Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02467

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2022/02467 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г ХХК

 

Хариуцагч: Б.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,267,699.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

хариуцагч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 10,267,699.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Б.Б нь Г ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Кредит картын гэрээ-г 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийн хэрэглээний зээлийн зориулалтаар, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувь байхаар тохирч гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь кредит карт авснаас хойш 24 сарын хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/ Шимтгэл хураамж 50,200 төгрөг;

2/ Зээлийн үндсэн төлбөр 5,247,255.16 төгрөг;

3/ Зээлийн хүүний төлбөр 3,262,128.46 төгрөг;

4/ Зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 938,485.61 төгрөг;

5/ Зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 769,629.95 төгрөг, нийт 10,267,699.18 төгрөгийг нэхэмжилж байна. Ковидын үеэр зээлдэгч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд манайхаас ямар хөнгөлөлт үзүүлэх талаар шийдвэрлэх боломжтой байсан. Цар тахалтай холбоотой Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу банканд зээлтэй хүн болгон хүсэлтээ өгөөд ямар нэгэн байдлаар зээлээ хойшлуулах, хүүгээ зогсоох гэх мэт ажиллагаа явж байсан. Хариуцагч өөрөө манайд хүсэлт гаргаагүй. Кредит картын хувьд хүн хэдэн ч төгрөгийн эрхтэй кредит карт авч болно. Эхний сардаа 1,000,000 төгрөгийн эрхтэй байлаа гэхэд дараа сардаа хэзээ төлөлтөө хийж, хүүг яаж тооцох талаар болон тухайн картаа дахин ашиглах боломжтой эсэх талаар бүх мэдээллийг карт авах үедээ өгсөн дугаарт байнга явуулдаг. Энэ талаар гэрээн дээр зааж өгсөн. Хариуцагч өөрөө гэрээтэйгээ танилцаад, хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэж үзэж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд банкнаас зээл авсан нь үнэн. Гэхдээ тухайн кредит картын эрсдэлийг яаж даатгасан, эрсдэлийн талаар надад танилцуулаагүй. Мөн гэрээний хугацаа хэзээ дуусах, хүү, алдангийг хэрхэн тооцох талаар надад хэлээгүй. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойших илүү мөнгийг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Ковидын үед намайг зээл төлөх боломжгүй 3 сар өнгөрсөн байхад банк надад мэдэгдэж, надтай уулзаагүй. Банк тэр дор нь зээлээ хөөцөлдөж, харилцан нэгнээ хүндэтгэж зээл төлүүлэхээр арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Энэ талаар надтай тохиролцож болох байсан, би зээлээ төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл зориудаар хугацаа хэтрүүлж, илүү ашиг харж хүү, алданги бодсон. Ковидын цар тахлын үеийг харгалзан үзэх ёстой гэж үзэж байна гэжээ. Одоогоор би байнгын тогтмол цалинтай, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажил хийж болохгүй байгаа. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний бүх дансыг хаачихсан болохоор дансаар цалин авахгүй, байнга бэлэн мөнгөний буюу халтуурын ажил хийж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Кредит картын гэрээ, зээлийн тооцоолол, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,267,699.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Г ХХК-тай байгуулсан Кредит картын гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн бол хариуцагч ...илүү мөнгө нэхэмжилсэн гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарласан байна.

 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Кредит картын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус зээлийн сарын хүү 2 хувь, бэлэн зээлийн сарын хүү 3.5 хувиар ашиглуулах, хариуцагч Б.Б нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Хариуцагч нь 5,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбар, Кредит картын гэрээ зэргээр тогтоогджээ.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын байгуулсан Кредит картын гэрээ-ний 3.5-д Кредит картын зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар тооцно гэж, 3.6-д Карт эзэмшигч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол дараа сарын эхний өдрөөс эхлэн эргэн төлөх доод хэмжээнээс зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар тооцно гэж, гэрээний 2.1-д зээлийн эрхийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж зээл авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох зээлийн хүү сарын 2 хувь гэж, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь гэж тус тус заажээ.

 

Дээрх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтад үндэслэн зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 938,485.61 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 769,629.95 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

Ийм учраас хариуцагч Б.Б-оос 8,559,583.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б-оос 8,559,583.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,708,115.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,234 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-оос төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ