Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02466

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02466

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: , С ХХК

 

Хариуцагч: Б.О

 

Хариуцагч: А.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,148,301 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Хариуцагч А.Э

Хариуцагчийн өмгөөлөгч П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч А.Э-гаас 9,148,301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А.Э болон Б.О нарт холбогдуулж Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны тоот хаягт байршилтай, 125.92м2 талбайтай, 4 өрөө орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 9,867,788 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О-ийн шүүхэд өгсөн ...манай найзын эгч н.Содбилэгийн гуйлтаар түрээсийн гэрээ хийсэн. Түлхүүр болон гэрээний хуулбарыг н.С эгчид өгсөн. Уг байранд нэг ч өдөр байж үзээгүй, дотор нь амьдарч буй хүмүүс хариуцах байх гэсэн тайлбартай нь холбогдуулан бид хариуцагч Б.О-ээс татгалзаж байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин нэхэмжлэгчийн зүгээс А.Э жинхэнэ хариуцагч гэж үзээд өөрсдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар өөрчилж, багасгасан. Үүнд:

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр буюу бидний олох ёстой байсан орлого 9,009,677 төгрөг, СӨХ-ны төлбөр 138,624 төгрөг, нийт 9,148,301 төгрөгийг хариуцагч А.Э-с гаргуулна. Учир нь хариуцагч А.Э нь манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон,  дүгээр байрны тоот хаягт байршилтай, 125.92м2 талбайтай, 4 өрөө орон сууцанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэг түрээсийн гэрээ байхгүйгээр оршин сууж байсан. Түүнийг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тэрээр гараагүй. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тэрээр байрны түлхүүрээ ч хүлээлгэж өгөөгүй шууд гараад явсан. Ийм учраас бидний нэхэмжилж буй мөнгийг хариуцагч А.Э нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2019 оны 5 дугаар сард С ХХК-ийн Туул ван байранд 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Тэр гэрээг хийх саналыг манай найзын эгч С ...иргэний үнэмлэхтэйгээ явж байвал байрны гэрээ хийгээд өгөөч, төлбөрийг нь төлсөн учраас ямар нэг асуудалгүй гэсэн учир тус болох үүднээс татгалзаагүй. Түүнээс хойш гэрээг биечлэн очиж сунгаагүй. Уг байрны гэрээг хийгээд түлхүүр болон гэрээний хуулбарыг С эгчид өгсөн. Тухайн байранд би 1 өдөр ч байж үзээгүй. Тухайн байрны гэрээг С эгчийн найз С гэх эмэгтэй хийлгэснийг сүүлд мэдсэн. Тиймээс байрны төлбөр тооцоог Солонго болон байран дотор амьдарч байгаа хүмүүс хариуцах байх гэжээ.

 

3. Хариуцагч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК нь 2019 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороонд байрлалтай Туул ван хотхоны дүгээр байранд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 125 м2 хэмжээтэй 4 өрөө орон сууцыг 21,000,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрийг төлж, 5-8 жилийн жилийн хугацаанд сар бүр тогтмол 640,000-1,024,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохоор Ж.Б, Э.С нараар дамжуулан санал тавьсны үндсэн дээр иргэн А.Э би 2018 оны 8 дугаар сард 21,000,000 төгрөг, мөн гэрээнд шаардлагатай материал гэх бичиг баримтын хуулбар, өргөдөл зэрэг материал болон мөнгийг Ж.Б болон Э.С нарт өгөөд дээрх байранд амьдарч эхэлсэн. Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээ гараагүй байна гэж явсаар биднийг луйвардсан болохыг мэдсэн ба бидний оруулсан мөнгөн хөрөнгө хаана ямар дансанд орсон нь тодорхойгүй, амьдарч буй байрыг суллан хүлээлгэн өгөх талаар мэдэгдэл удаа дараа ирснээр би энэ байрнаас 2021 оны 7 дугаар сард гарсан. Миний бие Туул ван хотхоноос Ж.Б Э.Солонго нараар дамжуулан 4 өрөө орон сууцыг 119,304,000 төгрөгөөр худалдан авах саналын дагуу нийт 21,410,000 төгрөгийг Ж.Б болон С нарт өгсөн. Амьдарч эхэлсэн сараас эхлэн өөрийн болон эхнэрийн нэр дээр Б ХХК болон Туулван СӨХ-ны төлбөрийг төлж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 28 буюу амьдарч эхэлснээс 2 жилийн дараанаас гэнэт түрээсийн төлбөр төл гэсэн мэдэгдэх хуудас С ХХК-иас ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн уг байранд Туул ван хотхоны борлуулалтын алба болох С ХХК-иас байрыг хүлээлгэн өгөх мэдэгдэл удаа дараалан бидэнд ирүүлсэн. Иймд миний бие болон миний эхнэр П.Э борлуулалтын албатай уулзан уг байран дээр хийгдсэн гэрээг шалгах зэрэг хүсэлт тавихад Солонготой хийсэн нууцын гэрээ та нарт харуулахгүй гэх мэтээр мэдээлэл бидэнд өгөөгүй. Ч.Б нь С ХХК борлуулалтын албаны ажилтан бөгөөд олон байрыг хувь хүний гэрээ Э.С-той хийсэн байсан. Зарим айлыг өөр хүний нэр дээр бусдыг залилан гарын үсэг зуруулж гэрээ хийсэн байсан. Бидний зүгээс 2020 оны 7 сард уг байрны борлуулалтын албатай уулзан уг байр болон ТОСК, Э.С нарын хооронд ямар гэрээ байгааг лавлаж асуухад Туул ван хотхоны борлуулалтын албанаас бидэнд хоёр байгууллагын хооронд нууцлалын гэрээтэй тул үзүүлэх боломжгүй хэмээн хариу өгсөн юм. Дээрх үндэслэлүүд болон амьдарч байсан хугацаанд С ХХК-иас нэг ч удаа ирж уулзаагүй мөртлөө 2021 оны 3 сард Цагдаагийн байгууллагаас Ж.Б, Э.С нарыг шалгаж эхлэхэд гэнэт байрнаас гарах мэдэгдэл өгч байгаа нь иргэн миний хувьд сэжигтэй санагдсан тул С ХХК болон Ж.Б, Э.С нарыг харилцан тохиролцож бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт сэжиглэж, миний бие А.Э нь залилангийн гэмт хэргийн хохирогч болсон гэж үзэж өргөдөл гаргасан бөгөөд одоо эрүүгийн журмаар шалгаж байгаа.

Би С ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаанд огт ороогүй. Байр худалдаж авч байна гэж бодоод тэр хүмүүст итгэж урьдчилгаа мөнгөө өгсөн. Бид нарыг 2 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн байранд амьдарч байхад энэ байрыг түрээсийн байр гэдгийг огт хэлээгүй. Гэнэт 2 жилийн дараа түрээсэлж байсан байр гэж мэдэгдэл ирүүлэхэд нь би 2, 3 сарын дараа буюу дараагийн амьдрах газраа олоод шууд тэр байрнаас гарсан. Ингэж хохирчихоод байхад дахин нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн намайг байрны түлхүүр хүлээлгэж өгөөгүй гэсэн. Би анх энэ байранд орохдоо н.Бодьсад гэдэг хүнээс байрны түлхүүр хүлээж авсан. Тийм учраас С ХХК-д түлхүүр хүлээлгэж өгөхгүй, та нартай ямар нэгэн харилцаанд ороогүй учраас байрыг хүлээлгэж өгөх шаардлагагүй, гэрээ байгуулсан гэх Б.О гэдэг хүнээ дууд гэж хэлсэн. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл, утх төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслүүлэх гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, мэдэгдэх хуудас, тайлбар, нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг.

5. Хариуцагч А.Энх-Амгалан дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг.

 

6. Хариуцагч Б.Отгонсүх дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн түрээслэгч Б.О, түрээслүүлэгч Ч.Б нарын хооронд байгуулагдсан Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн түрээслэгч Б.О, түрээслүүлэгч Ч.Б нарын хооронд байгуулагдсан Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нүүд авагджээ.

 

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-гээр Ч.Б нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29 дүгээр байрны  тоот хаягт байршилтай, 125.92м2 талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаагаар, нэг сарын 2,100,000 төгрөгөөр Б.О түрээслэхээр,

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-гээр Ч.Б нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29 дүгээр байрны  тоот хаягт байршилтай,  талбайтай 4 өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаагаар, нэг сарын 2,100,000 төгрөгөөр Б.О түрээслэхээр тус тус харилцан тохирсон байна.

 

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нд С ХХК-ийн тамга дарагдсан байгааг, хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсууд, №000932742 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй харьцуулан судлахад дээр гэрээний зүйл болох 4 өрөө орон сууц нь С ХХК-ийн өмчлөлийнх ба 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний харилцаа Б.О болон С ХХК-иудын хооронд үүссэн гэж дүгнэлээ.

 

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О болон А.Э нарт холбогдуулж 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 9,009,677 төгрөг, алданги 719,624 төгрөг, СӨХ-ны 2021 оны 4-6 дугаар саруудын төлбөр 138,624 төгрөг, нийт 9,867,788 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.О холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Отгонсүхэд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч А.Э-д холбогдох шаардлага, үндэслэлээ дараах байдлаар өөрчилсөн ба шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжин оролцов. Үүнд:

1/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого 9,009,677 төгрөг;

2/ Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлбөр 138,624 төгрөг, нийт 9,148,301 төгрөгийг хариуцагч А.Э-аас гаргуулна.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ ...хариуцагч А.Э нь манай компанийн өмчлөлийн 4 өрөө орон сууцанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэг гэрээ байхгүйгээр оршин сууж байсан. Түүнийг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тэрээр гараагүй. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тэрээр байрны түлхүүрээ ч хүлээлгэж өгөөгүй шууд гараад явсан. Ийм учраас бидний нэхэмжилж буй мөнгийг хариуцагч А.Э нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцах ёстой гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

Гэтэл хариуцагч А.Э нь 2019 оны 5 дугаар сарын 01, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нүүдийн оролцогч биш байх тул С ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого 9,009,677 төгрөг, СӨХ-ны төлбөр 138,624 төгрөг, нийт 9,148,301 төгрөгийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Э-аас 9,148,301 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ