Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2022/00367

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2022/00367

Говь-Алтай аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Т.Ж-д холбогдох

тарвасны үнэ 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Б миний бие 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т.Ж гэгч хүнтэй Ховд аймгийн Булган сум явж шийгуа ачуулсан. Хот оруулж 1 кг 1500 төгрөгөөр бодож авъя гэж хэлж ачуулсан. 1500 төгрөгөөр бодож 3тн шийгуа ачуулсан. Энэ хугацаанд надад 700,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө өдийг хүртэл өгсөнгүй. Тухайн үед Ж нь би энэ 3 тн шийгуаны үнийг хар толгойгоороо хариуцна. Тэнд борлуулж худалдаж авах хүн байгаа гэсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот ороход нь н.Э ... дугаартай ......... дугаартай 2 хүн худалдаж авна гэж хүлээж авч гарын үсэг зурж авсан. Одоог хүртэл үлдэгдэл мөнгө болох 3,800,000 төгрөг өгөөгүй тул маш яаралтай гаргуулж өгнө үү. Тухайн үед энэ мөнгийг ломбарднаас авсан болно. Ломбард нь хүү алданги тооцогдож үндсэн мөнгө нэхэгдэж байна. Иймд үлдэгдэл 3,800,000 төгрөгийг яаралтайгаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 08 дугаар сарын 15-нд н.Д-г грашдаа юм хийж байхад нь Т.Ж гэдэг хүн ирсэн байдаг. Тухайн үед н.Б ногоо зөөж байхыг хараад би хоршоологчдын холбооны эзэн учраас дэлгүүрүүд маш их холбоотой байдаг бөөнөөр нь зараад өгч болно гэж хэлсэн байдаг. Тэгээд тарвас өгч авахаар килограммыг 1500 төгрөгөөр зарахаар болсон байдаг. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өглөө ирээд Ховд аймаг руу явъя гэж хэлсэн байдаг. Тэгээд буцаж ирээд явъя гэхээр нь ломбардаас мөнгө аваад Ховд аймаг руу явсан байдаг. Би таньж мэдэхгүй хүмүүст юм явуулах гэж байна энэ мөнгийг яах юм бэ гэж хэлэхэд би хар толгойгоороо хариуцна гэж хэлээд явуулсан байдаг. 2 тонныг н.Э, 1 тонныг нь н.Б гэдэг хүн авсан байдаг. 2, 3 хоноод мөнгийг нь өгнө гэж хэлээд өгч, авалцсан байдаг. Мөнгөө өгөхгүй ломбардын мөнгө 14 хоногоор хэтрээд байна, хүү нь өсөөд байна гэж хэлээд сүүлдээ аль аль нь мөнгөө өгөхгүй байсан. 08 дугаар сард 4, 5 удаа нэхэгдээд өгөхгүй байсан. Сүүлд нь би хотод байхдаа Б гэдэг хүн рүү нь ярьсан. Тэгэхэд би Ж-с тарвас авсан та нартай хамааралгүй гэж хэлсэн. Э руу ярихаар залгаад авдаггүй. Тухайн хугацаанд Э-н цахим хаягаар орж үзэхэд 08 дугаар сарын 20-оос эхлээд 2000 төгрөгөөр тарвас зарсан байдаг. 09 дүгээр сарын 01, 02-ны үед би хүний утаснаас залгахад тарвас дууссан гэж хэлсэн. Тэгээд Ж руу яриад тарвас зарагдаад дууссан байна мөнгө төгрөгийг нь авч өгөөч гэхэд мэдэхгүй, өөрсдөө хэлж ярьж ав гэж хэлсэн. Б нь манай хүүхдийг залгахаар загнадаг. Тэгээд намайг 09 дүгээр сарын дундуур залгахад надтай ингэж яривал эвгүй шүү гэж хэлсэн. Дахиад хэд хонож байгаад залгахад Ж-тай хамааралтай болохоос чамтай хамааралгүй, би Ж-д бүх мөнгийг өгсөн гэж хэлсэн. Э руу Ховдын тарвас байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн байдаг. Зарсан баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Өгсөн мөнгөнүүдийг тооцоогоор гаргаж өгсөн байгаа. Э гэдэг хүнээс 3 сая төгрөг авах ёстой. 545,000 төгрөг, 205,000 төгрөг, нийт 750,000 төгрөг н.Э-с орж ирсэн. н.Б-с 683,000 төгрөг орж ирсэн байгаа. Тухайн тарвасын мөнгийг Т.Ж-с нэхэмжлээд байгаа юм гэв.

 

2. Хариуцагч Т.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 08 дугаар сарын 16-нд Б-н хүсэлтээр Ховд аймаг руу хүнсний ногоо болон шийгуа худалдан авахаар хамт явсан. Урьд нь 08-р сарын 13-ны өдөр тэдний гэрт очиход тэд Ховд яваад ирсэн, ногоо авчраад зарсан, ашигтай байна. Улаанбаатар хот руу шийгуа оруулж зармаар байна, хүлээж аваад зараад өгөх хүн байна уу гэсэн. Б-н нөхөртэй нь би найз, бие биедээ тусалж байдаг болохоор тус болох үүднээс хот руу хүнсний дэлгүүр ажиллуулдаг С.Э-тэй ярьж туслаад өгөөч гэсэн тэр эхэндээ татгалзсан. Би тэгэхээр нь танайх зуслангийн зам дагуу байдаг боломж байна, зараад дараа нь бөөний үнээр нь тооцоо хийчих гэж гуйсанд тэр зөвшөөрсөн. Б ч зөвшөөрсөн. Тэр үед бөөний үнэ 1500 төгрөг байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа 8 сарын 21-нд шийгуа Улаанбаатарт хүргэгдэж Э, Б нар шийгуаг өөрсдийн унаагаар очиж хүлээж авсан. Тэд над руу заруулах гэж байгаа юм бол авчраад өг гэхээр нь та нар надад туслаад очоод авчихаач ээ. Эд нарт очоод авах боломжтой хүн алга гэсэн тул тэд гуйлтыг зөвшөөрч очиж авсан. Зөвхөн шийгуа хүлээн авлаа гэсэн гарын үсэг зурсан ба худалдан авлаа гэж гарын үсэг зураагүй, жолоочтой тооцоо хийхийн тулд л бүрэн хүлээж авсныг мэдэхийн тулд л би гарын үсгээ зураад ав гэсэн. Тэр үед Улаанбаатар хотод шийгуа маш их хэмжээгээр ороод үнэ нь бөөндөө 1000-1200 болчихсон байсан бөгөөд 2 хоногийн дараа надруу Б гуай үнэ нь уначихлаа 1500-гаар зарах боломжгүй болчихлоо гэсэн. Үүнийг нь Б-д хэлээд үнээ буулгаад хурдан заруулъя гэсэнд зөвшөөрөөгүй, харин түүний ээж нь зарж байгаа хүмүүс рүү ярьж элдвээр хэлж загнасан тул тэд бид гуйж аваагүй, одоо зарахгүй, ирээд шийгуагаа ав гэсэн байсан. Тэгэхээр нь би Б-д хэлж одоо хурдан бөөндөөд заръя, бүгдийг нь 900-гаар хүн авъя гэж байна гэхэд зөвшөөрөөгүй. Шийгуа нь муудах шинжтэй байна гэхээр нь тэр хоёрыг 1000-аар ч хамаагүй хурдан зараад өгөөч гэсэн. Б гуай 1 тонныг нь зараад 1,183,000 төгрөг болсон, 100,000-ыг нь ажлын хөлсөнд хүнд өгөөд чамд зээлсэн 400,000-ыг суутгаад үлдсэн 683,000 төгрөг шилжүүллээ гэсэн. Би Ховд явахдаа Б-с энэ мөнгийг зээлсэн байсан бөгөөд Б-тэй нийлээд хүнсний ногоо авчирч Говь-Алтайд зарсан. Би ногоонд нь 370,000 төгрөг, бензин болон бусад зардалд нь 52,000 төгрөг зарцуулсан. Ногоог нь Б бүгдийг зарсан. Хэдээр зарсан, хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй, мөнгө аваагүй. Э 2 тонныг нь авсан. Тэр би зарахгүй, зарагдсан мөнгөө цуглуулаад өгнө, үлдсэн шийгуаг нь буцааж өгнө, би тэд нартай ярьсан, бас мессеж бичсэн гэсэн. Б-с нэг хүн очиж үзээд авна гэчихээд л алга болчихлоо гэж Э над руу ярьсан. Шийгуаны мөнгийг Б-н ХААН банкны ......... тоот дансанд 9-10-нд Б-с ирсэн 683,000 төгрөг, Э-с ирсэн 205,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021-10-07-нд Э-с ирсэн 545,000 төгрөгийг шилжүүлж нийт 1,433,000 төгрөг, миний 400,000 төгрөг нэмэгдээд нийт 1,833,000 төгрөг өгсөн, бүгд шилжүүлсэн баримттайгаа байгаа. Би Ховд руу өөрийн машинаараа явж шийгуаг нь өдөржингөө хөөцөлдөн шөнө хагаслан ачилцаж тус боллоо л гэж бодсон. Энэ наймаанд би оролцоогүй, дундаас нь ч ашиг аваагүй нөхрийн хувьд л тусалсан. Үнийн өсөлт болон Ховдын шийгуа хортой гэсэн Улаанбаатарт тарснаас болж борлуулалт муудаж үнээ буулгаж хурдан заруулаагүйгээс энэ бүхэн болсон болохоор хариуцлагаа Б өөрөө үүрэх ёстой. Мөн Ховд явсан шатахууны зардлыг Б гаргах нь зөв болох байх. Түүний ажлаар л явсан. Далимд нь ногоо ачиж ирсэн. Надад ашиг өгөөгүйгээр барахгүй тус болсны хариуд намаржингаа Цагдаагаар явуулаад одоо шүүхэд өгсөн байгаа. Өчүүхэн ч хүнлэг ёс гэж алга. Тэгээд үнэнийг гуйвуулсан нэхэмжлэл гаргасан байх тул би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.1. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-С Э гэх профайлаас Фэйсбүүкт оруулсан зар болон комментуудын хуулбар,

-1 тн авлаа 89978877, 2 тн авлаа Э гэх гар бичвэр,

-08.16, 08.23 гэх түлш, ногооны тооцоо бүхий гар бүртгэлийн хуулбар,

-Бум ломбард 2021 оны 08 сар, Түмэн наст аригун ломбард 2021 оны 08 сарын 16 гэх баримтуудын хуулбар,

-Г.Б-с Дамно ХХК-д 88,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн баримт,

-Г.Б-н ХААН банкны ...... тоот дансны 2021.08.01-2021-10.10-ны өдрийг хүртэлх дансны хуулга /4 хуудас/

-1 ширхэг CD.

 

3.2. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Т.Ж-с Г.Б-д мөнгө шилжүүлсэн 2021.09.10, 2021.10.07-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримтууд.

 

3.3. Зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Э-н гэрчийн мэдүүлэг,

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 869 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.Г, Г.Б нарын гэрчийн мэдүүлэг,

-Дамно ХХК-ий 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №22-84 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /тарвас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Ж-с 3,067,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 733,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

5. Нэхэмжлэгч Г.Б нь Т.Ж-д холбогдуулан тарвасны үнэ 3,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

6. Хариуцагч Т.Ж нь ...Шийгуаны мөнгийг Б-н ХААН банкны ........ тоот дансанд 9-10-нд Б-с ирсэн 683,000 төгрөг, Э-с ирсэн 205,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021-10-07-нд Э-с ирсэн 545,000 төгрөгийг шилжүүлж нийт 1,433,000 төгрөг, миний 400,000 төгрөг нэмэгдээд нийт 1,833,000 төгрөг өгсөн, Энэ наймаанд би оролцоогүй, дундаас нь ч ашиг аваагүй нөхрийн хувьд л тусалсан. Үнийн өсөлт болон Ховдын шийгуа хортой гэсэн Улаанбаатарт тарснаас болж борлуулалт муудаж үнээ буулгаж хурдан заруулаагүйгээс энэ бүхэн болсон болохоор хариуцлагаа Б өөрөө үүрэх ёстой. Мөн Ховд явсан шатахууны зардлыг Б гаргах нь зөв болох байх. Түүний ажлаар л явсан. Надад ашиг өгөөгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд ...1 килограмм тарвасны бөөний үнэ 1500 төгрөг, 3 тонн тарвас 4,500,000 төгрөг, үүнээс н.Э-с 545,000 төгрөг, 205,000 төгрөг, нийт 750,000 төгрөг орж ирсэн. н.Б-с 683,000 төгрөг орж ирсэн. Одоо 3,067,000 төгрөг тарвасны үнээс дутуу. Ховдод очоод ногоо авч ирснийхээ дараагаар 1 шуудай төмс, 20 килограмм лууван авсан боловч мөнгийг нь өгөөгүй учир нэхэмжилж байгаа. Ломбардын хүүний мөнгөнд 288.000 төгрөг байгаа. Нийт 3,800,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Т.Ж нар нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Т.Ж-н машинаар Ховд аймаг руу явж, тарвас ачуулсан, ирэхдээ машиндаа хүнсний ногоо ачиж ирсэн үйл баримт болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 08 дугаар сарын 19-нд, хариуцагч 08 дугаар сарын 21-нд Улаанбаатарт хүргэгдсэн гэж тайлбарладаг/ Улаанбаатар хот руу 3 тонн тарвасыг 1 килограммыг 1500 төгрөгөөр тооцон хүргүүлсэн, 1 тонн тарвасыг н.Б, 2 тонн тарвасыг С.Э хүлээн авч, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр н.Б-с ирсэн 683,000 төгрөг, С.Э-с ирсэн 205,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр С.Э-с ирсэн 545,000 төгрөг, нийт 1,433,000 төгрөгийг Т.Ж-н данснаас Г.Б-д шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тарвас хүлээн авсан гар бичвэр, Г.Б-н ХААН банкны ...... тоот дансны 2021.08.01-2021-10.10-ны өдрийг хүртэлх дансны хуулга, Т.Ж-с Г.Б-д мөнгө шилжүүлсэн 2021.09.10, 2021.10.07-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримттай хэргийн зохигчид нь маргаагүй болно.

9. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь ...2021 оны 08 дугаар сарын 16-ны өглөө ирээд Ховд аймаг руу явъя гэж хэлсэн байдаг. Тэгээд буцаж ирээд явъя гэхээр нь ломбардаас мөнгө аваад Ховд аймаг руу явсан байдаг. Би таньж мэдэхгүй хүмүүст юм явуулах гэж байна энэ мөнгийг яах юм бэ гэж хэлэхэд би хар толгойгоороо хариуцна гэж хэлээд явуулсан тул Т.Ж-с 3,800,000 төгрөгийг гаргуулна... гэж,

хариуцагч Т.Ж нь ...Энэ наймаанд би оролцоогүй, дундаас нь ч ашиг аваагүй нөхрийн хувьд л тусалсан... Б-н ХААН банкны .... тоот дансанд 9-10-нд Б-с ирсэн 683,000 төгрөг, Э-с ирсэн 205,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021-10-07-нд Э-с ирсэн 545,000 төгрөгийг шилжүүлж нийт 1,433,000 төгрөг, Ховд явахад Б-с 400,000 мөнгийг зээлсэн байсан бөгөөд Б-тэй нийлээд хүнсний ногоо авчирч Говь-Алтайд зарсан. Би ногоонд нь 370,000 төгрөг, бензин болон бусад зардалд нь 52,000 төгрөг зарцуулж нийт 1,833,000 төгрөгийг Б-д өгсөн. ... Үнийн өсөлт болон Ховдын шийгуа хортой гэсэн Улаанбаатарт тарснаас болж борлуулалт муудаж үнээ буулгаж хурдан заруулаагүйгээс энэ бүхэн болсон болохоор хариуцлагаа Б өөрөө үүрэх ёстой... гэж маргаж байна.

Тодруулбал нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тарвасны үнийг хэн хариуцан төлөх, анх тохиролцсон үнээс тарвасны үнийг буулгасан эсэх дээр харилцан зөрүүтэй тайлбарлаж маргасан байна.

10. Хэдийгээр хариуцагч Т.Ж нь 3 тонн тарвасыг өөрөө зарж борлуулаагүй, Улаанбаатар хотод өөр хүмүүст зуучлаж өгсөн гэх боловч дээрх харилцааг Иргэний хуульд заасан зуучлалын гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

410.2 Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ гэж тус тус заажээ.

Тодруулбал зуучлагч нь зөвхөн хэлцэл хийж буй талуудыг холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авснаар түүний үүрэг дуусгавар болох бөгөөд үүнээс хойш хэлцэл хийгч этгээдүүдийн хооронд хийгдэж буй аливаа харилцаанд оролцох үүрэггүй болно.

Гэтэл тарвасыг худалдан борлуулсан гэх С.Э, н.Б нар нь тарвас зарсан мөнгийг нэхэмжлэгч Г.Б-д биш, харин Т.Ж-н данс руу шилжүүлсэн, мөн гэрч С.Э нь ...Ер нь бол Г.Б болон Д гэж яриад байгаа хүмүүсийг танихгүй. Хамгийн гол нь Ж гэдэг хүнийг танина... Шийгуаны үлдэгдлийг би хариуцахгүй гэдгээ хэлсэн. Ж амьхандаа гуйсан учраас тус болъё гэж бодсон... Бага сагаар зараад 1,000,000 гаран төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгийг Ж руу шилжүүлсэн... зэргээс дүгнэхэд дээрх харилцааг зуучлалын гэрээний харилцаа гэж дүгнэх үндэслэлгүй байна.

11.Харин зуучлуулж буй гэх Г.Б нь тарвасыг С.Э, н.Б нартай холбогдоход Б нь ...би Ж-с тарвас авсан та нартай хамааралгүй... гэж хэлсэн. Э руу ярихаар залгаад авдаггүй гэж тайлбарлаж байгаа, хариуцагч Т.Ж нь 3 тонн тарвасыг Улаанбаатар хот руу ачуулсан үеэс эхлэн С.Э, н.Б нартай өөрөө холбогдож, худалдан борлуулахтай холбоотой үнэ буулгах, зарж борлуулсан мөнгийг хүлээн авах хүртэл бүх л ажиллагаанд өөрөө биечлэн оролцож байсан тул тэрээр дээрх харилцаанд зуучлагчаас илүү өргөн хүрээтэй эрх үүрэгтэй оролцож байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

12. Шүүх дээрх харилцааг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа буюу нэрлэгдээгүй гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй... гэж заажээ.

13. Зохигчдын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч Т.Ж нь 3 тонн тарвасыг 1 килограммын бөөний үнийг 1500 төгрөгөөр тооцож, Улаанбаатар хотод зарж борлуулах хүмүүст хүлээлгэн өгөх, улмаар дээрх хүмүүстэй тарвасны тооцоог хийж, нэхэмжлэгч Г.Б-д шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Г.Б нь н.Б, С.Э нарыг таньдаггүй бөгөөд хариуцагч Т.Ж нь эдгээр хүмүүст тарвасыг хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...н.Б нь ...би Ж-с тарвас авсан та нартай хамааралгүй... гэж хэлсэн. Э руу ярихаар залгаад авдаггүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Г.Б болон С.Э, н.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.

Харин хариуцагч Т.Ж-н дансаар тарвас зарсан мөнгө шилжсэн, тарвасыг худалдан борлуулсан гэх С.Э нь ...Г.Б болон Д гэж яриад байгаа хүмүүсийг танихгүй,... Ж амьхандаа гуйсан учраас тус болъё гэж бодсон... гэж мэдүүлдэг зэргээс дүгнэхэд Т.Ж нь 3 тонн тарвасны үнийг хариуцан төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд ...1 килограмм тарвасны бөөний үнэ 1500 төгрөг, 3 тонн тарвас 4,500,000 төгрөг, үүнээс н.Э-с 545,000 төгрөг, 205,000 төгрөг, нийт 750,000 төгрөг орж ирсэн. н.Б-с 683,000 төгрөг орж ирсэн. Одоо 3,067,000 төгрөг тарвасны үнээс дутуу гэж тайлбарлаж, нийт 1,433,000 төгрөгийг Т.Ж-н данснаас Г.Б-д шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тарвас хүлээн авсан гар бичвэр, Г.Б-н ХААН банкны ......... тоот дансны 2021.08.01-2021-10.10-ны өдрийг хүртэлх дансны хуулга, Т.Ж-с Г.Б-д мөнгө шилжүүлсэн 2021.09.10, 2021.10.07-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Т.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Тэр үед Улаанбаатар хотод шийгуа маш их хэмжээгээр ороод үнэ нь бөөндөө 1000-1200 болчихсон байсан бөгөөд 2 хоногийн дараа надруу Б гуай үнэ нь уначихлаа 1500-гаар зарах боломжгүй болчихлоо гэсэн. Үүнийг нь Б-д хэлээд үнээ буулгаад хурдан заруулъя гэсэнд зөвшөөрөөгүй, Тэгэхээр нь би Б-д хэлж одоо хурдан бөөндөөд заръя, бүгдийг нь 900-гаар хүн авъя гэж байна гэхэд зөвшөөрөөгүй... гэж тайлбарлажээ.

Гэтэл Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №22-84 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ... Дээрх үнэлэгдэж буй хөрөнгө нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагаар үнэлэгдлээ. Үнэлгээний эцэслэсэн дүнгээр газар нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100%-ийн ач холбогдолтойд тооцон 2,125 /хоёр мянга нэг зуун хорин таван/ төгрөгийн үнэлгээ тогтоогдов... гэснээс дүгнэхэд тухайн үед Улаанбаатар хотод тарвасны үнэ буурсан гэж хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Т.Ж нь шийгуа муудсан гэж, гэрч С.Э нь ...шийгуаг муутгахгүй гэж өөрийн объектын доод талын заалыг чөлөөлж дэлгэж хүртэл тавьсан. Ирж ав гэдгийг Д-д зөндөө хэлсэн боловч 2 удаа дүү нь гээд нэг хүн ирсэн боловч авч яваагүй... гэж мэдүүлж байх боловч тарвас /шийгуа/ муудаж, үрэгдсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

15. Иймд 3 тонн тарвасны үнийн үлдэгдэл 3,067,000 төгрөгийг хариуцагч Т.Ж-с гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

16. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 733,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд дээрх шаардлагынхаа үндэслэлийг ...Ховдод очоод ногоо авч ирснийхээ дараагаар 1 шуудай төмс, 20 килограмм лууван авсан боловч мөнгийг нь өгөөгүй учир нэхэмжилж байгаа. Ломбардын хүүний мөнгөнд 288.000 төгрөг байгаа... гэж тайлбарлаж, Ж ах 1 шуудай+1 = 2 ш төмс, лууван 20 кг гэх бичилт бүхий гар бүртгэлийн хуулбар, Бум ломбард 2021 оны 08 сар, Түмэн наст аригун ломбард 2021 оны 08 сарын 16 гэх баримтуудын хуулбарыг тус тус ирүүлжээ.

17. 1 шуудай төмс, 20 килограмм луувангийн үнэ гаргуулах шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь Ж ах 1 шуудай+1 = 2 ш төмс, лууван 20 кг гэх бичилт бүхий гар бүртгэлийн хуулбарыг ирүүлсэн боловч Ж ах гэдэг нь хариуцагч Т.Ж мөн гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагч Т.Ж нь ...Би Ховд явахдаа Б-с энэ мөнгийг зээлсэн байсан бөгөөд Б-тэй нийлээд хүнсний ногоо авчирч Говь-Алтайд зарсан. Би ногоонд нь 370,000 төгрөг, бензин болон бусад зардалд нь 52,000 төгрөг зарцуулсан. Ногоог нь Б бүгдийг зарсан. Хэдээр зарсан, хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй, мөнгө аваагүй... гэж зөрүүтэй тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх шаардлагатай холбоотой өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй байх тул 1 шуудай төмс, 20 килограмм луувангийн үнэ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

18. Ломбардын хүүний мөнгөнд 288.000 төгрөг, 250,000 төгрөг гаргуулна гэх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Бум ломбард 2021 оны 08 сар, Түмэн наст аригун ломбард 2021 оны 08 сарын 16 гэх баримтуудын хуулбарт үйлчлүүлэгч Г.Б гэж бичигдсэн бөгөөд хариуцагч Т.Ж болон Бум ломбард, Түмэн наст аригун ломбардны хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байна.

Иймд Бум ломбард, Түмэн наст аригун ломбардны хүүтэй холбоотой үүрэг нь зөвхөн Г.Б-д хамаарах тул дээрх төлбөрийг хариуцагч Т.Ж-с гаргуулах үндэслэлгүй байна.

19. Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Ж-с 3,067,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 733,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10-т Шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх явцад гарсан зардлыг шүүхийн зардалд тооцно гэж,

Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т ...Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, ...шинжээч, .... тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-н хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШЗ2022/00160 дугаартай шүүгчийн захирамжаар Дамно ХХК-г 2021.08.19-2021.09.19-ний өдөр хүртэлх тарвасны бөөний үнийн үнэлгээг гаргуулах шинжээчээр томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлсөнд 88,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах бөгөөд шүүхээс тарвасны үнийн үлдэгдэл 3,067,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул тарвасны бөөний үнийн үнэлгээтэй холбогдох шинжээчийн ажлын хөлс 88,000 төгрөгийг хариуцагч Т.Ж-с гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгох нь үндэслэлтэй байна.

21. Хариуцагч Т.Ж-д 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 3,067,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,022 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ж-с 3,067,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 733,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардал 88,000 төгрөгийг хариуцагч Т.Ж-с гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 3,067,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,022 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ