Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 910

 

 “МТП” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00429 дугаар шийдвэртэй, “МТП” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК--д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр болон алданги 87 348 150 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 121/16 дугаартай гэрээ, 122/16 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 182/ШШ2017/02204 дугаартай шүүхийн шийдвэрээр “С” ХХК- нь манай компаниас 59 240 500 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсан нь тогтоогдож, гэрээний үндсэн төлбөр болон алданги 87 348 150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн боловч энэ талаар 182/ШШ2017/02204 дугаар шүүхийн шийдвэрт тусгаагүй тул худалдан борлуулах ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн байна. Иймд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 122/16 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203000899, гэрчилгээний 00014039 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 35 тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлэж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02204 дугаартай шийдвэрээр, “С” ХХК--иас 87 348 150 төгрөгийг гаргуулж, “МТП” ХХК--д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 121/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” мөн өдрийн 1221/16 дугаартай “Барьцааны гэрээ” /үл хөдлөх эд хөрөнгө/ зэрэг нь 182/ШШ2017/02204 дугаар шийдвэрийн үндэслэл болж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнтэй нийцэж байх тул дахин нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Барьцааны гэрээ үндсэн үүрэгтэй уялдах бөгөөд үндсэн үүргийг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарснаар барьцааны гэрээ мөн дуусгавар болох талаар гэрээнд заасан. Нэхэмжлэгч үндсэн үүргээ шийдвэрлүүлэхдээ барьцааны гэрээний асуудлаа мартсан байж байгаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шаардлагаа гаргах нь зүйтэй гэж гэдгээ мэдэж байгаа нь ойлгомжгүй, тухайн үед барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа үндсэн үүрэгтэй хамт гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Аранжин, А.Цэнгүүн, Э.Алтанцэцэг нар нь маргааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19 дүгээр байр, 35 тоотод байршилтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нар тул эрх ашиг нь хөндөгдөнө. Гуравдагч этгээд нарын хувьд хариуцагч “С” ХХК--тай ашиг сонирхлын болон бусад асуудлаар өөр хоорондоо зөрчилдөх асуудал байхгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамтран оролцож байгаа. Өмчлөгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдаж байна, тухайн үедээ итгэмжлэлийг “С” ХХК--ийн захиралд олгож гэрээ байгуулагдсан үйл баримт байдаг боловч шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулж байгаа нь хууль бус гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “С” ХХК--ийн тайлбарыг дэмжиж оролцож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МТП” ХХК--ийн 87 348 150 төгрөгийн шаардлагыг хариуцагч “С” ХХК--ийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203000899 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 35 тоотод байршилтай, 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МТП” ХХК--иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК--иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТП” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад дахин тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч “МТП” ХХК- нь хариуцагч “С” ХХК--д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл болох 87 348 150 төгрөгийн төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан ба орон сууцны өмчлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцож, хариуцагчийн тайлбар татгалзлыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн байна.  

 

Хариуцагч С” ХХК нь нэхэмжлэгч “МТП” ХХК--иас талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 121/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шатахууны төлбөрт нийт 87 348 150 төгрөг төлөх үүрэгтэй болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02204 дугаар шийдвэрээр тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх9-12, 24-25/

 

Хэргийн баримтаас үзвэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Э.Алтанцэцэг, А.Цэнгүүн, А.Аранжин нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203000899, гэрчилгээний 00014039 дугаартай 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг тухайн өмчлөгч нараас бусдад барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн дагуу “МТП” ХХК--д барьцаалж 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 122/16 дугаартай “Барьцааны гэрээ”-г талууд байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд зааснаар нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбар болгох эрх олгосон зэрэг шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх13-17/

 

Хариуцагч “С” ХХК--иас 87 348 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТП” ХХК--д олгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02204 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд талуудын хоорондын маргааны үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. /хх24-25/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд шүүх уг шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн нь хууль болон талуудын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцүүлж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага шийдвэрлэгдээгүй учраас барьцааны зүйл буюу Улсын бүртгэлийн Ү-2203000899, гэрчилгээний 00014039 дугаартай, Чингэлтэй дүүрэгт байрлах, 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК--иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                                       

                                                       ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                                                Т.ТУЯА