Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2022/00092

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

  А.Е- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00700 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч тус аймгийн ****оршин суух Н овогт А.Е- /рд:БЮ********/, тус аймгийн ***** оршин суух Ж овогт И.А /рд:БЙ*******/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн ****** оршин суух Ш овогт Д.А /рд:БИ********/,  Т овогт С.А /рд:БЮ********/ нарт холбогдох,

Баян-Өлгий аймгийн ****тоот хаягт байрлалтай өмчлөлийн байрыг Д.Б, С.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Я.Сьезд /цахимаар/  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Нэхэмжлэгч А.Е-ын гэр бүлд 2017 оны 9 дүгээр сард Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хэрэгжүүлсэн Кувейт хотхон төслийн хүрээнд 45м.кв хэмжээтэй өвлийн байшин эзэмшүүлэхээр болгож батламж гардуулсан. Дараа нь улсын бүртгэлд бүртгүүлж А.Е-, И.Г нар нь тухайн байранд 2020 он хүртэл амьдарч байсан ба хуучны байранд засвар хийхээр болж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байдаг хуучин байр руу нүүсэн.

1.2. Баян-Өлгий аймгийн **** багт байрлалтай уг байр нь сул байсан тул нэхэмжлэгч А.Е-ын төрсөн эгч А.К, хүргэн хүү Д.Б нар ирж сул байгаа байранд түр амьдарч болох уу гэснээр хамаатан байсан тул тус маргаан бүхий байранд амьдрахыг зөвшөөрсөн байна.

1.3. Гэтэл нэхэмжлэгч нар маргаан бүхий байранд өөрсдөө амьдрахаар болж Д.Боос тухайн байрыг чөлөөлж өгөх тухай хэлсэн боловч хариуцагч нар үндэслэлгүй татгалзаж байрыг чөлөөлж өгөхгүй, нэхэмжлэгч нарыг хэл амаар доромжилсон байна. Баян-Өлгий аймаг ****** тоот хаягт байрлалтай А.Е-, И.Г нарын өмчлөлийн байрнаас хариуцагч нарыг албадан нүүлгэж өгөхийг хүсье.

2. Хариуцагч Д.Бын хариу тайлбар, татгалзал:  

2.1. Д.Б би Баян-Өлгий аймгийн ******** тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай Кувейт гэх өвлийн сууцанд 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нүүж очоод одоо хүртэл тэнд амьдарч байна.

2.2. Манайх ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, залуу гэр бүл. Бид анх цахим сүлжээнд байр худалдаж авах талаар зар тавих үед нэхэмжлэгч А.Е- өөрөө холбогдож мөнгөний хэрэг гарсан тул байраа зарах гэж байгаагаа хэлсэн. Би эцэгтэйгээ хамт очиж байрыг үзэж бидэнд таалагдаж 6,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 2,500,000 төгрөг өгсөн. Тусламжаар баригдсан байшин тул гэрээний дагуу 4 жилийн дараа гэрчилгээ олгодог тул байрны гэрчилгээг авах үед үлдсэн 3,500,000 төгрөгийг өгөхөөр болсон. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний эцэг, төрсөн эгч хоёр урьдчилгаа 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн. Ингээд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эхлээд А.Е-, И.Г нарын нэр дээр гаргаж, дараа нь Д.Б миний нэр дээр шилжүүлэхийн тулд кадастрын зураглалын 20000 төгрөгийг хувиасаа төлж өгч байсан. Уг байранд 2020 оны 6 дугаар сараас хойш байшингийн дээвэрт засвар хийж, үнс гаргаж, төмрөөр дээвэр хийж, ханын пийшинг шинээр барьсан, уг сууцны нэг хаалга нь эвдэрхий байсан тул шинээр хаалга хийсэн, амбаар жорлон барьсан, байшингийн ойр орчим маш их хогтой байсан тул хогийг цэвэрлэж, ачсан, эрчим хүч хэрэглэсний төлбөрт 200,000 төгрөг төлсөн зэрэг багагүй зардал гаргасан.

2.3. Иймд А.Е-, И.Г нарын 3 жилийн өмнө надад худалдсан байшинг буцааж авна гэж байгаад гайхаж байна. Бодит байдалд А.Е-, И.Г нар хүүхдүүдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, тусдаа байшин, хашаатай. Тухайн үед уг байшинг тэд хүүхэд маань гэр бүл болно гэж худалдаж байгаа гэж хэлж байсан. Д.Б би уг өвлийн сууцанд дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах худалдан авах замаар эздийн зөвшөөрснөөр орж 3 жил гаруй амьдарч байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

 

3.Хамтран хариуцагч С.Сгийн хариу тайлбар, татгалзал:

3.1. С.С би нөхөр Д.Бын хамт Баян-Өлгий аймгийн ******** тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай Кувейтийн гэх өвлийн сууцанд 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нүүж очоод одоо хүртэл амьдарч байна. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий байрыг худалдаж авч урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өгч, үлдсэн 3,500,000 төгрөгийг байрны гэрчилгээг авах үед өгөхөөр болж тохирсон. Бид уг байранд дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах, худалдан авах замаар эздийн зөвшөөрлөөр орж 3 жилийн хугацаа болж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

 4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00700 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн ********тоот хаягт байрлалтай байрыг Д.Б, С.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б, С.С нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Е-, И.Г нарт олгож шийдвэрлэжээ.  

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүх А.Е-, И.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликаас тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “А.Быг Баян-Өлгий аймгийн ******** тоот хаяг байрлалтай А.Е-, И.Г нарын өмчлөлийн байрнаас албадан гаргаж, тус байрыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

5.2. Маргааны үйл баримтыг дурдвал: Д.Б С.С бид нар 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ******** хаяг байрлалтай 45.м.кв талбайтай Кувейтийн гэх өвлийн сууцанд 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нүүж очоод одоо хүртэл тэнд байнга амьдарч 3 жилийн нүүр үзэж байна. Уг Кувейтийн гэх өвлийн сууцыг бид 2020 оны 6 дугаар сарын үед А.Е-, И.Г нараас 6.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, газар дээр нь 2,5 сая төгрөгийг миний хадам эцэг Н.Дакилбай, хажууд хадам эгч Н.Хуандых нар аваачиж тэдэнд өгсөн. Үлдсэн 3,5 сая төгрөгийг тухайн үед уг өвлийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүтэх үед дараа нь өгөхөөр тохиролцсон. Учир нь тухайн үед уг сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүй. Ингээд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эхлээд А.Е-, И.Г нарын нэр дээрээ гаргаж дараа нь бидний нэр дээр шилжүүлэхийн тулд кадастрын зураглалын 20000 төгрөгийг хувиасаа бид төлж өгч байсан. Уг байранд 2020 оны 6 дугаар сараас хойш байшингийн дээвэрт нь засвар хийж, үнс асгаж, төмрөөр дээвэр хийж, ханын пийшин шинээр барьсан, уг сууцны нэг хаалга нь эвдэрхий байсан тул шинээр хаалга хийсэн, амбаар, жорлон барьсан, байшингийн ойр орчим маш их хогтой байсан тул хогийг цэвэрлэж, ачсан, эрчим хүч хэрэглэсний үнэд 200,000 төгрөг төлсөн зэрэг багагүй зардал гаргасан.

5.3. Иймд А.Е-, И.Г нар 3 жилийн өмнө бидэнд худалдсан байшинг буцааж авна гэж байгаад гайхаж байна. Бодит байдалд А.Е-, И.Г нар хүүхдүүдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, тусдаа байшин, хашаатай. Тухайн үед уг байшинг тэд хүүхэд маань гэр бүл болох гэж байна гэсэн шалтгаанаар худалдаж байгаа тухай ярьж байсан. Бид уг өвлийн сууцанд дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах худалдан авах замаар эздийн зөвшөөрснөөр уг сууцанд одоо гурван жил гаруй амьдарч байна.

5.4. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Д.Б, С.С нарын шүүхэд гаргасан тайлбарууд, гэрч Н.Д, Д.Х, А.К нарын мэдүүлгийг шууд үгүйсгэн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Д.Б, С.С нарын нэр дээр албан ёсоор шилжээгүй, тийм учраас өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны үед маргаан бүхий өвлийн сууц нь Кувейт улсын тусламжаар баригдсан тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ аваагүй байсан хүндэтгэх үзэх шалтгаантай байсан.

5.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Е-, И.Г нарын “А.Быг Баян-Өлгий аймгийн ******** тоот хаяг байрлалтай А.Е-, И.Г нарын өмчлөлийн байрнаас албадан гаргаж, тус байрыг чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Нэхэмжлэгч А.Е-ын гэр бүлд 2017 оны 9 дүгээр сард Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хэрэгжүүлсэн Кувейт хотхон төслийн хүрээнд 45м.кв хэмжээтэй өвлийн байшин эзэмшүүлэхээр болгож батламж гардуулсан. Үүний дараа 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн байшинд 00823096 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авснаар тус байшингийн хууль ёсны өмчлөгч болсон.

6.2. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хамаатан садан хүмүүс байдаг ба тухайн байшинд түр оршин суух тухай хүсэлтээ нэхэмжлэгч нарт хэлсэн бөгөөд нэхэмжлэгч нар зөвшөөрснөөр тус байшинд түр хугацаагаар оршин суусан. Харин тухайн байрыг 2,5 сая төгрөгөөр худалдаж авсан эсхүл 6,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тухай үйл баримт болоогүй. Мөн хариуцагч нараас тухайн байрыг худалдах авах тухай саналаа гаргасан боловч нэхэмжлэгч нар тус хүсэлтийг нь хүлээж аваагүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн хариуцагч нар 2,5 сая төгрөг өгсөн гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” тухай зохицуулсан байдаг бөгөөд хариуцагч тал тухайн 2,5 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн тухай ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчээс энэ тухай тодруулахад “тийм үйл явдал болоогүй” гэж хариулсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Хариуцагч нарын зүгээс тус байшинг худалдсан, мөнгө төгрөгийг өгсөн бөгөөд тухайн үед бичиг баримт нь байгаагүй учир нэр дээрээ шилжүүлээгүй гэдэг тайлбарыг гаргаж байна. Тус тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй, тухайн байшинг худалдсан зүйл байхгүй. Хариуцагч талын зүгээс тухайн байшинг худалдах үедээ гэрчилгээ гараагүй учраас шилжүүлээгүй гэдэг тайлбарыг гаргадаг. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагад урьдчилан тэмдэглэгээ хийлгэх гэдэг зохицуулалт мөн бий. Үнэхээр үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт аваагүй байсан бол эд хөрөнгө худалдаж авч байгаа талаар үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх ажиллагаа бий.

7.2. Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг анхан шатны шүүхээс зөв тайлбарлаж хэрэглэсэн. Үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах зохицуулалтыг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гаргасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

7.3. Нэхэмжлэгч нарт хариуцагч нар хандаж орох оронгүй болчихлоо, түр хугацаанд амьдаръя гэсэн учраас талууд хамаатан, садан хүмүүс учир нэхэмжлэгч нар уг санал, хүсэлтийг нь зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч нар тус байранд түр хугацаанд амьдрах хугацаанд засвар хийсэн учир тус байшин миний байшин гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэтэл тус байшинг хөлсөлсөн, худалдаж авсан зүйл байхгүй бөгөөд энэ тухай ямар нэгэн нотлох баримт ч байхгүй. Хуульд зааснаар гэрээ болон бусад ямар нэгэн нотлох баримт болох зүйл байхгүй. Эцэст нь хэлэхэд хариуцагч нарын тайлбарлаж байгаа худалдан авсан гэж байгаа худлаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            8. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

9. Нэхэмжлэгч А.Е-, И.Г нар нь хариуцагч Д.Б, С.С нарт холбогдуулан тус аймгийн ********тоот хаягт байрлалтай өмчлөлийн байрыг Д.Б, С.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэснийг, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг тус тус ойлгоно.

 

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлалтай уг байр нь сул байсан тул нэхэмжлэгч А.Е-ын төрсөн эгч А.К, хүргэн хүү Д.Б нар ирж сул байгаа байранд түр амьдарч болох уу гэснээр хамаатан  тул тус маргаан бүхий байранд амьдрахыг зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгч нар маргаан бүхий байранд өөрсдөө амьдрахаар болоход хариуцагч нар үндэслэлгүй татгалзаж байрыг чөлөөлж өгөхгүй, нэхэмжлэгч нарыг хэл амаар доромжилсон. Иймд А.Е-, И.Г нарын өмчлөлийн дээрх байрнаас хариуцагч нарыг албадан нүүлгэж өгөхийг хүсьегэж тайлбарлажээ.

 

12. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...цахим сүлжээнд байр худалдаж авах талаар зар тавих үед нэхэмжлэгч А.Е- өөрөө холбогдож мөнгөний хэрэг гарсан тул байраа зарах гэж байгаагаа хэлсэн. Би эцэгтэйгээ хамт очиж байрыг үзэж бидэнд таалагдаж 6,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 2,500,000 төгрөг өгсөн. Тусламжаар баригдсан байшин тул гэрээний дагуу 4 жилийн дараа гэрчилгээ олгодог тул байрны гэрчилгээг авах үед үлдсэн 3,500,000 төгрөгийг өгөхөөр болсон. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний эцэг, төрсөн эгч хоёр урьдчилгаа 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн. Ингээд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эхлээд А.Е-, И.Г нарын нэр дээр гаргаж, дараа нь Д.Б миний нэр дээр шилжүүлэхийн тулд кадастрын зураглалын 20000 төгрөгийг хувиасаа төлж өгч байсан. Д.Б би уг өвлийн сууцанд дур мэдэн ороогүй, тухайн үед худалдах худалдан авах замаар эздийн зөвшөөрснөөр орж 3 жил гаруй амьдарч байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.... гэж шүүхэд маргасан байна.

 

13. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн ********тоот хаягт байрлалтай байрыг Д.Б, С.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

14. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд өмчлөгч, эсхүл хууль ёсны эзэмшигч нь хөрөнгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй.

 

15. 2017 оны 9 дүгээр сард Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаас олгосон батламжаар Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хэрэгжүүлсэн Кувейт хотхон төслийн хүрээнд 45 м.кв хэмжээтэй өвлийн байшин эзэмшүүлэхээр олгосон байна. 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000156488 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Ахиыхын Е-д сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/176 тоот шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн ******** тоот хаягт байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 600 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ж овгийн И.Г, Н овгийн А.Е- нар ********тоот хаягт байршилтай 38.25 м.кв талбайтай, гурван өрөө, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

16. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Б, С.С нар нь Баян-Өлгий аймгийн ********тоот хаягт байрлалтай, маргаан бүхий хувийн сууцыг худалдаж авсан болон Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр шинэ өмчлөгчид шилжсэн нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад Иргэний хуульд заасан өмчлөгчийн шаардах эрхтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэснийг “шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан” гэж дүгнэв. Иймд хариуцагч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

            17.  Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, С.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, С.С нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.АЛТАН

 

ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ