Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01797

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01797

 

 

 

 

 

 

 

2022 09 23 210/МА2022/01797

 

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А-

Хариуцагч: БГДИТХАА-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 12,167,652 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Би БГДИТХАА-нд ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халагдсан. Улмаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл шийдвэр гарснаас хойш одоо болтол хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Би ажилдаа өнөөдрийг хүртэл орж чадаагүй, цалингаа ч авч чадаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд мөнгө санхүү, цаг хугацаагаараа хохирсон тул өөр ажилд орсон. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж намайг ажлаас чөлөөлсөн тул миний хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000дугаартай тогтоолоор дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын ажлын албыг 21 хүртэлх орон тоотой байхаар тогтоосон, ажлын албаны орон тоог шинэчлэх зорилгоор нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан 16 дугаар хорооны иргэний нийтийн харилцааны нарийн бичиг, намын зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Засгийн газрын тогтоолоор 21 хүртэлх ажлын байрны орон тоог баталж өгсөн. Төрийн байгууллага Засгийн газраас гарсан тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Н.А-гийн ажиллаж байсан ажлын байранд цомхотгол хийгдсэн тул ажилд эргүүлэн авах боломжгүй ба ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх боломжгүй.

Төсөвт тодотгол хийх хуульд заасны дагуу зөвхөн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд тодотгол хийх асуудал оруулж ирдэг тул шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа удаашралтай байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сард ажилд томилогдон нийгмийн даатгал төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Төрийн албанд ямар нэгэн байгууллагад өөр ажил хавсран гүйцэтгэх боломжгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. Төрийн байгууллага тодорхой төсвийн болон Монгол улсын засаг захиргаа нэгжийн тухай хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулдаг тул төсвийн тодотголоор нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төсөвт суулгасан тохиолдолд өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БГДИТХАА-наас ажилгүй байсан хугацааны цалин 12,167,652 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч БГДИТХАА-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,632 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 209,632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Монгол улсын Засгийн газрын 000 дугаар тогтоолд ажлын албаны орон тоог 21 байхаар тогтоосон. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нарийн бичгийн дарга, хорооны зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Монгол улсын Засгийн газраас тогтоосон хэм хэмжээний актыг бүх төрийн байгууллага дагаж ажиллах ёстой.

4.б. Энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарт төлбөрийг хариуцагчаас төлж барагдуулсан.

4.в. Нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байгаагүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар тогтоогдож байхад нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалинг хасаж тооцолгүй шүүхийн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: БГДИТХАА-ны орон тоог 21 байхаар цомхотгосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 59, 60, 61 дүгээр зүйлүүдэд адил төрлийн албан тушаалд сэлгэн ажиллуулах заалттай учир өөр албан тушаалд томилох байсан. Уг маргаан 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр биелэгдэх шатандаа явагдаж байгаа гэсэн хариу тайлбар өгч байгаа боловч шүүхийн шийдвэр биелүүлж байгаа гэсэн хариу өгөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч БГДИТХАА-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,167,652 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг харуицагч нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Баянгол дүүргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 102/ШШ2021/00966 дугаар шийдвэрээр Н.А-г  БГДИТХАА-ны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 16 дугаар хорооны иргэний танхимийн зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1084 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн Хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаар тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Дээрх шийдвэрээр Н.А-д хариуцагч байгууллагаас гаргуулан олгох олговрыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тооцож олгосон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь заавал биелүүлэх үүрэгтэй байтал Монгол улсын Засгийн газрын 000 дугаартай Тогтоолоор дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын ажлын албыг 21 хүртэлх орон тоотой байхаар тогтоож, зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

5. Н.А-г ажилд нь эгүүлэн тогтоогоогүйгээс эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

 

5.а. Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоогдсон нэг сарын цалин 906,827 төгрөгөөр тооцсныг үндэслэл болгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг 12,167,652 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэсэнтэй нийцсэн болно.

 

5.б. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардсан байхад анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон нь буруу байгааг залруулан дүгнэв.

 

6. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин шийдвэрлэхгүй, харин Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шийдэх хуулийн зохицуулалттай тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БГДИТХАА-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,167,652 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгосугай гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа  хариуцагч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР