Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01599

 

 

 

 

 

 

 

 

2022 08 26 210/МА2022/01599

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02466 дугаар шийдвэртэй С ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.О, А.Э нарт холбогдох 9,148,301 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагч А.Э гийн өмгөөлөгч П.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э болон Б.О нарт холбогдуулж Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 00 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, 125.92 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 9,867,788 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О ээс татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч А.Э нь манай компанийн өмчлөлийн дээрх 4 өрөө орон сууцанд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэг түрээсийн гэрээгүйгээр амьдарсан. Түүнийг орон сууц чөлөөлөхийг шаардсан боловч гараагүй ба 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгөлгүй гараад явсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар дээрх хугацааны түрээсийн төлбөр буюу бидний олох ёстой байсан орлого 9,009,677 төгрөг, СӨХ-ны төлбөр 138,624 төгрөг, нийт 9,148,301 төгрөгийг хариуцагч А.Э гаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Б.О ийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 05 дугаар сард С ХХК-ийн Туул ван хотхон дахь 4 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ хийсэн.

Манай найзын эгч н.Содгэрэл ...иргэний үнэмлэхтэйгээ явж байвал байрны гэрээ хийгээд өгөөч, төлбөрийг нь төлсөн учраас ямар нэг асуудалгүй гэсэн учир тус болох үүднээс гэрээ хийсэн.

Түүнээс хойш гэрээг биечлэн очиж сунгаагүй, тус орон сууцны гэрээг хийгээд түлхүүр болон гэрээний хуулбарыг н.Содгэрэлд өгсөн. Тухайн гэрээг н.С-ийн найз н.С гэх эмэгтэй хийлгэснийг сүүлд мэдсэн. Тиймээс орон сууцны төлбөр тооцоог н.Солонго болон амьдарч байгаа хүмүүс нь хариуцах байх гэжээ.

 

3. Хариуцагч А.Э гийн татгалзал, тайлбарын агуулга: С ХХК нь 2019 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхоны 29 дүгээр байрны 125.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу урьдчилгаа 21,000,000 төгрөг төлж, 5-8 жилийн жилийн хугацаанд сар бүр 640,000-1,024,000 төгрөг төлж 119,304,000 төгрөгөөр худалдан авснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох саналыг Ж.Б, Э.С нараар дамжуулан тавьсан.

Миний бие 2018 оны 08 дугаар сард 21,000,000 төгрөг, мөн гэрээнд шаардлагатай бичиг баримтын хуулбар, өргөдөл зэрэг материалыг Ж.Б , Э.С нарт өгөөд тус орон сууцанд амьдарч эхэлсэн.

Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээ гараагүй байна гэж явсаар биднийг луйвардсан болохыг мэдсэн ба бидний оруулсан мөнгөн хөрөнгө хаана ямар дансанд орсон нь тодорхойгүй, амьдарч буй байрыг суллаж хүлээлгэн өгөх мэдэгдэл удаа дараа ирсэн тул 2021 оны 07 дугаар сард гарсан.

Тус орон сууцанд амьдарч эхэлсэн сараас эхлэн өөрийн болон эхнэрийн нэр дээр Батбуян ХХК болон Туулван СӨХ-ны төлбөрийг төлж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 жилийн дараа С ХХК-аас түрээсийн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас ирсэн.

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн уг байранд Туулван хотхоны борлуулалтын алба болох С ХХК-аас байрыг хүлээлгэн өгөх мэдэгдэл удаа дараа ирүүлсэн. Ингээд 2020 оны 7 сард эхнэрийн хамт борлуулалтын албатай уулзаж уг орон сууцны гэрээг шалгах хүсэлт тавихад Солонготой хийсэн нууцын гэрээ, та нарт харуулахгүй, хоёр байгууллагын хооронд нууцлалын гэрээтэй тул үзүүлэх боломжгүй гээд бидэнд мэдээлэл өгөөгүй.

2021 оны 3 сард Цагдаагийн байгууллагаас Ж.Б , Э.С нарыг шалгаж эхлэхэд бидэнд орон сууцнаас гарах мэдэгдэл өгсөн тул С ХХК болон Ж.Б, Э.С нарыг бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт сэжиглэж өргөдөл гаргасан бөгөөд одоо эрүүгийн журмаар шалгаж байна.

Миний бие С ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, орон сууц худалдан авч байна гэж бодоод урьдчилгаа мөнгөө өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О эд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Э гаас 9,148,301 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4 дэх хэсэгт тус тус зааснаар зайлшгүй орох байсан орлогыг хохирол гэж үзээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх харгалзан үзээгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.Э гийн өмгөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О , А.Э нарт холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр болон СӨХ-ны ашиглалтын зардалд нийт 9,148,301 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.О эд холбогдох шаардлагаас татгалзсан ба хариуцагч А.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Б.О , Ч.Б нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууц түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 00 дүгээр байрны 000 тоотод байрлах 125,92 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч нь сарын 2,100,000 төгрөгийг 3 сараар төлөх үүрэг хүлээсэн байна. /хх7/

 

Уг гэрээний хугацаа дуусах 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр талууд орон сууц түрээслэх гэрээг үргэлжүүлэн байгуулахдаа түрээслүүлэгч нь дээрх орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч нь сарын 2,100,000 төгрөгийг 3 сараар төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх8/

 

Дээрх хоёр гэрээнд Ч.Б гарын үсэг зурж, С ХХК-ийн тамгыг дарснаас гадна Ч.Б нь тус компанийн борлуулалтын ажилтнаар тухайн үед ажиллаж байсан байх тул С ХХК болон Б.О нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

3.б. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх орон сууцны өмчлөгч нь С ХХК байх бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 13, мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэх хуудсуудад С ХХК-ийн борлуулалтын ажилтан Ч.Б гэж бичигджээ. /хх09, 10-12/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, түрээсийн гэрээний харилцаа С ХХК болон Б.О нарын хооронд үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

3.в. Хариуцагч Б.О нь ... найзын эгч н.Содгэрэл ...иргэний үнэмлэхтэйгээ явж байвал байрны гэрээ хийгээд өгөөч, төлбөрийг нь төлсөн учраас ямар нэг асуудалгүй гэсэн учир тус болох үүднээс гэрээ хийсэн, ... тухайн орон сууцанд амьдраагүй гэх агуулгаар татгалзлаа тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд дээрх тайлбартай холбогдуулан Б.О эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

4.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ... хариуцагч А.Э манай орон сууцанд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл гэрээгүйгээр амьдарсан тул энэ хугацаанд орох ёстой байсан орлогод 9,009,677 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 138,624 төгрөг нийт 9,148,301 төгрөг гаргуулна гэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тодорхойлсон.

 

Хариуцагч А.Э нь ...тус орон сууцыг худалдан авах зорилгоор өөр этгээдүүдэд 21,000,000 төгрөг шилжүүлсэн, С ХХК болон Ж.Б , Э.С нарыг цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа тайлбарлажээ.

 

4.б. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан байна.

 

Хариуцагч А.Э нь нэхэмжлэгч С ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээсэн, гүйцэтгэх үүрэг үүссэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан орон сууц түрээслэх гэрээг А.Э тай байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ гэрээний дагуу буюу өөр этгээдийн байгуулсан гэрээний дагуу А.Э д үүрэг үүсэхгүй.

 

4.в. Хариуцагч А.Э д түрээсийн гэрээгээр хөлс төлөх үүрэг үүсээгүй учир үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардах үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч С ХХК-ийг хариуцагч А.Э гаас олох ёстой байсан орлого шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгч С ХХК-ийг хариуцагч А.Э гаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Учир нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлыг зохих журмын дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдаас буюу орон сууцны өмчлөгчөөс шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ