Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02728

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 28 өдөр

         Дугаар 102/ШШ2022/02728

Улаанбаатар хот

 

 

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.А

     

            Хариуцагч: БДИТХАА

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 12.167.652 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч Н.А

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Нэхэмжлэгч Н.А, хариуцагч БДИТХАА холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 12.167.652 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний бие БДИТХАА ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халагдсан.

         Үүний дагуу гурван шатны шүүхэд гомдол гарган бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон.

          Гэтэл шийдвэрүүд гарснаас хойш одоо болтол хариуцагч шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байна.

         Иймд анх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх цалингаа нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

           Би ажилдаа өнөөдрийг хүртэл орж чадаагүй, цалингаа ч авч чадаагүй байна.

Хариуцагч 2021 оны 08 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж тайлбарлаж байна. Ажилд орсон нь үнэн.

Гэхдээ би давж заалдах шатны шүүх хүртэлх хугацаанд ажилгүй байсан.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй жил гаруй хугацаа өнгөрч байна.

Би энэ хугацаанд мөнгө санхүү, цаг хугацаагаараа хохирсон тул өөр ажилд орсон.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж намайг ажлаас чөлөөлсөн тул миний хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна, гэжээ.

 

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай Тогтоолоор ДИТХАА 21 хүртэлх орон тоотой байхаар тогтоосон тул ажлын албаны орон тоог шинэчлэх зорилгоор нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ... дугаар хорооны иргэний нийтийн харилцааны нарийн бичиг намын зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон.

 Засгийн газрын тогтоолоор 21 хүртэлх ажлын байрны орон тоог баталж өгсөн.

Төрийн байгууллага Засгийн газраас гарсан тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Тухайн Н.А ажиллаж байсан ажлын байранд цомхотгол зарласан тул ажилд эргүүлэн авах боломжгүй ба ажилгүй байсан хугацааны цалин , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх боломжгүй байна.

Энэхүү хэрэг маргаан гурван шатны шүүхээр орж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа явагдаж байгаа.

Төсөвт тодотгол хийх хуульд заасны дагуу зөвхөн Засаг дарга ИТХ тодотгол хийх асуудал оруулж ирдэг үүний дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа удаашралтай байна.

Манай талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сард ажилд томилогдон нийгмийн даатгал төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Төрийн албанд ямар нэгэн байгууллагад өөр ажил хавсран гүйцэтгэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

           Манай зүгээс гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

           Төрийн байгууллага тодорхой төсвийн болон Монгол улсын засаг захиргаа нэгжийн тухай хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулдаг тул төсвийн тодотголоор нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төсөвт суулгасан тохиолдолд өгөх боломжтой.

           Бид нар санаачилгаараа өөрсдөө төсвийн тодотгол хийх боломжгүй, гэжээ.

 

           4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

   

           5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай БДИТХАА даргын тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаартай Тогтоол

 

         6.Хариуцагчаас БДИХ 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр С.У, Ч.Л нарт олгосон “Итгэмжлэл”,  2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Эмнэлгийн магадалгаа”, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”, БДИТХАА даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн албан бичгийг өгчээ.

             ҮНДЭСЛЭХ нь:

        

         1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

       

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардан аваад, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбараа ирүүлж, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой танилцан гарын үсгээ зурж, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй ба түүний ээлжийн амралтаа эдлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

       3.Нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагч 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг ажилд эгүүлэн авахгүй, цалинг өгөхгүй байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэж тайлбарлав.

 

       4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У татгалзлаа “ Монгол улсын Засгийн газрын ... дугаартай Тогтоолоор дүүргийн ИТ нарын ажлын албыг 21 хүртэлх орон тоотой байхаар тогтоож, зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Бид Төрийн байгууллага Засгийн газраас гарсан тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.       

 

           5.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

         

         6.Нэхэмжлэгч Н.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч БДИТХАА холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх иргэний хэргийг Баянгол дүүргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ... дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1084 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн Хуралдааны тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэвээр байна.


        7.Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар, бичгийн баримтаас харахад, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгох, олгохгүй талаар мэтгэлцэж байна.

 

        8.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,…өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй.

 

        9.Тэрээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч Н.А БДИТХАА Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн ... дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч, Иргэдийн нийтийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэжээ.

 

        10.Иймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        11. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо:

                 

       12.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 43.182 төгрөгөөр тооцсонд зохигчдын хэн аль нь маргаагүй тул 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хуанлийн тоололоор ажлын 290 хоног байна.

 

        -290 /хоног/ х 43.182 төгрөг /нэг өдрийн цалин/ = 12.522.780 төгрөгийг хариуцагч төлөхөөр байгаа боловч нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 12.167.652 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

        13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.632 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 209,632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

         

         

          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,     

          116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БДИТХАА ажилгүй байсан хугацааны цалин 12.167.652 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А олгосугай.

 

         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч БДИТХАА даалгасугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.632 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 209.632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

            

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА