10,000,000 төгрөг, Хаан банкнаас 10,000,000 төгрөг, П- ББСБ ХХК-аас 12,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан, зээлийг төлж чадаагүй.

2.4. Би одоо ажил хөдөлмөр эрхлээгүй, өсвөр насны хүүхэдтэйгээ хамт нийтийн байранд амьдардаг.

2.5. ГБнаас нэхэмжилж буй 10,409,914 төгрөгийн зээлийн хүүг бууруулж, нэмэгдүүлсэн зээлийн хүү 1,079,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц-аас 29,960,559.44 төгрөг гаргуулж ГБинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 196,198 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-ын 63,365,000 төгрөгийн бараа материалыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-аас 307,752 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБинд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Д.Ц- нь ГБтай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 27,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх, барьцааны гэрээгээр 63,365,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалахаар тохиролцсон.

4.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн ашиглаж болох зээлийн хэмжээ нь 26,730,000 төгрөг болно.

Дээрх хуульд банк нь зээлдэгчээс зээлийн хүү болон зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү авах тул зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэж заан зээлдэгчээс 270,000 төгрөг суутган авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.3. Зээлийн гэрээгээр даатгалыг тохиролцсон боловч даатгалын гэрээ хэрэгт авагдаагүй, даатгалын гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байхад зээлдэгчээс 156,780 төгрөгийг даатгалд суутгасан нь үндэслэлгүй байна.

4.4. Зээлийн хугацаанд ковид19 цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн байдал хүндэрч олон удаагийн хөл хорио тогтоосноос бизнесийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал болон бэлэн байдлын хэсэгчилсэн байдалд удаа дараа шилжүүлж байсан.

Зээлийн хугацаанд нийт 65 хоног хөл хорио тогтоосон бөгөөд нэг өдрийн зээлийн хүү 10,323.7 төгрөг, 65 хоногийн хүү 671,040.4 төгрөг, нэмэгдүүлсэн 134,208 төгрөг, зээлийн шимтгэл 270,000 төгрөг, даатгалд суутгасан 156,780.82 төгрөг нийт 1,232,029.36 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжилж олсон. Зээлийн гэрээ дуусгавар болсон хэдий ч Чингэлтэй дүүргийн шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан.

5.2. Зээлийн дансны хуулга болон зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарь зэргээс үзэхэд банкнаас 27,000,000 төгрөгийг зээлийн дансанд олгосон. Иймд ашиглах боломжоор бүрэн хангасан.

5.3. Монгол банкны ерөнхийлөгчийн А203 дугаар тушаалд банк шимтгэл авах тохиолдолд зээлийн гэрээнд тусгана гэсний дагуу гэрээнд тусгасан тул шимтгэл авах нь үндэслэлтэй.

5.4. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулж харилцагч төлөхөөр зээлийн гэрээнд тусгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйлээс үл хамаарч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд банкнаас нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,156,758 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл 18,478,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ГБ ХХК болон Д.Ц- нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Д.Ц- нь 27,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээнүүд хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч Д.Ц-ын зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 6,043,444 төгрөг, нийт 33,043,444 төгрөг байсан ба үүнээс үндсэн зээлд 8,528,675 төгрөг, зээлийн хүүнд 3,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,575 төгрөг төлсөн байна.

 

5. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж заажээ.

Уг арга хэмжээг авахаас өмнө талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зээлдэгч Д.Ц- нь зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргаагүй байна.

 

6. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 18,471,324 төгрөгийг үндсэн зээлд, 10,409,914 төгрөгийг зээлийн хүүд төлөх үүрэгтэй байна.

 

7. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх боломжтой.

 

8. Зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 1 хувь байхаар талууд тохиролцжээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А203 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг гэж тодорхойлжээ.

 

Иймд санхүүгийн үйлчилгээний зардлыг харилцагчаас төлүүлж буй тохиолдолд уг зардлын хэмжээг гэрээний үнийн дүнгээс тооцож байгаа нь зардал бодитой байх зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, зардал тодорхой, бодитой гарсан байх учиртай болохоос гэрээний үнийн дүнгээс хувиар тогтоосон аргаар хийсвэрлэн тогтоосныг бодит гэж дүгнэхээргүй байх тул гэрээний үнийн дүнгийн 1 хувиар тогтоож гэрээнээс суутгаж авсан шимтгэлийг буцаан олгох нь зүйтэй.

 

9. Даатгалын хураамж гаргуулах шаардлага үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

10. Талууд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээгээр 63,365,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Гэрээний 2.1-д зааснаар барьцааны зүйл болох бараа материалын тоо ширхэг, үнийг гэрээний хавсралтад заана гэж тохиролцсон боловч уг хавсралтыг баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй тул ямар үнэтэй, ямар бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь тодорхой бус, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Анхан шатны шүүх шийдвэрийн мөнгөн дүнг үгээр илэрхийлэхдээ есөн зуун жаран мянга гэж бичихийг зургаан есөн зуун мянга гэж алдаатай бичсэн, иргэний гүйлгээнд байхгүй төгрөгийн задгай нэгж болох мөнгөөр нэхэмжлэлийн мөнгөн дүнг тодорхойлсон, нэхэмжлэгч байгууллагын нэрийг буруу бичсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6 дахь хэсэгт зааснаар тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байх гэснийг анхаараагүй алдааг тус тус залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

12. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/02719 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 29,960,559.44 /хорин есөн сая зургаан есөн зуун жаран мянга таван зуун тавин ёс төгрөг дөчин дөрвөн мөнгө/ гэснийг 28,881,234 гэж, 196,198 гэснийг 1,275,524 гэж, ГБинд гэснийг ГБ ХХК-д гэж тус тус өөрчилж, олгож, гэсний дараа барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай болон гэж нэмж,

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 гэж дугаарласныг 2 гэж, уг заалтад 307,752 /гурван зуун долоон мянга долоон зуун тавин хоёр/ гэснийг 302,356 гэж, ГБинд гэснийг ГБ ХХК-д гэж,

3 дахь заалтад эрхтэй гэснийг эрхтэй болохыг дурдсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА