Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/02716

 

 

                                

 

 

 

 

2022 оны 07 сарын 27 өдөр                      Дугаар 102/ШШ2022/02716                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...-р хороо,  М... хотхон ... байр, ... тоотод оршин суух, регистр ...,  Т. овогтой Б.гийн О.,  

Хариуцагч: Баянгол дүүргийн ...р хороо, ... байр, ... тоотод оршин суух, регистр ..., . Б. овогтой С...ийн Г.,

Нэхэмжлэлийн шаардлага: 88 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б. /үнэмлэх 0051/, хариуцагч С.Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Нэхэмжлэгч нь С.Г.. холбогдуулан 88 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Б.О... нь С.Г...тай харилцан тохирч Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 айлын нийт 10 000 м.кв газрын гэрчилгээ гаргуулахаар ажлын хөлсөнд 13 000 000 төгрөгийг төлсөн. Тус 14 айлын газрыг бетоноор хүрээлэхэд нийт 150 000 000 төгрөгийн материал, ажлын хөлс орсон. Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр тухайн газрыг чөлөөлж бетонон хашааг нураасан. С.Г...ын буруутай үйл ажиллагаанаас болж ийнхүү нийт 163 000 000 төгрөгөөр хохирсон. С.Г...аас авах нийт хохирлын дүн болох 163 000 000 төгрөгийн 75 000 000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдэгдэл 88 000 000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 44 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 44 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Гэвч энэхүү гэрээг байгуулснаас хойш төлбөр төлөгч буюу хариуцагч С.Г.... нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч С.Г...аас 88 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 88 000 000 төгрөгийг эвлэрлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Тухайн хашааг аваагүй байхад Б.О... бид 2 дүр эсгэсэн зээлийн гэрээ байгуулсан. Би 13 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Би 2 үйлдвэрийн газар авч өгсөн. Бэлнээр авсан 13 000 000 төгрөг төлөх саналтай байна. 2016 оны 11 дүгээр сард 14 айлын газарт бетонон хашаа барьсан. Одоогийн байдлаар Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй барьсан тул хашааны 3 талыг нь буулгасан. Хашааг 150 000 000 төгрөгөөр барьсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Ямар ч зөвшөөрөлгүй харилцан ярилцаж тохирсон. 13 000 000 төгрөгийг бүрэн төлөх боломжтой гэв.

3.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 3/, Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ /хх 4/, Хаан банкны депозит дансны хуулга /хх 5-9/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн  албан бичиг /хх 10/ зэрэг баримтуудыг гаргажээ.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Б.О.... нь С.Г...аар Баянзүрх дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 айлын нийт 10 000 м.кв газрын гэрчилгээ гаргуулахаар харилцан тохирч 2017 онд 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 5-9/

Талууд С.Г...ыг газар эзэмшүүлэх, гэрчилгээ олгох эрх бүхий этгээд биш гэдгийг мэдэж байсан боловч дээрх хэлцлийг хийсэн, улмаар бетонон хашаа барьж 150 000 000 төгрөгийн зардал гаргасан талаар маргасан байна. Нийслэлийн газрын алба дээрх газрыг чөлөөлсөн гэх ба нэхэмжлэгч гарсан зардал, хохирлоо С.Г...аар төлүүлэхээр хэлцэл хийжээ.

Төлбөр барагдуулах тухай 2021 оны 1 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр С.Г... нь хохирол 75 000 000 төгрөг, төлбөр 13 000 000 төгрөг нийт 88 000 000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 44 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 44 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирчээ.

Хэдийгээр хариуцагч нь 13 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэх боловч талууд энэ хэлцлийг хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, хохирлоо гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 597 950 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 597 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 597 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г...с 88 000 000 /наян найман сая/ төгрөг гаргуулж Б.О...д олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Г...аас 597 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Р.АЛТАНТУЯА