Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00333

 

МТП ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00429 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар магадлалтай,

МТП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

СБ ХХК-д холбогдох

Үүргийн гүйцэтгэлийн төлбөр болон алданги 87.348.150 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Э, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МТП ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Талууд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 121/16 дугаартай гэрээ, 122/16 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 182/ШШ2017/02204 дугаартай шүүхийн шийдвэрээр СБ ХХК нь манай компаниас 59.240.500 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсан нь тогтоогдож, гэрээний үндсэн төлбөр болон алданги 87.348.150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн боловч энэ талаар 182/ШШ2017/02204 дугаар шүүхийн шийдвэрт тусгаагүй тул худалдан борлуулах ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн байна. Иймд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 122/16 дугаар барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203000899, гэрчилгээний 00014039 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 19-р байрны 35 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч СБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлэж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02204 дугаартай шийдвэрээр, СБ ХХК-иас 87.348.150 төгрөгийг гаргуулж, МТП ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 121/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ мөн өдрийн 1221/16 дугаартай Барьцааны гэрээ зэрэг нь 182/ШШ2017/02204 дугаар шийдвэрийн үндэслэл болж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнтэй нийцэж байх тул дахин нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Барьцааны гэрээ үндсэн үүрэгтэй уялдах бөгөөд үндсэн үүргийг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарснаар барьцааны гэрээ мөн дуусгавар болох талаар гэрээнд заасан. Нэхэмжлэгч үндсэн үүргээ шийдвэрлүүлэхдээ барьцааны гэрээний асуудлаа мартсан байж байгаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шаардлагаа гаргах нь зүйтэй гэдгээ мэдэж байгаа нь ойлгомжгүй, тухайн үед барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа үндсэн үүрэгтэй хамт гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Алтанцэцэг, А.Цэнгүүн, А.Аранжин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...маргааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19 дүгээр байр, 35 тоотод байршилтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь гуравдагч этгээдүүд тул эрх ашиг нь хөндөгдөнө. Гуравдагч этгээд нарын хувьд хариуцагч СБ ХХК-тай ашиг сонирхлын болон бусад асуудлаар өөр хоорондоо зөрчилдөх асуудал байхгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамтран оролцож байгаа. Өмчлөгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдаж байна, тухайн үедээ итгэмжлэлийг СБ ХХК-ийн захиралд олгож гэрээ байгуулагдсан үйл баримт байдаг боловч шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулж байгаа нь хууль бус гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд СБ ХХК-ийн тайлбарыг дэмжиж оролцож байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00429 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МТП ХХК-ийн 87 348 150 төгрөгийн шаардлагыг хариуцагч СБ ХХК-ийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203000899 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 35 тоотод байршилтай, 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МТП ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СБ ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТП ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч СБ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч СБ ХХК-ийн төлөөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Тухайлбал: магадлалд “...хариуцагч СБ ХХК-иас 87.348.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТП ХХК-д олгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/02204 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд талуудын хоорондын маргааны үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4 дэхь хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна” гэжээ. Энэ нь ойлгомжгүй дүгнэлт юм. Учир нь Чингэлтэй дүүргийн шүүх 2017 онд хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар шинжлэн судалж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон баримтыг шүүх дахин судалж, үндэслэлээ болгосон нь дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасантай хэр нийцэх үү гэдэг асуудал байгаа юм. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэсний дагуу анхан аштын шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байхад 2 шатны шүүх үүнд ямар нэг дүгнэлт хийхгүй, орхигдуулж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. 2016.07.05-ны өдрийн №121/16-р “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний 1.2-д  “...үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд байгуулсан 2016 оны 122-16 тоот барьцааны гэрээ ...энэ гэрээний салшгүй хэсэг байна”, 3.1-д: “...зээлээр худалдах барааны үнэ ямар ч тохиолдолд талуудын хооронд байгуулсан 122/16 барьцааны гэрээний зүйлийн үнэ болох 60.000.000 төгрөгөөс хэтрэхгүй...” 3.1-д: “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 07-р сарын 05-ны өдөр байгуулсан дугаар 122/16 тоот барьцааны гэрээгээр хангуулна”, “Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-ний 1-д: “...гэрээний барьцаанд 60.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж байна” гэснээс үзэхэд дээрх 2 гэрээ нь хоорондоо “салшгүй байдлаар” гэж ойлгогдож байгаа бөгөөд “МТП ХХК нь анх л шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах байжээ. Гэтэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр шаардахаа мартсан гэдгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд ойлгоод дахин шүүхэд хандаж байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-тэй нийцэхгүй байхад давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж “...шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага шийдвэрлэгдээгүй учраас баръцааны зүйл буюу ...орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасантай нийцэх юм” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод хуульд нийцэхгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг үндэслэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, МТП ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

МТП ХХК-ийн нэхэмжлэлтэй СБ ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 87.348.150 төгрөгийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд 2016.07.05-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсаныг зохигч маргаагүй бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02204 тоот шийдвэрээр СБ ХХК-с гэрээний үнэ, алдангид нийт 87.348.150 төгрөг гаргуулж МТП ХХК-д олгохоор шийдвэрлэсэн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч МТП ХХК-ийн СБ ХХК-с зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн хүрээнд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж дээрх шийдвэр гарсан байх ба нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага урьд нь гаргаагүй, шүүх барьцааны гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх үндэслэлгүй, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй, энэ талаархи хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь үндсэн буюу худалдах-худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохыг энэ гэрээний 1.2-т заасан нь үндсэн гэрээний төлбөр төлөгдөж үүрэг дуусгавар болоогүй бол барьцаагаар хангагдах шаардлага хүчин төгөлдөр хэвээр байх хуулийн шаардлагад нийцнэ.

Худалдах-худалдан авах гэрээний 3.1-д “зээлээр худалдах барааны үнэ ямар ч тохиолдолд талуудын хооронд байгуулсан 122/16 барьцааны гэрээний зүйлийн үнэ болох 60.000.000 төгрөгөөс хэтрэхгүй...” гэж тодорхойлсон бөгөөд зохигчийн зээлийн гэрээний биелэлттэй маргааныг шийдвэрлэсэн шийдвэрээс үзэхэд гэрээний үндсэн үүрэгт 59.420.500 төгрөг төлөх үүрэгтэй, үүнийг хариуцагч зөвшөөрсөн байжээ. Гэрээний энэ заалт худалдах-худалдан авах гэрээний буюу үндсэн үүргийн үнийг тодорхойлсноос бус барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хэмжээг тодорхойлсон гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардал гаргуулна гэж заасан байна.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрт заасан зээлийн гэрээний үүргийн биелэлт 87.348.150 төгрөгт үндсэн зээлийн төлбөр 59.420.500 төгрөгөөс гадна хугацаа хэтрүүлсний алданги багтсан ба барьцаагаар хангагдах шаардлагад зээлийн үндсэн үүргээс гадна нэмэлт үүрэг анз хамаардаг тул шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, хангуулах үндэслэлтэй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа, шийдвэрийн тогтоох хэсэгт  барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай зааснаас гадна дуудлага худалдаа явуулах этгээдийг тодорхой заагаагүй нь учир дутагдалтай болсон, энэ алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч СБ ХХК- нь МТП ХХК-д 87.348.150 төгрөгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203000899 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 19 дүгээр байрны 35 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч СБ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ