Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01774

 

 

 

.........-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/02716 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .........-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..........-д холбогдох 88,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав, түүний өмгөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.........- нь ..........-тай харилцан тохирч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 айлын нийт 10,000 м.кв газрын гэрчилгээ гаргуулахаар ажлын хөлсөнд 13,000,000 төгрөгийг төлсөн. Тус 14 айлын газрыг бетоноор хүрээлэхэд нийт 150,000,000 төгрөгийн материал, ажлын хөлс орсон. Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр тухайн газрыг чөлөөлж бетонон хашааг нураасан. .......-ын буруутай үйл ажиллагаанаас болж ийнхүү нийт 163,000,000 төгрөгөөр хохирсон. ..........-ас авах нийт хохирол 163,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдэгдэл 88,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 44,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 44,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Гэвч энэхүү гэрээг байгуулснаас хойш ..........- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээний дагуу ..........-ас 88,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.........-той 88,000,000 төгрөгийн эвлэрлийн гэрээг байгуулсан. Тухайн хашааг аваагүй байхад .........-той дүр үзүүлэн зээлийн гэрээ байгуулсан. ..........- нь 13,000,000 төгрөгийг бэлнээр авсан ба 2 үйлдвэрийн газар авч өгсөн. Бэлнээр авсан 13,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. 2016 оны 11 дүгээр сард 14 айлын газарт бетонон хашаа барьсан. Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй барьсан тул хашааны 3 талыг нь буулгасан. Хашааг 150,000,000 төгрөгөөр барьсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Ямар ч зөвшөөрөлгүй харилцан ярилцаж тохирсон. 13,000,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..........-ас 88,000,000 төгрөг гаргуулж .........-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч ..........-ас 597,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 88,000,000 төгрөгөөс 13,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул 75,000,000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хүүгүй зээлийн эвлэрлийн гэрээ гэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 102/ШШ2022/02716 дугаар шийдвэр гаргаж, хариуцагчаас .........-д 88,000,000 төгрөгт олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Миний бие энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, улмаар хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: .........- нь өөрийн авахыг хүссэн газарт 7 жилийн өмнө хэний ч зөвшөөрөлгүй блокон хашаа барьж, түүнийгээ 150,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэл гаргасан нь тухайн үеийн зах зээлийн бодит үнээс дэндүү өндөр байгаа төдийгүй хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хашаагаа барьчихаад газрын гэрчилгээг гаргаж өгч туслаач бензин, тээвэр болон бичиг хэргийн зардалд 13,000,000 төгрөгийг өгье гэж урьдчилан тохирсон атлаа одоо хашааны үнийн дүнгийн 50 хувь 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь буруу болно. ..........-ас учруулсан хохирол биш болох нь тодорхой юм.

.........- нь 13,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч төрийн байгууллагын албадан гаргасан хохирлыг хамаарал бүхий этгээд биш ..........-ар төлүүлэхээр дүр үзүүлсэн гэрээ байгуулсан болохыг анхан шатны шүүхийн шүүгч ........ шүүх хурал дээр онцлон хэлсэн. Хэдийгээр гэрээ хууль бус, хүчин төгөлдөр бус байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар тогтоож байна, давж заалдах шатны шүүх дээр төлбөрийн хэмжээ өөрчлөгдөн хянагдаж тодорхой болох биз гэж хэлсэн гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн талын тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа гэх боловч давж заалдах гомдол байхгүй. Хуульд давж заалдах гомдол гаргах хэлбэр, агуулгыг заасан. Гэтэл хэрэгт давж заалдах гомдол байхгүй, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга гэж тус тус бичсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүхэд байгаагүй, нотлох баримтгүй, төлбөр барагдуулах гэрээ буюу хуульд зааснаар нэрлэгдээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл хангах тухай байсан. Гэтэл одоо хүүгүй зээлийн гэрээ гэж бичиж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гэж өөрөө бичиж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад үүнийг нь давж заалдах шатны шүүх хүлээж авсан. Хуульд нэхэмжлэл хүлээж авахаас татгалзах үндэслэл болон хэргийн харьяаллын талаар заасан. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн шүүх иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл үүнийг гомдол гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах гомдлыг хүлээж авах, татгалзах гэсэн зохицуулалт байгаа. Илтгэгч шүүгч уншиж, тайлбарлахдаа, гомдол гэж байна. Гэтэл үүнд гомдол гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Хариуцагч нь хууль эрх зүйн зөвлөгөө өгөх Буянт төвийн захирал хуульч, эрх зүйч боловч хуулиа мэдэхгүй байна. Хэрэгт давж заалдах гомдол гаргаагүй нэхэмжлэл гаргасан. Хэрэв гомдол гэж үзэж байгаа бол хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.2 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг бичгээр гаргаж, түүнд гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа, гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа, шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа, гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт зэргийг тусгана.

 

Нэхэмжлэгч ..........- нь нэхэмжлэл гаргах тухай, нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага гэх зэргээр бичсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байгааг, Буянт ургийн Сангидоржийн Гантулга гэж тодорхой бичсэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/02716 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй байгааг илэрхийлсэн, шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу 75,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгааг болон давж заалдах шатны шүүхээр шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтээ тус тус заасан тул түүний нэхэмжлэл гаргасан гэснийг давж заалдах гомдол гаргасан гэж үзэж, давж заалдах гомдол гаргах хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзээгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

2.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

2.а. Нэхэмжлэгч .........- нь хариуцагч ..........-д холбогдуулан Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-ний үүрэгт 88,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14 айлын 10,000 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг гаргуулахаар ..........-д хөлсөнд 13,000,000 төгрөг төлсөн, мөн тус газрыг бетон хашаа барихад материал болон ажлын хөлсөнд 150,000,000 төгрөг зарцуулсан боловч Нийслэлийн газрын алба зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр газрыг чөлөөлсөн, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 163,000,000 төгрөгөөр хохирсон гэж тайлбарласан.

 

2.б. Анхан шатны шүүх талууд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-г байгуулж, .........- хашааны нийт зардал 150,000,000 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 75,000,000 төгрөг болон ажлын хөлс 13,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгийг ..........- төлөхөөр харилцан тохиролцсоныг үндэслэн хариуцагч ..........-ас 88,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........-д олгож шийдвэрлэхдээ эрх зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталсан байгаа боловч нэрлэгдээгүй гэрээ гэж яагаад үзсэн, үүрэг үүссэн, үүргийн биелэлт шаардсан агуулгатай нэхэмжлэл гэж үзсэн бол гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гаргуулах ямар үндэслэл байгаа зэрэг асуудлаар дүгнэлт хийхгүйгээр эдгээр зохицуулалыг баримталсныг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

2.в Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-нээс өмнө талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх хуулийг зөв тогтооход ач холбогдолтой байж болохоор байна. Учир нь нэхэмжлэгч .........- нь .............-д газрын гэрчилгээ гаргуулах зорилгоор ажлын хөлсөнд 13,000,000 төгрөг өгсөн... гэж, хариуцагч ..........- нь ...2 үйлдвэрийн газар авч өгсөн...би газар олгох, эзэмшүүлэх эрх бүхий этгээд биш... зуучилсан... гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...тухайн үед зуучлалын гэрээ хийсэн... гэж тус тус тайлбарласан.

 

Гэтэл талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн эсэх, ийнхүү газрын гэрчилгээ гаргуулахад зуучлах нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл мөн эсэхийг тодруулснаар талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-нд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй. Хэдийгээр талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээгээр хязгаарлагдах учиртайг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан.

 

2.г. Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-нд .........- хашааны нийт зардал 150,000,000 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 75,000,000 төгрөгийг ..........-ас авах гэж тохиролцсон боловч хариуцагч ...Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй барьсан тул хашааны 3 талыг нь буулгасан. Хашааг 150,000,000 төгрөгөөр барьсан гэх ямар ч нотлох баримт байхгүй... гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагчийн буруугаас хашааг буулгасан гэж үзэх эсэх, 3 тал хашаа барьсан зардлыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй эсэхийг тус тус тодруулах шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

2.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудаас тодруулах замаар хэргийн үйл баримтыг тогтоогоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондох маргаанд эрх зүйн үүднээс дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/02716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ