Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 224

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Х овогт Б.А

Хариуцагч: Т овогт Х. О

Нийт 91 223 260.96 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Р.И, хариуцагч Б.А, Х.О, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б овогтой А, Х овогтой О нар нь *******ны Нисэх тооцооны төвтэй 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/1575 тоот зээлийн гэрээ, БГҮ/1575 тоот барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлдэгчид нь БГҮ/1575 тоот барьцааны гэрээний дагуу Батцэнгэл овогтой А өмчлөлийн улсын бүртгэлийн .......... эд хөрөнгөнүүдийг барьцаалуулсан ба ЗГ/1575 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 6 099 810.02 төгрөг, хүүгийн төлбөрт 9 178 024.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13 029.33 төгрөг, нийт 15 290 864.51 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгчид зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчдэд зээлээ төлөх тухай мэдэгдэл өгөх, уулзах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/1575 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 болон 6.1.6 дахь заалт, БГҮ/1575 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь заалт болон Монгол улсын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.2, 242.3, 242.11 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Б овогтой А, хамтран үүрэг гүйцэтгэгч Х овогтой О нарт  хамтран хариуцуулахаар дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3171575 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 44 080 189.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 41 347 845.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 782 726.08 төгрөг, нотариатын төлбөр 12 500.00 төгрөг нийт 91 223 260.96 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг БГҮ/1575 тоот барьцааны гэрээнд дурьдсан хөрөнгөнүүд болох улсын бүртгэлийн .......... эд хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А, Х.О нарт холбогдуулаад 2014 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 91 223 260.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч нар нь 2014 оны 05 сарын 12-ны өдөр Хаан банкны Нисэх тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн дагалдаж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үнийн дүнгийн тухайд нийтдээ 50 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, нийт 60 сар буюу 5 жилийн хугацаатай, хөрөнгө оруулалтын зорилгоор уг зээлийг авсан байгаа. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан барьцааны гэрээний дагуу хариуцагч Б.А өмчлөлийн 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байгаа. Тухайлбал ... тус тус барьцаалсан. Хариуцагч нар үндсэн зээлээс 6 099 810 төгрөг, хүү 9 178 024 төгрөг, нэмэгдүүлсэн 13 029 төгрөг буюу нийт 15 290 864 төгрөг зээлийн гэрээний хугацаанд төлсөн. Уг зээлийн хугацаанд хариуцагч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж ирсэн. Тухай бүрт нь нэхэмжлэгч банкны зүгээс мэдэгдэл өгч, утсаар холбогдож шаардлагатай арга хэмжээнүүдийг авч нэмэлт хугацаа тогтоож зээл төлөхийг сануулсаар ирсэн байгаа боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ төлөхгүй байсаар байгаад зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг баримтлан үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нарыг хариуцагчаар татаад 2014 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 44 080 189 төгрөг, хүүгийн төлбөрт 41 347 845 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 782 726 төгрөг, нотариатын зардалд 12 500 төгрөг, нийт 91 223 260.96  төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэлийн хүрээнд сайн дураараа төлөхгүй байгаа тохиолдолд өмнө дурдсан 3 барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйл болон 189 дүгээр зүйлд заасан талуудын гэрээний чөлөөт байдал болон талуудын хүсэл зоригийн дагуу энэ гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар бичгээр байгуулна гэж байгаа. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлэх тус тус шаардлагыг хангаж энэ гэрээ байгуулагдсан. Хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. ...Хариуцагч нар “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон үед гэрээ цуцлах эрх нь зөвхөн банкинд байдаг, гэтэл банк 5 жилийн хугацаанд гэрээгээ цуцлах ямар ч арга хэмжээ авсангүй, харилцагчийг хохироолоо” гэсэн тайлбарыг хэлж байна. Гэрээний 6-р зүйлд банкны санаачилгаар цуцлана гэсэн заалт байгаа боловч Иргэний хуулийн гэрээний чөлөөт байдлын зарчмаар гэрээг цуцлах эрх нь талуудын аль алинд нь байгаа. Иргэний хуулийн 221-р зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байвал хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүнг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөрөө зогсоолгох нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Мөн гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлуулъя гээд шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Зөвхөн банкинд энэ эрх нь байсан гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл. Иргэний хуулиар аль алинд нь гэрээг цуцлах эрхийг олгосон. Ингээд тайлбарлахаар хариуцагч нар бид мэргэжлийн хуульч биш учраас мэдэхгүй гэж тайлбарлах байх, өмгөөлөгчтэй уулзаад асуухад хэлээд өгнө. Хууль мэдэхгүй байх нь өөрөө давуу байдлыг олгохгүй. “Манай бизнесийн үйл ажиллагаа зогссон. Үүнийг танайх яагаад мэддэггүй юм бэ” гэж тайлбарлаж байна. Өнөөдөр хариуцагч талын компани дампуурсан талаар ямар нэгэн шийдвэр тогтоол гараагүй. Төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарлаж байгаа. Төлбөрийн чадваргүй болно гэдэг чинь өөрсдөд нь байдаг үл хөдлөх хөрөнгүүд байхгүй болсон. Эсхүл өөрсдийнх нь хөрөнгө бүгд байхгүй болсон тийм зүйл байдаг. Гэтэл өөрийнх нь нэр дээр байсан хөрөнгүүд нь бүгд байж байгаа. 75 хувийн гүйцэтгэлтэй байсан барилга нь 100 хувь болсон байгаа. Тэгэхээр төлбөрийн чадваргүй болсон гэдэг нь шууд харагдахгүй байна. Банктай олон удаа уулзсан, гэрээгээ цуцлах талаар олон удаа хэлсэн гэж байна. Цуцлах саналыг бичгээр гаргаад эргүүлээд хариу өгдөг. Тиймээс гэрээг цуцлая гэсэн албан ёсны хүсэлт бичгээр ирээгүй. Банк нийтдээ олон удаа мэдэгдэл явуулдаг боловч цуцлаагүй гэж байгаа. 2015 онд 2-3 мэдэгдлүүд явуулахад тухайн үед эргээд харилцагчаа ойлгоод шүүх цагдаа гэхгүйгээр уян хатан хандаач ээ гээд 2016 оны 04 дүгээр сард Б.А албан хүсэлт ирсэн.  2018 оны 09 сарын 12-ны өдөр  Б.А зүгээс анх удаа хүүгээ зогсоогооч ээ, хуваарийн дагуу төлье гэсэн албан бичгийг манайд гаргасан. Үүний дагуу манайхаас мэргэжилтэн томилоод өөртэй нь холбогдож уулзсан байх. Б.А зүгээс 2018 оны 11 сарын 05-ны өдөр танайхтай тохиролцох боломжгүй боллоо, хүүхдийн хадгаламжид барилт хийсэн гээд энэ тохиролцоо байхгүй болсон... гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А зүгээс ирүүлсэн эхний албан ёсны хүсэлт нь 2018 оны 09 сарын 12-ны өдрийн хүсэлт байгаа. Энэ хүсэлтийнхээ дагуу төлөлтөө хийгээгүй. Б гэдэг хүнтэй тохиролцсоны дагуу эвлэрлийн гэрээ байгуулаад явъя гэсэн байгаа. Гэхдээ тэр тохиролцоогоо 2018 оны 11 дүгээр сард эвлэрэх боломжгүй гэдгээ албан ёсоор бичгээр мэдэгдсэн. Зөвхөн ийм хоёр хүсэлт албан ёсоор ирсэн. Мөн бизнесийн үйл ажиллагаа зогссон, дампуурсан гэдэг нь албан ёсоор тогтоогдсон зүйл байхгүй. Нотлох баримт байхгүй. Мөн 180 000 төгрөгийг илүү олгосноор хүү нь ийм өндөр болчихлоо гэсэн агуулгатай хариу тайлбар гаргасан байгаа. Энэ 50 000 000 төгрөг зээлсэн боловч 50 180 000 төгрөг болсон бэ гэдгийг тайлбарлая. Зээлийг сар бүр төлөөд явж байгаа. Сар бүр төлөөд явахад банк автоматаар данснаас нь суутгадаг. Гэтэл харилцагч давхцаад автоматаар суутгасан гэдгийг мэдээгүй ч юм уу, өөрөө теллер дээр очоод төлөлт хийчихдэг. Энэ тохиолдолд үндсэн зээлээс нь хасагддаг. Жишээлбэл тухайн сарын төлөлт хийгдээд үндсэн зээл нь 46 000 000 төгрөг үлдэх ёстой байсан боловч илүү 180 000 төгрөг төлөхөөр үндсэн зээлээс нь хасагдана. Тэгэхээр харилцагч миний данснаас илүү татагдсан байна, үүнийг буцаая гэхээр түүнийг буцаахын тулд бид дахиад нэмэлт зээл олгоод анх байх ёстой байсан үлдэгдэл рүү нь аваачиж тэнцүүлээд нөгөө мөнгийг нь буцааж харилцах данс руу нь олгодог. Тэгэхээр 180 000 төгрөг илүү олгоод үүнээсээ илүү хүү тооцсон зүйл биш. 180 000 төгрөг төлсөн чигээр орхисон бол дараагийн удаа 180 000 төгрөг хасагдаад бодогдоод явна гэсэн үг. Зээлийн хүүг өдөр тутамд хуримтлуулан тооцдог. Б.А хувьд 20,4 хувийн хүү заасан байгаа. Үндсэн зээлд өнөөдөр хэдэн төгрөг байна, түүнээс нь хүү тооцдог. Жишээлбэл 50 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүгээр үржүүлээд 365 хоногт хуваахаар 1 өдрийн хүү гарна. Өдрийн хүү нь 10 000 төгрөг байх юм бол 10 хоноход 100 000 төгрөг, 30 хоноход 300 000 төгрөгийн хүү гарна. Дараа сарын төлөлт хийхэд хүүнд хурамтлагдсан 300 000 төгрөг хасагдаад илүү төлсөн мөнгө нь үндсэн зээлээсээ хасагдаад явдаг зарчимтай. Б.А 4-5 жил зээлээ төлөөгүй орхисон учраас өдөр бүрийн хүү нь хурамтлагдаад яваад байсан. Үндсэн зээлээсээ бага багаар ч гэсэн төлөлтөө хийгээд яваад байсан бол өнөөдөр 44 000 000 төгрөгөөсөө буурсан, магадгүй дууссан байх ч боломжтой байсан. Мөн ийм их хэмжээний хүү хуримтлагдахгүй байсан. Мөн 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд Монгол банкны журмаар хуримтлагдаж байгаа хүү нь блансын гадуур бүртгэгддэг. Блансын гадуур бүртгэгдэнэ гэдэг нь тухайн харилцагчийн төлж байгаа мөнгө нь зөвхөн үндсэн зээлд төлөгддөг. Тэгэхээр Б.А 2016 оноос хойш 90 хоногоос дээш хугацаа хэтэрсний дараагаар сар бүр мөнгө төлөөд явсан бол хүүнд төлөгдөхгүй үндсэн зээлд төлөгдөөд яваад байх байсан. Үүнийг манай банкны бүх ажилчид утсаар ярихдаа бүх харилцагчдаа сануулж хэлдэг журамтай. Зээлийн бүртгэл нь 44 000 000 төгрөг хэвээрээ байгаа. Мөн дөч гаруй сая төгрөгийн хүү хурамтлагдсан байна гэдэг нь өөрийнх нь цэвэр буруутай үйл ажиллагаа. 2019 оны 03 дугаар сард би энэ зээлийг хариуцаж хүлээж авсан. Энэ зээлийг шүүхээр шийдүүлнэ гэсэн тайлбартайгаар шилжиж ирсэн. Шилжиж ирсний дараа би Б.А утсаар ярихад шүүхээр шийдүүлнэ гэсэн санал хэлж байсан. Тухайн үед би шүүхээр шийдүүлнэ гэж байхаар одоо төлөх бүх мөнгө үндсэн зээлд төлөгдөнө, тийм учраас үндсэн зээлээ төлөөд яваад байх юм бол мөнгөн дүн буурна. Хуримтлагдсан хүү угаасаа блансын гадуур бүртгэгдээд явж байгаа учраас дараагаар нь зээлийн хорооны хурлаар оруулаад хүүнээс чинь тодорхой хэмжээгээр хөнгөлөх боломжтой гэж 1 жил гаруй хугацааны өмнө хэлж байсан. Түүнээс хойш төлөлт хийгдээгүй гэв.

Хариуцагч Б.А, Х.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэг. Иргэн Б.А, Х.О /эхнэр, нөхөр/ нар нь *******ны Нисэх тооцооны төвтэй 2014 оны 05 сарын 12-ны өдрийн №ЗГ/1575 тоот зээлийн гэрээ, № БГҮ/1575 тоот барьцааны гэрээ байгуулж 50 000 000 /тавин сая/ төгрөгийн жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Хөрөнгө оруулалтын буюу бизнесийн зориулалтаар зээл авсан. Гэтэл нэхэмжлэгч ХААН Банк нь 2014.5.12-ны ЗГ/1575 тоот гэрээний 5.2.2 “зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх” үүргээ биелүүлээгуй гэж үзэж байна. 2014 оны 11 сарын 8-ны өдөр Б.А миний эзэмшлийн ... тоот данснаас зээлд татан авалт хийхдээ 180 000 төгрөгийг илүү авсан байдаг ба түүнийгээ 2014 оны 11 сарын 10-ны өдөр Зээлийн бүртгэлийн карт гэх баримтаас харахад миний авсан 50 000 000 төгрөгний зээл дээр 180 000 төгрөгийг нэмж тооцоод 50 180 000 төгрөгний зээл олгосон болгож тооцсон. Ийнхүү миний өөрийн 180 000 төгрөгийг өөрсдийн алдаанаас болж илүү тооцоо хийснээр хүү 185 612.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 122.41 тус тус тооцоологдсон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлээс 6 099 810 төгрөг, зээлийн хүү 9 178 024 төгрөг төлсөнтэй санал зөрүүгүй. Харин дээр дурдснаар 180 000 төгрөгийг нэмж тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээлд 44 080 189.79 төгрөгийг төлөхгүй 43 900 189.8 төгрөг төлөх тооцоо гарч байгаа учир зөвшөөрөхгүй.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндсэн хүүд 41 347 845.09 төгрөг нэхэмжилснийг дор дурдсан үндэслэлээр зөвшөөрөхгүй. Хариуцагч бид зээлийн үндсэн хүүд 9 178 024.09 төгрөг төлснөөр тооцсонтой санал зөрүүгүй. Харин

а/ үндсэн зээлд 180 000 төгрөгийг нэмж олгосон дээрх үндсэн тооцоо буруу байгаа нь нотлогдож байгаа учраас үүнийг оруулан тооцсон зээлийн үндсэн хүүгийн тооцоонд санал нийлэхгүй.

б/ ХААН Банктай байгуулсан 2014.5.12-ны ЗГ/1575 тоот гэрээний Зургаагийн 6.1.4 “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон...”, 6.1.7 “зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон” гэх үндэслэлээр зээлдэгч бидний хувьд байгуулагдсан дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэх боломжгүй бодит нөхцөл бий болсон нь зээлийн графикт төлөлт хийгдэхээ больсон, банкны мэдэгдэх хуудас ирэх, утсаар ярих бүрт үүнийгээ тайлбарлан хэлж, 2018.9.12-ны зөвшилцөлийн гэрээ, түүнийгээ зөвшөөрөхгүй шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ 2018.11.5-нд ХААН Банкинд шуудангаар хүргүүлсэн /баримт нь байгаа/ түүнчлэн уг гэрээг дурдсан үндэслэлээр цуцлах, дуусгавар болгохыг санал болгодог байсан ч зогсоолгүй банк өөртөө ч зээлдэгч бидэнд ч ийм ХҮНД ҮР ДАГАВАР-ыг бий болгосон юм. Бидний тооцсоноор нэхэмжлэгч банкны мэдэгдэх хуудас ирсэн үеэс буюу 2015.7.24, 2017.3.14-ний 5071/129 мэдэгдэх хуудас, 2018.11.5-ны зээлдэгчдийн хүсэлт, 2019.4.24-ний өдрийн 61/4330, 2019.5.10-ны 61/4017 зэрэг мэдэгдэл хүсэлтүүдээр бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэх боломжгүй гэсэн бодит нөхцөл нотлогдоно. Ийм учраас 2015.7.24-ний өдрийн мэдэгдэл өгөх, авах үед гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон учир гээрээний нэг тал болох банк гэрээний зургаа дахь хэсгийн 6.1-т зааснаар БАНКНЫ САНААЧИЛГА-аар гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл болох Зургаагийн 6.1.4 “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон...”, 6.1.7 ,

"зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон” нөхцөл бий болсон байхад банкны зүгээс ажиллагаа хийгээгүйн үр дагаварыг зээлдэгч бид үүрэх учиргүй тул 2015.7.24-ний өдрөөс хойш гэрээний үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй /төлбөрийн чадваргүй/. Бидний тооцоолсноор үндсэн хүүг 2015.7.24-ний өдрийг хүртэл тооцож 44 299 739.79 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөр, торгуулийн хүүг бодит дүнгээр тооцоо гаргаж төлөхийг дээр дурдсан үндэслэлээр тайлбар гаргаж тооцож байна.

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг буюу *******ны 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ/1575 дугаартай зээлийн гэрээний хавсралт болох 2014 оны 5 сарын 12-ны өдрийн БГҮ/1575 тоот барьцааны гэрээний зүйл болох

2014 оны зээлийн гэрээ хийгдэх үед үнэлгээний эрх бүхий байгууллагаар хийгдээгүй зөвхөн банкны салбарын эдийн засагчдын шийдвэрээр үнэлэгдсэн үнэлгээ юм. Улсын бүртгэлийн ... дугаарт 338 м,кв 95 хувийн гуйцэтгэлтэй 16 өрөө бүхий нийтийн байрны зориулалтаар баригдсан барилга нь тухайн үед бүрэн биш гүйцэтгэлтэй буюу 1 давхар 8 өрөө /169м.кв/ нь 75%-ийн гүйцэтгэлтэй дутуу объектод үнэлгээ тогтоож барьцааны зүйл болгож байсан ба одоо уг барилга дор дурдснаар бүрэн гүйцэтгэлтэй үйл ажиллагаа явагдаж байгаа болно. Гэтэл дээрх нэр бүхий барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь жил ирэх тутам нэмэгдэхээс үнэ буурах хөрөнгө биш тул 2019 оны байдлаар Улсын бүртгэлийн .... дугаартай 401,5м.кв, .... дугаартай 727м.кв гэр бүлийн хэрэгцээний газар дээр баригдсан, Улсын бүртгэлийн ..... дугаарт 338 мкв 95 хувийн гүйцэтгэлтэй 16 өрөө бүхий нийтийн байрны зориулалтаар баригдсан барилга зэрэг нь тус бүрийн үнэлгээг нь зах зээлийн одоогийн ханшаар тооцвол:

Улсын бүртгэлийн ... дугаартай 401,5м.кв бүхий газар 14 000 000 төгрөгийн үнэтэй. .... дугаартай 727 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар дээр баригдсан 15 000 000 төгрөгийн үнэтэй. Улсын бүртгэлийн ... дугаарт 338 м,кв 95 хувийн гүйцэтгэлтэй 16 өрөө бүхий нийтийн байрны зориулалтаар баригдсан барилга 150 000 000 төгрөгийн үнэтэй. Иймд дээрх үл хөдрөх хөрөнгүүдийг шинэчлэн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар үнэлүүлсний эцэст гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дөрөв. Нэхэмжпэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143/Ш32019/01387 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг үндэстэй болжээ гэж үзэж байгаа.

Тав. Нэхэмжлэгч ХААН Банкны 2019.12.09 өдрийн 61/01/6318 дугаар бүхий нэхмэжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ЖИЧ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт биечлэн оролцож тайлбар гаргаж, зээлийн гэрээний маргааны үйл баримттай холбогдох нотлох баримтуудыг тухай бүр гарган өгч мөн явцын дунд шаардлагатай тохиолдолд өмгөөлөгч авч оролцоно гэжээ.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хаан банкны Нисэх салбараас 2014 онд 50 000 000 төгрөг зээлж авсан. 75 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж хэлж байгаа барилга маань тухайн үед 1 давхар барилга байсан. 100 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар барилга болгох гэж мөнгө зээлсэн. Одоо 100 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар барилга болсон. Нийтийн байрны зориулалттай баригдсан барилга байсан. 1 давхартаа 8 өрөөтэй, түрээсээр ажиллуулдаг байсан. 2015 онд уул уурхай зогсонги байдалд ороод байр түрээслэх хүн, орлого багасаад ерөнхийдөө орлогогүй болсон. Тэгээд эргэн төлөлт дээрээ алдаж эхэлсэн. Тухайн үед би уулз гэсэн үед нь уулзаж байсан, мэдэгдэл өгөхөд нь хүлээж авч байсан. Уулзсан хүмүүст нь хүсэлт гаргаж байсан. Би одоо яах вэ, өдий олон сая төгрөгийн өрөнд орж байна, манай үйл ажиллагаа зогсчихоод байна, ирээд үзэж хараад ямар нэгэн шийдэлд хүргэж болохгүй юу гэж уулзах бүртээ хэлж байсан. Эхлээд салбарын захирал Гантулга гэж хүнтэй уулзсан. Дараа нь өр барагдуулах албаны М гэдэг хүнтэй уулзсан. Дараа нь Б гэдэг хүнтэй 13-р хороололд уулзаж байсан. Сүүлд нь шинэ баригдсан төв салбар дээр нь очиж Б гэдэг хүнтэй уулзаад нөхцөл байдлаа хэлж санал хүсэлтээ тавьж байсан. Энэ хугацаанд банкны зүгээс яагаад ирээд үзэж хараад зээлийг зогсоогоогүйг гайхаж байна. Би 50 000 000 төгрөгийг аваад гэрээнд зааснаар хүүтэйгээ 80 000 000 төгрөг төлөх байсан. Одоо 91 000 000 төгрөг болчихсон. Дээрээс нь миний төлсөн арав гаруй сая төгрөг гэхээр нэг зуун сая орчим төгрөг болсон байдаг. Надад 4-5 удаа мэдэгдэл ирсэн. Манай үйл ажиллагаа зогссон, орлогогүй болсон учраас ирж үзээд, танилцаад ямар нэгэн шийдэлд хүрч болохгүй юм уу гэж би энэ М, Б гээд бүгдэд нь хэлж ярьж уулзаж байсан. Энэ хүмүүс надад таны хувьд төлбөрөө төлөхгүй байх, эсхүл зээлийн хугацаа чинь дуусах, эсхүл та ямар нэгэн байдлаар утсаар холбогдохгүй, ор сураггүй алга болсон тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, ямар нэгэн арга хэмжээ авах үндэслэлтэй гэсэн тайлбар өгч байсан. Гэрээн дээрээ ч юм уу, мэдэгдэл дээрээ шаардлага хангаагүй тохиолдолд банкны зүгээс гэрээг цуцлах арга хэмжээ авна гэсэн заалттай юм байна лээ.

180 000 төгрөгийн хувьд цаасан дээр байгаа зүйлийг хараад тийм тайлбар өгсөн байгаа. Харахад бол нэмэгдсэн юм шиг л байсан. Сая тайлбарыг сонсоод тийм зүйл байж болох юм гэж бодож байна. Гэхдээ график юм уу, хуулга дээрээ төлөгдсөн гээд 577 417 төгрөг, үлдэгдэл 46 213 301 төгрөг гэж байгаа. Тэгээд үндсэн төлбөр 46 607 000 төгрөг байж байгаад 180 000 төгрөг нэмж ороод 46 787 000 болсон байгаа. Тэгээд хасахаар өөр дүн гараад байгаа учраас сайн ойлгохгүй байна. 2018 оны 09 дүгээр сард анх Б гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед зөвшилцөх талаар ярьж байсан. Ямар нөхцөлтэй тохиролцох талаар ярьж байсан бэ гэхээр үндсэн мөнгөө өгчих, үлдсэн төлбөр дээр чинь 3-4 сарын хугацаа өгье, тэр хугацаанд үлдсэн төлбөрөө хэсэгчлээд төлчих боломж байгаа юм уу гэсэн. Би одоохондоо яг таны хэлснээр ингэж төлнө гэж худлаа яриад яахав. Түрээсийн байр орлоготой байвал сардаа 1 000 000 төгрөг төлөөд байх боломжтой. Үлдсэн мөнгөө яаж төлөхөө мэдэхгүй байна, хүнээс мөнгө зээлж өгөх байх. Танайх надад баталгаа болгоод банкны зүгээс энэ хүн үндсэн мөнгөө төлчих юм бол цаашдаа тодорхой хугацаанд төлбөрөө төлөөд ямар нэгэн асуудалд оруулахгүй гэсэн агуулгатай баталгаа өгөх боломжтой юу гэхэд тийм боломж байхгүй гэсэн. Тэгээд би хүнээс мөнгө хайгаад явсан л даа. Гэвч мөнгө олдоогүй учраас би шүүхээр шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн юм. Үндсэн төлбөрөө төлөх дөч гаруй сая төгрөг надад олдоогүй гэв.

Хариуцагч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед зээл авахад манай түрээсийн байрны үйл ажиллагаа хэвийн байсан. Зээл авсны дараагаар 2015, 2016 онд улсын эдийн засаг хямралд орж, Өмнөговь аймгийн уул уурхай бүхэлдээ зогсож бидний үйл ажиллагаа бүрэн зогссон. Банкуудын хувьд ч 2015, 2016 онд чанаргүй зээл өссөн гэж статистик мэдээ гарч байсныг би санаж байна. Энэ талаар уулзсан хүн бүрт, мэдэгдэл ирэх болгонд бид мэдэгдэж байсан боловч бидний нөхцөл байдалтай ямар ч хүн ирж танилцаагүй. Бидний хувьд яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр энэ их мөнгө болохоос өмнө Хаан банк ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гэрээгээ цуцалж шүүхэд өгсөн бол, ядаж жар далан сая төгрөг байхад нь хүүгээ зогсоож шүүхэд өгсөн бол өдийд ийм зүйл яриад зогсохгүй байсан. Гэрээг цуцлах нөхцөл нь зөвхөн Хаан банк өөрөө санаачилгаараа цуцлана гэсэн байгаа. Ямар үед цуцлах вэ гэхээр тухайн зээлдэгч буюу бид хүнд нөхцөлд орсон, санхүүгийн боломжгүй болсон, дампуурсан, бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон, хугацаандаа төлөөгүй гэж харагдаж байгаа. Бидэнд бичгээр мэдэгдээгүй гэж байна. Тэр олон график төлөлтөө огт төлөөгүй, энэ олон мэдэгдлүүд, энэ олон хүнтэй уулзаад тэр бүртээ энэ зээлээ зогсооё, өр төлбөрт ороод байна гэсэн шаардлагыг тавьж байсан.  Банк тухайн мөнгөн дүнгээ бага байхад нь эрхээ хэрэгжүүлээд гэрээгээ зогсоох арга хэмжээ аваагүй юм бэ гэж гайхаж байна. Манайх зээлээ графикийн дагуу төлөөгүй нь үнэн. Гэхдээ үнэхээр хүнд нөхцөл байдалд байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Манайх үүргээ гүйцэтгэхгүй байхад танайх яагаад эрхээ хэрэгжүүлж ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм бэ. 2 талын буруутай үйлдэл байхад ганцхан манайд бүх хариуцлагыг хүлээлгэж ийм их мөнгөн дүн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлээ манайх зориулалтын дагуу ашигласан. Миний хувьд тэр олон удаагийн мэдэгдэл, уулзалтуудын хариуд үнэхээр үйл ажиллагаа нь зогссон байна уу гээд ирж үзээгүй, анхаарал хандуулаагүй учраас Хаан банкыг хариуцлагагүй хандсан гэж бодож байна. Бүхэл бүтэн 5 жил төлөөгүй байхад энэ хүн үнэхээр дампуурчээ гэдгийг банк яагаад мэдэхгүй байсан юм бэ. Бид Хаан банкны эндхийн салбар дээр ч, хотын салбар дээр ч байнга очиж уулзаж, нөхцөл байдлаа хэлж байсан. Бид ийм их өрөнд орьё гэж зээл аваагүй. Өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны маш их дарамтанд байсан. 2015-2016 онуудад нийтийн байрнуудын үйл ажиллагаа бүрэн зогсоод Өмнөговь аймгийн бүх зочид буудлууд нийтийн байр болж байсан. Одоо эдийн засаг арай дээр болоод бид төлөхөөр боллоо гэхэд дундаас нь төлөх боломжгүй, өмнөх өрөө бүхэлд нь барагдуулж байж дараагийн зээл чинь гарна гэсэн. Бүхэл бүтэн дөч тавин сая төгрөг төлөх ямар ч боломжгүй байгаа. Мэдэгдэл ирэх болгондоо гэрээг чинь цуцлана шүү гэсэн мөртлөө яагаад тэр арга хэмжээгээ аваагүйг ойлгохгүй байна. Тэр олон хүнээс нэг нь чи наад хүсэлтээ бичгээр хийгээд ир гэж яагаад ганц удаа хэлээгүйг ойлгохгүй байна. Үүний цаана бүхэл бүтэн нэг айл өрх, таван ам бүл байгаа гэдгийг огт олж хараагүй. Хаан банкны зүгээс биднийг зөвхөн мөнгө гэж харсан байх. Хэдийгээр ашгийн төлөө байгууллага ч гэсэн энэ бүхний цаана нэг өрх гэр, нийгмийн нэг эд эс байгаа гэдгийг огт олж хараагүй. Энэ зээл хэдэн хүний гар дамжсан гэдгийг мэдэхгүй. Утсаар ярихаар тэр хүнтэй ярь, энэ хүнтэй ярь гэдэг. Хичнээн үе шат дамждаг байлаа гэхэд 5 жил дамжина гэж байхгүй байх. Мөн банкинд барьцаанд тавьж байсан үл хөдлөх хөрөнгө одоо үнэ нь нэмэгдсэн байх гэж бодож байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.А, Х.О нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 44 080 189.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 41 347 845.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 782 726.08 төгрөг, нотариатын төлбөр 12 500 төгрөг, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 91 223 260.96 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар үндсэн зээл 44 080 189.79 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг.

******* ХХК-ийг төлөөлж тус банкны Нисэх салбар, Б.А, Х.О нар нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/1575 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, зээлийн төлбөрийг “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн өдөр БГҮ/1575 дугаартай барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ........ гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалжээ.

Зээлдэгч нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлд 6 099 810.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9 178 024.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13 029.33 төгрөг, нийт 15 290 864.51 төгрөг төлсөн байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч Б.А, Х.О нар нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 44 080 189.79 төгрөг, зээлийн хүү 41 347 845.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 782 726.08 төгрөгийг тус тус *******инд төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь батлагдаж байх ба зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж тус тус заажээ.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зээлдэгчийн хариуцлагын талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасан байх тул ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн талуудын байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т тус тус зааснаар зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тус тус харилцан тохиролцжээ.

Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 44 080 189.79 төгрөг, зээлийн хүү 41 347 845.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 782 726.08 төгрөг, нийт 91 210 760.96 төгрөгийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, талуудын тайлбар, Б.А, Х.О нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 91 210 760.96 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хураамж 12 500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Б.А, Х.О нараас нийт 91 223 260.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Талууд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр БГҮ/1575 дугаартай барьцааны гэрээгээр ..... гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан байх ба дээрх үл хөдлөх хөрөнгүүд Б.А өмчлөлийнх болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, хуульд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах талаар тус тус зохицуулсан байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэжээ.

Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагч тус бүрээс шаардаагүйгээс гадна тэдгээрийн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй, Б.Алдармөнх, Х.Одгэрэл нар нь зээлийг бүхэлд нь төлөх үүргийг хүлээсэн болох нь зээлийн гэрээгээр нотлогдож байх тул хариуцагч Б.А, Х.О нараас 91 223 260.96  төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. 

Хариуцагч нар нь “...үйл ажиллагаа зогсож орлогогүй болоод зээлээ төлж чадаагүй өдийг хүрсэн, банк гэрээг цуцалж шүүхэд өгсөн бол бид их хэмжээний өрөнд орохгүй, банк гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч шүүхэд хандаагүй явдал нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг үүсгэж буй биш, энэхүү үүрэг нь гэрээгээр тохиролцсон тохиролцоо байхаас гадна хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохгүй ба энэ талаарх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нарын төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байхаас гадна Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй...” гэх нөхцөлд хамаатуулан үзэх үндэслэл шалтгаан тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.А, Х.О нараас 91 223 260.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцааны эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А, Х.О нараас 91 223 260.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А, Х.О нар нь 91 223 260.96 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.А өмчлөлийн улсын бүртгэлийн ...... гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцааны зүйлийн үнээс хангуулахаар тогтсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754 466.30 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч Б.А, Х.О нараас  улсын тэмдэгтийн хураамж 684 266 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН