Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2022/00700

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Н овогт А /рд:0000000, утас: 25252525/,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Исханы И /рд:000000000, утас: 995000000/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт А /рд:00000000, утас:95020202/,

Хамтран хариуцагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт А /рд:0000000, утас: 1212121212/ нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн А З 28 дугаар гудамжны 280 б тоот хаягт байрлалтай өмчлөлийн байрыг Д, С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, түүний өмгөөлөгч Н,

Хариуцагч Д, түүний өмгөөлөгч С,

Хамтран хариуцагч С,

Гэрч Н,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А, И нар нь хариуцагч Д, хамтран хариуцагч С нарт холбогдуулан Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Х 28 дугаар гудамжны 280 б тоот хаягт байрлалтай өмчлөлийн байрыг Д, С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Нэхэмжлэгч Аын гэр бүлд 2017 оны 09 дүгээр сард Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хэрэгжүүлсэн “Кувейт хотхон” төслийн хүрээнд 45м.кв хэмжээтэй өвлийн байшин эзэмшүүлэхээр болгож батламж гардуулсан. Дараа нь улсын бүртгэлд бүртгүүлж А, И нар нь тухайн байранд 2020 он хүртэл амьдарч байсан ба хуучны байранд засвар хийхээр болж Б аймгийн Өсумын 4 дүгээр багт байдаг хуучин байранд нүүсэн.

2) Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлалтай уг байр нь сул байсан тул нэхэмжлэгч А-ын төрсөн эгч К, хүргэн хүү Д нар ирж сул байгаа байранд түр амьдарч болох уу гэснээр хамаатан байсан тул тус маргаан бүхий байранд амьдрахыг зөвшөөрсөн байна.

3) Гэтэл нэхэмжлэгч нар маргаан бүхий байранд өөрсдөө амьдрахаар болж Доос тухайн байрыг чөлөөлж өгөхийг хэлсэн боловч хариуцагч нар үндэслэлгүй татгалзаж байрыг чөлөөлж өгөхгүй, нэхэмжлэгч нарыг хэл амаар доромжилсон байна. Б аймаг Өсумын 10 дугаар баг, Х 28-р гудамжны 280 б тоот хаягт байрлалтай А, И нарын өмчлөлийн байрнаас хариуцагч нарыг албадан нүүлгэж өгөхийг хүсье гэжээ.

2.Хариуцагч Д хариу тайлбартаа: 1) Д би Б аймгийн Өсумын 10 дугаар баг Х 28 дугаар гудамжны 280 б тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай Кувейтийн гэх өвлийн сууцанд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нүүж очоод одоо хүртэл тэнд амьдарч байна.

2) Манайх ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, залуу гэр бүл юм. Бид анх цахим сүлжээнд байр худалдаж авах талаар зар тавих үед нэхэмжлэгч А надад өөрөө холбогдож мөнгөний хэрэг гарсан тул байраа зарах гэж байгаагаа хэлсэн. Би эцэгтэй хамт очиж байрыг үзэж бидэнд талагдаж 6,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 2,500,000 төгрөг өгсөн. Тусламжаар баригдсан байшин тул гэрээний дагуу 4 жилийн дараа гэрчилгээ олгодог тул байрны гэрчилгээг авах үед үлдсэн 3,500,000 төгрөгийг өгөхөөр болсон. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний эцэг, төрсөн эгч хоёр урьдчилгаа 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн. Ингээд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эхлээд А, И нарын нэр дээр гаргаж дараа нь Д миний нэр дээр шилжүүлэхийн тулд кадастрын зураглалын 20000 төгрөгийг хувиасаа төлж өгч байсан.  Уг байранд 2020 оны 06 дугаар сараас хойш байшингийн дээвэрт засвар хийж, үнс гаргаж, төмрөөр дээвэр хийж, ханын пийшин шинээр барьсан, уг сууцны нэг хаалга нь эвдэрхий байсан тул шинээр хаалга хийсэн, амбаар жорлон барьсан, байшингийн ойр орчим маш их хогтой байсан тул хогийг цэвэрлэж, ачсан, эрчим хүч хэрэглэсний төлбөрт 200000 төгрөг төлсөн зэрэг багагүй зардал гаргасан.

3) Иймд А, И нарын 3 жилийн өмнө надад худалдсан байшинг буцааж авна гэж байгаад гайхаж байна. Бодит байдалд А, И нар хүүхдүүдийн хамт Ө сумын 4 дүгээр багт оршин суудаг, тусдаа байшин, хашаатай. Тухайн үед уг байшинг тэд хүүхэд маань гэр бүл болно гэж худалдаж байгаа гэж хэлж байсан. Д би уг өвлийн сууцанд дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах худалдан авах замаар эздийн зөвшөөрснөөр орж 3 жил гаруй амьдарч байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Хамтран хариуцагч С хариу тайлбартаа: С би нөхөр Дын хамт Б аймгийн Өсумын 10 дугаар баг Х 28 гудамжны 280б тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай Кувейтийн гэх өвлийн сууцанд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нүүж очоод одоо хүртэл амьдарч байна. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий байрыг худалдаж авч урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өгч, үлдсэн 3,500,000 төгрөгийг байрны гэрчилгээг авах үед өгөхөөр болж тохирсон. Бид уг байранд дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах, худалдан авах замаар эздийн зөвшөөрлөөр орж 3 жилийн хугацаа болж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 000156488 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, өмгөөллийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын батламж, 00823096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зэргийг

Хариуцагчаас Б аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Өсумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтууд, Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, сиди видео бичлэг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талын хүсэлтээр Х, К нарын гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А, И нарын Б аймгийн Өсумын 10 дугаар багийн Х 28 дугаар гудамжны 280 б тоот хаягт байрлалтай өмчлөлийн байрыг Д, С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  2017 оны 09 дүгээр сард Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хэрэгжүүлсэн Кувейт хотхон төслийн хүрээнд 45 м.кв талбайтай өвлийн байшин эзэмшүүлэхээр олгож батламж гардуулсан. Тухайн байранд 2020 он хүртэл амьдарч байсан ба дараа нь тус аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлах хуучин байранд засвар хийхээр нүүж ирсэн. Улмаар  Өсумын 10 дугаар багийн Х-Уул 28 дугаар гудамжны 280 б тоот байр түр хугацаагаар сул байсан тул Д танай сул байранд түр амьдарч болох уу  гэсэн тул зөвшөөрсөн. Одоо тус байранд өөрсдөө амьдрах шаардлага бий болсон учраас Доос тус байрыг чөлөөлөхийг шаардахад үндэслэлгүйгээр татгалзаж байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул байрыг тэдний хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Д, С бид Б аймгийн Өсумын 10 дугаар багийн Х 28 дугаар гудамжны 280 б тоот байранд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн амьдарч байна. Уг сууцыг 2020 оны 6 дугаар сарын үед А , И нараас 6 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, газар дээр нь 2.5 сая төгрөгийг миний эцэг Н, эгч Х нар аваачиж өгсөн. Үлсэн 4 сая төгрөгийг тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүтэх үед өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нар нь 3 жилийн өмнө худалдсан байшингаа буцааж авна гэж байгаад гайхаж байна. Уг өвлийн сууцанд бид дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах худалдан авах гэрээгээр худалдан авч амьдарч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд: 2017 оны 9  дүгээр сард Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Б аймгийн Засаг дарга, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаас олгосон батламжаар Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хэрэгжүүлсэн “Кувейт хотхон” төслийн хүрээнд 45 м.кв хэмжээтэй өвлийн байшин эзэмшүүлэхээр олгосон байна. 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000156488 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А-д сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/176 тоот шийдвэрийг үндэслэн Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Зост уул-28 гудамжны 2806 тоот хаягт байрлах нэгж талбарын 8312023679 дугаар бүхий 600 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Мөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон 000823096 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ж овгийн И, Н овгийн А нар Б аймгийн Ө сумын 10-р баг, Х-28 гудамж 280 б тоот хаягт байршилтай 38.25 м.кв талбайтай, гурван өрөө, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

5.Нэхэмжлэгч А, И нар нь өмчлөлийн байрыг Д, С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг шаардсан байх ба хариуцагч нар тухайн байрыг худалдаж авч хууль ёсоор оршин сууж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

6.Хууль зүйн үндэслэлийн талаар. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000156488 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон 00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ж овгийн А, Н овгийн А нар Б аймгийн Ө сумын 10-р баг, Х-28 гудамж 280 б тоот хаягт байршилтай 38.25 м.кв талбайтай, гурван өрөө, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна. Хариуцагч нараас Б аймгийн Ө сумын 10-р баг, Х-28 гудамж 280 б тоот хаягт байршилтай 38.25 м.кв талбайтай, гурван өрөө, хувийн сууцыг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 110 дүгээр зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч нарын тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсон болон хариуцагч Д, С нарт уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрчүүдээс тухайн байрыг Д, С нар нь худалдаж авсныг харсан, сонссон гэж мэдүүлж байгаа боловч энэхүү мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шилжих тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн үл хөдлөх хөрөнгө шилжсэн гэж үзэх боломжгүй байна.

7.Иймд Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Х 28 дугаар гудамжны 280 б тоот хаягт байрлалтай өмчлөлийн байрыг Д, С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А, И нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Х 28 дугаар гудамжны 280 б тоот хаягт байрлалтай байрыг Д, С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д, С нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А, И нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х