Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2022/00358

 

156/ШШ2022/00358

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00754/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг .............................

Хариуцагч: Хэнтий аймаг, .......................... оршин суух, Олохнууд овогт Ц.С.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү 13,140,240.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.....Хэнтий салбар нь хариуцагч Ц.С.д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү нийт 13,140,240.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ж.Ц., Ц.С. нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14,500,000 төгрөгийг Х... Хэнтий салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, ............. тоот хаягт байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Ж.Ц., Ц.С. нар нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2,345,765.91 төгрөг, зээлийн хүүнд 2,780,631.06 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Бид даатгалын гэрээ байгуулаагүй. Иймд үндсэн зээлдэгч Ж.Ц. нь нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С..аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 12,154,234.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986,005.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0.00 төгрөг, нийт 13,140,240.06 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул тус гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Зээлийн гэрээний хугацаа нь 60 сарын хугацаатай гэхээр 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж байгаа. Зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах нь аль аль талдаа ашигтай. Учир нь шүүхийн шийдвэр гарснаар хүү зогсдог тэгэхээр 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл бодогдох хүүгээс чөлөөлөгдөж байгаа гэж ойлгож болно. Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С. нь би зээлийг сар болгон 100,000 төгрөг, 150,000 төгрөгөөр төлөөд явъя гэж ээжтэйгээ хамт банкан дээр очиж хүсэлтээ бичгээр гаргасан, тус хүсэлт нь хэрэгт авагдсан. Гэтэл зээлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад ирэхээр би зээлийг төлөхгүй, тухайн зээлийг хэрэглээгүй гэх тайлбарыг өгч байгаа нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Учир нь Монгол улсад хууль үйлчилдэг, хууль буюу гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг үүсдэг. Энэ зээлийн харилцаанд Ц.С. нь гарын үүрэг зурсан учир гарын үсэг зурсан өдрөөс эхлэн гэрээний үүрэг үүссэн. Зээлийн гэрээний 4.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Иймээс хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С. нь зээлийн төлбөр төлөх нь хууль болон гэрээний үүргийн дагуу үүсэж байгаа. Өмнө нь анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үүргийг тэнцүү шийдвэрлэсэн. Бид Ц.С.аас зээлийн төлбөрийг 50 хувиар нэхэмжлээгүй, үндсэн үүргийг бүхэлд нь 13,140,240 төгрөгийг шаардсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалт нь банкны зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хэрэглэгдэхгүй.

Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлага болгож бичсэн нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаас татгалзаж байна гэв.

3.Хариуцагч Ц.С.. нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х............. гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, итгэмжлэл /хх-ийн 5-7, 47, 165/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/201844070132 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 8-10/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БГХ2018....... дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 11-13/, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14/, LOS программ дээр ажиллах журмын хавсралт /хх-ийн 15/, Зээл хүсэгчийн анкет /хх-ийн 17/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 18/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-ийн 72/, Вишнфанд ББСБ-ын зээлийн гэрээ /хх-ийн 73-77/, Ц.С.ийн хүсэлт /хх-ийн 78/-ийг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагч Ц.С.аас шүүхэд Ж.Ц.ын нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 87/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Д.ыг гэрчээр асууж мэдүүлэг /хх-ийн 95-96/ авсан, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х............ Хэнтий салбарт Ж.Ц.ын нэр дээрх цалингийн зээлийн гэрээнд үзлэг хийх /хх-ийн 159-161/ ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Зээлдэгч Ж.Ц., Ц.С. нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14,500,000 төгрөгийг Х.......... Хэнтий салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд эргэн төлөлтийн хувьд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2,345,765.91 төгрөг, зээлийн хүүд 2,780,631.06 төгрөг төлсөн. Үндсэн зээлдэгч Ж.Ц. нь нас барснаас хойш зээлийн төлөлт хийгдээгүй. Иймд зээлийн гэрээний 4.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С. нь зээлийн төлбөр төлөх үүрэг нь хууль болон гэрээний үүргийн дагуу үүсэж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С.аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх үндсэн төлбөр 12,154,234.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986,005.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0.00 төгрөг, нийт 13,140,240.06 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Тухайн зээлийг би авч хэрэглээгүй, тус зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, гарын үсэг хэрэгтэй байна гэхээр нь зурсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй /хх-ийн 183-189/, миний бие өмнө нь төлбөрийг 100,000 болон 150,000 төгрөгөөр төлөх хүсэлт гаргаж байсан. Энэ хүсэлтээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна /хх-ийн 244/ гэжээ.

4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х. Хэнтий салбар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч Ж.Ц. ЗГ201844070132 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттайгаар зээлж, зээлийн барьцаанд зурагт, хөргөгч, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.С. гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ201844070132 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг бөгөөд энэхүү гэрээнээс үзэхэд зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд дээрх гэрээний нөхцлийн талаар харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Мөн зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч Ж.Ц. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, түүнийг нас барснаас хойш зээлийн төлөлт доголдож, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээл төлөгдөөгүй, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,345,765.91 төгрөгийг, зээлийн хүүнд 2,780,631.06 төгрөгийг төлсөн, одоо 13,140,240.06 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч тал маргаагүй, зээлдүүлэгч нь уг зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Санчирмаагаас шаарджээ. 

Тус зээлийн гэрээний зээлдэгч Ж.Ц.р нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Талуудын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201844070132 тоот зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардахаар заажээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж,  225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухай харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төстэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан банкны зээлтэй холбоотой үүссэн гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө цуцлахад хуулийн дээрх зохицуулалт хамааралтай байна.

Иймд хариуцагч тал зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзснаар уг гэрээ цаашид үргэлжлэн хэрэгжих боломжгүй буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээнээс татгалзаж байгаа нь гэрээг цуцлах үр дагаварыг агуулж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 зааснаар Х...... Хэнтий салбар, зээлдэгч Ж.Ц., Ц.С. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрээний оролцогчдын хувьд зээлдүүлэгчээр Х.. Хэнтий салбар, зээлдэгчээр Ж.Ц., хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Са. нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба дээрх зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заасан тул хариуцагч Ц.С.ийн ...уг цалингийн зээлээс би авч хэрэглээгүй, гарын үсэг хэрэгтэй байна гэхээр нь зурсан учир төлөх үндэслэлгүй... гэж татгалзсан татгалзал үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Х.... Хэнтий салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Ц.С.аас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Мөн энэ талаар талуудын хооронд байгуулагдсан, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхойлсон байх бөгөөд 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Ц.С. гэрээний үүргийг зээлдэгчийн нэгэн адил хариуцах үүрэг бүхий этгээд гэж үзэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С.ийн цалин орлогыг барьцаалаагүй байдал болон тухайн зээлээс авч хэрэглээгүй гэх тайлбар нь түүнийг зээлийг эргэн төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Мөнтүүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргадаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Х.....Хэнтий салбарын захирал Б.Ал.с Д.Н.д олгогдсон итгэмжлэл хүчин төгөлдөр бус... гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан итгэмжлэл /хх-ийн 5-7, 47, 165/-үүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-д заасан шаардлага хангасан мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасан эрх, үүрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид үүснэ.

Мөн тэрээр ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ж.Ц. нь 2,196,000 төгрөг, Ц.С.ийн эх нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл үндсэн зээлд 2,345,765 төгрөг, хүү 2,780,631 төгрөг, нийт 7,322,396 төгрөгийг төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасахад 8,591,354 төгрөг гарна гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2,345,765.91 төгрөг, зээлийн хүүд 2,780,631.06 төгрөг төлөгдсөн, харин үндсэн төлбөр 12,154,234.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986,005.97 төгрөг, нийт 13,140,240.06 төгрөг төлөгдөөгүй болох нь нотлогдож байна. Мөн зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь тухайн гэрээний үндсэн үүрэг бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэг бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.5-д зааснаар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтад нийцэж байна.

Иймд зээлдэгч банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг болон зээлдэгч нь гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй тул талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/201844070132 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ц.С.с зээлийн гэрээний үүрэгт нийт 13,140,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.......... Хэнтий салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.С...д шүүх хуралдааны товыг шүүхээс хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаас татгалзсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,550 /дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С..аас улсын тэмдэгтийн хураамж 462,550 /дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Хэнтий салб...арт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг баримтлан Х..............Хэнтий салбар, Ж.Ц... нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ201844070.... зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ц.С.аас зээл, зээлийн хүү нийт 13,140,240 /арван гурван сая нэг зуун дөчин мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.... Хэнтий салбарт олгосугай.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,550 /дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С.аас улсын тэмдэгтийн хураамж 462,550 /дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х....салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА