Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 215/МА2022/00030

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2022/00367 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 15- ... тоотод оршин суух Б овгийн Г.Б-ийн /РД: ДЮ............./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6- ... тоотод оршин суух, Б овгийн Т.Ж-д /РД: ХВ............... / холбогдох,

Тарвасны үнэ 3 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б миний бие 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т.Ж гэгч хүнтэй Ховд аймгийн Булган сум явж шийгуа ачуулсан. Хот оруулж 1 килограммыг нь 1500 төгрөгөөр бодож авъя гэж хэлж ачуулсан. 1500 төгрөгөөр бодож 3 тонн шийгуа ачуулсан. Энэ хугацаанд надад 700,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө өдийг хүртэл өгсөнгүй. Тухайн үед Т.Ж нь би энэ 3 тонн шийгуаны үнийг хар толгойгоороо хариуцна. Тэнд борлуулж худалдаж авах хүн байгаа гэсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот ороход нь С.Э 951100.... дугаартай 897988...... дугаартай 2 хүн худалдаж авна гэж хүлээж авч гарын үсэг зурж авсан. Одоог хүртэл үлдэгдэл мөнгө болох 3,800,000 төгрөг өгөөгүй тул маш яаралтай гаргуулж өгнө үү. Тухайн үед энэ мөнгийг ломбарднаас авсан болно. Ломбард нь хүү алданги тооцогдож үндсэн мөнгө нэхэгдэж байна. Иймд үлдэгдэл 3,800,000 төгрөгийг яаралтайгаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 08 дугаар сарын 16-нд Г.Б-ийн хүсэлтээр Ховд аймаг руу хүнсний ногоо болон шийгуа худалдан авахаар хамт явсан. Урьд нь 08 дугаар сарын 13-ны өдөр тэдний гэрт очиход тэд Ховд яваад ирсэн, ногоо авчираад зарсан, ашигтай байна. Улаанбаатар хот руу шийгуа оруулж зармаар байна, хүлээж аваад зараад өгөх хүн байна уу гэсэн. Г.Б нөхөртэй нь би найз, бие биедээ тусалж байдаг болохоор тус болох үүднээс хот руу хүнсний дэлгүүр ажиллуулдаг С.Э-тай ярьж туслаад өгөөч гэсэн тэр эхэндээ татгалзсан. Би тэгэхээр нь танайх зуслангийн зам дагуу байдаг боломж байна, зараад дараа нь бөөний үнээр нь тооцоо хийчих гэж гуйсанд тэр зөвшөөрсөн. Г.Б ч зөвшөөрсөн. Тэр үед бөөний үнэ 1500 төгрөг байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа 8 сарын 21-нд шийгуа Улаанбаатарт хүргэгдэж С.Э, У.Б нар шийгуаг өөрсдийн унаагаар очиж хүлээж авсан. Тэд над руу заруулах гэж байгаа юм бол авчраад өг гэхээр нь та нар надад туслаад очоод авчихаач ээ. Эд нарт очоод авах боломжтой хүн алга гэсэн тул тэд гуйлтыг зөвшөөрч очиж авсан. Зөвхөн шийгуа хүлээн авлаа гэсэн гарын үсэг зурсан ба худалдан авлаа гэж гарын үсэг зураагүй, жолоочтой тооцоо хийхийн тулд л бүрэн хүлээж авсныг мэдэхийн тулд л би гарын үсгээ зураад ав гэсэн. Тэр үед Улаанбаатар хотод шийгуа маш их хэмжээгээр ороод үнэ нь бөөндөө 1000-1200 төгрөг болчихсон байсан бөгөөд 2 хоногийн дараа над руу У.Б гуай үнэ нь уначихлаа 1500 төгрөгөөр зарах боломжгүй болчихлоо гэсэн. Үүнийг нь Г.Б-т хэлээд үнээ буулгаад хурдан заруулъя гэхэд зөвшөөрөөгүй, харин түүний ээж нь зарж байгаа хүмүүс рүү ярьж элдвээр хэлж загнасан тул тэд бид гуйж аваагүй, одоо зарахгүй, ирээд шийгуагаа ав гэсэн байсан. Тэгэхээр нь би Г.Б-т хэлж одоо хурдан бөөндөөд заръя, бүгдийг нь 900 төгрөгөөр хүн авъя гэж байна гэхэд зөвшөөрөөгүй. Шийгуа нь муудах шинжтэй байна гэхээр нь тэр хоёрыг 1000 төгрөгөөр ч хамаагүй хурдан зараад өгөөч гэсэн. У.Б гуай 1 тонныг нь зараад 1,183,000 төгрөг болсон, 100,000 төгрөгийг нь ажлын хөлсөнд хүнд өгөөд чамд зээлсэн 400,000 төгрөгийг суутгаад үлдсэн 683,000 төгрөг шилжүүллээ гэсэн. Би Ховд явахдаа У.Б энэ мөнгийг зээлсэн байсан бөгөөд Г.Б-тэй нийлээд хүнсний ногоо авчирч Говь-Алтайд зарсан. Би ногоонд нь 370,000 төгрөг, бензин болон бусад зардалд нь 52,000 төгрөг зарцуулсан. Ногоог нь Г.Б бүгдийг зарсан. Хэдээр зарсан, хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй, мөнгө аваагүй. С.Э 2 тонныг нь авсан. Тэр би зарахгүй, зарагдсан мөнгөө цуглуулаад өгнө, үлдсэн шийгуаг нь буцааж өгнө, би тэд нартай ярьсан, бас мессеж бичсэн гэсэн. Г.Б-ээс нэг хүн очиж үзээд авна гэчихээд л алга болчихлоо гэж С.Э над руу ярьсан. Шийгуаны мөнгийг Г.Б-ийн ХААН банкны 5315661..... тоот дансанд 2021 оны 9 сарын 10-нд У.Б ирсэн 683,000 төгрөг, С.Э-аас ирсэн 205,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 10 сарын 07-нд С.Э-аас ирсэн 545,000 төгрөгийг шилжүүлж нийт 1,433,000 төгрөг, миний 400,000 төгрөг нэмэгдээд нийт 1,833,000 төгрөг өгсөн, бүгд шилжүүлсэн баримттайгаа байгаа. Би Ховд руу өөрийн машинаараа явж шийгуаг нь өдөржингөө хөөцөлдөн шөнө хагаслан ачилцаж тус боллоо л гэж бодсон. Энэ наймаанд би оролцоогүй, дундаас нь ч ашиг аваагүй нөхрийн хувьд л тусалсан. Үнийн өсөлт болон Ховдын шийгуа хортой гэсэн цуу үг Улаанбаатарт тарснаас болж борлуулалт муудаж үнээ буулгаж хурдан заруулаагүйгээс энэ бүхэн болсон болохоор хариуцлагаа Г.Б өөрөө үүрэх ёстой. Мөн Ховд явсан шатахууны зардлыг Г.Б гаргах нь зөв болох байх. Түүний ажлаар л явсан. Далимд нь ногоо ачиж ирсэн. Надад ашиг өгөөгүйгээр барахгүй тус болсны хариуд намаржингаа Цагдаагаар явуулаад одоо шүүхэд өгсөн байгаа. Өчүүхэн ч хүнлэг ёс гэж алга. Тэгээд үнэнийг гуйвуулсан нэхэмжлэл гаргасан байх тул би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ж-аас 3,067,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 733,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардал 88,000 төгрөгийг хариуцагч Т.Ж-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-т олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-аас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 3,067,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,022 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-т олгож... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г.Б тарвас хот руу борлуулах гэсэн таньдаг хүн байна уу гэхээр нь С.Э гэдэг хүнтэй ярьж утсыг нь Г.Б гэж хүнд өгч улмаар тэд хоорондоо ярилцаж тарвасаа зарж борлуулах мөнгө төгрөг дээрээ тохирцгоосон. Энэ наймаанд би оролцоогүй дундаас нь ашиг орлого аваагүй нөхрийг нь таньдагийн хувьд сайхан сэтгэлээр тус дэм болъё гэж бодоод хүнд ярьж зуучлаж өгсөн.

Хэргийн материалд нэхэмжлэгч хариуцагч нар тарвасны үнийн талаар хэн хариуцан төлөх анх тохиролцсон үнээс тарвасны үнийг буулгасан эсэх тал дээр баримт байхгүй мөн гар гараа дагана гэгчээр би тарвас худалдаж авах үйл ажиллагаанд оролцоогүй  байхад хариуцагчаар давхар С.Э нь татагдахаар байхад үндэслэлгүйгээр надаас 3,067,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Т.Ж намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй хурлыг хийсэн бөгөөд хуралд оролцох боломжоор хангаагүй. Хэрэв шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бол цахимаар ч гэсэн оролцож өөрийн эрх ашгийг хамгаалж, нэхэмжлээд байгаа зүйлийн учир байдлыг хэлж тайлбарлах байсан. Надаас гаргуулсан 3,067,00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Г.Б нь Т.Ж-д холбогдуулан тарвасны үнэ 3 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.Ж нь ...Шийгуаны үнийг Г.Б-ийн ХААН банкны 53156614.... тоот дансанд 2021 оны 09 сарын 10-нд У.Б ирсэн 683,000 төгрөг, С.Э-аас ирсэн 205,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 10 сарын 07-нд С.Э-аас ирсэн 545,000 төгрөгийг шилжүүлж нийт 1,433,000 төгрөг, миний 400,000 төгрөг нэмэгдээд нийт 1,833,000 төгрөг өгсөн. Энэ наймаанд би оролцоогүй, дундаас нь ч ашиг аваагүй нөхрийн хувьд л тусалсан. Үнийн өсөлт болон Ховдын шийгуа хортой гэсэн цуу үг Улаанбаатарт тарснаас болж борлуулалт муудаж үнээ буулгаж хурдан заруулаагүйгээс энэ бүхэн болсон болохоор хариуцлагаа Г.Б өөрөө үүрэх ёстой. Надад ашиг өгөөгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Г.Б нь Ховд аймгаас тарвас худалдан авч борлуулах боломжтой талаар Т.Ж-тай ярилцан тохирч Ховд аймгаас 3 тонн тарвас худалдан авчээ. Улмаар тарвасаа Улаанбаатар хот оруулан худалдаж ашиг олох зорилгоор харилцан тохирч Т.Ж-ы хүсэлтээр түүний танил С.Э-т 2 тонн тарвасыг, У.Б-д 1 тонн тарвасыг Улаанбаатар хотод хүлээлгэн өгчээ. 

Энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй бөгөөд Т.Ж-ы хүсэлтээр С.Э, У.Б нар тарвасыг хүлээн авч худалдаад үнийг Т.Ж-ы дансанд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Г.Б Т.Ж нарын тохиролцоо нь 3 тонн тарвасыг Т.Ж буюу түүний танил С.Э, У.Б нарт Улаанбаатар хотод нэхэмжлэгч Г.Б хүргэж өгөх Т.Ж үнийг төлөх үүрэг хүлээж үүргийн зарим хэсэг болох 1 833 000 төгрөгийг өгч үүргийн зарим хэсгийг зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

Т.Ж-ы хүсэлтээр С.Э, У.Б нар тарвасыг хүлээн авч худалдаад үнийг Т.Ж-ы дансанд шилжүүлсэн. Г.Б-ийг таньж мэдэхгүй, харилцаа үүсгээгүй гэж тайлбарласан байна. Шүүх Г.Б Т.Ж нарын хооронд худалдах худалдан авах гэрээний шинжийг илүүтэй хадгалсан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Уг гэрээний дагуу 3 тонн тарвасыг Г.Б Т.Ж-д бэлтгэн нийлүүлэх, Т.Ж хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид буюу Т.Ж-д шилжжээ. Өөрөөр хэлбэл зарж буй тарвасны үнэ өсч ашиг олох боломж, алдагдал хүлээх эрсдэл түүнд хамаарахаар байна.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ гэж заажээ.

       Тарвасыг эрх бүхий этгээд У.Б, С.Э нарт өгсөнөөр эд хөрөнгийн үр шим эрсдэлийг Т.Ж хариуцах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т зааснаар ашигтай буюу эрсдэлтэй нөхцөлд шийдвэр гаргах эрх нь Т.Ж-д байсан байдал нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү тодотгож байна. Т.Ж-ы татгалзал нь би үнийг бууруулъя гэж Г.Б-т хэлэхэд худалдсан үнээ өөрчлөхгүй гэсэн тайлбар өгчээ.

Анхан шатны шүүх Т.Ж-аас тарвасны үнэ 4500000 төгрөгнөөс түүний Г.Б-т төлсөн 1433000 төгрөгийг хасч 3067000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагч Т.Ж-д шүүх хурлын товыг мэдэгдэхээр заасан хаягт очиход хүнгүй байсан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа тэмдэглэсэн 888984.... дугаарын утсанд хурлын товыг 3 хоногийн өмнө 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 09 цагт мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2022/00367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу Т.Ж-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.Ж

   ШҮҮГЧИД                           Ч.Э

                                                      Ш.Б