Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00405

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00405

Говь-Алтай аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Д.М-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.Т-д холбогдох

машины мотор солиулахад гаргасан зардал 2,640,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 01 сарын 07-нд иргэн Б.Т-с Toyota Belta маркийн автомашин худалдаж авсан. 2 өдөр аймагт унаад 3 дахь өдөр буюу 01 сарын 10-нд Дарив сум явахад Дарив сум орохоос 2 километр дутуу байхад моторын улаан гэрэл ассан. Тосоо шалгаж үзэхэд хэвийн байсан. Б.Т-тай эргээд холбогдоход тосны шүүр бохирдсон байх магадлалтай, маслоны шүүр, маслоо солиод үз гэсэн. Солиод мөн адил асаж байсан. Наашаа явах юм бол мотор нь цохих юм байна гэж бодоод Дарив сумаас аймаг руу машинаа ачуулж ирсэн. Toyota Belta сонирхогчдын группт хүмүүсээс зөвлөгөө авах гэж ороход Б.Т нь маслоны насос, уклаадаш сурагласан байсан. Надад зарахдаа ямар ч асуудалгүй, 2 жил юм хийлгэхгүй машин гэж өгсөн. Эргээд Б.Т-тай холбогдоод энэ тухай хэлэхэд намар Хөхморьтоос ирж байгаад давааны цаана хахаад авч ирж засварчин М-р уклаадаш янзлуулсан гэж хэлсэн. Та надад 3 хоног явахгүй машин өгсөн байна буцъя, эсвэл мотор авч өг гэхэд мөнгө байхгүй, машин авсан чи Цагаан сар болохоос өмнө мотор авч бай, би цагаан сараас өмнө амжуулаад мөнгө олж өгье гэсэн боловч утсаа авахгүй таг болсон тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөг гаргуулна. Уклаадаш нь моторын гол хөдөлгүүр байдаг. Тэгээд тэр үед надад янзлуулаад түр зуур явах юм болгоод надад зарсан байсан. Тэрийгээ өөрөө мэдэж байсан. Грүп дээр өөрийнхөө янзлуулсан байсан зүйлээ асууж сурагласан байсан. Тэгээд одоо болохоор өөрөө би уклаадаш солиогүй, сураглаагүй гэж байгаа. Надад фэйсбүүкээс хайсан зураг нь байгаа. Одоо зарыг нь эргээд хайхаар олдохгүй байгаа. Тэр үед хадгалж авсан зураг нь надад одоо байгаа гэв.

2. Хариуцагч Б.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: иргэн Б.Т би 2022.01.07-нд иргэн Д.М-д Тоуоtа Вeltа маркын автомашинаа худалдсан. Тэр машиныг би өмнө нь ажлынхаа тэтгэвэрт гарсан А гэдэг хүнээс худалдаж авч байсан. Тухайн үед иргэн Д.М нь машиныг өөрөө үзэж хараад, үнээ тохиролцоод авсан. Миний машиныг ямар ч хийх юмгүй, 2021 оны үзлэг оношлогоондоо орсон, асуудалгүй машин гэдгийг хүлээн зөвшөөрөөд авсан. Д.М нь 2022.01.13-ны орой Дарив сум орж ирж байна. Машины Чек-ний гэрэл асчихлаа. Гэрэл л ассанаас бусдаар унаад явахад зугээр байна гэж утсаар ярьсан. Тэгээд сумын төв дээр дэлгүүр ороод явж байна гэсэн. Тэр үед наймаагаа буцаах талаар юу ч яриагүй. Маргааш нь буюу 2022.01.14-ний өдөр Моторын тос, маслын шүүрээ шалгаад үз, 2019 оны хавар тийм гэрэл асаад тосны шүүрээ цэвэрлүүлээд 1 ширхэг укладаш тосны суваг гаргуулсан талаар хэлсэн. Тэрний дараа өөр асуудал гараагүй. 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн төвд ачуулаад ирсэн гэж хэлсэн. Би ачуулж ирснийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд машины хамрын сөхөөд үзэхэд маш их халааж хүч үүсгэсэн бололтой аржаатар нь хоёр турбаагаараа дэвэрчихсэн байдалтай байсан. Би өмнө нь грүпээс юм асууж байсан. Шүүрийг нь нэг удаа цэвэрлүүлж байсан. Тэгээд М гэдэг засварчин уклаадаш нь тосны суваггүй байна гэж хэлээд суваг гаргаж өгч байсан. тэрнээс хойш ямар ч асуудалгүй байсан. Өөрийн эд хөрөнгөндөө засвар үйлчилгээ хийх нь эзэн хүний асуудал учраас миний хаанаас хэнээс машины сэлбэг хэрэгсэл сонирхож асуусаныг баримт болгож тухайн үед асуудалтай байсан гэж дүгнэж болохгүй. Миний зүгээр байсан эд хөрөнгийг худалдаж аваад эвдрэл гэмтэл учруулсаны дараа дахиад надаас мөнгө нэхэмжилж байгаа нь, мөн 2022 оны 06 дугаар сард миний өмнө тухайн машиныг эзэмшиж байсан Б.А гэдэг хүнд зарсан зэргээс харахад ашиг, хонжоо хайсан, бусдыг санхүү болон сэтгэл санааны талаас хохироох гэсэн байдал үүсэж байна. Би тухайн үед Японоос орж ирснээс ялгаагүй 160.000 гаруй км зам туулсан, ямарч асуудалгүй машинаа өгсөн. Д.М тухайн машиныг моторын хүчин чадал /3 цилиндртэй, хүчин чадал бага/-ыг тооцоололгүй уулын өгсүүр замд ачаалал өгч хэт их халааж эвдрэл үүсгэсэн байсныг 2022.01.18-нд аймгийн төвд ирсэн байхад нь би өөрөө очиж харсан. Тэр өглөө Д.М нь наймаагаа буцъя гэж надад хэлсэн, эсвэл надад моторын мөнгө өг гэсэн. Би тухайн үед Ховд аймгаас машин авсан байсан. Тухайн машины эвдрэл гэмтлийг нь мэдээгүй авсан учраас сэлбэг хэрэгсэлд мөнгө их зарсан мөн цагаан сар болох гэж байсан тул дараа мөнгө олж өгөх талаар хэлээд явсан. Миний саналыг хүлээж аваагүй шүүхэд өгнө гэж утсаар хэлсэн. Д.М нь шүүхэд өгсөн тайлбартаа 3 хоноод эвдэрсэн, Б.Т утасаа авахгүй болсон, намар Хөхморьтоос ирж байхад мотор халаад ирж засварт өгсөн гэх мэтээр цаг хугацааны болон намайг илт буруутгасан байдлаар худлаа тайлбар өгсөн байсан. Зүгээр байсан эд хөрөнгийг маань Д.М өөрөө үзэж хараад үнэ ханшаа тохиролцож, нэр дээрээ шилжүүлж авсны дараа өөрийнхөө буруутай байдлаас болж, техникийн хүчин чадлыг хэтрүүлэн ашигласанаас үүдэж гарсан эвдрэлийг надаас нэхэмжилж байгаа нь хувь хүний болон гэр бүл, хамт олонд сөрөг байдал үүсгэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 247 дугаар зүйлд заасны дагуу иргэн З.Т миний энэхүү тайлбарыг харгалзан үзэж үүссэн асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Би Хөхморьт, Баян-Уул сум руу хадам аав өнгөрөөд 10 гаруй удаа явсан. Би бодохдоо 1300 жижиг мотортой машиныг Дарвийн нуруунд маш их халалт үүсгэж хөргөхгүй явснаас үүдэж моторндоо өөрөө сэв суулгасан байх гэж үзэж байна. Одоо тэр машиныг миний өмнө эзэмшиж байсан хүн Д.М-с 06 дугаар сард худалдаж авсан байсан. Тэр А гэдэг хүн өөрөө орж ирсэн машин авч байсан. Мөн асуудалгүй сайн машин гэдгийн мэддэг учраас Д.М-с дахиж худалдаж авсан байгаа гэв.

3.1. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

-Гүүдмоторс ХХК-ийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Зарлагын баримт,

- Д.М-д  олгосон хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар,

-Б Т гэх фэйсбүүк хаягаар харилцаж байсан зурвас болон постонд бичсэн сэтгэгдэл /5 хуудас/.

 

3.2. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: байхгүй.

3.3. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн ......... улсын дугаартай автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн замын зардал 45,000 төгрөг, нийт 2,045,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 595,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

5. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-д холбогдуулан машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

6. Хариуцагч Б.Т нь ...Зүгээр байсан эд хөрөнгийг маань Д.М өөрөө үзэж хараад үнэ ханшаа тохиролцож, нэр дээрээ шилжүүлж авсны дараа өөрийнхөө буруутай байдлаас болж, техникийн хүчин чадлыг хэтрүүлэн ашигласанаас үүдэж гарсан эвдрэлийг надаас нэхэмжилж байгаа-г хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

7. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-с 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Toyota Belta маркийн автомашиныг худалдан авсан, худалдан авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 сарын 10-нд Дарив сум явахад Дарив сум орохоос 2 километр дутуу байхад моторын улаан гэрэл ассан талаар нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-д мэдэгдсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

8. Харин хариуцагч Б.Т нь ...жижиг мотортой машиныг Дарвийн нуруунд маш их халалт үүсгэж хөргөхгүй явснаас үүдэж моторт өөрөө сэв суулгасан... тул машины мотор сольсон зардлыг хариуцах үндэслэлгүй гэж,

Нэхэмжлэгч Д.М нь ...Уклаадаш нь моторын гол хөдөлгүүр байдаг. Тэгээд тэр үед надад янзлуулаад түр зуур явах юм болгоод надад зарсан байсан. Тэрийгээ өөрөө мэдэж байсан. Грүпп дээр өөрийнхөө янзлуулсан байсан зүйлээ асууж сурагласан байсан учраас Машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөг гаргуулна... гэж маргажээ.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Toyota Belta маркийн автомашиныг 6,800,000 төгрөгөөр Б.Т-с худалдан авсан гэж тайлбарласныг хариуцагч Б.Т нь хүлээн зөвшөөрдөг болно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дХэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж,

Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулахаар харилцан тохиролцоогүй байна.

Иймд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар машиныг шилжүүлэн өгч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн үйлдэл хийгдсэнээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

10. Хариуцагч Б.Т нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар машин худалдан авснаас хойш үүссэн эвдрэл гэмтлийг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

Хэдийгээр эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих боловч тухайн эд хөрөнгө гэрээ байгуулахаас өмнө доголдолтой байсан тохиолдолд худалдан авагч нь доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй.

11. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-с машиныг худалдан авснаас 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 сарын 10-ны өдөр машины мотор эвдэрсний улмаас машины моторыг солиулжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж,

251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.

Талууд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Гэтэл машин авснаас хойш 3 хоногийн дараа машины моторын улаан гэрэл асч, маслоны шүүр, маслоо сольсон боловч машин өөрөө явах боломжгүй, Дарив сумаас аймгийн төв рүү ачиж ирүүлсэн, улмаар машины моторыг сольсон, эргээд Б.Т-тай холбогдож энэ тухай хэлэхэд намар Хөхморьтоос ирж байгаад давааны цаана хахаад авч ирж засварчин М-р уклаадаш янзлуулсан гэж хэлсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь хариуцагч Б.Т-н ...2022.01.14-ний өдөр Моторын тос, маслын шүүрээ шалгаад үз, 2019 оны хавар тийм гэрэл асаад тосны шүүрээ цэвэрлүүлээд 1 ширхэг укладаш тосны суваг гаргуулсан талаар хэлсэн... гэх тайлбараар мөн тогтоогдож байх тул худалдан авах үед машины мотор доголдолтой байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М нь ...Уклаадаш нь моторын гол хөдөлгүүр байдаг. Тэгээд тэр үед надад янзлуулаад түр зуур явах юм болгоод надад зарсан байсан. Тэрийгээ өөрөө мэдэж байсан. Грүпп дээр өөрийнхөө янзлуулсан байсан зүйлээ асууж сурагласан байсан... гэж,

Хариуцагч Б.Т нь ...Асуусан нь үнэн. Би 2020 оны хавар н.А гэдэг хүнээс аваад асуусан. Намар нь машин худалдаж авчихаад хавар нь тос, масло солиулахдаа би тосны шүүрээ цэвэрлүүлсэн. Тэгээд М гэдэг засварчин уклаадаш нь тосны суваггүй юм байна. Ямар сонин юм гээд өрөмдөж суваг гаргасан. Тэгээд засварчин надад уклаадаш нь тосны сувагтай байх ёстой гэж хэлэхээр нь сонирхож асууж байсан. Мөн авч сольсон асуудал байхгүй... гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Т нь машинаа худалдахаас өмнө тухайн машины мотортой холбоотой асуудал байгааг мэдэж байсан, засвар үйлчилгээ хийлгэж байсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж,

254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор буюу худалдан авснаас хойш 3 хоногийн дараа доголдлыг илрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

12. Нэхэмжлэгч нь машины мотор эвдэрсэн буюу худалдан авсан эд хөрөнгөнд биет байдлын доголдол илэрсэн даруйд хариуцагч Б.Т-д доголдлын талаар мэдэгдсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж,

253.2-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж тус тус зааснаар хариуцагч Б.Т нь машины моторыг сольж өгөх болон үүнтэй холбогдон гарсан тээвэр болон ажлын хөлсийг хариуцах үүрэгтэй байна.

13. Худалдагч доголдолтой холбоотой үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М нь машины моторыг солиулах, үүүнтэй холбогдон гарсан зардыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

14. Нэхэмжлэгч нь машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Гүүдмоторс ХХК-ийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Зарлагын баримтад мотор 1,500,000, ажлын хөлс 450,000, тос 50,000 нийт 2,000,000 гэж, Д.М.-д  олгосон хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарт Улаанбаатараас Говь-Алтай Есөнбулаг 45,000 гэх бичилт хийгдсэн байх тул шүүх нотлогдож байгаа зардлын хэмжээгээр буюу нийт 2,045,000 төгрөгийг хариуцагч Б.Т-с гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин машин ачуулсан, хот руу хувийн унаагаар явсан, мотор тавиулсан гэх зардлууд нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 595,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

15. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-с моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 45,000 төгрөг, нийт 2,045,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 595,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 2,045,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-с моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 45,000 төгрөг, нийт 2,045,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 595,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 2,045,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ