Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01681

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01681

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02467 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 10,267,697.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н ХХК нь Бтой 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Кредит картын гэрээ-г 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар, бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1,0 хувь байхаар тохиролцон гэрээ байгуулсан.

1.2. Хариуцагч нь кредит карт авснаас хойш 24 сарын хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар шимтгэл хураамж 50,200 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 5,247,255.16 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,262,128.46 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 938,485.61 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 769,629.95 төгрөг, нийт 10,267,699.18 төгрөг гаргуулна.

1.3. Ковидын үеэр зээлдэгч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд манайхаас ямар хөнгөлөлт үзүүлэх талаар шийдвэрлэх боломжтой байсан боловч хариуцагч хүсэлт гаргаагүй. Хэдэн ч төгрөгийн эрхтэй кредит карт авч болно. Эхний сардаа 1,000,000 төгрөгийн эрхтэй байлаа гэхэд дараа сардаа хэзээ төлөлтөө хийж, хүүг яаж тооцох талаар болон тухайн картаа дахин ашиглах боломжтой эсэх талаар бүх мэдээллийг карт авах үедээ өгсөн дугаарт байнга явуулдаг. Энэ талаар гэрээн дээр зааж өгсөн гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Банкнаас зээл авсан боловч тухайн кредит картын эрсдэлийг яаж даатгасан, эрсдэлийн талаар надад танилцуулаагүй. Мөн гэрээний хугацаа хэзээ дуусах, хүү, алдангийг хэрхэн тооцох талаар надад хэлээгүй.

2.2. Ковидын үед зээл төлөх боломжгүй 3 сар өнгөрсөн байхад банк надад мэдэгдэж, надтай уулзаагүй. Банк тэр дор нь зээлээ хөөцөлдөж, зээл төлүүлэхээр арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Энэ талаар надтай тохиролцож болох байсан. Би зээлээ төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл зориудаар хугацаа хэтрүүлж, илүү ашиг харж хүү, алданги тооцсон тул гэрээний хугацаа дууссанаас хойшхи илүү мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боос 8,559,583.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,708,115.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,234 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Боос төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж хариуцагч талын эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас удаа дараагийн хөл хорио, хязгаарлалт тогтоосноор цалин орлогогүй болж авсан зээлийн хуваарь зөрчигдсөн. Ковидын үед намайг зээл төлөх боломжгүй 3 сар өнгөрсөн байхад банк надад мэдэгдэж, надтай уулзаагүй. Банк зээлээ хөөцөлдөж харилцан нэгнээ хүндэтгэж, зээл төлүүлэх арга хэмжээ авах боломжтой байсан атал зориудаар хугацаа хэтрүүлж, ашиг харж хүү бодож, гэрээний хугацаа дуусахыг хүлээх байдлаар хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,631,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт шимтгэл хураамж 50,200 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 5,247,255.16 төгрөг, хүүгийн төлбөрт 3,262,128.46 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 938,485.61 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөрт 769,629.95 төгрөг, нийт 10,267,699.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Н ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Бтой ЗГ/123951529 дугаартай Кредит картын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй, 24 сарын хугацаатай, бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 8-10/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

5. Кредит картын тооцооллын хүснэгт-ээс үзвэл хариуцагч Б нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 18,011,715 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авсан, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн төлбөрт 5,247,255.16 төгрөг, хүүгийн төлбөрт 3,262,128.46 төгрөг, шимтгэл хураамжид 50,200 төгрөг тус тус төлөөгүй болох нь тогтоогдсон. /хх.11/

6. Иймд зээлдэгч Боос үндсэн зээлийн үлдэгдэл 5,247,255 төгрөг, хүүгийн төлбөрт 3,262,128.46 төгрөг тус тус гаргуулан зээлдүүлэгч Н ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаа, хэмжээ, нөхцлийн дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийн зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах, ковид-19 цар тахлын улмаас хариуцагч зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй, давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний 2-т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар заасан нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байхаас гадна уг заалт нь хуульд заасан нэмэгдүүлсэн хүүгийн шинжийг агуулаагүй байх тул талуудыг гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,708,115 төгрөг шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Анхан шатны шүүх шимтгэл хураамж 50,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүх шийдлийг хэвээр үлдээв.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН