Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 951

 

“ӨЭБЭ”ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/00740 дугаар шийдвэртэй, “ӨЭБЭ”ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э”ХХК--д холбогдох, гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэх 65 000 000 төгрөгийг гаргуулах,

“ӨЭБЭ”ХХК--иас харуул, хамгаалалтын ажлын үлдэгдэл хөлс 12 195 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай компанийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг харж хамгаалах хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилго бүхий “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно.

Гэтэл хариуцагч компани  гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөний улмаас барилга буюу харуул хамгаалалтын гэрээний объект болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Улаанбаатар паласын зүүн талд байрлах 16 давхар 107 айлын орон сууцны барилгын жижүүрийн өрөөнд байсан компанийн 15 064 499 төгрөгийн бараа материал 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 22-нд шилжих шөнө хулгайд алдагдсан ба энэ нь БНХАУ-аас авч ирээд удаагүй, яаралтай хэрэглэх сантехникийн материалууд байсан.

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улсын комисс ажиллах байсан учраас алдагдсан материалуудыг дахин 15 000 000 төгрөгөөр худалдан авснаар нийт 30 000 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ бол харуул хамгаалалтын компани гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс болсон. Мөн хариуцагч компани нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, харуул хамгаалалтын обьектыг тогтмол эргэж тойрох, бүрэн бүтэн байдлыг шалгах үүргээ зөрчсөний улмаас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр барилгын гараашид компанийн ажилтан тогонд цохиулсан байдалтай нас барсан байсныг 20-ны өдрийн орой нас барагчийн ар гэрийнхэн барилга дээр ирснээр мэдсэн. Нас барагч нь өөрийн болгоомжгүй байдлаас болж нас барсан хэдий ч хяналтын камераас үзэхэд харуул хамгаалалт, манаачаас тогонд цохиулсан хүнийг аврах, эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж үзүүлэх бүрэн боломжтой байсан нь тодорхой харагддаг.  

Хариуцагч тухайн газраа эргэж тойрох үүргээ биелүүлээгүйгээс харамсалтайгаар хүний алтан амь нас үрэгдсэнд манай компанийн зүгээс ар гэрийнхнээс нь уучлалт гуйж хоёр өрөө орон сууцыг 70 000 00 төгрөгийн үнээр худалдан авч өгсөн. Энэ нөхцөл байдал харуул хамгаалалтын компанийн буруутай эс үйлдэхүйгээс болсон тул хохирлыг талууд тэгш хувааж төлөх нь шударга болно. Иймд гэрээний үүргээ зөрчсөн “Э”ХХК--иас хохирогчийн ар гэрт өгсөн орон сууцны үнийн 50 хувь 35 000 000 төгрөг, хулгайд алдагдсан материалын үнэ 30 000 000 төгрөг, нийт 65 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э”ХХК- нь тус компанитай хамтран ажиллаад харуул хамгаалалтаар хангаж үйлчилгээ үзүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлсөө аваагүй хохирсон тул Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ 2018 онд 2 удаа гаргасан ч бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаагдсан. Ингээд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаад дахин өгөх гэж байтал манай компанид холбогдуулан бидний ажил үүрэгт хамааралгүй хулгайн хэрэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа алдагдсаны улмаас хүн нас барсан хэрэгт хамааруулан хохирол нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй бөгөөд өөрсдөөс шалтгаалсан буруутай үйлдэл болон зохиомол хулгайн хэрэгт сэрдэж үлдэгдэл хөлс төлөхөөс зайлсхийж хамтын гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

“ӨЭБЭ”ХХК- нь тус компанид төлөх ажлын хөлсөө төлөөгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө жижүүрийн өрөөнд байсан бараа материал алдагдсан гэдэг. Гэтэл тухайн үед хаалга цоожтой хамгаалалттай байхад алдсан нь үндэслэлгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2906 дугаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоолоор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Иймд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч “ӨЭБЭ”ХХК--ийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, УБ паласын дэргэдэх 12 давхар обьектыг харуул хамгаалалтаар хангахаар 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 15/002 дугаартай Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 3 пост нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргаж сарын хөлс 4 500 000 төгрөгөөр тооцохоор тохирсон. Тус гэрээний 3.2-т зааснаар тухайн хугацаагаар сунгагдаж гэрээний аль нэг тал гэрээг цуцлах тухай саналыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ирүүлээгүй тул талуудын байгуулсан дээрх гэрээний дагуу ажиллаж байсан.

Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 сар хүртэлх 9 сарын хугацаанд 3 постоор ажиллуулж, нэг сарын 4 500 000 төгрөгөөр тооцон 2015 оны 9 сарын ажлын хөлс нийт 38 400 000 төгрөгөөс 29 205 000 төгрөг төлсөн, үлдэгдэл хөлс 9 195 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэл нийт 12 сарын 2 постоор ажилласны хөлс нийт 37 600 000 төгрөгөөс 30 000 000 төгрөг төлсөн тул 2016 оны үлдэгдэл хөлс 7 600 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл 2 постоор ажилласан тул 8 сарын хөлс нийт 24 500 000 төгрөгөөс 14 000 000 төгрөг төлсөн тул 2017 оны үлдэгдэл хөлс 10 400 000 төгрөг нийт үлдэгдэл хөлс 27 195 000 төгрөг болсноос 15 000 000 төгрөгт гарааш тооцон авсан.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “ӨЭБЭ”ХХК--ийн дээрх обьектыг харуул хамгаалалтын үйлчилгээгээр хангасан үлдэгдэл хөлс 12 195 000 төгрөгийг нэхэмжилж байгааг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Э”ХХК- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ӨЭБЭ”ХХК--иас 12 195 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг харуул хамгаалалтын гэрээний үлдэгдэл хөлс гэжээ. Манай компани гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин хариуцагч хамгаалалтын гэрээний үүргээ зөрчиж, 65 000 000 төгрөгийн бодит хохирол “ӨЭБЭ”ХХК--д учруулсан. Мөн “Э”ХХК--ийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э”ХХК--иас 65 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ӨЭБЭ”ХХК--ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч “ӨЭБЭ”ХХК--иас 12 195 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э”ХХК--ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32019/00698 дугаартай захирамжийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” заалт нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг мэдэгдэн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч нь харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөний улмаас үйлчлүүлэгч компанид 65 000 000 төгрөгийг бодит хохирол учирсан.

Гэрээт харуул, хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь компанийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд  хөрөнгийг харж хамгаалах, хулгай болон хууль бус болзошгүй эрсдлээс сэргийлэх үүрэг хүлээсэн боловч хамгаалалтад хамаарах барилгын жижүүрийн өрөөнд байсан 15 000 000 төгрөгийн бараа, материал хулгайд алдагдан,  дахин өөр байгууллагаас худалдан авсан.

Мөн хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчиж, харуул хамгаалалтын обьектоо тогтмол эргэж тойрох, харж хамгаалах, бүрэн бүтэн байдлыг шалгах үүргээ зөрчсөний улмаас манай компанийн ажилтан тогонд цохиулж, бүтэн 24 цаг болоход харуул хамгаалалтын компанийн хариуцлагагүй байдлаас болж талийгаачийн амь насыг аварч чадаагүй. Нас барагчийн ар гэрт 2 өрөө орон сууц өгсөн бөгөөд уг орон сууц нь 70 000 000 төгрөг тул 50 хувийг нь харуул хамгаалалтын компани хариуцах нь шударга болно. Бид уг төлбөрүүдийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ӨЭБЭ”ХХК--д холбогдуулан 2018 оны 6 дугаар сараас үлдэгдэл ажлын хөлсөө авах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2 удаа гаргасан ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Гэтэл энэ хугацаанд “ӨЭБЭ”ХХК- нэхэмжлэл гаргаж манай компанийг хариуцагчаар татсан тул сөрөг нэхэмжлэлээ гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх” гэрээ нь 6 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд талууд харилцан амаар тохиролцож тус гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргийн хүрээнд ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “ӨЭБЭ”ХХК--ийн хүсэлтийн дагуу харилцан зөвшөөрч гэрээг цуцалсан.

Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 29 сар буюу 857 хоног Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах 12 давхар барилгын объектыг харж талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Манай талаас ажилласан 857 хоног /29 сар/-ийн хөлс 100 500 000 төгрөг болсон бөгөөд хариуцагч үүнээс 88 205 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12 195 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, тооцоо нийлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндэслэлдээ 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ"-г дүгнээгүй, он онд үүсч байсан тооцооны үлдэгдлийг нийлж баталгаажуулаагүй, 2015, 2016, 2017 онуудад тооцооны үлдэгдэлтэй, авлагатай талаар тухайн байгууллагын санхүүгийн тайланд тусгагдсан баримтгүй тул төлбөрийн үлдэгдэл нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд нийцээгүй.

Гэрээ дүгнээгүй тухайд, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ’'-ний хугацаа 6 сар боловч талууд харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу ажлыг гүйцэтгэж 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажиллуулагч “ӨЭБЭ”ХХК--ийн харуул хамгаалалтыг буулгаж, гэрээ дуусгавар болгох тухай хүсэлтийг манай тал зөвшөөрч 2 тал харилцан тохиролцож дээрх хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосныг “ӨЭБЭ”ХХК--ийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №071/1 албан хүсэлт, тус өдрийн манай хариу бичгээр нотлогддог.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дах хэсэгт дээрх хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сард “ӨЭБЭ”ХХК--ийн хүсэлтийн дагуу гадна, дотор байршуулсан камерууд, хяналтын самбарыг тус компанийн узелийн өрөөнд оруулж, харуул хамгаалалтыг зөвхөн гаднах талбайгаар хариуцах болсон нь гэрчийн мэдүүлгүүд, 2017 оны 7 дугаар сард талууд дахин хуралдаж тус обьект ашиглалтад орж байгаатай холбогдуулан гадна доторх бүх түлхүүрийг хамгаалалтын албанаас хамааралгүй болгож өөрсдөө хураан авч, байрны гадна хэсгийг харахаар болсон нь тухай бүр гэрээг дүгнэж, талуудын эрх үүргийг өөрчилж байсныг нотолж байхад эдгээрийг үнэлээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “....он, онд үүсч байсан тооцооны үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй...” гэх тухайд “ӨЭБЭ”ХХК--тай тооцоо нийлэх гэж удаа дараа нягтлан н.Нарантуяаг явуулсан боловч огт тооцоо нийлдэггүй, үлдэгдэл хөлсийг амаар ярьсаар атал төлөөгүй тул арга буюу шүүхээр нэхэмжилсэн. Талууд тооцоо нийлээгүй боловч гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаа, дуусгавар болсон хугацаа, гэрчүүдийн мэдүүлэг, тохиролцсон ажлын хөлс, нийт ажилласан пост зэрэг нь үйл баримтаар нотлогдож байхад эдгээрийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй нь шийдвэр хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, талууд тооцоо нийлээгүй байгаа нь “ӨЭБЭ”ХХК- үлдэгдэл хөлс төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Манай компаниас санхүүгийн тайланг тухайн жил бүр гаргадаг. Гэтэл тайланд “ӨЭБЭ”ХХК--ийн өглөгийг тусгаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ӨЭБЭ”ХХК- нь хариуцагч “Э”ХХК--д холбогдуулан “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор учирсан хохиролд 65 000 000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч “ӨЭБЭ”ХХК--иас дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 12 195 000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр талууд тохиролцон “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 6 сарын хугацаатай байгуулж, “Э”ХХК- нь “ӨЭБЭ”ХХК--ийн эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг харж хамгаалах, хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилгыг тодорхойлж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан байна. /хх6-9/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд аливаа аюулаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө барилгын сантехникийн материал хулгайд алдагдсантай холбоотой 30 000 000 төгрөгийн хохирол учирсан, мөн хамгаалалтад хамаарах обьектын хил хязгаарыг нарийвчлан тогтоож акт, протоколоор хүлээлгэн өгч, хүлээн авах, эргэн тойрч хяналт тавих хамгаалагчийн үндсэн үүрэг зөрчигдсөнөөр 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр В2 давхарт ажлаа хийж байсан нэхэмжлэгч компанийн ажилтан тогонд цохиулан нас барсан. Үүний улмаас нас барагчийн ар гэрт 70 000 000 төгрөгөөр 2 өрөө орон сууц худалдан авч өгсөн тул үнийн 50 хувь буюу 35 000 000 төгрөг, нийт 65 000 000 төгрөгийг “Э”ХХК- хамтран хариуцах ёстой гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ, хулгайд хөрөнгө алдсан нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад тогтоогдоогүй. Нас барагчийн хувьд түүнийг тогонд цохиулсан гэдгийг тэр даруйд нь мэдэх боломжгүй, учир нь нэхэмжлэгч тухайн үед тус обьектод байршуулсан камеруудын хянах дэлгэцийг хурааж авсан байсан. Шүүхээс үзлэг хийсэн бичлэгээр харуул нь үүргээ гүйцэтгээгүйгээс хүний амь хохирсон гэж үзэхгүй тул хохирлын 65 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгч гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 12 195 000 төгрөгийг төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

 

Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн гадна, хэргийн үйл баримт бодитоор тогтоогдоогүй, талуудыг маргааны зарим зүйлийн талаар мэтгэлцүүлээгүй гэж үзнэ. Тодруулбал, зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн “Гэрээт харуул, хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх пост, харуулын тоог өөрчилсөн, камер хянах дэлгэцийн байршил өөрчилж, зөвхөн гадна талбайг хянах болсон гэх хариуцагчийн тайлбарыг, нэхэмжлэгч үгүйсгэжээ. Талууд маргааны үйл баримтад холбоотой нөхцөл байдлыг зөрүүтэй тайлбарлаж, түүнийг эргэлзээгүйгээр нотлох баримт авагдаагүй байгаа тохиолдолд шүүх ийнхүү зөрүүтэй буюу тодорхой бус зүйлийн талаар тодруулах ажиллагааг хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцэх байжээ.

 

Түүнчлэн, хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хүний амь хохирсон, тухайн нас барагчийн гэр бүлд орон сууц олгосонтой холбоотой гэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зарим үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Мөнхцэцэгт орон сууц худалдан авч өгсөн гээд Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ /хх9/, Худалдах, худалдан авах гэрээ /хх48-51/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх гэрээнд заасан 70 000 000 төгрөгийн гэх орон сууцыг тухайн гэр бүлийн өмчлөлд бодитойгоор шилжүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч талаас уг орон сууцыг дурдсан этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлж байгаа эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул үүнийг бүртгэлийн байгууллага болон орон сууц авсан гэх гэрээний нэг талаас тодруулах боломжтой юм. Дээрх ажиллагааг хийж бодит байдлыг тодруулаагүй байхад 70 000 000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг аль тал хэрхэн хариуцах талаар дүгнэлт хийх нь учир дутагдалтай байна.  

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 12 195 000 төгрөгийг ажлын хөлсний төлбөрийн үлдэгдэл гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч тал бүх төлбөр бүрэн төлөгдсөн, сүүлийн тооцоонд дүйцүүлж авто гарааш өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж харилцан маргасан. Талууд гэрээг дүгнэсэн акт үйлдээгүй, гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн эсэхийг хэн аль нь баримтаар нотлоогүй, зохигчид энэ талаар зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, талууд төлбөр төлсөн баримт болон гарааш дүйцүүлэн шилжүүлсэн үнийн хувьд маргахгүй байгаа атлаа гэрээт ажлын хөлс бүрэн гүйцэд төлөгдсөн эсэхэд маргаж байна. Иймд талууд харилцан тооцоо нийлэх, улмаар шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг тэдэнд бүрэн өгч, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эрхийг нь сануулах ажиллагаа хийсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.   

 

Дээр дурдсан ажиллагаа тус бүрийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх, зохигчдын давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/00740 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “ӨЭБЭ”ХХК--ийн төлсөн 485 000 төгрөг, хариуцагч “Э”ХХК--ийн төлсөн 210 500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

         ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

Т.ТУЯА